Банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа Зээл, зээл авах тухай

“Зээл” гэж санхүүгийн байгууллага, хувь хүнээс өөрийн хувийн хэрэгцээ болон бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийг тодорхой хугацаа, хүү, эргүүлж төлөх нөхцөлтэйгээр авахыг хэлнэ.

к эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5.1.1-д зааснаар Банк, эрх бүхий хуулийн этгээдээс гэрээний үндсэн дээр тодорхой зориулалт, хугацаа, эргэн төлөгдөх нөхцөлөөр хүүтэй буюу хүүгүй бусад этгээдэд аливаа хэлбэрээр олгосон мөнгөн хөрөнгийг ЗЭЭЛ гэнэ.

Зээлийг (1) Зээлдэгч зээлдүүлэгчийн хоорондын /иргэн хоорондын, иргэн хуулийн этгээд хоорондын/ зээл, (2) Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд /ББСБ, ХЗХоршоо/-ээс олгох зээл гэж ерөнхийд нь ангилна.

Зээл нь (1) тодорхой зориулалт, (2) хүү, (3) хугацаа, (4) эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттай байх талаар хуульд заасан.

Зээлийн гэрээ – Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, к эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар зээлийг “Зээлийн гэрээ” байгуулж олгоно.

Зээлийн хүү - Зээлийг тодорхой хугацаанд ашигласны төлөө гэрээнд заасан хэмжээгээр төлж буй төлбөр. /Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дэх заалт/

Нэмэгдүүлсэн хүү - Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө. /Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.2 дэх хэсэг/

Зээлийн батлан даалт – Үүргийг гүйцэтгэх ёстой этгээд үүргээ гүйцэтгэж чадна гэдгийг үүргийг гүйцэтгүүлж буй этгээдийн өмнө баталж, гүйцэхгүй бол өмнөөс нь өөрөө хариуцан гүйцэтгэхийг хэлнэ. /Иргэний хуулийн 458.1/

Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Банк иргэн, хуулийн этгээдэд өөрийн болзол, нөхцөлийн дагуу зээл олгож болох бөгөөд зээлийн хүүг өөрөө тогтооно.” гэж заасан.

Банк, ББСБ-н ажилтан Таны зээл авах тухай хүсэлтийг хүлээн авч, холбогдох бүрдүүлбэл зохих материалыг бүрдүүлэн авч, хууль, журам болон өөрийн дотоод журамд заасан шаардлагыг хангасан гэж үзсэн тохиолдолд зээл олгох ажиллагааг бие даан явуулна.

Банкны зээлд барьцаалж болох хөрөнгүүд:

  • Үл хөдлөх хөрөнгө - Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж болохгүй эд юмc /Иргэний хуулийн 84.3/ буюу орон сууц, барилга, газар г.м
  • Хөдлөх хөрөнгө – Үл хөдлөх хөрөнгөөс бусад, бодитой байгаа, бусдад шилжүүлж болох, иргэний гүйлгээнээс хасагдаагүй эд хөрөнгө буюу машин, тоног төхөөрөмж, бараа материал  г.м
  • Эдийн бус хөрөнгө - Эзэмшигч этгээддээ ашиг өгөх, эсхүл бусдаас шаардах эрх олгох эрх буюу шаардлага, оюуны үнэт зүйл /Иргэний хуулийн 84.5/ буюу хувьцаа, шаардах эрх, шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүх төрлийн бүтээл, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, ашигтай загвар.

Монголбанк - хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банкны зээл олгох үйл ажиллагаанд хяналт тавьж, зээлийн үлдэгдлийг Монголбанкнаас баталсан зааврын дагуу ангилж байгаа эсэхэд хяналт тавина.

Банк нь иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн хүсэлт, холбогдох материалыг хууль, журам, дотоод журам, зааварт заасны дагуу судалж үзсэний үндсэн зээл олгох шийдвэрийг гаргаж, зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж, зээлийг олгоно. Зээлдэгч тус бүр дээр зээлийн хувийн хэрэг нээж, зээлийн эргэн төлөлтөд хяналт тавина.

Зээлдэгч нь Зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар гэрээнд заасан бол арбитр, эсхүл шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлнэ.  

Зээлийн бүтээгдэхүүний төрөл - Банк, ББСБ нь олон төрлийн зээлүүдийг санал болгодог бөгөөд тухайн зээлийг юунд зарцуулах, тухайн зээлийн барьцаанд юу барьцаалахаас хамаарч зээл нь ялгарна. Жишээ нь: Орон сууцны зээл, Бизнесийн зээл /эргэлтийн хөрөнгийн, хөрөнгө оруулалтын/, цалингийн зээл, тэтгэврийн зээл, хэрэглээний зээл, төслийн зээл, малчны зээл, лизинг г.м. Иймд та зээлийг юунд зарцуулахаа тодорхойлж, зээлийг хүүний хамт тогтмол давтамжтайгаар буцаан төлөх ирээдүйн орлогоо тооцоолсон байх ёстой.  

