Оюуны өмч, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн харилцаа Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн бүтээлийг бүртгүүлэх, гэрчилгээ авах

Зохиогчийн эрхийн бүтээлд агуулга, зориулалт, үнэ цэнэ, ач холбогдол, илэрхийллийн аргаасаа үл шалтгаалан зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийг тооцно. Харин зохиогчийн эрхэд хамаарах эрхээр хамгаалагдах бүтээлүүд хамаарах бөгөөд эдгээрт зохиогчийн эрхийн бүтээлийг шууд тоглосон тоглолт, дуу авиа, дүрс бичлэг, дуу авиа бүхий дүрст бүтээлийн анхны бичлэг болон радио, телевизийн байгууллагын нэвтрүүлэг багтана.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.8-д “соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй. Зохиогч, шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална” гэж Монгол улсын иргэний оюуны өмчийн эрхийг баталгаажуулсан байдаг.

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхээр хамгаалагдах бүтээлийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, хамгаалах харилцааг 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр батлагдсан Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулиар тусгайлан зохицуулж байна.

Зохиогчийн эрх үүсэх болон түүнийг хэрэгжүүлэхэд баталгаажуулалт шаардахгүй гэж заасан. Харин зохиогч өөрөө хүсвэл өөрийн бүтээл болон уг бүтээлийг ашиглах онцгой эрхээ бусдад шилжүүлэх гэрээ, хэлцлийг сайн дурын үндсэн дээр оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлэх боломжтой. / Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 9.2, 9.5/

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн бүтээлийг бүртгүүлэх хүсэлт гаргахаас өмнө та өөрөө зохиогчийн эрх эдлэх этгээд мөн байх шаардлагатай. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу Зохиогчийн эрхийг дараахь этгээд эдэлнэ. Үүнд:

  • бүтээл нь нийтлэгдсэн эсэхээс үл хамаарч бүтээл туурвисан Монгол Улсын иргэн, тус улсын нутаг дэвсгэрт байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн;
  • Монгол Улсад бүтээлээ анх удаа нийтэлсэн гадаадын иргэн;
  • уран баримал, уран барилга, архитектур, хот байгуулалтын бүтээл болон барилга байгууламжийн бүрэлдэхүүн хэсэг болох дүрслэх урлагийн бүтээлээ тус улсын нутаг дэвсгэрт байнга байршуулсан зохиогч;
  • зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийн дагуу зохиогчийн эрх эдлэх хуулийн этгээд;
  • Монгол Улсын олон улсын гэрээнд нэгдэн орсон бусад улсын иргэн, хуулийн этгээд.
  • Гадаадын иргэн бүтээлээ өөр улсад нийтэлсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор Монгол Улсад нийтэлсэн бол Монгол Улсад анх удаа бүтээлээ нийтэлсэнтэй адилтгаж үзнэ.
  • Зохиомол нэрээр болон нэргүйгээр хэвлэгдсэн бүтээлийн хувьд зохиогчийн эрхийг хуульд заасан этгээд эдэлнэ.

Мөн Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухайн хуулийн 5 дугаар зүйлд зааснаар нэг зорилготойгоор хамтын бүтээлч хөдөлмөрийн үр дүнд нэгдмэл бүтээл туурвисан хоёр буюу түүнээс дээш этгээдийг хамтарсан зохиогчид гэж үзэх бөгөөд хамтарсан зохиогч бүхий бүтээлийн хувьд зохиогчийн эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол зохиогчид хамтран эдэлнэ.

 

Таны бүтээл зохиогчийн эрхээр хамгаалагдах бүтээлд хамаарч байгаа эсэхийг заавал нягтлах шаардлагатай.

