Гэр бүлийн харилцаа Гэрлэлт цуцлах

Гэрлэлт цуцлах

Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасны дагуу гэрлэлтийг хуульд заасан үндэслэлээр захиргааны буюу шүүхийн журмаар цуцална.

Гэрлэлтийг захиргааны журмаар цуцлах:

  • Гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй гэрлэгчид энэ тухай тус тусдаа бичиж, гарын үсэг зурсан хүсэлтээ иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гаргана./ Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйл/

Гэрлэлтийг шүүхийн журмаар цуцлах:

  • Захиргааны журмаар гэрлэлт цуцлахаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ.
  • Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна. Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэхэд авах бүх талын арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар / талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцэхүйц шийдлийг олоход нь зуучлагч дэмжлэг үзүүлж, тэдгээрийн хоорондын харилцааны зөрчил, маргааныг эвийн журмаар, шуурхай, зардал багатай зохицуулна / дамжуулан хэрэгжүүлнэ. 
  • Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална.
  • Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална.
  • Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно.

Гэрлэгчид тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

  • Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ.
  • Гэрлэлт цуцалснаас гэр бүлийн гишүүнд оногдох дундын эд хөрөнгийн хэсгийг тодорхойлоход гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн эрх, ашиг сонирхлын үүднээс, түүнчлэн дундын эд хөрөнгөө зүй бусаар ашигласан, нуусан, гэрлэлт цуцалсан нь түүний буруутай үйлдлээс шалтгаалсан нь тогтоогдсон нөхцөлд шүүх Иргэний хуулийн 129.3-т заасны дагуу гэрлэлт цуцалсан буюу гэрлэлтийг хүчингүйд тооцсоноос гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн ашиг сонирхлыг харгалзан шүүх өөрөөр тогтоож болно.
  • Шүүх гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулна.
  • Гадаад улсад байнга оршин суугаа Монгол Улсын иргэд болон Монгол Улсын иргэн нь гадаадын иргэн, харьяалалгүй хүнээс гэрлэлтээ цуцлуулсан нь Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ хуульд харшлахгүй бол гэрлэлт цуцлуулсныг хүчинтэйд тооцно.
  • Гадаад улсад байнга оршин суугаа Монгол Улсын иргэн гэрлэлтээ Монгол Улсад захиргааны ба шүүхийн журмаар цуцлуулж болно. /Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйл/

Гэрлэхэд харшлах шалтгааныг зөрчиж гэрлэсэн, гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн нь илэрсэн тохиолдолд гэрлэгчдийн хэн нэгний, эсхүл эрх нь зөрчигдсөн бусад хүний болон хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын нэхэмжлэлээр шүүх гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцно /Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйл/.

Үүнээс үүсэх үр дагавар:

  • Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон тохиолдолд гэрлэгчдийн эд хөрөнгийн гэрээ хүчин төгөлдөр бус байна.
  • Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон нь энэ гэр бүлээс төрсөн хүүхдийн эрх, ашиг сонирхолд нөлөөлөхгүй.
  • Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсоноос гэрлэгчийн эрх, ашиг сонирхол хохирсон нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн тал өөрт учирсан материалын болон сэтгэл санааны хохирлыг буруутай этгээдээс Иргэний хуульд заасны дагуу гаргуулах эрхтэй./Гэр бүлийн тухай хуулийн 17 дугаар зүйл/

Гэрлэлтээ захиргааны журмаар цуцлуулах тохиолдолд Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ цуцлуулах тухай хүсэлт гаргана.

Гэрлэлтээ шүүхийн журмаар цуцлуулах бол  цуцлах тухай нэхэмжлэлийг

  • Хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд
  • Нэхэмжлэгч бага насны хүүхэдтэй эсвэл хөгжлийн бэрхшээлтэй бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд очиход бэрхшээлтэй байвал өөрийн оршин суугаа газрын шүүхэд
  • Зохигчид / нэхэмжлэгч болон хариуцагч / харилцан тохиролцсоноор нэхэмжлэгчийн эсвэл хариуцагчийн оршин суугаа газрын аль нэг шүүхийг сонгон нэхэмжлэлээ гаргаж болно.

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлд гэрлэгчдийн овог, эцгийн нэр, нэр, гэрлэлтээ хэзээ, хаана бүртгүүлсэн, гэрлэлт цуцлуулах шалтгаан, насанд хүрээгүй хүүхэдтэй бол түүний нэр, төрсөн он, сар, өдөр, түүнчлэн насанд хүрээгүй хүүхдийг хүмүүжүүлэх, түүнд асрамж тогтоох, тэжээн тэтгэх болон эд хөрөнгийн талаарх хүсэлт, энэ талаар хоорондоо хэлэлцэн тохиролцсон гэрээ байгаа эсэхийг зааж, холбогдох нотлох баримтыг хавсаргана. /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 126 дугаар зүйл/

Гэрлэлтээ захиргааны журмаар цуцлах бол гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн тухай өргөдлөө тус тусдаа бичиж иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага гэрлэлтийг цуцлана.