ББСБ-ын зээлийг бодоход Банкны зээл хүү бага, зээлийг эргүүлж төлөх хугацааны хувьд харьцангуй уян хатан байдаг. Харин ББСБ зээл олгоход бүрдүүлэх баримт бичиг, зээлийг олгох хугацаа нь банкнаас богино байдаг.  

Зээлийг ангилах - Зээлдүүлэгч нь олгосон зээлийн хяналтыг байнга хийх бөгөөд зээлийнхээ үлдэгдлийг Монголбанкны баталсан зааврын дагуу хугацааны болон чанарын шаардлагаар хэвийн, анхаарал хандуулах, эргэлзээтэй, муу зээл гэж ангилна. Энэхүү ангилал нь Зээлийн мэдээллийн санд бүртгэгдэнэ.

Зээлийн мэдээллийн сан гэж Банк, ББСБ, хадгаламж зээлийн хоршоо болон иргэн, төрийн болон хувийн өмчит хуулийн этгээдийн хооронд зээл, төлбөртэй холбогдон үүсэх мөнгөн төлбөрийн үүргийн талаарх мэдээллүүдийг хэлнэ.

Асуулт 1. Зээлийн нэмэгдүүлсэн хүү гэж юу вэ? Ямар тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх вэ?

Хариулт 1. Иргэний хуулийн 452.2-т зааснаар Зээлийг хугацаанд эргүүлэн төлөөгүй, эргэн төлөх хуваарьт заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд зээлийн хүүн дээр нэмж тооцож буй төлбөр юм. Нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүний 20 хувиас хэтрэхгүй байна.

Асуулт 2. Зээл ангилагдана гэж юу вэ? Зээлээ ангилуулах нь муу юу, ямар үр дагавартай вэ?

Хариулт 2. Банк зээлийн үлдэгдлийг байнга хянаж, ангилах ажлыг хийж гүйцэтгэдэг. Зээлээ хугацаанд нь төлөхгүй хугацаа хэтрэх болон чанарын нөхцөл байдлаар зээл эргэн төлөгдөхөд асуудалтай гэж дүгнэгдсэн тохиолдолд Монголбанкны Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журмын дагуу анхаарал хандуулах, эргэлзээтэй, муу гэж ангилна. Ангилагдсан эсэх мэдээлэл нь Зээлийн мэдээллийн санд шууд бүртгэгддэг тул өмнөх зээл нь ангилагдсан байх нь дахин зээл авахад сөргөөр нөлөөлөх талтай.

Асуулт 3. Зээлийн барьцаанд тавих өөрийн гэсэн өмчлөлийн хөрөнгөгүй бол өөр хүний хөрөнгийг барьцаалж болох уу? Ямар шаардлага тавигдах вэ?

Хариулт 3. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.3-т зааснаар зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалах эд хөрөнгийн тодорхойлолтод зээлдэгчээс барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч, эсхүл түүнээс томилогдсон хөрөнгийн үнэлгээчин газар дээр нь очин, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн тухайн хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ, чанар зэргийг бичнэ.

Асуулт 4. Зээлийг заавал Зээлийн гэрээ байгуулж олгох ёстой юу?

Хариулт 4. Иргэний хуулийн 451.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар Зээлийн гэрээ байгуулж, зээлийг олгоно.

Асуулт 5. Авсан зээлээ хугацаанаасаа өмнө төлөх боломжтой юу?

Хариулт 5.  Гэрээгээр талууд тохиролцсон бол боломжтой.

Асуулт 6. Зээл төлөх хугацаа, зээлийн төлөлтийг хийх хуваариа зөрчсөн бол яах вэ?

Хариулт 6. Иргэний хуулийн 452.2-т зааснаар нэмэгдүүлсэн хүү тооцно.  

Асуулт 7. Зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд банк, ББСБ барьцаалсан хөрөнгийг шууд өөртөө шилжүүлж авах уу?

Хариулт 7. Иргэний хуулийн 453.2-т зааснаар Талууд барьцааны гэрээнд барьцаа хөрөнгийг шилжүүлэхээр заасан болон барьцаа хөрөнгө нь хөдлөх хөрөнгө байх тохиолдолд шууд шилжүүлэн авч болно. Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан тохиолдолд Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 43.1-т зааснаар шүүхээс гадуур, эсхүл шүүхийн журмаар худалдан борлуулна.

Агуулга анх оруулсан: 2018-06-15 Шинэчилсэн: 0018-06-15

Мэдээ мэдээлэл