Татварын харилцаа Хувь хүний орлогын албан татвар

Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон хувь хүний орлого, эсхүл тийм орлого олоогүй ч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий Монгол Улсад оршин суугч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн албан татвар төлөгч байна. /Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйл 5.1 дэх хэсэг/

Хувь хүний орлогын албан татвар төлөгчийн ангилал

а/  Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгч

  • Монгол Улсад оршин суух байртай;
  • тухайн татварын жилд 183 ба түүнээс дээш хоног Монгол Улсад амьдарсан; / Монгол Улсын хилээр орсон өдрөөс хуанлийн хоногоор тоолох бөгөөд олон удаа орж гарсан тохиолдолд албан татвар төлөгчийн Монгол Улсад байсан хоногийн нийлбэрээр/
  • гадаад улсад томилогдон ажиллаж байгаа Монгол Улсын төрийн албан хаагч.

Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Нэгдсэн үндэстний байгууллага, түүний төрөлжсөн салбарт томилогдон ажиллаж байгаа гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүд нь Монгол Улсад оршин суугчид хамаарахгүй. /Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйл/

б/ Монгол Улсад оршин суух байргүй, тухайн жилд 183 ба түүнээс дээш хоног Монгол Улсад оршин суугаагүй хувь хүн нь оршин суугч бус албан татвар төлөгч байна. /Монгол Улсын хилээр орсон өдрөөс хуанлийн хоногоор тоолох бөгөөд олон удаа орж гарсан тохиолдолд албан татвар төлөгчийн Монгол Улсад байсан хоногийн нийлбэрээр/ /Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйл/

Албан татвар төлөгчийн татварын жилд олсон орлогод албан татвар ногдох орлого:

а/ цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого:

  • ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого;
  • ажил олгогчоос ажилтан, түүний гэр бүлийн гишүүнд олгосон тэтгэмж болон түүнтэй адилтгах орлого;
  • ажил олгогчоос ажилтан, түүний гэр бүлийн гишүүнд өгсөн бэлэг;
  • төлөөлөн удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, орон тооны бус зөвлөл болон бусад зөвлөл, хороо, ажлын хэсгийн гишүүний цалин хөлс, шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах орлого;
  • гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэн болон бусад этгээдээс өгсөн бүх төрлийн шагнал, урамшуулал;
  • үндсэн ажлын газраас бусад хуулийн этгээд болон хувь хүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэж авсан хөдөлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого. /Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйл/

б/ үйл ажиллагааны орлого:

  • эмч, хуульч, өмгөөлөгч, архитекторч, нягтлан бодогч, багш зэрэг мэргэжлээр ажиллаж олсон үйлчилгээний орлого;
  • хувиараа ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, үйлчилгээ үзүүлэх зэргээр олсон үйлдвэрлэл, арилжааны орлого;
  • Тогтмол бус үйл ажиллагаа эрхэлж олсон орлогыг үйл ажиллагааны орлого; /Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйл/

в/ хөрөнгийн орлого:

  • түрээсийн орлого: Түрээсийн орлогод хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө түрээслүүлсний орлого хамаарна.
  • эрхийн шимтгэлийн орлого:
  1. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд заасан зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийг ашигласны төлбөр;
  2. Патентийн тухай хуульд заасан шинэ бүтээл, бүтээгдэхүүний болон ашигтай загвар ашигласны төлбөр;
  3. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн дагуу барааны тэмдэг ашигласны төлбөр;
  4. Технологи дамжуулах тухай хуульд заасны дагуу технологи дамжуулсны төлбөр;
  5. үйлдвэрлэл, худалдааны талаархи болон шинжлэх ухааны туршилттай холбогдсон мэдээллийг ашигласны төлбөр;
  6. дээрхүүдтэй адилтгах бусад эрх ашигласны төлбөр
  • ногдол ашгийн орлого: хувь нийлүүлсэн хуулийн этгээдээс ашиг хуваах, хувь хүртээх хэлбэрээр авсан мөнгөн болон мөнгөн бус орлого, түүний хүү хамаарна.
  • хүүгийн орлого:  зээлийн хүү, харилцах дансны үлдэгдэл, мөнгөн хадгаламжийн хүү, батлан даалт гаргасны төлбөр, өрийн бичиг /бонд/, хууль болон гэрээний дагуу авч байгаа хүү, анз хамаарна.
  • өмчлөл, эзэмшилд байгаа хөрөнгийг бусдад ашиглуулснаас олсон орлого; /Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйл/

