Нийгмийн халамж үйлчилгээ Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай гэдэг нь жирэмсэн эх, 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх, дөрөв хүртэлх насны ихэр хүүхэдтэй эх, эцэг, гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт үр хүүхдээ эрүүл саруул, өсгөн хүмүүжүүлж, амьжиргааны төвшинг дээшлүүлэх зорилгоор улсаас олгож буй мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Монгол улсын Үндсэн хууль-ийн арван зургадугаар зүйлийн 5 дахь хэсэгт өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй гэж заасны дагуу Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль-ийн 5 дугаар зүйлийн 5.1-д  дараах тэтгэмжүүдийг олгохоор зохицуулсан. Үүнд:

  • Жирэмсний таван сартайгаас эхлэн хүүхэд төрүүлэх хүртэлх хугацаанд эх сар бүр тэтгэмж авах эрхтэй.
  • Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй.
  • Дөрөв хүртэлх насны ихэр хүүхэд төрүүлсэн эх нэг удаа тэтгэмж авах эрхтэй.
  • 0-18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг улирал бүр тэтгэмж авах эрхтэй.  

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж нь "Монгол улсын үндсэн хууль", Нийгмийн халамжийн тухай хууль, “Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль”, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай журам" болон бусад эрх зүйн актаар зохицуулагдана.

Таны судалсан байвал зохих хууль бусад эрх зүйн акт

  • Монгол Улсын Үндсэн хууль (1992 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Нийгмийн халамжийн тухай хууль (2012 он) ЭНД дарж үзнэ үү
  • Гэр бүлийн тухай хууль (1999 он) ЭНД дарж үзнэ үү
  • Эх, олон хүүхэдтэй өрх толгойсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль (2017 он) ЭНД дарж үзнэ үү
  • Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай журам (2017 он) ЭНД дарж үзнэ үү
  • Ахмад настаны тухай хууль (2017 он) ЭНД дарж үзнэ үү
  • Тэтгэмжийн доод хэмжээ тогтоох тухай (2002 он) ЭНД дарж үзнэ үү
  • Хөдөлмөрийн тухай хууль (1999 он) ЭНД дарж үзнэ үү
  • Монгол улсын иргэний хууль (2002 он) ЭНД дарж үзнэ үү
  • Хөдөлмөрийн тухай хууль (1999 он) ЭНД дарж үзнэ үү
  • Тэтгэмжийн доод хэмжээ тогтоох тухай (2002 он) ЭНД дарж үзнэ үү
  • Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай (2015 он) ЭНД дарж үзнэ үү
  • Нийгмийн халамжийн тэтгэвэр,тэтгэмж олгох журам (2012 он) ЭНД дарж үзнэ үү

Нийгмийн халамжийн тухай хууль, “Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль”, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай журам"-ын дагуу иргэн та тэтгэмж тогтоолгон авах хүсэлтийг сум, хорооны нийгмийн ажилтан хүлээн авч зохих шатны байгууллагад шилжүүлэн өгнө.

  • Таван сартайгаас эхлэн хүүхэд төрүүлэх хүртэлх хугацаанд эх сар бүр тэтгэмж авах
  • Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах
  • Дөрөв хүртэлх насны ихэр хүүхэд төрүүлсэн эх нэг удаа тэтгэмж авах иргэн тэтгэмж тогтоолгон авах хүсэлт, болон шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлэн сум, хорооны нийгмийн ажилтан аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ.
  • 0-18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг нь тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан тохиолдолд сум, хорооны нийгмийн ажилтан тэтгэвэр тогтоолгол хүсэлт, болон шаардлагатай бичиг баримтыг хүлээн авч амьдралын нөхцөлийг судлан үзэж, өөрийн саналаа сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ. Сум, хорооны нийгмийн ажилтан Амьжиргааг дэмжих зөвлөлийн шийдвэр холбогдох бичиг баримтын хамт аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ.

Жирэмсэн эхийн тэтгэмж:
Эхэд жирэмсний 5 сартайгаас төрөх хүртэл хугацаанд Засгийн газраас тогтоосон хэмжээгээр буюу сар бүр 40,000 төгрөгийн тэтгэмжийг олгоно.

Жирэмсэн эхийн тэтгэмж авч байсан иргэн хүүхэд төрөнгүүт 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж авах хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд гаргана.

Жирэмсэн эхийн тэтгэмжид хамрагдах иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлэн сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө.
/Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2.1-д зааснаар/

  • өргөдөл;    
  • 1 хувь зураг;
  • иргэний үнэмлэх, хуулбарын хамт; 
  • баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  • жирэмсэн үедээ эмнэлгийн хяналтад орсон тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн  эмчийн тодорхойлолт.

