Иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан шийдвэрлэх журам

Энэ нь давж заалдах шатны шүүхээс хэргийн оролцогчдын гаргасан давж заалдах гомдлын үндсэн дээр хуулийн хүчин төгөлдөр болсон анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль ёсны ба үндэслэлтэй эсэхийг хянах ажиллагааг зохицуулж байдаг эрх зүйн хэм хэмжээний бүрдэл цогц юм.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд та  өөрийн гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргана. Харин давж заалдах журмаар хянан шийдвэрлээгүй хэргийг хяналтын шатны шүүх хэлэлцэхгүй буюу та шууд хяналтын шатны шүүхэд хандах боломжгүй гэдгийг анхаарна уу. Мөн та давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй. /ИХШХШтХуулийн 161 дүгээр зүйл/

Таны давж заалдах гомдол хэлбэр, агуулгын хувьд дараах шаардлагыг хангасан байна. /ИХШХШтХуулийн 162 дугаар зүйл/

  • Давж заалдах гомдлыг бичгээр гаргана.
  • гомдлыг ямар шүүхэд гаргаж байгаа;
  • гомдол гаргаж буй этгээдийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, эсхүл албан тушаал, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар;
  • аль шүүхийн, ямар шийдвэрийг давж заалдаж байгаа;
  • шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа;
  • гомдол гаргаж буй этгээдийн хүсэлт.
  • Давж заалдах гомдолд түүнийг гаргасан этгээд гарын үсгээ зурна.

Та давж заалдах журмаар гомдол гаргахдаа анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр урьдчилан улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлнө. /ИХШХШтХуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 162.4/

Аймаг, нийслэлийн шүүх иргэний хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэнэ. /ИХШХШтХуулийн 19.2/  Давж заалдах журмаар хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэдэг /ИХШХШтХуулийн 166.1/ бөгөөд ИХШХШтХуулийн 166 дугаар 166.4-д заасны дагуу таны давж заалдах гомдлоор  хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн таны гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үздэг.

Давж заалдах шатны шүүхийн харьяаллаа Энд дарж үзнэ үү

Давж заалдах гомдлыг хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүгч буюу шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хүлээн авч, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, шаардлагатай бол гуравдагч этгээдэд танилцуулах ба Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдлын талаар тайлбараа өгөх эрхтэй. Харин анхан шатны шүүх давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гаргасан тайлбарыг хавсарган хэргийн хамт гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хүргүүлдэг. /ИХШХШтХуулийн 163 дугаар зүйл/

Ийнхүү хэргийг хүлээн авч давж заалдах журмаар хэрэг хэлэлцсэн шүүх дараахь байдлаар хянан шийдвэрлэж магадлал гаргах /ИХШХШтХуулийн 167.1 дугаар зүйл/ бөгөөд ИХШХШтхуулийн 167.3-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

  • давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй буюу үндэслэлгүй бол түүнийг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх;
  • анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах;
  • анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээх буюу өөрчлөх;
  • анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох;

Давж заалдах гомдол гарсан хэргийг шүүх хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан хянан шийдвэрлэдэг. /ИХШХШтХуулийн 166 дугаар зүйлийн 166.2/

Шүүхээс ИХШХШтХуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д зааснаар магадлал хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэх үйлдэх бөгөөд та уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор та шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авна. /ИХШХШтХуулийн 119.4 дугаар зүйл/ харин та шүүх хуралдаанд оролцоогүй бол мөн уг хугацаанд шүүх таньд магадлалыг гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор таны оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ. /ИХШХШтХуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дугаар зүйл/

Ийнхүү магадлалыг гардан авсан эсхүл шүүхээс хүргүүлснээс хойш та 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болно. /ИХШХШтХуулийн 167.5 дугаар зүйл/ Харин та уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргах ба хүсэлтийг хангах эсэхийг шүүгч захирамж гарган шийдвэрлэдэг. /ИХШХШтХуулийн 167 дугаар зүйлийн 167.6 дугаар зүйл/

Зөвлөгөө№1: Хэрэв та давж заалдах шатны шүүх хуралд оролцохоор бичгээр хүсэл гаргавал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлд заасны дагуу давж заалдах шатны тус шүүхээс хуралдаан хэзээ, хаана болохыг мэдэгдэх таньд үүрэгтэй бөгөөд гэхдээ та тус шүүх хуралдаанд ирээгүй явдал давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.

Асуулт 1: Давж заалдах гомдлоосоо шүүх хуралдааны өмнө татгалзаж болох уу?

Хариулт 1: Болно. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлд зааснаар давж заалдах гомдол гаргасан этгээд давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө гомдлоосоо татгалзвал шүүх түүнийг гомдол гаргаагүйд тооцдог ба энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох тухай шүүгч захирамж гаргана.

Асуулт 2: Давж заалдах гомдол гаргасны дараа талууд эвлэрвэл хэргийг хэрхэн шийдвэрлэх вэ?

Хариулт2: ИХШХШтХуулийн 168 дугаар зүйлийн 168.2-д зааснаар давж заалдах гомдол гаргасны дараа талууд эвлэрэн хэлэлцсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.

Агуулга анх оруулсан: 2018-08-01 Шинэчилсэн: 2018-08-01

Мэдээ мэдээлэл