Байгалийн баялагийг зохистой ашиглах, байгаль хамгаалахтай холбогдох харилцаа Мод түлээ бэлтгэх

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хууль тогтоомж, гэрээнд заасан нөхцөл, болзлын дагуу зохих төлбөр, хугацаатайгаар үйлдвэрлэлийн, зохих эрхийн бичгийн дагуу ахуйн зориулалтаар хэрэглээний мод түлээг ашиглалтын бүсийн ойд бэлтгэж болно.

Ойн тухай хуулийн 17.1-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Төрийн захиргааны төв байгууллагын баталсан дээд хязгаарт багтаан тухайн жилд ойгоос бэлтгэх хэрэглээний мод, түлээний хэмжээг сумдаар хуваарилан батлана.

Ойн тухай хуулийн 33.1-д заасны дагуу мод бэлтгэх гэрээ байгуулсан, эсхүл 34.1-д заасны дагуу эрхийн бичиг олгогдсоноор ойгоос мод бэлтгэх эрх үүснэ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/133 тоот тушаалын 1-р хавсралтаар баталсан “Ойгоос мод бэлтгэх журам”-ын 3.6-д заасны дагуу иргэн уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх /мод болон түүний үндэс, ур, үйс, холтсыг ардын уламжлалт аргаар боловсруулж хөгжмийн зэмсэг, гэрийн мод, мал аж ахуйн тоног хэрэгсэл, хүүхдийн тоглоом наадгай, сав суулга, бэлэг дурсгал, гоёл чимэглэлийн зүйл хийх/ болон ахуйн хэрэглээний /арилжааны бус зорилгоор өөрийн гэр бүлийн хэрэгцээнд түлээ, байшин, малын хашаа саравч барих/ зорилгоор ойгоос бэлтгэх модыг Ойн анги эсвэл байгаль хамгаалагч тэмдэглэн өгч, хяналт тавина.
Мөн журмын 3.8-д заасны дагуу иргэн уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор ойгоос нас гүйцсэн ургаа нойтон мод бэлтгэхдээ сонгон түүвэрлэх аргаар бэлтгэх ба модны үндэс, ур, холтос, үзүүр ёзоор, үйсээр хийдэг уламжлалт бүтээгдэхүүний бэлдэцийг мод бэлдэхээр тусгаарласан талбай дахь огтлолтод орохоор тэмдэглэгдсэн модноос авна.
Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4-т зааснаар дараах тохиолдыг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ. Үүнд:

  • Гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн;
  •  Зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн;
  •  Засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн зэрэг болно. 
  • Бэлтгэсэн модыг боловсруулах, худалдаалахыг Ойн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т зааснаар модны чиглэлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн “Ойн тухай” хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т заасан сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд, зөвшөөрөгдсөн дараах төрлийн огтлолоор мод бэлтгэж болно. Үүнд:
  • Ойн төлөв байдалд сөргөөр нөлөөлж байгаа мод, бутыг огтлох замаар ой ургах тааламжтай орчныг бий болгоход чиглэсэн арчилгааны;
  •  Түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдэж хатсан, цаашид ургах чадваргүй болсон ойн модыг огтлох замаар ойг цэвэрлэх, ойг эрүүлжүүлэхэд чиглэгдсэн цэвэрлэгээний;
  • Нас гүйцсэн модыг огтлох замаар модон түүхий эдийг бэлтгэхэд чиглэсэн үйлдвэрлэлийн ашиглалтын

Мөн Ойн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1-т зааснаар Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т “зохих зөвшөөрөл авсан иргэн ахуйн түүнчлэн ойн санг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, эзэмшлийнхээ талбайд зориулалтаар Ойн тухай  хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасан ойн цэвэрлэгээ хийх замаар, ойн цэвэрлэгээ гэж ойн түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн, хүчтэй салхи, их цасанд өртөн амьдрах чадваргүй болж үхжиж унасан хуурай мод, гишүү, мөчир, мод бэлтгэлийн талбайн үлдэгдлийг цэвэрлэх замаар ойг хамгаалах, ойн төлөв байдлыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээ бөгөөд зохих зөвшөөрөл авсан ойн нөөц бүхий аймаг, сумын иргэд уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар мод бэлтгэж болно. Өөр аймаг, сумын нутагт мод бэлтгэх бол зохих шатны Засаг дарга нар урьдчилан тохиролцож, тухайн жилд бэлтгэх модны дээд хязгаарт оруулах саналаа аймаг, нийслэлийн Засаг дарга төрийн захиргааны төв байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ. Ойн тухай хуулийн 36.2-р хэсэгт Энэ хуулийн 36.1-д заасны дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга нар мод бэлтгэх талаар тохиролцоонд хүрч чадаагүй бол төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ.

