Иргэдийн эдийн болон эдийн бус баялагтай холбогдох харилцаа Иргэний эрх зүйн тухай

Иргэний эрх зүй гэдэг нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулах хэм хэмжээг ойлгоно.

Иргэний эрх зүйн харилцаа нь Иргэний хууль тогтоомж, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаар зохицуулагдана.

Монгол Улсын олон улсын гэрээнд Иргэний хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээг дагаж мөрдөнө.

Таны судалсан байвал зохих хууль бусад эрх зүйн акт

  • Иргэний хууль /ЭНД дарж үзнэ үү/
  • Монгол Улсын Үндсэн хууль /ЭНД дарж үзнэ үү/

Иргэний эрх зүй нь Монгол улс дахь эрх зүйн тогтолцооны бие даасан салбар бөгөөд харилцаанд оролцогчдын хооронд үүссэн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой харилцааг талуудын эрх тэгш байдалд үндэслэн тэдгээрийн хүсэл зориг болон эд хөрөнгийн бие даасан байдлыг ханган зохицуулж байгаа хэм хэмжээний системчлэгдсэн нийлбэр цогц юм.

Иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл

Иргэний эрх зүйн харилцаа дараахь үндэслэлээр үүснэ:

  • хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл;
  • иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн шүүхийн шийдвэр;
  • хуульд заасан бол иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн захиргааны шийдвэр;
  • оюуны үнэт зүйл бүтээх;
  • гэм хор учруулах;
  • үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших;
  • иргэний эрх зүйн харилцааг үүсгэсэн хууль зүйн үйл явдал бий болох;
  • иргэний эрх зүйн харилцаа үүсгэхээр хуульд заасан бусад үндэслэл

Иргэний эрх зүйн зохицуулах зүйл

Иргэний эрх зүйн зохицуулах зүйл гэдэг нь тухайн салбар эрх зүйгээр зохицуулагдаж байгаа нийгмийн тодорхой төрлийн харилцаа юм. Иргэний эрх зүйн зохицуулах зүйл нь эрх зүйн этгээдүүдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцаа юм.

Эдийн баялагтай (эд хөрөнгийн харилцаа) холбоотой харилцаа нь материаллаг эд юмс, түүнийг олж авах, эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбоотойгоор иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүсч байгаа харилцаа юм. Уг харилцаа нь ямагт өөртөө эдийн засгийн утгыг агуулж байдгаараа онцлог юм.

Эдийн бус баялагтай холбоотой харилцаа (эд хөрөнгийн бус харилцаа) нь явцуу утгаараа оюуны үнэт зүйлс, эрхтэй холбоотойгоор субьектүүдийн хооронд үүсэх харилцаа юм. Харин өргөн утгаараа ажил үйлчилгээ, оюуны үнэт зүйл, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, амь бие эрүүл мэнд болон эд хөрөнгийн болон бусад эрхтэй холбоотой үүсэх харилцаа юм.

Иргэний эрх зүйн хүрээнд гарсан аливаа маргаантай асуудал, мөн бусад эрх зүйн салбарт гарсан иргэний эрх зүйд хамаарах маргаан, гэмт хэргийн эд хөрөнгөтэй холбоотой хэсгийг Монгол улсын үндсэн хууль, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль заасны дагуу Иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ.

Иргэний эрх зүйг хамгийн энгийнээр ойлговол

Иргэний эрх зүй нь:

  1. Иргэн хуулийн этгээд ямар арга замаар эд хөрөнгө олж авах нөхцөл журам
  2. Тийнхүү олж авсан эд хөрөнгөө хэрхэн өмчилж эзэмшиж ашиглаж захиран зарцуулах
  3. Иргэн хуулийн этгээдийн өмчлөх эрх зөрчигдсөн тохиолдолд түүнийг ямар арга хэлбэрээр сэргээж хамгаалах гэсэн хоорондоо уялдаа холбоо бүхий үйл явц гэж ойлгож болно.

Ирэгний эрх зүй нь эд хөрөнгөний ба түүнтэй холбоотой эд хөрөнгөний бус харилцаанд оролцогчдын бие даасан байдал тэгш эрхийг хуульчлан баталгаажуулж тэдний эд баялаг оюун санааны эрэлт хэрэгцээг бүрэн хангах эцсийн бүлэгт нийгмийн харилцааг боловсронгуй болгох зорилготой.

Асуулт 1. “Эс үйлдэхүй” гэдэгт юуг ойлгох вэ?

“Эс үйлдэхүй” гэдэг нь энгийн үгээр тайлбарлавал үүргээ гүйцэтгэхгүй байх, хийх ёстой үйлдэлээ хийхгүй байхыг ойлгоно. Жишээ нь Төрийн албан тушаалтан үүргээ гүйцэхгүй байх, Аюултай нөхцөл байдалд байгаа хүнд тусламж үзүүлэхгүй байх гэх мэт.

Асуулт 2. Иргэний эрх зүйн харилцааны объект гэж юу вэ?

Иргэний эрх зүйн харилцааны объект гэдэг нь иргэний хуульд заасан үндэслэл, журмаар иргэний гүйлгээнээс хасагдаагүй, мөнгөөр үнэлж болох, эдийн болон эдийн бус баялагийг иргэний эрх зүйн харилцааны объект гэж ойлгож болно. Мөн эдийн болон эдийн бус эрх, үйлдэл, эс үйлдэхүй, мэдээлэл иргэний эрх зүйн харилцааны объект байж болно.

Асуулт 3. Өөртөө туслах гэж юу вэ?

Эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгүй байсан болон цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох буюу эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учрахаар байвал иргэний эрх зүйн харилцаанд оролцогч өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өөртөө туслах зорилгоор эд юмсыг эзэмдэж авах, устгах буюу эвдэх, эсхүл зайлсхийж болзошгүй үүрэг гүйцэтгэгчийг саатуулах, үүрэг бүхий этгээдээс гүйцэтгэвэл зохих үйлдлийн эсрэг үйлдлийг таслан зогсоохоор тухайн нөхцөл байдалд тохируулан хийсэн үйлдлийг хууль бус гэж үзэхгүй. Өөртөө туслах үйлдэл нь тухайн нөхцөл байдалд тохирсон хэр хэмжээнээс хэтэрч болохгүй.

Асуулт 4. Гарцаагүй байдлын улмаас хийсэн үйлдэл гэж юу вэ?

Тухайн нөхцөл байдалд аюулыг өөр арга замаар зайлуулах боломжгүй бол түүнийг таслан зогсоох, сэргийлэх зорилгоор хийсэн үйлдэл /эс үйлдэхүй/-ийг гарцаагүй байдлын улмаас хийсэн үйлдэл гэнэ. Гарцаагүй байдалд учруулсан гэм хор нь учирч болох байсан гэм хороос бага байвал уг үйлдэл хийсэн этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээхгүй.

Агуулга анх оруулсан: 2018-03-22 Шинэчилсэн: 2018-03-21

Мэдээ мэдээлэл