Зохиогчийн эрхээр хамгаалах бүтээл: /Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйл/

  • шинжлэх ухаан, утга зохиолын бичмэл буюу аман бүх төрлийн бүтээл, түүнчлэн компьютерийн программ;
  • хөгжмийн урлагийн үгтэй болон үггүй бүх төрлийн бүтээл;
  • дүрслэх урлагийн бүх төрлийн бүтээл;
  • чимэглэх болон хавсарга урлаг, тайз чимэглэлийн бүтээл;
  • архитектурын бүтээл, уран баримал, уран барилга;
  • бүжгийн урлагийн бүх төрлийн бүтээл, уран нугаралт, пантомим;
  • жүжиг, хөгжимт жүжиг, тайзны урлагийн бүх төрлийн бүтээл;
  • гэрэл зургийн болон түүнтэй төсөөтэй аргаар туурвисан бүх төрлийн бүтээл;
  • дуу авиа бүхий дүрст бүтээл;
  • үүсмэл бүтээл;
  • материалыг нь сонгон түүвэрлэх, байршуулах зэргээр бүтээлч хөдөлмөрийн үр дүнд бий болсон, өөрийн бүтэц агуулгаараа оюуны бүтээлд тооцогдох тайлбар толь, лавлах, зохиолын цоморлиг, өгөгдөхүүн-мэдээллийн сангийн бусад эмхтгэлүүд;
  • ардын урлагийн бүтээлд тулгуурлан туурвисан үүсмэл бүтээл. 

Зохиогчийн эрхээр үл хамгаалах бүтээл: /Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 8 дугаар зүйл/

  • хууль тогтоомж, эрх зүйн бусад акт;
  • захиргааны шийдвэр болон хуулийн этгээд, байгууллагын албан баримт бичиг;
  • шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамж болон бусад баримт бичиг, шүүх хуралдаан дээр хэлсэн үг;
  • энэ хуулийн 8.1.1-8.1.3-т заасан баримт бичгийн орчуулга;
  • төрийн бэлгэ тэмдэг, туг, далбаа, шагнал, одон, тэмдэг;
  • болсон үйл явдал, түүний үр дагавар болон тоо баримт бүхий сонордуулгын шинжтэй аливаа мэдээ, мэдээлэл;
  • ардын урлагийн бүтээл, үндэсний зан заншил;
  • аливаа санаа, үйл ажиллагааны арга, үйл ажиллагаа, шинжлэх ухааны нээлт, математикийн үзэл баримтлал.

 

Зохиогчийн эрхэд хамаарах эрхийн бүтээлийг зохиогчийн эрхийн бүтээлийн адил хуулиар хамгаалдаг бөгөөд Зохиогчийн эрхэд хамаарах эрхийг дараах этгээд эдэлнэ. Үүнд:

  • Монгол Улсын нутаг дэвсгэрт тоглолтоо хийсэн, нэвтрүүлсэн, тоглолтын анхны бичлэгээ хийсэн уран бүтээлч;
  • Монгол Улсын нутаг дэвсгэрт анх бичлэг хийсэн, нийтэлсэн фонограммын хувьд түүнийг бүтээгч;
  • Монгол Улсын нутаг дэвсгэрт байрладаг дамжуулагчаас дамжуулсан нэвтрүүлгийн хувьд тус улсын нутаг дэвсгэрт байрладаг радио, телевизийн төв байгууллага;
  • Монгол Улсын олон улсын гэрээнд нэгдэн орсон бусад улсын иргэн, хуулийн этгээд.

Зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигч нь хуульд заасан эрхээ эдлэхдээ эх бүтээлийн зохиогчийн эрхийг хөндөхгүй. Зохиогчийн эрхэд хамаарах эрх үүсэх, түүнийг хэрэгжүүлэхэд баталгаажуулалт шаардахгүй. /Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 19 дүгээр зүйл/

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн бүтээлийг бүртгэх, гэрчилгээ олгох асуудлыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Оюуны өмчийн эрхийн газар хариуцан ажиллаж байна. Хэрэв та өөрийн зохиосон бүтээлийг бүртгүүлж зохиогчийн эрхийн гэрчилгээ авах гэж байгаа бол дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Өргөдөл – та өргөдлийн маягтыг http://www.burtgel.gov.mn/ipom/ цахим хаягаас татан авч компьютер дээр бөглөнө.
  2. Бүтээлийн танилцуулга - Бүтээлийнхээ агуулга, бүтэц, хэлбэр, хэмжээ, зорилго, ач холбогдол, онцлог тал зэргийг тусгана.
  3. Эх бүтээл – эх бүтээлээс хоёр хувийг, таны бүтээл бичмэл бүтээл бол хэвлэмэл байдлаар хавсаргана.
  4. Зохиогчийн эрхийн гэрчилгээг иргэний нэр дээр авах бол иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгжийн нэр дээр авах бол тухайн аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээни хуулбар;
  5. Хэрэв бүтээлийг та бие даан ганцаараа бүтээсэн бол түүнийг нотлох хөндлөнгийн баримтыг хавсаргана. Харин гэрээний дагуу, захиалгаар бүтээсэн бол тухайн гэрээ болон гэрчлэх баримт бичгийг гарган өгнө.
  6. Үйлчилгээний хураамж төлсөн баримт – бүтээлийн төрлөөс хамааран бүтээл тус бүр дээр ялгаатай үйлчилгээний хураамжийг төлнө.