Ойн тухай хуулийн 37.2-р зүйлд зааснаар Энэ хуулийн 37.1-д заасан иргэн, аж ахуйн нэгж, түрээслэгч нь эрхийн бичиг болон гарал үүслийн гэрчилгээгүй мод, түүнчлэн хууль бусаар бэлтгэсэн модыг боловсруулах, худалдаалахыг хориглоно.

Ойн тухай хуулийн 37.1-д заасан үйл ажиллагааг зохион байгуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж нь өөрийн түрээслэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, эрхийн бичиг болон гарал үүслийн гэрчилгээгүй мод, түүнчлэн хууль бусаар бэлтгэсэн модыг боловсруулах, худалдаалахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүрэгтэй.

Мод, модон материалын худалдаа, үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь зөвшөөрөлгүй бэлтгэсэн болон гарал үүслийн гэрчилгээгүй мод, модон материалыг тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг худалдаа, үйлчилгээ явуулж байгаа газартаа оруулахыг хориглоно.

 

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагад үйлдвэрлэлийн зориулалтаар мод түлээ бэлтгэх зөвшөөрсөн шийдвэрийг сум, нийслэлийн Засаг дарга гаргах бөгөөд ахуйн зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичгийг баг, хорооны Засаг дарга, түлээ бэлтгэх эрхийн бичгийг байгаль хамгаалагч олгоно. 

Мод бэлтгэх үйдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж нь хуулиар дараах үүргүүдийг хүлээнэ:

1. Ойн тухай хууль тогтоомжийг биелүүлэх

2. Гэрээ, эрхийн бичигт заасан нөхцөл, болзлын дагуу ойн мод, ойн дагалт баялгийг ашиглах

3. Ойн нөөц ашигласны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх

4. Гэрээ, эрхийн бичигт заасан хугацаанд модоо бэлтгэж тээвэрлэх

5. Мод бэлтгэсэн талбайг тогтоосон журмын дагуу цэвэрлэж, мэргэжлийн байгууллагад хүлээлгэн өгөх

6. Модыг огтолж бэлтгэхдээ түүний бүдүүний гуравны нэгийн хэмжээнээс өндөргүй хожуул үлдээх

7. Зохих журмын дагуу бэлтгэсэн гуалин, дүнз, зүсмэл материал, нойтон шургаагийг өөр аймаг, сум, хот суурингийн хооронд тээвэрлэх, худалдахдаа мод, модон түүхий эдийн гарал үүслийн гэрчилгээ авна.

Мод бэлтгэх гэрээнд дараах зүйлсийг тусгана:

1. Мод бэлтгэх үндэслэл

2. Мод бэлтгэх зориулалт, модны төрөл, хэмжээ, хугацаа

3. Ой зохион байгуулалтын тухай, мод бэлтгэлийн талбай тусгаарласан тухай болон ойн нөөцийн тодорхойлолт

4. Мод бэлтгэх арга ажиллагааны бүдүүвч зураг, төсөл, түүнийг хэрэгжүүлэх хугацаа

5. Мод бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа

6. Ойг гал түймэр, хөнөөлт шавьж, өвчнөөс хамгаалах, нөхөн сэргээх хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх зардлын хэмжээ

7. Мод бэлтгэсэн талбайг хүлээлгэн өгөх нөхцөл

8. Гэрээ байгуулагч талуудын эрх, үүрэг, хариуцлага.

 

Асуулт 1:  “Онцгой бүсийн ой” гэж ямар ойг хэлдэг вэ?

Дархан цаазтай газрын онгон бүс, хамгаалалтын бүс, байгалийн цогцолборт газрын онцгой бүсийн газар нутагт байх ой, мөн цармын бүслүүрийн ойг онцгой бүсийн ой гэдэг.  

Асуулт 2: Хамгаалалтын бүсийн ойгоос түлээ бэлтгэж болох уу?

