Оюуны өмч, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн харилцаа Ашигтай загварын гэрчилгээ авах

Ашигтай загварын гэрчилгээ авах

Ашигтай загвар зохиогч болон гэрчилгээ эзэмшигчийн өмчлөх эрхийг баталгаажуулах, ашигтай загварыг ашиглах харилцааг 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр батлагдсан Патентын тухай хуулиар зохицуулж байна.

Ашигтай загвар: Патентын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасны дагуу “ашигтай загвар” гэж үйлдвэрлэлийн багаж, хэрэгсэл, аргад хамаарах, үйлдвэрлэлд ашиглах боломжтой техникийн шинэ шийдлийг хэлнэ.

Ашигтай загварын гэрчилгээ: Патентын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-т заасны дагуу "ашигтай загварын гэрчилгээ" гэж ашигтай загварыг эрх бүхий этгээд өмчлөх онцгой эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч, төрийн эрх бүхий байгууллагаас олгож байгаа баримт бичгийг хэлнэ.

Ашигтай загварын гэрчилгээ олгох шалгуур:

Патентын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу Ашигтай загвар нь шинэ, үйлдвэрлэлд ашиглагдах боломжтой бол зохиогч, түүнээс эрх шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээдэд гэрчилгээ олгоно.

Техникийн тухайн үеийн түвшингээс давуутай нь нотлогдсон ашигтай загварыг “шинэ” гэж үзнэ. Ашигтай загвар нь үйлдвэрлэлийн аливаа салбарт ашиглаж болохуйц байвал “үйлдвэрлэлд ашиглах боломжтой” гэж үзнэ. Ашигтай загварын шинж чанарууд нь мэдүүлгийн анхдагч огноо хүртэл нийтэд илэрхий болоогүй бол түүнийг “шинэ” гэж үзнэ. 

Дараах тохиолдолд ашигтай загварт тооцохгүй. Үүнд:

  • ашигтай загварыг бүртгэхээс өмнө Монгол Улсад тухайн шийдэл нийтэд илэрхий болсон болон нэвтэрч ашиглагдсан;
  • урьд нь тус улсад болон гадаад оронд хэвлэн нийтлэгдсэн;
  • нийгмийн ашиг сонирхол, ёс суртахуунд харш шийдэл;
  • нээлт, шинжлэх ухааны онол, математикийн арга;
  • компьютерийн программ, алгоритм;
  • аж ахуйн үйл ажиллагаа, оюуны үйлдэл, тоглоом зэрэгт хамаарах хуваарь, дүрэм, аргачлал;
  • нийгмийн дэг журам, зан суртахуун, байгаль орчин, хүний эрүүл мэндэд харш шийдэл;
  • хүн, мал, амьтны эмчилгээ, оношилгооны арга;
  • бичил биетээс бусад амьтан, ургамал болон тэдгээрийг гаргаж авах биологийн арга (биологийн бус болон микробиологийн үйл ажиллагаа хамаарахгүй)

Патентын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу шинэ бүээл, ашигтай загварын патентын мэдүүлгийг энэ хуулийн 11.1-д заасан этгээд оюуны өмчийн байгууллагад цаасан, эсхүл цахим хэлбэрээр гаргана. Шинэ бүтээл тус бүрд нэг патентын мэдүүлэг гаргах бөгөөд нэг зориулалттай, нэгдмэл байдлаар ашиглагдах хоёр, эсхүл түүнээс дээш шинэ бүтээлд нэг патентын мэдүүлэг гаргаж болно.

Шинэ бүтээл, ашигтай загварын патентын мэдүүлэг дараах материалаас бүрдэнэ. Үүнд:

  • оюуны өмчийн байгууллагаас баталсан маягтын дагуу өргөдөл
  • тодорхойлолт;
  • томьёолол;
  • шаардлагатай тохиолдолд шинэ бүтээл, ашигтай загварын мөн чанарыг тайлбарласан зураг, бүдүүвч
  • товч тайлбар;
  • үйлчилгээний хураамж төлсөн баримт;
  • зохион бүтээгч бус этгээд патентын мэдүүлэг гаргах бол патентын мэдүүлэг гаргах эсэхээ нотолсон баримт
  • оюуны өмчийн байгууллагаас баталсан маягтын дагуу гаргасан зохион бүтээгчийн баталгаа
  • мэдүүлэг гаргагчийг оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлж байгаа бол итгэмжлэл
  • давамгайлах эрх үүссэн бол үүнийг нотлох баримт

Ашигтай загварын өргөдөлд ашигтай загвар зохиогч, мэдүүлэг гаргагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр, хаяг, гэрчилгээ авах хүсэлт, ашигтай загварын нэрийг тусгана.

