Нотариатын үйлчилгээ Хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичиг гэрчлэх

Хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичиг гэрчлэх

Нотариатын тухай хууль:

50 дугаар зүйл.Хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичиг гэрчлэх

50.1.Нотариатч хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан баримт бичгийг гэрчлэхдээ үүсгэн байгуулагчийн иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах баримт бичиг, хуулийн этгээдийг үүсгэн байгуулах шийдвэр зэргийг үндэслэл болгоно.

50.2.Нотариатч Иргэний хуулийн 33 дугаар зүйлд заасан хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан баримт бичгийг гэрчлэхдээ тухайн баримт бичиг нь Компанийн тухай, Нөхөрлөлийн тухай, Хоршооны тухай, Төрийн бус байгууллагын тухай хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэхийг нягтална.

Нотариатын үйлдэл хийх заавар:

Арав. Хуулийн этгээд үүсгэн байгуулах  баримт бичгийг гэрчлэх

10.1.Хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичгийг гэрчлэхдээ нотариатч нь Нотариатын тухай хуулийн 50 дугаар зүйлийг баримтлана.

10.2.Хуулийн этгээдийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсан болон дүрмийн шинэчилсэн найруулгыг гэрчлэхдээ Нөхөрлөлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйл, Хоршооны тухай хуулийн 10 дугаар зүйлийг  тус тус баримтална. 

10.3.Нотариатч нь хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичгийг гэрчилж,  тамга, гэрээний үнэн зөвийг гэрчлэх баталгааны тэмдэг дарна.

Та доорх холбоосруу орж өөрт ойрхон нотариатчдын хаяг, байршил, утасны дугаарыг харна уу.

Нийслэлийн нотариатчид ЭНД дарна уу.

Орон нутгийн нотариатчид ЭНД дарна уу.

НОТАРИАТЫН ҮЙЛДЭЛ, НОТАРИАТЫН БҮРТГЭЛ, ХУГАЦАА

25 дугаар зүйл.Нотариатын үйлдлийн төрөл

25.1.Нотариатын үйлдэл дараахь төрөлтэй байна:

25.1.1.гэрээ, хэлцэл гэрчлэх;

25.1.2.гэрээслэл гэрчлэх;

25.1.3.итгэмжлэл гэрчлэх;

25.1.4.өвлөх эрхийн гэрчилгээ олгох;

25.1.5.өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах;

25.1.6.хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичиг гэрчлэх;

25.1.7.эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбогдох баримт бичиг гэрчлэх;

25.1.8.гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран болон дундаа хэсгээр өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсгээ өмчлөх эрх гэрчлэх;

25.1.9.баримт бичгийн хуулбарыг гэрчлэх;

25.1.10.баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх;

25.1.11.нотариатын мэдэгдэх хуудас бичих.

25.2.Заавал гэрчлүүлэх нотариатын үйлдлийг зөвхөн хуулиар тогтоох бөгөөд үүнээс бусад үйлдлийг үйлчлүүлэгчийн хүсэлтээр гэрчилнэ.

Нотариатын тухай хуулийн 29, 30, 31 дүгээр зүйл. Нотариатын үйлдэл хийх хугацаа, Нотариатын үйлдэл хийхийг хойшлуулах, түдгэлзүүлэх, Нотариатын үйлдэл хийхээс татгалзах

Нотариатын үйлдэл хийхийг хойшлуулах: Нотариатын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “Үйлчлүүлэгч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, эсхүл өөрийн үйлдэлд хяналт тавих чадваргүй байгаа бол энэ нөхцөл байдлыг арилах хүртэл нотариатын үйлдэл хийхийг хойшлуулна”, 30.2-т “Иргэн, хуулийн этгээдээс баримт бичиг, түүний хуулбар, шаардлагатай мэдээллийг нэмж гаргуулах буюу тэдгээрийг шинжлүүлэх шаардлага гарсан тохиолдолд нотариатын үйлдэл хийхийг тодорхой хугацаагаар хойшлуулж болно” гэж заасан.

Нотариатын үйлдэл хийхийг түдгэлзүүлэх: Нотариатын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т “Нотариатчаар гэрчлүүлж байгаа баримт бичиг буюу эрхийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай өөр этгээдээс өргөдөл ирүүлсэн тохиолдолд уг асуудлаар нотариатын үйлдэл хийхийг 3-7 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулах бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэл гаргасан нь тогтоогдвол шүүхийн шийдвэр гартал нотариатын үйлдэл хийхийг түдгэлзүүлнэ.” гэж заасан.

Нотариатын үйлдэл хийхээс татгалзах: 1997 онд батлагдан мөрдөгдөж байсан Нотариатын тухай хуулинд татгалзах хугацааг 72 цаг гэж хуульчилсан байна. Харин 2011 онд батлагдсан буюу одоогийн мөрдөгдөж байгаа Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлд Нотариатын үйлдэл хийхээс татгалзах хугацааны талаар дурьдаагүй бөгөөд дараах татгалзах үндэслэлүүдийг тусгаж хуульчилсан байна. Үүнд:

  1. Үйлчлүүлэгчийн баримт бичиг нь хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд харшилж байвал;
  2. Өөртэй нь болон түүний гэр бүлийн гишүүнтэй нь холбоотой асуудал байвал;
  3. Өөрийнх нь байнгын үйлчлүүлэгчийн хувийн нууцтай холбоотой асуудлаар бусад этгээд нотариатын үйлдэл хийлгэхийг хүсвэл;
  4. Үйлчлүүлэгч нь эрх зүйн чадамжгүй, эсхүл төлөөлөх эрхгүй байвал;
  5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцвол уг хэрэгт холбогдох баримт бичгийг;
  6. Хуульд заасан бусад.

Хуулийн этгээд нь Иргэний хуульд заасан шинжийг агуулсан зохион байгуулалтын нэгдэл бөгөөд Иргэний эрх зүйн харилцааны оролцогч байна. Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлсэнээр үүсдэг.

Хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичигт шинээр үүсгэн байгуулагдаж байгаа хуулийн этгээдийн гэрээ, дүрэм, хуулийн этгээд үүсгэн байгуулах өргөдөлд зурсан гарын үсгийн баталгаа орох бөгөөд эдгээр бичиг баримтыг нотариатаар гэрчлүүлдэг.

Гадаадын хөрөнгө оруулалттай компаний хувьд гэрээ, дүрмээс гадна түүний орчуулгыг гэрчилдэг.

Гэрээ дүрмийг тус хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч этгээд өөрөө биечлэн эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан гэрчлүүлж болно.

Үүсгэн байгуулагч нь иргэн бол цахим үнэмлэх, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, үүсгэн байгуулах шийдвэр, тогтоол зэргээр хувийн байдлыг тогтоож холбогдох бусад бичиг баримтыг нягтлан шалгаж гэрчилнэ.

Агуулга анх оруулсан: 2018-09-03 Шинэчилсэн: 2018-09-03

Мэдээ мэдээлэл