Гадаадын иргэн, харьяатын харилцаа Монгол Улсын харъяат болох

Монгол Улсын харьяат болох асуудлыг Харьяатын тухай хуулиар зохицуулдаг. Тус хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу Гадаадын иргэн буюу харьяалалгүй иргэн хууль тогтоомжид заасны дагуу Монгол Улсын харьяат болж болно.

Харьяатын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-д заасны дагуу Монгол Улсын харьяат болохын тулд дараахь нөхцөлийг хангасан байна:

  1. амьжиргааны зохих чадвар, эх үүсвэртэй байх;
  2. Монголын ард түмний ёс заншил, төрийн албан ёсны хэл, Монгол Улсын Үндсэн хуулийн талаар зохих мэдлэг эзэмшсэн ба иргэний харьяатын асуудлаар өргөдөл гаргасан өдрөөс өмнө Монгол Улсын нутаг дэвсгэр дээр таваас доошгүй жил байнга оршин суусан байх;
  3. Монгол Улсын гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас энэ хэсгийн 1, 2-т заасан хүрээнд төрийн бодлогыг үндэслэн тогтоосон бусад тодорхой шалгуурыг хангасан байх;
  4. энэ хэсгийн 2-т заасан хугацаанд гэмт хэрэг санаатайгаар үйлдээгүй байх;
  5. Монгол Улсын иргэн болсноор тус иргэний гадаад улстай тогтоосон харилцаа нь Монгол Улсын нэр хүнд, ашиг сонирхолд хохирол учруулахгүй байх.

Монгол Улсын Ерөнхийлөгч гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол улсын харьяат болох асуудлаар шийдвэр гаргах эрхтэй. /Харьяатын тухай хуулийн 19.1. /

Монгол Улсын харьяат болох тухай хүсэлт болон холбогдох бичиг баримтын хамт Та Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагат хандан гаргана.  Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргагч дараах бичиг баримт бүрдүүлнэ:

  1. Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан өргөдөл;
  2. 3 үеийн намтар;
  3. Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргагчийн мэдүүлгийн хуудас;
  4. Монгол Улсад оршин суух үнэмлэхийн хуулбар;
  5. Төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гадаад паспорт, 16 хүртэл насны хүүхэдтэй бол хүүхдийн төрсний гэрчилгээний тус тус нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  6. Гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээний, гэрлэлтээ цуцлуулсан бол энэ тухай эрх бүхий байгууллагаас гаргасан албан ёсны шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  7. Эцэг эхийн аль нэг нь Монгол Улсын харьяат болохдоо 16 нас хүрээгүй хүүхдээ тус улсын харьяат болгох хүсэлтэй тохиолдолд эцэг эхийн бичгээр гаргасан үндэслэл бүхий тохиролцоог нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; 
  8. 16-18 насны хүүхдийн иргэний харьяаллыг өөрчлөх тохиолдолд түүний  бичгээр гаргасан зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; 
  9. Сэтгэц мэдрэлийн буюу халдварт өвчин, хүний дархлал хомсдлын вирусын халдварын талаарх эрүүл мэндийн /сэтгэцийн эрүүл мэндийн болон Халдварт өвчин судлалын үндэсний төв, орон нутагт эрүүл мэндийн нэгдсэн төв / байгууллагын тодорхойлолт; 
  10. Сэтгэц мэдрэлийн буюу халдварт өвчин, хүний дархлал хомсдлын вирусын халдварын талаарх эрүүл мэндийн                /сэтгэцийн эрүүл мэндийн болон Халдварт өвчин судлалын үндэсний төв, орон нутагт эрүүл мэндийн нэгдсэн төв / байгууллагын тодорхойлолт; 
  11. Хууль ёсны амжиргааны эх үүсвэртэй болохыг нотлох зохих баримт бичиг:
  • байгууллага, аж ахуйн нэгжээс гаргасан цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • хувиараа хөдөлмөр эрхлэгч бол түүний орлогынх нь талаарх банк, татварын байгууллагын тодорхойлолт, байгууллагын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • амжиргааны эх үүсвэртэй болохыг нотлох бусад.
  1. Оршин суугаа сум, хорооны Засаг даргын тодорхойлолт (хаяг, ам бүлийн); 
  2. Зураг 3 хувь; 
  3. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

Дээрх өргөдөл болон холбогдох бичиг баримтыг гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээр болон гадаад улсад оршин суугаа хүний хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлүүлэхээр холбогдох бусад бичиг баримт, саналын хамт Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулснаар Ерөнхийлөгчид өргөн барина.

Иргэний харьяаллын асуудлаар гаргасан өргөдлийг хүлээн авч, хянан хэлэлцэж, шийдвэр гаргах хугацаа зургаан сараас хэтрэхгүй байна. 

Иргэний харьяаллын асуудлаар шийдвэр гаргаснаас хойш хагас жилийн дотор уг асуудлаар дахин гаргасан өргөдлийг хүлээн авахгүй. 

Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Таны Монгол Улсын харьяат болохтой холбогдох шийдвэрт санал нийлэхгүй гомдолтой гэж үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 92-р зүйл Захиргааны актад гомдол гаргах 92.1; 92.2 дахь хэсэг заасны дагуу гомдол гаргах эрхтэй.

Та гомдол гаргахдаа тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллага, ажилтан албан хаагчид эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.

Хэрэв таны гаргасан гомдлыг дээд шатны байгууллага, ажилтан албан хаагч хүлээн авхаас татгалзсан эсхүл үндэслэлгүй байна гэж үзвэл Захиргааны хэргийн шүүхэд харьяаллын дагуу хандах бүрэн эрхтэй.

Агуулга анх оруулсан: 2018-07-16 Шинэчилсэн: 2018-12-07

Мэдээ мэдээлэл