Шүүхийн бус журмаар маргааныг шийдвэрлэх арга /эвлэрүүлэн зуучлал/ Эвлэрүүлэн зуучлах

Мэргэшсэн этгээдийн тусламжтайгаар талууд сэтгэл ханамжтайгаар эвлэрэн хэлэлцэж маргаанаа дуусгах боломжийг Эвлэрүүлэн зуучлах гэж хэлнэ.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн маргааныг шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгчтэйгээр талуудыг эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлэх эрх зүйн үндсийг тогтоох, эвлэрүүлэн зуучлалыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиар иргэний эрх зүйн болон хөдөлмөрийн ганцаарчилсан, түүнчлэн гэр бүлийн маргааныг шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлэхээр заасан байна.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зорилго

Эвлэрүүлэн зуучлалын зорилго нь талууд өөрсдийн ашиг сонирхолд нийцэхүйц шийдлийг олоход нь зуучлагч дэмжлэг үзүүлж, тэдгээрийн хоорондын харилцааны зөрчил, маргааныг эвийн журмаар, шуурхай, зардал багатай зохицуулахад оршино. Өөрөөр хэлбэл, маргаанд хөндлөнгийн этгээд болох эвлэрүүлэн зуучлагчийн оролцоотойгоор маргааны талууд хоорондоо харилцан ярилцах ба эцэст нь тохиролцоонд хүрч маргааныг шийдвэрлэхэд оршино.

Эвийн журмаар зохицуулна гэдэг нь талууд уулзалт хийх, харилцан буулт хийх, зөрчилдөөнтэй асуудалд нэгдсэн ойлголтод хүрч зөрчлийг арилгах замаар эвлэрлийн гэрээ байгуулахыг зориход оршино.

Зардал багатай гэдэг нь маргааны талуудад бусад маргаан шийдвэрлэх албан ёсны механизм болох шүүхийн процесст оролцохоос бага зардал гарахаар байхыг ойлгоно.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үндсэн зарчим

Эвлэрүүлэн зуучлалыг дараах зарчимд үндэслэн явуулна:

  • талуудын сайн дурын үндсэн дээр хэрэгжих;
  • эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогчдын нууцыг хадгалах;
  • эвлэрүүлэн зуучлагч төвийг сахисан байр суурьтай байх;
  • эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд талууд тэгш эрхтэй оролцох.

Талуудын сайн дурын үндсэн дээр хэрэгжих зарчим гэдэг нь талууд шүүх, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоон дахь эвлэрүүлэн зуучлагчид хандсан, шүүгчийн санал болгосныг талууд хүлээн зөвшөөрч эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх, эвлэрүүлэн зуучлах журмаар маргаанаа зохицуулах талаар өөрийн хүсэл зоригийг аливаа дарамт, шахалтгүйгээр чөлөөтэй илэрхийлэх, эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар маргаанаа шийдвэрлүүлэхийг зөвшөөрөх, татгалзах зэргээр илэрнэ.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцогчдын нууцыг хадгалах зарчим, нууцыг хадгалах үүрэг нь эвлэрүүлэн зуучлагч, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талууд болон оролцогчдод нэгэн адил хамааралтай.

Эвлэрүүлэн зуучлагч төвийг сахисан байр суурьтай байх зарчмыг эвлэрүүлэн зуучлагчийн эрх, үүрэгт зааж өгсөн байна. Тухайлбал, эвлэрүүлэн зуучлагчийн төвийг сахисан байр сурьтай байх нь эвлэрүүлэн зуучлагч маргаанд ямар нэг хувийг ашиг сохирхолгүйгээр төвийг сахин, эвлэрүүлэн зуучлах үйл явцыг удирдах, талуудын аль нэгэнд эрх зүйн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэхгүй байхаар илрэн гарна.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд талууд тэгш эрхтэй оролцох зарчим нь талууд Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан эрхийг тэгш эдлэх зэргээр илэрнэ. Нөгөө талаар, талууд тэгш эрхтэй оролцох гэдэг бол эвлэрүүлэн зуучлагч талуудад адил буюу тэгш хандах байдлаар илрэн гарна.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны дээд хугацаа нь 60 хоног байгаа нь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанаас харьцангуй бага байна.

Асуулт: Хялбаршуулсан журмаар маргаан шийдвэрлэх гэдгийг юу гэж ойлгох вэ?

Хэрэг үүсгэсэн захирамж гаргаснаас хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл нэхэмжлэгч, хариуцагч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол тухайн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэдэг. Энэ тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгох бөгөөд үүнийг нэхэмжлэгч, хариуцагч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болох үр дагавартай.

Асуулт: “Шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна” гэдэгт ямар арга хэмжээ орох вэ?

Шүүгч гэрлэгч тус бүртэй ганцаарчилан уулзах, зөвлөлгөө өгөх, гэрлэлтийг цуцлуулах болсон шалтгаануудыг нарийвчлан судалж, үндэслэлтэй эсэхийг нь тайлбарлах, шаардлагатай тохиолдолд сэтгэл судлаач, сурган хүмүүжүүлэгчдийг татан оролцуулах зэрэг гэрлэгчдийг эвлэрүүлэхэд ач холбогдолтой бүхий л арга хэмжээг ойлгоно.

Агуулга анх оруулсан: 2018-08-29 Шинэчилсэн: 2018-08-29

Мэдээ мэдээлэл