Зохиогч бус этгээд мэдүүлэг гаргах бол гэрчилгээ авах эрхээ нотолсон баримтыг хавсаргана.

Мэдүүлэг гаргагч өргөдөлдөө үндэсний, бүсийн, олон улсын мэдүүлгийн огноог давамгайлах огноогоор тогтоолгох тухай хүсэлтээ илэрхийлж болох бөгөөд энэ тохиолдолд давамгайлах огноо хүсэж гаргасан мэдүүлгийн хуулбарыг хавсаргана. Давамгайлах огноо тогтоолгох хүсэлт гаргахад шинэ бүтээл, ашигтай загварын мэдүүлэгт олон улсын хайлт, урьдчилсан шүүлтийн дүгнэлтийг хавсаргана.

Мэдүүлэг гаргагч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлж болно. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх, үүргийг Иргэний хуульд заасан шаардлага хангасан итгэмжлэлээр тодорхойлно.

Мэдүүлгийг монгол хэлээр үйлдэх бөгөөд өөр хэлээр үйлдсэн тохиолдолд мэдүүлэг гаргагч оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад уг мэдүүлгийг ирүүлсэн өдрөөс хойш 2 сарын дотор монгол хэлнээ хөрвүүлж өгнө. Уг хугацаанд мэдүүлгийг хөрвүүлж өгөөгүй бол мэдүүлэг гаргаагүй гэж үзнэ.

Мэдүүлэг гаргагч мэдүүлгийн талаар эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд мэдүүлгээ буцаан авч болно.

Оюуны өмчийн байгууллагаас баталсан маягтын дагуу өргөдөлд дараах зүйлийг тусгана:

  • патент авах тухай хүсэлт
  • шинэ бүтээл, ашигтай загварын нэр
  • патентын олон улсын ангилал
  • мэдүүлэг гаргагч нь хувь хүн бол түүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, байнга оршин суугаа газрын хаяг, иргэний харьяалал, гарын үсэг
  • мэдүүлэг гаргагч нь хуулийн этгээд бол түүний оноосон нэр, өмчийн хэлбэр, албан ёсны хаяг, үүсгэн байгуулагдсан улсын нэр, үйл ажиллагаа явуулдаг улсын нэр, эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга, тэмдэг
  • зохион бүтээгчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, байнга оршин суугаа газрын хаяг, иргэний харьяалал
  • патент эзэмшигч нь хувь хүн бол түүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний харьяалал, гарын үсэг
  • патент эзэмшигч нь хуулийн этгээд бол түүний оноосон нэр, өмчийн хэлбэр, албан ёсны хаяг, үүсгэн байгуулагдсан улсын нэр, үйл ажиллагаа явуулдаг улсын нэр, эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга, тэмдэг
  • мэдүүлэг гаргагчийг оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлж байгаа бол итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, тусгай зөвшөөрлийн дугаар, хаяг, гарын үсэг
  • давамгайлах эрх хүсэх тохиолдолд энэ тухай мэдэгдэл
  • хавсаргасан баримт бичгийн жагсаалт, хуудасны тоо

Мэдүүлгийг хянах:

Патентын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ашигтай загварын мэдүүлэг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор түүний бүрдлийг хянаж, мэдүүлэг нь Патентын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн бөгөөд мэдүүлгийн бүрдэл хангасан гэж үзвэл анхдагч огноог мэдүүлэг хүлээн авсан өдрөөр тооцно.

Оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг Патентын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзвэл түүнд нэмэлт, засвар хийх шаардлагатайг мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ. Мэдүүлэг гаргагч уг мэдэгдлийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүлээн авсан өдрөөс хойш ашигтай загварын мэдүүлэгт 1 сарын дотор нэмэлт, засвар хийж ирүүлсэн тохиолдолд тухайн мэдүүлгийн анхдагч огноог мэдүүлгийг анх хүлээн авсан өдрөөр тооцно.

Мэдүүлэг гаргагч дээр дурдсан хугацааны дотор нэмэлт, засвар хийж ирүүлээгүй бол тухайн мэдүүлгийг гаргаагүй гэж үзнэ.

Мэдүүлэг гаргагч давамгайлах огнооны эрх хүсэж байгаа бол мэдүүлгийг бүртгэснээс хойш 2 сарын дотор энэ тухайгаа бичгээр мэдэгдэж, анхны мэдүүлгийн хуулбарыг ирүүлнэ. 