 

Та бүрдүүлсэн материалаа Оюуны өмчийн эрхийн газарт өгөх бөгөөд таны материалыг Зохиогчийн эрхийн шинжээч хуульд заасан бүрдүүлэлтийг хангасан эсэхийг шалгаж дүгнэлт гаргана. Зохиогчийн эрхийн бүтээлд гэрчилгээ олгох ажиллагааны онцлог нь мэдүүлгэд шүүлт хийдэггүй бөгөөд бүртгэх эсэх дээр аливаа этгээдээс гомдол гаргаагүй тохиолдолд бүтээлийг бүртгэж, гэрчилгээг шууд олгодог. 

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн бүтээлийн гэрчилгээ олгох асуудлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу мэдүүлгийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ.

Зохиогчийн эрхийн бүтээлийг баталгаажуулах мэдүүлэг нь хуульд заасан бүрдлийг хангасан бөгөөд уг зохиогчийн эрхийн бүтээлийг бүртгэхгүй байх талаар аливаа маргаан шүүхээр шийдвэрлэгдэж байгаа, цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа, эсвэл бүртгэхгүй байх талаар шүүхийн шийдвэр гарснаас бусад тохиолдолд гэрчилгээг олгоно. Хэрэв зохиогчийн эрхийн бүтээлийг бүртгэхгүй байх талаар аливаа маргаан шүүхээр шийдвэрлэгдэж байгаа, цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа бол гэрчилгээ олгох асуудлыг уг маргааныг шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд түдгэлзүүлнэ.

 

Зөвлөгөө №1:

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн бүтээлийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлэх ажлыг зохиогч өөрөө эсвэл оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулж бүртгүүлэх боломжтой. Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хуульд заасан журмын дагуу тусгай зөвшөөрөлтэй хувь хүн хуулийн этгээд байдаг бөгөөд тодорхой үйлчилгээний хөлс төлж үйлчилгээ авна. Итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн жагсаалтыг http://www.burtgel.gov.mn/ цахим хаягаас харах боломжтой.

Зөвлөгөө №2:

Хэрэв таны бүтээл нь үндсэн зохиогчийн эрхийн бүтээлээс өөр онцлог шинжүүдийг агуулсан бол дараах онцлогуудыг анхаараарай.

Үүсмэл бүтээлийн зохиогчийн эрх:

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу үүсмэл бүтээлийн зохиогчийн эрх нь эх бүтээлийн зохиогчийн эрхийг хөндөхгүй бөгөөд Зохиогчоос өөрөөс нь заавал зөвшөөрөл авна. Үүсмэл бүтээлийн зохиогчийн эрх нь эх бүтээлд тулгуурлан өөр зохиогч өөр үүсмэл бүтээл туурвихад саад болохгүй.

Түүвэр зохиол, бусад эмхтгэл бүтээлийн зохиогчийн эрх:

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу эмхтгэгч нь эмхтгэлд орсон эх бүтээл бүрийн зохиогчийн эрхийг хөндөхгүй бөгөөд Зохиогчоос өөрөөс нь заавал зөвшөөрөл авна. Эмхтгэлд орсон эх бүтээлийн зохиогч нь эмхтгэгчтэй хийсэн гэрээнд өөрөөр заагаагүй бол бүтээлээ тухайн эмхтгэлээс үл хамааран чөлөөтэй ашиглах эрхтэй.

Албан үүргийн дагуу туурвисан бүтээлийн зохиогчийн эрх:

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу албан үүргийн дагуу бүтээл туурвисан зохиогч бүтээлийнхээ хувьд эдийн бус баялгийн эрх эдлэх эрхтэй. Албан үүргийн дагуу туурвисан бүтээлийг ашиглах онцгой эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил олгогч эдэлж болно. 

