Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа Хяналтын шатны ажиллагаа, түүнд оролцох

Хяналтын шатны ажиллагаа, түүнд оролцох

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалд Улсын дээд шүүхэд ХЯНАЛТЫН ЖУРМААР ГОМДОЛ ГАРГАХ эрхтэй.

Мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.4-т зааснаар Улсын дээд шүүхэд гаргах гомдолд улсын тэмдэгтийн хураамж /70,200₮/ төлсөн баримтыг хавсаргах ба ГОМДОЛД:

  • Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй,
  • хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн,
  • хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн,
  • төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн;
  • анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар тайлбарлан бичнэ.

Мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т зааснаар ЗӨВХӨН давж заалдах шатны шүүхээр хэлэлцсэн хэрэгт хяналтын журмаар гомдол гаргана.

Иргэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.7-д заасны дагуу (1) хэрэв гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацааг сэргээлгэх, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.5-т зааснаар (2) гомдлоосоо татгалзах, мөн хуулийн 123.6-д зааснаар (3) нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх боломжтой талаар заасан.

Мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар ШҮҮХ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шүүх хуралдаан ХЭЗЭЭ, ХААНА БОЛОХЫГ МЭДЭГДЭХ үүрэгтэй. Ийнхүү мэдэгдсэн байхад шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийг ЭЗГҮЙД ШИЙДВЭРЛЭНЭ.

Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхим хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 127 дугаар зүйлийн 127.2-т зааснаар ТОГТООЛ гаргана.

Хэргийг шийдвэрлэхУлсын дээд шүүх - Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т зааснаар хэргийг хяналтын журмаар Улсын дээд шүүх 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ.

Гомдлоосоо татгалзах хүсэлтийг шийдвэрлэхШүүгч, шүүх бүрэлдэхүүн – Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.5-д зааснаар (1) шүүх хуралдаанаас өмнө гомдлоосоо татгалзвал гомдол гаргаагүйд тооцож, шүүгч захирамж гаргана, харин (2) шүүх хуралдааны явцад татгалзвал хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгож, шүүх тогтоол гаргана. Аль аль тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгоно.

Нэг. Гомдол хүлээн авах – Гомдлыг хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүх хүлээн авна. /ЗХШХШтХ-ийн 124 дүгээр зүйлийн 124.1/

Хоёр. Гомдлыг хүлээн авахаас татгалзах /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124.1, 124.4/ – (1) Гомдлыг хугацаанд нь гаргаагүй, улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй бол анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзана. (2) Дээр дурдсан гомдолд тусгах үндэслэлүүдийг тусгаагүй бол Улсын дээд шүүхийн шүүгч гомдлыг хүлээн авахаас татгалзаж, захирамж гаргана.   

Гурав. Шүүгч захирамж, шүүх тогтоол гаргах – Гомдол гаргагч гомдлоосоо татгалзсан, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, талууд эвлэрсэн, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. 

Дөрөв. Хэргийг шийдвэрлэх – Улсын дээд шүүх хэргийг хянаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2-т зааснаар дараах тогтоолыг гаргана.

  1. шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих;
  2. шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах;
  3. магадлалыг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх, эсхүл өөрчлөх;
  4. шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг болон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, эсхүл нэхэмжлэлийг хангах;
  5. шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцаах.

- Гомдлыг шүүх хуралаар авч хэлэлцэх эсэх – Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.3-т зааснаар Хяналтын журмаар хэрэг хүлээн авсан шүүгч 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэх тухай захирамж гаргана.

- Шүүх хуралдаанаар хэлэлцэх – Мөн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-т зааснаар Хэргийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэнэ.

Захирамжид гомдол гаргах - Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.5-д зааснаар Гомдлыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг гомдол гаргагч эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭД ГОМДОЛ гаргах эрхтэй бөгөөд гомдлыг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хэлэлцэж, тогтоол гаргана.

Тогтоолд гомдол гаргах - Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1-т зааснаар Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Улсын дээд шүүхийн тогтоолыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор хуульд харшилсан гэж үзвэл УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧИД ГОМДОЛ ГАРГАЖ БОЛНО.

Мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.3, 128.4-т зааснаар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэлгүй гэж үзвэл 30 хоногийн дотор гомдол гаргагчид бичгээр хариу өгнө, үндэслэлтэй гэж үзвэл хэргийг 30 хоногийн дотор шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн мөн хуулийн 129.1-т заасан ТОГТООЛЫГ гаргах ба тус тогтоол нь ЭЦСИЙН ШИЙДВЭР байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123.3-т зааснаар Давж заалдах шатны журмаар хэлэлцээгүй хэрэгт хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй.

Шүүхэд гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд хугацааг сэргээлгэх хүсэлтээ нотлох баримтын хамт анхан шатны шүүхэд гаргах боломжтой.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 20 дугаар зүйлийн 20.2.6 зааснаар Захиргааны хэргийн ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн ЗААВАЛ БИЕЛҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.

Асуулт 1. Улсын дээд шүүхэд хэрэг очсон байхад эвлэрч болох уу?

Хариулт 1. Болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123.6-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.

Асуулт 2. Хяналтын журмаар гомдол гаргасан бол тэр гомдлоо буцаан авч, татгалзаж болох уу?

Хариулт 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123.5-д зааснаар  хяналтын шатны шүүх хуралдаанаас өмнө гомдлоосоо татгалзвал түүнийг гомдол гаргаагүйд тооцож, шүүгч захирамж, харин шүүх хуралдааны явцад татгалзвал хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгож, шүүх тогтоол гаргаж, улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгоно.

Асуулт 3. Шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол яах вэ?

Хариулт 3. Шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.

Агуулга анх оруулсан: 2018-06-18 Шинэчилсэн: 2023-06-07

Мэдээ мэдээлэл