Ашигтай загварын мэдүүлэгт шүүлт хийх:

Мэдүүлгийн анхдагч огнооноос хойш 1 сарын дотор энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан шаардлага хангасан эсэх, ашигтай загвараар бүртгэгдэх боломжтой эсэхэд шинжээч магадлан шүүлт хийж дүгнэлт гаргана.

Ашигтай загварын гэрчилгээ олгох:

Патентын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу Ашигтай загвараар бүртгэх боломжтой гэж шинжээчийн дүгнэлт гарсан өдрөөс хойш 1 сарын дотор оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ашигтай загварын гэрчилгээ олгоно.

Патентын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу ашигтай загварын гэрчилгээ авахтай холбогдсон гомдлыг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх маргаан шийдвэрлэх комисст гаргах бөгөөд комисс гомдлыг хүлээн авснаас хойш 6 сарын дотор хянан шийдвэрлэж, хариуг бичгээр мэдэгдэнэ.

Маргаан шийдвэрлэх комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргах эрхтэй.

Монгол Улсын Шадар сайдын 2013 оны 14 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан  Маргаан шийдвэрлэх комиссны ажиллах журам-д заасны дагуу гомдлыг Комисст бичгээр гаргах бөгөөд гомдол гаргагч, эсвэл түүнийг маргаан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж буй этгээд гарын үсгээ зурсан байна.

Гомдолд дараах мэдээллийг заавал тусгана. Үүнд:

  • Гомдол, гаргагчийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар;
  • Гомдлыг холбогдуулан гаргаж буй этгээдийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар;
  • Гомдлын үндэслэл, түүнийг нотлох баримт;
  • Хавсаргасан баримт бичгийн жагсаалт;

Гомдолд үйлчилгээний хураамж төлсөн баримтыг хавсаргана.

Зөвлөгөө №1:

Хэрэв та ашигтай загварын гэрчилгээ авсан бол тухайн загвараа анхдагч огнооноос хойш 7 жилийн хугацаанд ашиглах бүх л боломжтой аргуудыг судалж, ашиглан үр шимийг нь хүртэх хэрэгтэй. Учир нь 7 жилийн хугацаа дуусгавар болоход тухайн ашигтай загварыг шинэ гэх үндсэн шинж чанар нь алдагдсан гэж үзэж, тухайн бүтээлд дахин гэрчилгээ олгохгүй. Харин цаашид үргэлжлүүлэн гэрчилгээгүйгээр ашиглах боломжтой.

Зөвлөгөө №2:

Хэрэв та албан үүргээ гүйцэтгэх буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцдаа ашигтай загвар бүтээсэн бол уг бүтээлд гэрчилгээ авах эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил олгогч эдэлдэг болохыг анхаараарай. Тиймээс гэрээнд өөрт ашигтай нөхцөлүүдийг тусгуулах боломжтой.

Ажил олгогч ашигтай загварыг бүтээснээс хойш 6 сарын дотор мэдүүлэг гаргаагүй бол зохиогч нь мэдүүлэг гаргах эрх эдэлнэ. Энэ тохиолдолд зохиогч патент авсан бол ажил олгогч тухайн бүтээлийг ашиглахдаа гэрчилгээ эзэмшигчид гэрээний үндсэн дээр зохих төлбөр төлнө.

Зөвлөгөө №3:

Патентын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу Хуулийн этгээд ашигтай загварыг ашигласнаас олсон ашиг, оюуны бүтээлийн өртгийг тооцсон үнэлгээг санхүүгийн тайлан тэнцэлд тусгаж, үйлдвэрлэлийн нууцыг нь хадгалах үүрэгтэй байдаг. Мөн оюуны бүтээлийн өртгийг тооцсон үнэлгээг хөрөнгийн баталгаа, барьцаа, хөрөнгө оруулалт, хувьцаа гаргах, хувьчлал болон дуудлагын худалдаанд оруулах, дүрмийн сан бүрдүүлэх, даатгалд хамруулах зэрэгт хэрэглэж болно.

Асуулт 1. Ашигтай загварын зохиогч ямар эрхүүдийг эдлэх вэ?

Патентын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу ашигтай загварын зохиогч дараах эрхийг эдэлнэ. Үүнд:

  • ашигтай загварыг өмчлөх;
  • гэрчилгээ авах эрхээ бусад этгээдэд шилжүүлэх;
  • ашигтай загвартаа нэр өгөх;
  • ашигтай загварын технологийн баримт бичиг боловсруулах, тэдгээрийг турших, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажилд оролцож, хяналт тавих, оюуны бүтээлээ үнэлэх;
  • ашигтай загварыг ашиглаж олсон бусад этгээдийн орлогоос зохих хэмжээний төлбөр авах.

