Иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа

Иргэний хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэг нь шүүхээс иргэний хэрэг үүсгэсэн шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж анхан шатны шүүхийн шийдвэр гаргах хүртэлх ажиллагаа хамаарна.

Нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг үүсгэсэн шүүгч дараахь ажиллагааг явуулдаг: /ИХШХШтХуулийн 67 дугаар зүйлийн 67.1/

  • зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх;
  • нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах;
  • эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах

Иймээс та нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй нотлох баримтаа нотариотоор баталгаажуулан шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хариуцагчтай эвлэрэх боломжтой.

Сум буюу сум дундын, дүүргийн шүүх иргэний бүх хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ. /ИХШХШтХуулийн 19.1/

Таны нэхэмжлэлийн шаардлагын дагуу хэрэг үүсгэсэн өдрөөс хойш шүүгч хариуцагчид нэхэмжлэлийг нийслэлд 7 хоногийн, орон нутагт 14 хоногийн дотор тус тус гардуулах бөгөөд хариуцагч таны нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй. Харин хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч 14 хоногийн дотор хариу тайлбар ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэдэг.  /ИХШХШтХуулийн 72 дугаар зүйл/

Мөн хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад таны шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэх зорилгоор хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг сөрөг нэхэмжлэл нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрт тавигдах шаардлагыг хангасан байх шаардлагатай ба улсын тэмдэгтийн хураамжийг ердийн нэхэмжлэлийн адил хэмжээгээр тогтоосон журмын дагуу урьдчилан төлсөн байна. /ИХШХШтХуулийн 73 дугаар зүйл/

Ийнхүү хариуцагч сөрөг нэхэмжлэл гарган түүнийг нь шүүх хүлээн авсан тохиолдолд дээрх журмын дагуу нэхэмжлэгч буюу таньд сөрөг нэхэмжлэлийг гардуулан хариу тайлбар ирүүлэх 14 хоногийн хугацааг мөн олгон уг хугацаа дууссаны дараа хэргийг хянан шийдвэрлэх шүүх хурлыг товлодог.

Иргэний хэргийн анхан шатны шүүх хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэдэг бөгөөд хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх явцад хариуцагчтай эвлэрэхээр болсон тохиолдолд шүүх иргэний хэрэг үүсгэснээс хойш явагдах эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хугацааг Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т заасны дагуу буюу 30 хоногоор тогтоодог бөгөөд  гэхдээ уг хугацаа хэрэг шийдвэрлэх ерөнхий хугацаан дотор байна. /ИХШХШтХуулийн 71 дүгээр зүйл/

Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлээд гаргасан баримт бичгийг шийдвэр гэх бөгөөд Анхан шатны шүүх хэргийн талаар дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана: / ИХШХШтХуулийн 115 дугаар зүйл/

  • Таны нэхэмжлэлийн шаардлагыг хангах;
  • нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох;
  • нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох.

Хэрэв анхан шатны шүүхээс таны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон эсхүл зарим хэсгийг нь хэрэгсэхгүй болгосон тохиолдолд та давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах хүсэлтэй байвал дараах зүйлийг анхаараарай.

Анхан шатны шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно. Ийнхүү шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор бичгээр шүүх үйлдэх ба уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг та  гардан авах буюу эсхүл шүүхээс таны хаягийн дагуу баталгаат шуудангаар хүргүүлдэг бөгөөд ийнхүү хүргүүлсэнээр хүлээн авсанд тооцдог бөгөөд та тус шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг  /ИХШХШтХуулийн 120 дугаар зүйлйин 120.2-т зааснаар 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах боломжтой./ хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй. /ИХШХШтХуулийн 119 дүгээр зүйл/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-д заасны дагуу та шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд хэрэв та болон таны төлөөлөгч буюу өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хариуцагчийн хүсэлтээр шүүх хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан түүний эзгүйд хянан шийдвэрлэх, эсхүл нэхэмжлэлийг буцаадаг бөгөөд ИХШХШтХуулийн 59 дүгээр зүйлийн 59.6-д зааснаар ийнхүү тус шалтгаанаар шүүхээс таны нэхэмжлэлийг буцаасан тохиолдолд таны төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгодог  болохыг анхаарна уу. /ИХШХШтХуулийн 100 дугаар зүйлийн 100.2/

Асуулт1:  Манай компани “Х” ХХК-иас 70,000,000 /далан сая/ төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүхийн шийдвэр гарах хүртэл тус компаний дансыг уг мөнгөн дүнгийн хэмжээгээр битүүмжлүүлж болох уу?

Хариулт1: Боломжтой. Та шүүхэд  шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах дараах арга хэмжээнүүдээс хэд хэдэн арга хэмжээг нэгэн зэрэг хэрэг үүсгэх үед буюу үүсгэсний дараа захирамж гаргуулан авах эрхтэй. /ИХШХШтХуулийн 69 дүгээр зүйл/

  • хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх;
  • хариуцагчаас эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн тодорхой ажиллагаа явуулахыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр хориглох;
  • хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох;
  • нэхэмжлэлээр шаардсан хэмжээний мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд урьдчилан оруулах;
  • тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгах.

Гэхдээ таны нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хариуцагч дээрх арга хэмжээ авсны улмаас өөрт учирсан хохирлын талаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой тул та өөрийн гаргасан нэхэмжлэлийг хангагдах магадлалыг тооцоолж уг хүсэлтийг гаргах нь таныг дараа нь үүсч болох эрсдэлээс сэргийлэхийг анхаарна уу.

 Уг арга хэмжээг шүүгчийн захирамжийг гарсан өдрөөс нь эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлэх бөгөөд давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байна. /ИХШХШтХуулийн 70 дугаар зүйл/

Асуулт2: Би худалдан авсан байрныхаа доголдолтой холбогдуулан гэрээний үнийг зөрүүг гаргуулахаар шүүхэд хандсан бөгөөд надаас гадна хэд хэдэн оршин суугчид тус шүүхэд хандсаныг мэдсэн. Иймээс бид ярилцаж байгаад хэргээ нэгтгүүлж шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа тул боломжтой юу?

Хариулт2: Боломжтой. Гэхдээ тухай хэргийн нөхцөл байдлаас шалтгаалан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн дагуу тухай хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй шүүгч шийдвэрлэдэг. Үүнд:

  • Нэхэмжлэгч хоорондоо холбоотой хэд хэдэн шаардлагыг нэг нэхэмжлэлд нэгтгэн гаргаж болно. Нэгтгэн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас нэг буюу хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлагыг тусгаарлан шийдвэрлэх нь зохистой гэж үзвэл тэдгээрийг шүүгчийн захирамжаар тусгаарлаж болно.
  • Хэд хэдэн нэхэмжлэгч гаргасан буюу хэд хэдэн хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас нэг буюу хэд хэдэн шаардлагыг тусгаарлан шийдвэрлэх нь зохистой байвал тэдгээрийг шүүгчийн захирамжаар тусгаарлаж болно
  • Нэг шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд адил төрлийн хэд хэдэн хэрэгт зохигчоор оролцож байгаа, эсхүл нэг нэхэмжлэгчээс өөр өөр хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй буюу өөр өөр нэхэмжлэгчээс нэг хариуцагчид гаргасан нэхэмжлэлтэй хэд хэдэн хэргийг нэг ажиллагаагаар хамтатган шийдвэрлэх нь уг хэргийг шуурхай, зөв хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзвэл тэдгээрийг шүүгчийн захирамжаар нэгтгэн хянан шийдвэрлэж болно.

Агуулга анх оруулсан: 2018-08-01 Шинэчилсэн: 2018-08-01

Мэдээ мэдээлэл