Гэрлэгчид эвлэрэх боломжгүйгээс бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг заавал явуулах бөгөөд үүнийг шүүхээс гадуурх урьдчилан шийдвэрлэх ажиллагаанд хамааруулдаг. Гэрлэгчид эвлэрэх боломжгүй гэдэг нь гэрлэгчид цаашид хамтран амьдрах бодит нөхцөл байхгүй болохыг ойлгоно.

Хэрэв гэрлэгчид эвлэрвэл, шүүгч тэдний эвлэрснийг баталж захирамж гаргаж гэрлэлтийг цуцлахгүй /хэрэгсэхгүй/ орхих, шүүхээс тогтоосон дээрх хугацаанд гэрлэгчид эвлэрээгүй бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, үргэжлүүлэн явуулж гэрлэлт цуцлах, тэжээн тэтгэхтэй холбогдсон хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарснаар хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан ажиллагаа дуусгавар болно. Хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх явцад эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дахин явуулж болно.

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл нь гэр бүлийн эрх зүйн харилцаанаас бусад маргаантай холбоотой нэхэмжлэл, хүсэлтээс агуулгын хувьд ялгаатай. Тухайлбал,

Гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэлд

  • Гэрлэгчдийн овог, эцгийн нэр, нэр;
  • Гэрлэлт хэзээ, хаана бүртгүүлсэн;
  • Гэрлэлт цуцлах болсон шалтгаан;
  • Насанд хүрээгүй хүүхэдтэй бол түүний нэр, төрсөн он, сар, өдөр;
  • Хүүхэд эрүүл саруул бойжиж буй тухай өрхийн эмчийн тодорхойлолт;
  • Насанд хүрээгүй хүүхдийг хүмүүжүүлэх түүнд асрамж тогтоох тухай хүсэлт;

Энэ талаар хэлэлцэн тогтсон гэрээ байгаа эсэхийг зааж холбогдох нотлох баримтыг хавсаргана.

  • Тэжээн тэтгэх болон эд хөрөнгийн талаарх хүсэлт;
  • Улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг тушаасан баримт;
  • Нэхэмжлэл - 2%;

Үүнээс гадна дараах баримтуудыг нэхэмжлэлд хавсаргах боломжгүй бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргах ёстой. Үүнд:

  • Гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээ эсхүл үрчлэлтийн гэрчилгээний наториатаар гэрчлэгдсэн хуулбар
  • 18 хүртэлх насны хүүхэд сургуульд сурч байгаа бол сургуулийн тодорхойлолт
  • Гэрлэгчид эд хөрөнгийн буюу тэжээн тэтгэх гэрээ байгуулсан бол гэрээний нэг хувь
  • Эд хөрөнгийн маргаантай бол гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болон хуваарьт хөрөнгийн жагсаалт зэрэг хэрэгт ач холбогдолтой нотлох баримт орно.

Захиргааны журмаар цуцлах бол иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага нь энэ хүсэлтийг хянан үзэж 30 хоногийн дотор гэрлэлтийг цуцална. /Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг/

Шүүхийн журмаар цуцлах бол иргэний хэргийг шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсний дараа гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна. Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэхэд авах бүх талын арга хэмжээг эвлэрүүлэн зуучлагчаар дамжуулан хэрэгжүүлнэ. Эвлэрүүлэн зуучлалын явцад гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална. /Гэр бүлийн тухай хууль 14 дүгээр зүйл/

Гэрлэлт цуцлах нэхэмжлэлийг анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргах /Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйл 66.1 дэх хэсэг/ ба хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэргийг хянан шийдвэрлэнэ. Хэргийг тухайн шүүхийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор дахин сунгаж болно. /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйл/

Гэрлэлтийг шүүхийн журмаар цуцлах асуудлыг гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу анхан шатны шүүх гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэлийг хүлээн авч, маргааныг хэлэлцэх бөгөөд доор дурдсан нөхцөлүүдийн аль нэг үндэслэл нь байхад л шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэх боломжтой болно.

  • Гэрлэлтийг цуцлахыг гэрлэгчдийн хэн нэгэн зөвшөөрөхгүй байгаа
  • Гэрлэлт цуцлахыг зөвшөөрсөн ч захиргааны байгууллагад хүсэлт гаргахаас татгалзаж буй тохиолдолд
  • 18  хүртэлх насны хүүхэдтэй
  • Дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаантай байгаа
  • Гэрлэгчдийн хэн нэг нь иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон.

Эвлэрүүлэн зуучлах журмаар эвлэрсэн бол давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй байна. Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан болох нь тогтоогдсон бол шүүгч гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэнэ.