г/ хөрөнгө борлуулсны орлого:

  • үл хөдлөх эд борлуулсны орлого;
  • хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого;
  • хувьцаа, үнэт цаас борлуулсны орлого;
  • газар эзэмших, ашиглах эрх борлуулсны орлого. Борлуулалт гэдэгт тухайн газар эзэмших, ашиглах эрхийг өөр төрлийн хөрөнгө, үйл ажиллагаагаар харилцан солилцохыг мөн ойлгоно. /Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйл/

д/ шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл туурвих, шинэ бүтээл, бүтээгдэхүүний болон ашигтай загвар зохион бүтээх, спортын тэмцээн, урлагийн тоглолт зохион байгуулах, тэдгээрт оролцох замаар олсон орлого, тэдгээртэй адилтгах бусад орлого;

е/ урлагийн тоглолт, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал;

ё/ төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлого;

ж/ шууд бус орлого:

Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал дээр ажил олгогчоос нэмж олгож байгаа тухайн ажилтнаас албан үүргээ гүйцэтгэхэд шууд холбогдолгүй дараах бараа, үйлчилгээний орлогыг албан татвар ногдох шууд бус орлогод хамруулна:

  • үнэ төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үнээр тээврийн хэрэгслээр үйлчилсэн, түүнчлэн бэлнээр олгосон унааны мөнгө;
  • орон сууцны ашиглалтын зардлын төлбөр, бэлнээр олгосон байрны хөлс, түлшний зардал;
  • бэлнээр олгосон хоолны мөнгө, түүнчлэн үзвэр үйлчилгээний олговор;
  • ахуйн үйлчлэгч, жолооч, цэцэрлэгчийн болон бусад үйлчилгээ үзүүлсний зардал;
  • ажил олгогч, эсхүл бусад этгээдэд төлөх өр барагдуулсны төлбөр;
  • арилжааны зээлийн хүүгээс доогуур хүүтэй олгосон зээлийн хүүгийн зөрүү;
  • дээрхүүдтэй адилтгах бусад орлого; /Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйл/

з/ бусдаас үнэ төлбөргүй авсан газар эзэмших, ашиглах эрхийн орлого. /Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйл/

Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгдөх орлого:

  • хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөх олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж;
  • донорын олговор;
  • албан томилолтын зардал;
  • даатгалын нөхөн төлбөр;
  • Засгийн газар, аймаг, нийслэлийн Засаг даргын болон Монгол Улсын Хөгжлийн банкны өрийн бичиг /бонд/-ийн төлбөр, хүү, анз;
  • хууль тогтоомжийн дагуу олгож байгаа хөдөлмөр хамгааллын болон дүрэмт хувцас, хор саармагжуулах ундааны үнэ, тэдгээртэй адилтгах бусад хангамжийн үнэ;
  • гамшгийн үед олон улсын байгууллага, гадаад улсын Засгийн газар, хуулийн этгээд, иргэнээс Монгол Улсын Засгийн газар болон орон нутгийн байгууллага, хуулийн этгээд, иргэдэд үзүүлж байгаа тусламж;
  • гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүдийн хүний цалин, нэмэгдэл;
  • гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүдийн гадаад улсад олсон орлого;
  • хөгжлийн бэрхшээлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 50-иас дээш хувиар алдсан хувь хүний орлого;
  • Монгол Улсын төрийн шагнал, Засгийн газрын шагнал, Монгол Улсын ардын болон гавьяат цолтны шагнал, шинжлэх ухааны нээлтийн шагнал;
  • хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлого.
  • малчин өрх, мал бүхий этгээдийн зөвхөн малын тоо толгойд ногдох орлого.
  • Монгол Улсын нутаг дэвсгэрт жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэх, үйлдвэрлэн борлуулах үйл ажиллагаанаас олсон орлого.
  • албан татвар төлөгчийн өөрийн хэрэгцээнд зориулан худалдан авсан нар, салхи, газрын гүний дулааны болон бусад сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, нүүрснээс хагас коксон түлш, хийн болон шингэн түлш гарган авах тоног төхөөрөмж, стандартад нийцсэн зуух, нам даралтын зуух, дулаалгын материал, цахилгаан болон хийн халаагуур худалдан авсан баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээтэй тэнцэх орлого.
  • соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлахад зориулж өгсөн хандив.
  • нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллаас орсон орлого.
  • гэр бүлийн гишүүд хоорондоо газар ашиглах, эзэмших эрхийн гэрчилгээгээ үнэ төлбөргүйгээр шилжүүлэх замаар бусдаас үнэ төлбөргүй авсан газар эзэмших, ашиглах эрхийн орлого. /Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйл/

Хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээ:

  • Цалин хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах орлогод албан татвар ногдуулах орлогод шууд бус орлогод ногдуулах албан татварыг тухайн орлогын жилийн дүнд 10 хувиар тооцож, албан татвар ногдуулна. 
  • Үл хөдлөх эд хөрөнгө борлуулснаас олсон орлогыг дүнд 2 хувиар;
  • Шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл туурвих, шинэ бүтээл, бүтээгдэхүүний болон ашигтай загвар зохион бүтээх, спортын тэмцээн, урлагийн тоглолт зохион байгуулах, тэдгээрт оролцох замаар олсон болон тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүн болон урлагийн тоглолт, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагналын орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн шагналын орлогын дүнд 5 хувиар;
  • Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнд 40 хувиар.
  • Доорх тохиолдлуудад орлогын жилийн дүнд 10 хувиар;
    • үйл ажиллагааны орлогод албан татвар ногдуулах орлого,
    • хөрөнгө борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлого,  
    • хувьцаа борлуулсны орлогын тухайд түүнийг борлуулсан үнээс уг хувьцааг худалдаж авсан үнийг хассан зөрүүгээр нь;
    • хамтран эзэмшиж байсан хувьцааг борлуулсан бол энэ хуулийн 20.1.2-т заасны дагуу хассан зөрүүг тодорхойлсны дараа тухайн албан татвар төлөгчид ногдох хэсгийн үнийн дүнгээр нь; 
    • хувьцаа бусад үнэт цаас борлуулсан тохиолдолд нийт хувьцаа, бусад үнэт цаас худалдсан үнээс тэдгээрийг худалдан авсан үнэ болон худалдан авахад төлсөн баримтаар нотлогдож байгаа шимтгэлийн нийт дүнг хассан зөрүүгээр нь;
    • хөдлөх эд хөрөнгө борлуулснаас олсон орлогоос тухайн хөрөнгийг худалдан авсан болон ийнхүү худалдан авахтай холбогдон гарсан баримтаар нотлогдох зардлыг хассан зөрүүгээр нь.
  • Оршин суугч бус албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон орлогын дүнд 20 хувиар.
  • Газар эзэмших, ашиглах эрх борлуулсны орлого болон бусдаас үнэ төлбөргүй авсан газар эзэмших, ашиглах эрхийн орлогын дүнд 10 хувиар. /Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйл/

Албан татварын хөнгөлөлт чөлөөлөлт:

  • ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлого;
  • ажил олгогчоос ажилтан, түүний гэр бүлийн гишүүнд олгосон тэтгэмж болон түүнтэй адилтгах орлого;
  • ажил олгогчоос ажилтан, түүний гэр бүлийн гишүүнд өгсөн бэлэг;
  • төлөөлөн удирдах зөвлөл, хяналтын зөвлөл, орон тооны бус зөвлөл болон бусад зөвлөл, хороо, ажлын хэсгийн гишүүний цалин хөлс, шагнал, урамшуулал, тэдгээртэй адилтгах орлого;
  • гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэн болон бусад этгээдээс өгсөн бүх төрлийн шагнал, урамшуулал;
  • үндсэн ажлын газраас бусад хуулийн этгээд болон хувь хүнтэй байгуулсан гэрээний үндсэн дээр ажил, үүрэг гүйцэтгэж авсан хөдөлмөрийн хөлс, шагнал, нэмэгдэл, тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлогод ногдох жилийн албан татварт дараах хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлнэ:

Д/д

Албан татвар ногдуулах жилийн орлогын хэмжээ /төгрөгөөр/

Албан татварын хөнгөлөлтийн хэмжээ /төгрөгөөр/

2018 он

2019 он ба түүнээс хойш

1

0-6 000 000 хүртэл

160 000

240 000

2

6 000 000-12 000 000 хүртэл

140 000

220 000

3

12 000 000-18 000 000 хүртэл

120 000

200 000

4

18 000 000-24 000 000 хүртэл

100 000

180 000

5

24 000 000-30 000 000 хүртэл

80 000

160 000

6

30 000 000-36 000 000 хүртэл

60 000

140 000

7

36 000 000 ба түүнээс дээш

-

-

Татвар төлөгч та татварын улсын байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг тухайн байцаагчийг шууд харьяалах татварын албаны даргад хандан гаргана. /Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйл 72.1.1 дэх хэсэг/

Албан татвар төлөгчийг бүртгэх:

  • албан татвар төлөгч нь тухайн нутаг дэвсгэрийнхээ татварын албанд бүртгүүлж, татвар төлөгчийн бүртгэлийн дугаар авах;
  • албан татвар төлөгч нь татвар төлөгчийн бүртгэлийн дугаар авахдаа бүртгэлийн маягт авч бөглөх;
  • татварын алба нь татвар төлөгчийн дугаар бүхий гэрчилгээг татвар төлөгчид олгох;
  • суутгагч нь иргэнд орлого олгох бүрдээ түүний татвар төлөгчийн дугаарыг орлого олгосон тухай баримтад тэмдэглэж, иргэн бүрт олгосон орлого, түүнд ногдуулан суутгасан албан татварын хэмжээг тухайн нутаг дэвсгэрийн татварын албанд улирал тутам өссөн дүнгээр гаргаж мэдэгдэх.

Хуулийн этгээд, иргэн таны гомдлыг Татварын албаны дарга хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ. Мөн саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгнө. /Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйл/

Татвар төлөгч та татварын алба болон татварын улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэхээс бусад асуудлаар гаргасан шийдвэрийн талаар татвар төлөгч нь захиргааны журмаар дараах харьяаллаар гомдол гаргах эрхтэй:

  • Татварын улсын байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг тухайн байцаагчийг шууд харьяалах татварын албаны даргад 
  • Татварын албаны шийдвэрийн талаарх гомдлыг түүний дээд шатны татварын албаны даргад

Татварын улсын байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг тухайн байцаагчийн шууд харьяалах татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлд

  • Маргаан таслах зөвлөлийн шийдвэртэй холбоотой маргааныг дээд шатны татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлд
  • Гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл татвар төлөгч нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй. /Татварын ерөнхий хууль 72 дугаар зүйл/

Агуулга анх оруулсан: 2018-09-12 Шинэчилсэн: 2018-09-12

Мэдээ мэдээлэл