Зөрчлийн тухай ойлголт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа Эрх хязгаарлах арга хэмжээ

Эрх хязгаарлах арга хэмжээ

Эрх бүхий албан тушаалтан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг хангах зорилгоор энэ хуульд заасан журмын дагуу эрх хязгаарлах дараахь арга хэмжээг авна:

1.хүнийг саатуулах;

2.үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоох;

3.холбогдогчийн баримт бичгийг хураан авах;

4.Монгол Улсын хилээр гарах эрхийг түр түдгэлзүүлэх.

Эрх бүхий албан тушаалтан, прокурор, эрүүгийн хэргийн шүүгч дараахь тохиолдолд эрх хязгаарлах арга хэмжээг цуцална:

1.зөрчлийн хэрэг бүртгэлт дууссан;

2.эрх хязгаарлах арга хэмжээ авсан үндэслэл арилсан;

3.эрх хязгаарлах арга хэмжээг үндэслэлгүй авсан нь тогтоогдсон.

4.эрх хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлэх нөхцөл, журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Улсын ерөнхий прокурортой хамтран батална.

5.эрх хязгаарлах арга хэмжээний хугацаа зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаанаас хэтрэхгүй байна.

Хүнийг саатуулах. Тагнуул болон цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч, Хийлийн төлөөлөгч түүний орлогч, туслах, Гадаадын иргэний улсын хяналтын байцаагч хуульд заасан тодорхой хугацаагаар саатуулах эрхтэй. Мөн прокурр, шүүгчийн хуульд зааснаар эрх хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Эрх хязгаарлах арга хэмжээ нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах нөхцлийг бүрдүүлэх, зөрчлийн шуурхай шалгах, зохих шийтгэл ногдуулах зорилготой байдаг. Эрх хязгаарлах арга хэмжээг давхардуулан хэрэглэж болдог.

Хүнийг саатуулах. Хүнийг саатуулах нь хүний халдашгүй эрхийг хуульд заасан үндэсэлэл, хугацаа, журмыг баримтлан хязгаарлан саатуулж буй арга хэмжээ юм. Тухайлбал, Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч согтуурсан, мансуурсан холбогдогчийг шалгуулахаар 24 цаг хүртэл хугацаагаар саатуулах эрхтэй. Тагнуулийн байгууллага, цагаадгийн байгууллагын эрх бүхий албан хаагч, хилийн төлөөлөгч, түүнийг орлогч, туслах “холбогдогчийг хэн болохыг тогтоох” зорилгоор 6 цаг хүртэл л саатуулах эрхтэй.

Зарим зөрчлийг шалгах ажиллагаанд холбогдогч оргон зайлах эсвэл дахин зөрчил үйлдэж болзошгүй бол прокурорт мэдэгдэн 24 цаг хүртэл саатуулж болох бөгөөд шаардлагатай тохиолдолд харьяалах шүүхээр 48 цаг хүртэл сунгуулж болдог.  

Үйл ажиллагаа ашиглалтыг түр зогсоох.  Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд, эсхүл шууд бусаар хор хохирол учруулж байгаа, эсхүл учруулж болох нөхцөл байдал үүссэн үед холбогдогчийн ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн, эсхүл барилга байгууламж, машин, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн ашиглалтыг прокурорын зөвшөөрлөөр түр зогсооно.

Эрх бүхий албан тушаалтан хойшлуулшгүй тохиолдолд үйл ажиллагаа ашиглалтыг түр зогсоох арга хэмжээг авч, энэ тухай прокурорт даруй мэдэгдэнэ. Прокурор эрх бүхий албан тушаалтны авсан эрх хязгаарлах арга хэмжээг хүчинтэйд тооцох эсэхийг даруй шийдвэрлэнэ.

Баримт бичгийг хураан авах. Эрх бүхий албан тушаалтан холбогдогчийн жолоодох эрхийн үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл зэрэг баримт бичгийг хураан авч, хураан авсан тухай баримтыг холбогдогчид өгнө. Холбогдогч хураалгасан баримт бичгийг ашиглах зайлшгүй шаардлагатай бол эрх бүхий албан тушаалтанд хүсэлт гаргаж шийдвэрлүүлнэ.

Монгол Улсын хилээр гарах эрхийг түр түдгэлзүүлэх. Прокурор зөрчил шалгах ажиллагаанд саад учруулж болзошгүй талаархи эрх бүхий албан тушаалтны саналыг үндэслэлтэй гэж үзвэл Зөрчлийн тухай хуульд арван мянгаас дээш нэгжтэй тэнцэх, эсхүл хөрөнгө, орлого, хохирлын тодорхой хувиар тооцсон торгох шийтгэлийн хэмжээ нь арван мянгаас дээш нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд холбогдогчийн Монгол Улсын хилээр гарах эрхийг түр түдгэлзүүлж болно.

Прокурорын шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлнэ. Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлт дууссан, эрх хязгаарлах арга хэмжээ авсан үндэслэл арилсан, эрх хязгаарлах арга хэмжээг үндэслэлгүй авсан нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр Монгол Улсын хилээр гарах эрхийг түр түдгэлзүүлэх арга хэмжээг цуцална.

Эрх хязгаарлах арга хэмжээний ерөнхий хугацаа нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаанаас хэтэрэхгүй байх ёстой.

  • Хүнийг саатуулах

Эх сурвалж: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль.