Захиалгаар бүтээл туурвих:  

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасны дагуу Захиалгаар туурвих бүтээлийн зохиогч захиалагчтай хийсэн гэрээний нөхцөлийн дагуу бүтээл туурвиж захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээнд заасан нөхцөлийн дагуу зохиогчид төлбөр төлөх үүрэгтэй. Захиалгаар туурвисан бүтээлийг ашиглах онцгой эрхийг гэрээнд заасан этгээд эдэлнэ.

Асуулт 1:

Зохиогч бүтээлийнхээ хувьд ямар эрхүүдийг эдлэх вэ?

Хариулт 1:

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 10, 11. 12 дугаар зүйлд заасны дагуу Зохиогч бүтээлийнхээ хувьд эдийн бус баялгийн эрх болон бүтээл ашиглах онцгой эрх эдэлнэ.

Эдийн бус баялгийн эрх:

  • бүтээлээ өөрийн болон зохиомол, нууц нэрээр, эсхүл нэргүйгээр нийтлэх;
  • зохиомол, нууц нэрийг түүний зөвшөөрөлгүйгээр өөрчлөх, задруулахыг хориглох;
  • бүтээлээ нийтлэх эсхүл бүтээлийг ашиглах тухай бүр нэрээ дурдуулах;
  • бүтээл болон түүний нэрийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр аливаа арга хэлбэрээр хувиргах, гажуудуулах, өөрчлөхийг хориглох.

Зохиогч нь өөрийн бүтээлийг бүхий л арга, хэлбэрээр ашиглах онцгой эрх эдэлнэ. Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхэд зохиогч дараахь үйл ажиллагааг зөвшөөрөх болон хориглох онцгой эрхийг хамааруулна: 

  • бүтээлийг хуулбарлах;
  • бүтээлийг нийтлэх;
  • бүтээлийг нийтэд түгээх;
  • үүсмэл бүтээл болгон өөрчлөх;
  • түрээсээр ашиглуулах.

Асуулт 2:

Зохиогч эрхээ бусдад шилжүүлж болох уу?

Хариулт 2:

Зохиогч хуулиар олгогдсон бүтээл ашиглах онцгой эрх болон эдийн бус баялгийн эрхээ бусдад гэрээний үндсэн дээр бүрэн болон хэсэгчлэн шилжүүлж болно.

Асуулт 3:

Зохиогч бүтээл ашиглах онцгой эрхээ бусдад шилжүүлэх гэрээнд ямар зүйлсийг тусгах вэ?

Хариулт 3:

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу Зохиогчийн эрхийг шилжүүлэх гэрээнд дараахь зүйлийг тусгаж болно:

  • бүтээлийг ашиглах арга, хэлбэр;
  • хугацаа, хамрагдах нутаг дэвсгэрийн хүрээ;
  • бүтээлийг ашигласны төлбөрийн хэмжээ, төлөх журам, хугацаа;
  • зохиогчийн эрх, үүрэг;
  • бүтээлийг ашиглах этгээдийн эрх, үүрэг;
  • гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн хариуцлага;
  • маргаан шийдвэрлэх журам.

Бүтээлийг ашигласны төлбөрийн хэмжээ нь тухайн бүтээлийн шинж чанар, онцлог, ач холбогдол, бүтээлийг ашиглах хэлбэр, хэмжээ, хугацаа зэргээс хамааран хоёр тал хэлэлцэн тогтоосон мөнгөн дүнгээр буюу бүтээлийг гэрээнд заасан аргаар ашигласнаас олох ашгаас авахаар тохиролцсон байж болно.

Зохиогчийн эрхийг шилжүүлэх гэрээнд зохиогч хойшид тухайн сэдвээр буюу тухайн салбарт бүтээл туурвихыг хязгаарласан заалт оруулахыг хориглоно.

Асуулт 4:

Зохиогчийн эрхийн хугацаа ямар байдаг вэ?

Хариулт 4:

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу тодорхой бүтээлийн хувьд эдлэх зохиогчийн эрхийг хамгаалах хугацааг уг бүтээлийг туурвисан өдрөөс эхлэн тооцно.

Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх нь зохиогчийн насан туршид болон нас барснаас хойш 50 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

Зохиогчийн эдийн бус баялгийн эрхийг хугацаа хязгаарлахгүй хамгаална.