0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж:

0-3 хүртэл насны хүүхдээ асарч байгаа эхэд хүүхдийн тооноос үл хамааран Засгийн газраас тогтоосон хэмжээгээр сар бүр 50,000 төгрөгийн тэтгэмжийг олгоно. Хүүхэд асарсны тэтгэмж авч байх хугацаандаа эх нь жирэмсэн эхийн тэтгэмж авах эрх үүсвэл түүнд уг тэтгэмжийг давхар олгоно.
 
0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжид хамрагдах иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлэн сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө. /Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2.2-т зааснаар/

  • өргөдөл;   
  • 1 хувь зураг;  
  • иргэний үнэмлэх, хуулбарын хамт; 
  • хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт;  
  • хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
  • Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасны дагуу хүүхэд асрах чөлөөтэй байгаа бол чөлөө олгосон тухай ажил олгогчийн тушаал, хуулбарын хамт;
  • баг, хорооны Засаг даргын тодорхойлолт

Ихэр хүүхдийн тэтгэмж:

Ихэр хүүхдийн тэтгэмж авах эхэд Засгийн газраас тогтоосон хэмжээгээр 2 ихэр хүүхэдтэй бол тус бүрт 1,0 сая төгрөг, 3 болон түүнээс дээш ихэр хүүхэдтэй бол хүүхэд тус бүрт 3,0 сая төгрөгийн тэтгэмжийг 1 удаа олгоно.

Ихэр хүүхдийн тэтгэмжид хамрагдах иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлэн сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө.
/Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2.3-т зааснаар/ 

  • өргөдөл;  
  • иргэний үнэмлэх хуулбарын хамт, гадаадад оршин суугаа иргэний хувьд иргэний үнэмлэх, эсхүл нотариатаар батлуулсан хуулбар;
  • хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт; 
  • ихэр хүүхэд нь эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт;  
  • баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;  
  • гадаадад оршин суугаа иргэний хувьд тухайн газрын эмч, эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, Монгол улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолт. 

Гурав болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж: 

0-18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү хэмжээний тэтгэмжийг улирал бүр олгоно.   

Гурав болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжид хамрагдах иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлэн сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө.

/Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2.4-т зааснаар/

  • Өргөдөл; 
  • 1 хувь зураг; 
  • нас барсан эхнэр, эсхүл нөхрийн нас барсны гэрчилгээ, хуулбарын хамт;  
  • баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  • хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт /16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх, хуулбарын хамт/;
  • нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.8-д заасан өрх толгойлсон эх, эцэг /нөхөр, эхнэрийн аль нэг нь нас барсан, эсхүл сураггүй алга болсон нь шүүхээр тогтоогдсон, гэрлэлтээ цуцлуулсан, эцэг, эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан, хасуулсан бол тухайн шийдвэр хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэж байгаагүй боловч төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэдтэй ганц бие эх, эцэг/-т тэтгэмж олгох талаар сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлөөс гаргасан шийдвэр. 

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай журам"-ын 3.1. Сум, хорооны нийгмийн ажилтан нь энэхүү журмын 2.1-д заасан иргэнд ажлын 5 хоногт багтаан тэтгэмж авах эсэх талаар хариу мэдэгдэнэ.

Төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон Нийгмийн халамжийн тухай хуулийн 25.1.9 заасны дагуу дээд шатны байгууллага албан тушаалтан буюу аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагад хандаж өргөдөл гомдол гаргах боломжтой.

Төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах тухай ЭНД дарж үзнэ үү.

Иргэн та шаардлагатай бичиг баримт хүсэлтээ заавал өөрийн биеэр авчирч өгөх шаардлагагүй.

Жирэмсэн ээжүүд эмчийн хяналтад орсноор төрөхийн өмнөх болон дараах таван сард 40 мянган төгрөгийн тэтгэмж авдаг байсан. Тэгвэл “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжсэнтэй холбоотойгоор төрсний дараах таван сарын 40 мянган төгрөгийн тэтгэмж нь “Цалинтай ээж” хөтөлбөр руу шилжиж, ингэснээр ээжүүдэд хүүхдээ төрүүлсний дараа үргэлжлүүлэн сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгохоор зохицуулжээ.

 

Агуулга анх оруулсан: 2018-09-03 Шинэчилсэн: 2018-07-25

Мэдээ мэдээлэл