Сургагч багш нарт зориулсан гарын авлага

Албан тушаалтан

Зорилго

Хугацаа

Цагдаагийн болон тагнуулийн байгууллагын эрх бүхий албан хаагч, хилийн төлөөлөгч, түүний орлогч, туслах

Холбогдогчийн хэн болохыг тогтоох зорилгоор

6 цаг хүртэл

Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч

Согтуурсан, мансуурсан холбогдогчийг шалгахаар

24 цаг хүртэл хугацаагаар

Хилийн төлөөлөгч, түүний орлогч, туслах

Хилийн дэглэм зөрчсөн хүний хувийн байдлыг тогтоох зорилгоор

7 хоног хүртэл хугацаагаар

Гадаадын иргэний улсын хяналтын байцаагч

Холбогдогчийн хувийн байдлыг тогтоох, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж болзошгүй бол

Тухайн иргэн, харьяалалгүй хүнийг 14 хоног хүртэл, цаашид хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно.

 

Холбогдогчийн Монгол Улсын хилээр гарах эрхийг түр түдгэлзүүлэх арга хэмжээний нийт хугацаа зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаанаас хэтрэхгүй байна.

Үйл ажиллагаа ашиглалтыг түр зогсоох эрх  хязгаарлах арга хэмжээ авсантай холбогдуулан прокурорт гомдол гаргаж болно. 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.12-т заасан “Эрх бүхий албан тушаалтны шийдвэр, ажиллагаанд гомдол гаргах” нийтлэг журам эрх хязгаарлах арга хэмжээний үед хэрэглэгдэнэ.  

  • Саатуулагдсан хүний гомдол

Прокурорт “Тагнуулын болон цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч, хилийн төлөөлөгч, түүний орлогч, туслах, гадаадын иргэний хяналтын улсын байцаагч холбогдогчийг хэн болохыг тогтоох зорилгоор 6 цаг хүртэл хугацаагаар”, “цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч зөрчил үйлдсэн согтуурсан, мансуурсан холбогдогчийг 24 цаг хүртэл хугацаагаар”, “хилийн төлөөлөгч, түүний орлогч, туслах хилийн дэглэм зөрчсөн хүний хувийн байдлыг тогтоох зорилгоор 7 хүртэл хоногийн хугацаагаар” тус тус саатуулах заалтыг зөрчиж үндэслэлгүйгээр саатуулсан тухай гомдлыг гаргана.

Шүүхэд “гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн гаргасан хүсэлтээр холбогдогчийн хувийн байдлыг тогтоох, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж болзошгүй бол эрүүгийн хэргийн шүүх тухайн гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг 14 хүртэл хоногийн хугацаагаар” саатуулах заалтыг зөрчиж үндэслэлгүй саатуулсан тухай гомдлыг гаргана.

1. Гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг ямар хугацаагаар саатуулах вэ?

            Гадаадын иргэний хяналтын улсын байцаагч нь 14 хүртэл хоногоор саатуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд 30 хүртэл хоногоор сунгаж болно. Гадаадын иргэнийг саатуулсан тухайгаа  саатуулсанаас хойш 24 цагийн дотор Гадаад харилцааны яаманд мэдэгдэнэ.

2. Зөрчлийн холбогдогчийг саатуулсан тухайгаа гэрийнхэнд нь ямар хугацаанд мэдэгдэх вэ?

            Гэр бүлийн насанд гишүүн, төрөл садангийн хүн, өмгөөлөгчид нь 6 цагийн дотор мэдэгдэх бөгөөд зөрилд холбогдогчийн мэдэгдэхийг хүссэн хүнд 8 цагийн дотор мэдэгдэнэ.

3. Эрх хязгаарлах арга хэмжээг барьцаагаар солих асуудал нь зөвхөн гадаад улсын иргэнд хамаарах уу?

Хүнийг саатуулах арга хэмжээг эрүүгийн хэргийн шүүх барьцаагаар сольж болно. Ингэхдээ хуульд аль нэг улсын иргэн байх эсэхээр хязгаарлаагүй тул эрх хязгаарлах энэ арга хэмжээг нийтлэг байдлаар барьцаагаар солих боломжтой байна.

Харин Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд “Монгол Улсын хилээр гарах эрхийг түр түдгэлзүүлэх арга хэмжээг барьцаагаар солиулах тухай холбогдогчийн гаргасан хүсэлтийг прокурор хангах үндэслэлтэй гэж үзвэл мөнгөн хэлбэрээр барьцаагаар авч, Монгол Улсын хилээр гарах эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээг түр хугацаагаар цуцалж болно” гэж заасан байх тул Монгол Улсын хилээр гарах эрхийг түр түдгэлзүүлэх арга хэмжээ барьцаагаар солих асуудал нь зөвхөн гадаадын иргэнд хамаарахаар байна.

4. “Даруй” гэж ямар хугацааг хэлэх вэ?

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд хугацааг минут, цаг, хоног, ажлын өдөр, сар, жилээр тоолно гэж заасан байдаг. Мөн хуульд “даруй мэдэгдэнэ, даруй шийдвэрлэнэ гэх зэргээр заасан байна.  “Даруй” гэдэгт тухайн ажиллагааг хийж гүйцэтгэх боломжит хамгийн богино хугацааг ойлгоно.

Агуулга анх оруулсан: 2018-06-18 Шинэчилсэн: 2018-06-18

Мэдээ мэдээлэл