Байгалийн баялагийг зохистой ашиглах, байгаль хамгаалахтай холбогдох харилцаа Ойн дагалт баялагийг ашиглах

Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т зааснаар “ойн дагалт баялаг” гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг хэлнэ. Ойн дагалт баялаг ашиглах харилцааг Ойн тухай хуулийн 38 дугаар  зүйлээр хуульчилсан.

Иргэн, ойн нөхөрлөлд ойн дагалт баялгийн нөөц ашиглах эрхийн бичгийг ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ тухайн жилд бэлтгэх нөөцийн дээд хязгаарт багтаан иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагад зөвшөөрөл олгоно. Тусгай хамгаалалттай газрын зөвшөөрөгдсөн хэсэгт нөөцийг ахуйн зориулалтаар ашиглах эрхийн бичгийг менежментийн төлөвлөгөөнд үндэслэн тусгай хамгаалалттай газар нутгийг хариуцсан байгаль хамгаалагч олгоно.  


Сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал орон нутагтаа тухайн жилд ашиглаж болох нөөцийн дээд хязгаарыг ойн ангийн дүгнэлт, ойн менежментийн төлөвлөгөөг үндэслэн тогтооно. 

Эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, ...-ийн нэр, хаяг, түүж бэлтгэх дагалт баялгийн төрөл, хэмжээ, хугацаа, газрын нэрийг заана. Эрхийн бичиг олгохдоо ойн дагалт баялаг, түүний тархац, тухайн жилийн ургац зэргийг харгалзана.

Иргэн, ойн нөхөрлөл, ойн дагалт баялгийг төлбөртэйгээр ашиглана. Төлбөрийг “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” хуулиар зохицуулах ба хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар ойн дагалт баялгийн нөөц самар, мөөг, давирхай, шилмүүс, мөчир, үр, хусны шүүсэнд төлбөр ногдуулна. Төлбөрийн үзүүлэлтийг ойн дагалт баялгийн нөөцийг бэлтгэхэд хусны шүүсийг литрээр, бусад ойн дагалт баялгийн нөөцийг килограммаар тооцно. Нөөцийг ашигласны төлбөр, хураамжийг тухайн сум, дүүргийн төсөвт төлнө.
Нөөц ашиглах эрхийн бичгийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хэвлүүлж аймаг, нийслэлийн Байгаль орчны газар, ойн ангид улирал бүрийн эхний 10 хоногт олгоно. Нөөцийг ашиглах зориулалт, хэмжээнээс хамаарч нэг удаагийн эрхийн бичгийг иргэнд 10 хүртэл хоног, нөхөрлөлд 21 хүртэл хоногийн хугацаатай олгоно. Эрхийн бичгийг түүний хүчинтэй байх хугацаанд дахин олгохгүй.
Боловсруулаагүй ойн дагалт баялгийг экспортлохыг хориглоно.
 Ойн сан бүхий газарт ургадаг хушны самар, зэрлэг жимс, жимсгэнэ, мөөг, эмийн ашигт ургамлыг хамгаалах бүсүүдийг байгуулж нутгийн иргэд, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад гэрээгээр эзэмшүүлж болно.
Хуш модны самарыг Ойн анги, Ойн судалгаа хөгжлийн төв ургалтын мэдээг нэгтгэн дүгнэж байгаль орчин аялал жуулчлалын яаманд ирүүлснээр тухайн жилд ахуйн болон үйлдвэрийн зориулалтаар ашиглаж болох шийдвэрийг 9 дүгээр сарын 1-ний дотор бүсчлэн гаргана.
Тухайн сум, дүүргийн ойн анги эсхүл байгаль хамгаалагч нь нөөцийн түүх хугацааг тодорхойлно. Цэцэг, ургамлын иш, навч, навчны иш, мөчрийг ургамлын ургах хугацааны тохиромжтой үе шатанд түүнэ. Жимс, мөөгийг нэр, төрлөөр нь бүрэн боловсорч гүйцсэний дараа бэлтгэнэ.
Хуш модны самрыг 9 дүгээр сарын 10-наас дараа оны 3 дугаар сарын 15-ны хооронд бэлтгэнэ.
Хусны шүүсийг шүүс хөдлөлтийн үед буюу 5 дугаар сарын 1-нээс 05 дугаар сарын 20-ы өдөр  хүртэлх хугацаанд бэлтгэнэ.
Эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал ашиглах зөвшөөрлийг Байгалийн ургамлын тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар ургамлын ашиглах зориулалт, 11 дүгээр зүйлд ургамлыг судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах, 12 дугаар зүйлд зааснаар ургамлыг ахуйн зориулалтаар ашиглах, 13 дугаар зүйлд зааснаар ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах дэглэмийн  дагуу олгоно. 

 

 

 

Ойгоос мод бэлтгэх журам зөрчсөнтэй холбогдон гарсан маргааныг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, бусад маргааныг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.

ХЯНАЛТ ТАВИХ

  • Ойн нөхөрлөлийн үйл ажиллагаанд төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина. 
  • Аймаг, нийслэлийн Засаг дарга ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх талаар ойн нөхөрлөлөөс явуулж байгаа үйл ажиллагааны явцад хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах, шаардлагатай бол ойн санд сөргөөр нөлөөлж байгаа үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх, зогсоох;
  • Аймаг, нийслэлийн Байгаль орчны газар нь ойн сангийн тодорхой хэсгийг эзэмшигч ойн нөхөрлөл, ...ойн менежментийн төлөвлөгөөг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
  • Байгаль орчны хяналтын улсын байцаагч нь сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан мод бэлтгэх дээд хязгаар, эрх бүхий албан тушаалтнаас олгосон эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ, мод бэлтгэх, тээвэрлэх үйл ажиллагаанд хяналт тавина.  
  • Мод бэлтгэх, тээвэрлэх ажиллагааг байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, ойн анги байнгын хяналт тавина.
  • Гарал үүслийн гэрчилгээний олголтод байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Ойн судалгаа, хөгжлийн төв аймаг, нийслэлийн Байгаль орчны газар, байгаль орчны хяналтын улсын байцаагч хяналт тавина.
  • Гарал үүслийн гэрчилгээний хүчинтэй эсэхэд байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч хяналт тавьж ажиллана.
  • Тухайн  нутаг дэвсгэрийн байгаль хамгаалагч ойн дагалт баялгийг ашиглах эрхийн бичгийг үндэслэн ашиглалт явуулах газрыг иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад заан өгч хяналт тавина.
  • Ойн дагалт баялаг ашиглах эрхийн бичгийн олголт, нөөц ашиглалтын явцад тухайн сум, дүүргийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч хяналт тавьж ажиллана.
  • Ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл өөрийн хариуцсан нутаг дэвсгэрт мод бэлтгэлийн үйл ажиллагаа явагдах хугацаанд хөндлөнгийн хяналт тавьж илэрсэн зөрчлийг холбогдох газарт мэдээлж арилгуулах арга хэмжээ авна.

Агуулга анх оруулсан: 2019-06-24 Шинэчилсэн: 2019-06-24

Мэдээ мэдээлэл