Зохиогч бүтээлээ зохиомол, нууц нэрээр буюу нэргүйгээр нийтэлсэн тохиолдолд уг зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх нь бүтээлийг анх нийтэлсний дараа жилийн 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 75 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

Харин Хамтын бүтээлийн зохиогчийн эрх нь зохиогчдын насан туршид болон сүүлчийн зохиогч нас барсны дараа жилийн 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 50 жилийн хугацаанд хамгаалагдана.

Асуулт 5:

Зохиогчийн эрх өвлөгдөх үү?

Хариулт 5:

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу зохиогчийн бүтээлээ ашиглах онцгой эрхийг Монгол Улсын Иргэний хуульд заасан журмын дагуу өв залгамжлана. Хамтын бүтээл зохиогчдын бүтээлээ ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ.

Асуулт 6:

Ямар тохиолдолд зохиогчийн эрхийг зөрчиж байна гэж үзэх вэ?

Хариулт 6:

Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу

Нийтлэгдсэн бүтээлийн зүй ёсны ашиглалттай зөрчилдөөгүй, эрх эзэмшигчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөлгүйгээр ашигласан дараахь тохиолдлыг зохиогчийн эрхийн зөрчилд тооцохгүй. Үүнд:

  • хэвлэлийн тойм бэлтгэх зорилгоор нийтлэгдсэн бүтээлээс ишлэл авах;
  • эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, шүүмжид болон мэдээллийн зорилгоор ишлэл авч хэсэгчлэн ашиглах;
  • архив, музей, номын санд ашиглагдаж байгаа бүтээлээс хэсэгчлэн хуулбарлах;
  • эдийн засаг, улс төр, шашны холбогдолтой цаг үеийн асуудлаар сонин, сэтгүүлд хэвлэгдсэн нийтлэл, эфирт дамжуулсан бүтээлийг хуулбарлахыг тусгайлан хориглоогүй бол нийтэд мэдээлэх зорилгоор сонинд нийтлэх, эфирт дамжуулах, утсан болон утсан бус холбоогоор мэдээллэх
  • хурал цуглаан дээр хэлсэн үг, илтгэлийг мэдээллийн зорилгоор нийтлэх;
  • болсон үйл явдлыг нийтэд мэдээлэхтэй холбогдуулан нийтийн эзэмшлийн гудамж, талбайд байршуулсан уран барилга, дүрслэх урлаг, гэрэл зургийн бүтээлүүдийг тухайн орчны байдлыг үзүүлэх зорилгоор нийтлэх;
  • хараа болон сонсголын согогтой хүмүүсийн хэрэгцээнд зориулан ашиглах;
  • амины хэрэгцээнд зориулан бүтээлийг хуулбарлах;
  • эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгоор хуулбарлах.

Дээрх нөхцөлүүдийг авч үзэхдээ дараах нөхцөлийг мөн харгалзан үзнэ. Үүнд:

  • ашиг олох зорилгогүй байх;
  • бүтээлээс ашиглах хэмжээ болон ашигласан хэсгийн ач холбогдолтой шинж чанар;
  • бүтээлийн үнэ цэнэ, ашигласан хэсгийн зах зээл дэх үр нөлөө. 
  • бүтээлийг ашиглахдаа зохиогчийн нэр, эх сурвалжийг заавал дурьдсан байх

 

Хэрэв таны зохиогчийн эрхийн бүтээлийг тантай гэрээ байгуулаагүй этгээд, эсвэл гэрээ байгуулсан боловч гэрээг зөрчиж дээрхээс бусад замаар ашиглаж байгаа бол таны зохиогчийн эрх зөрчигдсөн гэж үзнэ.

Асуулт 7:

Зохиогчийн эрх зөрчигдвөл ямар замаар сэргээлгэх вэ?

Хариулт 7:

Хэрэв таны зохиогчийн эрх зөрчигдсөн гэж үзвэл Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 26.1.7, 30 дугаар зүйлд заасны дагуу Оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүсэлт гарган зөрчлийг арилгуулах арга хэмжээ авахуулах боломжтой. Харин таны зохиогчийн эрхийг зөрчсөнөөс шалтгаалан танд хохирол учирсан бол та тухайн зөрчлийг гаргасан этгээдийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой.

Агуулга анх оруулсан: 2018-06-18 Шинэчилсэн: 2018-06-18

Мэдээ мэдээлэл