Гэрлэгчдийн аль нэг нь эсхүл хоёулаа бусадтай гэр бүлийн харилцаатай болсон байх нь тэдний хоорондоо эвлэрэх боломжийг багасгаж байгаа хэдий ч бүрэн үгүйсгэх үндэслэл биш юм. Гэрлэгчдийн хэн нэг нь өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болсон байдлыг шүүхүүд гэрлэлтийг шууд цуцлах үндэслэл болгодог алдаатай практик нь баталгаатай гэр бүлийн нэр хүнд, ач холбогдлыг бууруулаад зогсохгүй гэрлэлтээ цуцлуулаагүй атлаа өөр бусадтай гэр бүлийн харилцаанд орох дутагдлыг өөгшүүлэх хортой үр дагавар үүсгэж буйг анхаарах нь зүйтэй /Улсын дээд шүүхээс гаргасан Гэр бүлийн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудлын талаар тоймын 1.1.4 /

Гэр бүл салснаар хүүхдүүдэд хэмжээлшгүй их сөрөг нөлөөтэйг анзаарахгүй өнгөрч болохгүй. Эцэг эх нь салсан хүүхэд гэр бүлийн хайр халамжинд бусдын адил элэг бүтэн өсч торних эрхгүй болж, өөрийгөө буруутган амьдралыг үзэн ядаж, бусдад итгэх итгэлээ алдан, бяцхан зүрхэндээ хагацлын шарх тээн явдаг. Гэр бүлийн салалтаас болж хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурах, хөгжих, өөрөө шийдвэр гаргах, хайрлуулах, халамжуулах, хамгаалагдах эрх нь зөрчигддөг.

Асуулт 1. Гэрлэлт цуцлах ажиллагааг хаалттай явуулах боломжтой юу? Боломжтой бол ямар нөхцөлд хаалттай явуулдаг вэ?

Гэрлэлт цуцлах ажиллагааг хаалттай явуулах боломжтой. Үүнд:

  • Гэрлэлт цуцлуулах шалтгаан нь гэрлэгчдийн хувийн нууцтай холбоотой (бусдад задруулбал тухайн хувь хүн, түүний гэр бүлийн гишүүний нэр төр, алдар хүнд, ашиг сонирхолд харшлах мэдээлэл)
  • Хэргийн оролцогч хүсэлт гаргасан бол шүүх хуралдааны бүрэн буюу зарим ажиллагааг хаалттай явуулж болно.

Асуулт 2. Эвлэрүүлэн зуучлалын журмаар маргаан шийдвэрлүүлэхэд бол улсын тэмдэгтийн хураамжинд хэдэн төгрөг төлдөг вэ?

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 71 дугаар зүйлийн 71.1-т зааснаар эвлэрүүлэн зуучлалын журмаар маргаанаа зохицуулахаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргахад 30 000 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлнө.

Асуулт 3. Би  2004 онд нөхөртэйгөө гэр бүл болоод 2005 онд охин Д-г төрүүлсэн. Нөхөр маань амьдрал ахиугаа сайжруулах зорилгоор 2008 онд Солонгос улс руу ажиллахаар явсан бөгөөд 2010 оноос одоо болтол сураг чимээгүй байна. Би хаана хандаж асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой вэ? 

Иргэний хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар иргэн оршин суугаа газраасаа алга болсноос хойш таван жилийн хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй сураг чимээгүй болсон, эсхүл амь үрэгдэж болох нөхцөл байдалд алга болсноос хойш нэг жилийн турш амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй байгаа бол сонирхогч этгээдийн хүсэлтээр шүүх түүнийг нас барсан гэж зарлаж болно. Нөхрөө нас барсан гэж зарлуулах хүсэлтээ нөхрийнхөө сүүлчийн оршин сууж байсан газрын харьяалагдах шүүхэд гаргана. Иргэнийг нас барсанд тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гэрлэлт дуусгавар болсонд тооцогдоно. Иргэнийг нас барсан гэж зарлагдсан шийдвэр гарсны дараа иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд зохих тэмдэглэл хийлгэснээр шийдвэр гаргасан шүүх байгаа газрын гэр бүлийн байдлын бүртгэлийн байгууллагад уг шийдвэрийг явуулна.

Асуулт 4. Эвлэрүүлэн зуучлалаар маргаанаа шийдвэрлүүлэх нь ямар давуу талтай вэ?

Эвлэрүүлэн зуучлалаар маргаанаа шийдвэрлүүлэх нь хэд хэдэн давуу талуудтай. Үүнд:

  • Маргалдагч талуудын хувьд ч гэсэн олон баримт нотолгоо бүрдүүлэхгүйгээр зөвхөн харилцан ярилцах, ойлголцох хэмжээнд оролцох нь илүү хялбар, зардал бага байдаг.
  • Ингээд ярилцсаны үр дүнд тэдгээрээс зөв шийдэл гарах магадлал илүү их байдаг.
  • Шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зуучлагчийн оролцоотойгоор маргааныг шийдвэрлэх нь шүүхийн ачааллыг бууруулдаг.
  • Маргаанд оролцогч талуудын хэн хэн нь сэтгэл ханамжтай үлдэх зэрэг давуу талтай юм.

Агуулга анх оруулсан: 2018-06-18 Шинэчилсэн: 2023-05-12

Мэдээ мэдээлэл