Ашигтай загварыг хамтран бүтээсэн зохиогчид дээрх эрхүүдийг хамтран эдлэнэ. Харин ашигтай загварын мэдүүлэг болон техникийн баримт бичиг бүрдүүлэх, санхүүжүүлэх, туршилт хийх зэргээр туслалцаа үзүүлсэн этгээдийг хамтран зохиогч гэж тооцохгүй.

Хамтран зохиогчид гэрээнд өөрөөр заагаагүй бол мэдүүлэг гаргах, гэрчилгээ авах, бүтээлээ ашиглуулах, бусад этгээдэд худалдах, шилжүүлэх, үнэлэх болон шинэ бүтээлтэй холбоотой харилцаанд тэгш эрх эдлэх бөгөөд хэн нэг нь бусад хамтран зохиогчийн зөвшөөрөлгүйгээр аливаа эрх эдлэхгүй.

Асуулт 2. Зохиогч ашигтай загварын патентыг бусдад шилжүүлж болох уу?

Патентын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу патент эзэмшигч нь аливаа этээдэд лицензийн гэрээ байгуулж ашигтай загварыг ашиглуулж болно. Лицензийн гэрээгээр патент эзэмшигч нь хамгаалагдсан бүтээлийг ашиглах зөвшөөрлийг бүтээл ашиглагчид олгох, бүтээл ашиглагч гэрээгээр тогтоосон төлбөр төлөх болон гэрээгээр тодорхойлсон бусад үүрэг хүлээнэ.

Лицензийн гэрээнд дараах зүйлийг тусгана. Үүнд:

  • ашигтай загварыг ашиглах арга, хэлбэр, хэмжээ, хүрээ, хугацаа;
  • гэрээний талуудын эрх, үүрэг;
  • ашигтай загварыг ашигласны төлбөрийн хэмжээ, түүнийг олгох журам;
  • гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлага;
  • маргаан шийдвэрлэх журам.

Онцгой лиценз өгөх тохиолдолд лиценз өгөгч нь лиценз авагчид ашигтай загварыг ашиглах онцгой эрхийг мөн лицензийн гэрээний дагуу олгоно.

Энгийн лиценз өгөх тохиолдолд лиценз өгөгч нь ашигтай загварыг лиценз авагчид ашиглуулахаар өгөх, патентаар олгогдсон эрхээ гуравдагч этгээдэд нэгэн зэрэг ашиглуулах эрхтэй байна. 

Дээр дурдсаны дагуу байгуулж буй аливаа лицензийн гэрээг бичгээр үйлдэх бөгөөд оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох бөгөөд ийнхүү бүртгүүлээгүй тохиолдолд хүчин төгөлдөр бус байна.

Патент эзэмшигч өөрийн бүтээлээ сонирхогч этгээдэд ашиглуулах лиценз олгох тухай хүсэлтээ оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргаж болно.

Лицензийн гэрээг шударга өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлтэйгээр байгуулахыг хориглоно.

Асуулт 3. Гэрчилгээ эзэмших хугацаанд ямар нэг төлбөр төлөх үү?

Ашигтай загварын гэрчилгээ эзэмшигч ямар нэг төлбөр хураамж төлөхгүй.

Асуулт 4. Ашигтай загварын гэрчилгээний хугацаа ямар байдаг вэ?

Патентын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу анхдагч огнооноос эхлэн ашигтай загварын патент 7 жилийн хугацаанд хүчинтэй байна.

Асуулт 5. Ашигтай загварын патентыг ямар тохиолдолд хүчингүй болгох вэ?

Патентын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Патентын хуулийг зөрчиж гэрчилгээ олгосон байвал маргаан шийдвэрлэх комисс, шүүх патентыг хүчингүй болгоно.

Асуулт 6. Гэрчилгээ эзэмшигчийн эрх зөрчигдвөл ямар замаар сэргээлгэх вэ?

Хэрэв таны гэрчилгээгээр хамгаалагдсан бүтээлийг хууль бусаар ашиглаж танд хохирол учруулсан, болон лицензийн гэрээний дагуу бүтээл ашигласны төлбөр гаргуулахаар маргах тохиолдолд та тухайн маргааныг зөрчил гаргасан этгээдийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтой.

Агуулга анх оруулсан: 2018-06-18 Шинэчилсэн: 2023-09-29

Мэдээ мэдээлэл