Иргэдийн эдийн болон эдийн бус баялагтай холбогдох харилцаа Эзэмшил

Эзэмшил

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж эд хөрөнгийн эзэмших эрхийг хүлээн зөвшөөрч баталгаажуулсан байдаг.

Монгол Улсын Иргэний хуулийн 89 дүгээр зүйлд заасны дагуу аливаа хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсдэг. Хэрэв хэн нэгэн этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй.

Харин хууль болон гэрээ хэлцлийн дагуу эд хөрөнгийг тодорхой хугацаагаар эзэмших эрхийг олж авсан бол ийнхүү олж авсан этгээд тухайн эд хөрөнгийн хувьд шууд эзэмшигч, эрхээ шилжүүлсэн этгээд шууд бус эзэмшигч байна.

Нэг эд хөрөнгийг хоёр буюу түүнээс дээш этгээд хамтран эзэмшиж байвал тэдгээр нь хамтран эзэмшигч, харин нэг эд хөрөнгийн тодорхой хэсгүүдийг хэд хэдэн этгээд эзэмшиж байгаа бол тэдгээр нь тус бүрд ногдох хэсгийн эзэмшигч нь байна.

Шударга болон шударга бус эзэмшигч:

Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд заасны дагуу хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ.

Эд хөрөнгийн эзэмшигчийг өмчлөгч гэж тооцох:

Иргэний хуулийн 91 дүгээр зүйлд заасны дагуу гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно. Харин эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн эсвэл мөнгө, мэдүүлгийн үнэт цааснаас бусад эд хөрөнгө нь өмнөх өмчлөгчийн хүсэл зоригоос үл хамаарах /гээгдүүлэх, хулгайд алдах гэх мэт/ үндэслэлээр эзэмшлээс нь гарсан бол өмнөх өмчлөгчийн хувьд өмчлөгчид тооцогдохгүй.

Оюуны үнэт зүйл, эрх эзэмших:

Иргэний хуулийн 98 дугаар зүйлд заасны дагуу оюуны үнэт зүйл, эрхийг эзэмшилдээ авахад Иргэний хуулийн 89-94 дүгээр зүйлийн холбогдох хэсгүүдийг нэгэн адил баримтална.

Эзэмшил дуусгавар болох:

Иргэний хуулийн 96 дугаар зүйлд заасны дагуу Эзэмшигч эзэмшлээсээ бүрмөсөн татгалзсан, эсхүл өмчлөгч буюу хууль ёсны эзэмшигч өөр хэлбэрээр эд хөрөнгийг мэдэлдээ байлгах эрхээ бусдад алдсан бол эзэмшил дуусгавар болно.  Өмчлөгч буюу хууль ёсны эзэмшигч нь үндэслэл бүхий шаардлагыг эд хөрөнгө эзэмшигчид гаргаснаар эд хөрөнгө эзэмшигчийн эзэмшил дуусгавар болно.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т заасны дагуу эд хөрөнгийн эзэмшилтэй холбоотой иргэний эрх зүйн маргааныг иргэний хэргийн шүүх шийдвэрлэнэ.

Та өөрийн эд хөрөнгийн эзэмших эрх зөрчигдсөн гэж үзвэл таны эрхийг зөрчсөн этгээд нь иргэн бол түүний оршин суугаа газрын иргэний хэргийн шүүхэд, харин хуулийн этгээд бол ажил хэргээ байнга явуулдаг эсвэл удирдах байгууллага нь оршиж байгаа газрын шүүхэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, хохирлоо барагдуулах нэхэмжлэлийг гаргах боломжтой. /иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 –р зүйл/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасны дагуу Шүүх таны нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсний дараа нэхэмжлэлийг хариуцагч (эрх зөрчсөн этгээд)-д гардуулан танилцуулж, хариу тайлбарыг нь бичгээр авна. Үүний дараа шүүх нотлох баримт хангалттай бүрдсэн, хэргийг шийдвэрлэх хуульд заасан хугацаа дуусгавар болсон зэрэг үндэслэлээр шүүх хуралдааныг зарлаж таны нэхэмжлэлийг шийдвэрлэнэ. /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71-р зүйл/

Иргэний хэргийн анхан шатны шүүх нь иргэн хоорондын эдийн болон эдийн бус баялгийн харилцаанаас үүдэлтэй маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71-р зүйлд заасны дагуу таныг нэхэмжлэл гаргаснаас хойш нийт 60 хоног, шаардлагатай бол хугацааг сунгаж 90 хоногийн хугацаанд бүрэн шийдвэрлэнэ.

Хэрэв та иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байгаа тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Хэрвээ та аливаа эд хөрөнгийг Иргэний хуульд заасны дагуу шударгаар эзэмшиж байгаа бол та өмчлөлийн нэгэн адил тухайн эд хөрөнгийн үр шимийг хүртэх эрхтэй бөгөөд хожим нь тухай эд хөрөнгийн хууль ёсны өмчлөх этгээд эсвэл хуулиар эрх олгогдсон этгээд гарч ирсэн тохиолдолд тухайн хөрөнгөд зарцуулсан өөрийн зардлыг өмчлөгч буюу эрх бүхий этгээдээс шаардан гаргуулах, хэрэв таны зүй ёсны шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хөрөнгийг буцаан өгөхөөс татгалзах эрхтэй

Асуулт 1. Эзэмшил өмчлөлөөс ямар ялгаатай вэ?

Эзэмшил болон өмчлөлийн хамгийн гол ялгаа нь эзэмшил нь эд хөрөнгийг бусдад бүр мөсөн шилжүүлэх, захиран зарцуулахгүй эрхгүй байдагт оршино.

Агуулга анх оруулсан: 2018-07-04 Шинэчилсэн: 2018-07-04

Мэдээ мэдээлэл