Болно. Гэхдээ зөвхөн ахуйн зориулалтаар түлээ бэлтгэх болон ойн дагалт баялгийг ашиглахыг зөвшөөрдөг.

Асуулт 3: Хэрэглээний мод түлээг ямар ойгоос бэлтгэж болох вэ?

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хууль тогтоомж, гэрээнд заасан нөхцөл, болзлын дагуу зохих төлбөр, хугацаатайгаар үйлдвэрлэлийн, зохих эрхийн бичгийн дагуу ахуйн зориулалтаар хэрэглээний мод түлээг ашиглалтын бүсийн ойд бэлтгэж болно.

Асуулт 4: Мод бэлтгэх зөвшөөрлийг хэнээс авах вэ?

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагад үйлдвэрлэлийн зориулалтаар мод түлээ бэлтгэх зөвшөөрсөн шийдвэрийг сум, нийслэлийн Засаг дарга гаргах бөгөөд ахуйн зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичгийг баг, хорооны Засаг дарга, түлээ бэлтгэх эрхийн бичгийг байгаль хамгаалагч олгоно. 

Асуулт 5: Манай нутагт мод бэлтгэдэг үйлдвэрүүд олон байдаг юм. Тэд нутгийн ойг нөхөн сэргээх талаар ямар нэгэн үүрэг хүлээдэг үү?

Хүлээдэг. Тухайлбал: Ойн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2-т “Үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглээний мод бэлтгэж ашигласан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, өөрийн хөрөнгөөр мод бэлтгэсэн талбайгаа ойжуулж ойн мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулан 2-оос доошгүй настай таримал ойг сум, дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгнө. Огтолсон нэг модны оронд 3-5 суулгац тарьсан байвал зохино.” гэж заасан байна.

Асуулт 6: Ил гал түлэхийг хориглосон үеийг хуульд заасан байдаг гэсэн. Энэ хугацаа хэзээнээс эхэлдэг вэ?

Энэ талаар Ойн тухай хуульд заасан байдаг бөгөөд гал түймрийн аюултай үе болох жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд ил задгай гал түлэхгүй байх, зайлшгүй тохиолдлоор түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраахыг үүрэг болгосон байна.

Асуулт 7: Түймэрт дайчилж болохгүй хүмүүст ямар хүмүүс ордог вэ?

Түймэртэй тэмцэх дайчилгаанд 16 нас хүрээгүй хүн, 60-аас дээш насны эрэгтэй, 55-аас дээш насны эмэгтэй хүн, тахир дутуу болон архаг өвчтэй хүн, жирэмсэн эмэгтэй, асрамжлах хүнгүй, сургуулийн өмнөх насны хүүхэдтэй хүн, байнгын тасралтгүй ажиллагаатай /эмнэлэг, холбоо зэрэг/ газрын ээлжийн ажилтан хамрагдахгүй.

Асуулт 8: Түймрээс хамгаалахад иргэн хүн ямар үүрэг хүлээх вэ?

Иргэд дараах үүрэг хүлээнэ:

1. Түймрийн аюултай үед түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах

2. Гэр, байшин, бэлтгэсэн өвс, худаг, малын хашаа, саравчны эргэн тойронд хамгаалалтын зурвас хийх

3. Айл өрх бүр үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж, түймэр алдахгүй байх нөхцөлийг хангах

4. Түймрээс амь бие, эд хөрөнгөө хамгаалах, түймэртэй тэмцэх арга ажиллагааг эзэмшсэн байх, үр хүүхдээ түймрээс сэрэмжлүүлж сургах

5. Түймрийн аюултай үед эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдийг ой хээрт шүдэнз, асаагуур болон бусад гал үүсгэгчтэй явуулахгүй байх

6. Айл өрх бүр түймэр унтраах багаж хэрэгсэлтэй байх

7. Гарсан түймрийг унтраах ажиллагаанд иргэний журамт үүргийн дагуу оролцох, түймэр илрүүлсэн, түймрийн тухай мэдээг хүлээн авсан бол түүнийг унтраах арга хэмжээ авч Засаг дарга, бусад холбогдох байгууллагад яаралтай мэдээлэх.

Агуулга анх оруулсан: 2018-07-05 Шинэчилсэн: 2023-03-29

Мэдээ мэдээлэл