Хууль зүйн мэдээлэл, туслалцаа Хуульчийн тухай

“хуульч” гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээдийг ойлгоно.

Монгол улсын Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн Гуравдугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт “хуульч” гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй этгээдийг ойлгоно гэж заасан байдаг. 

Мөн тус хуулийн 3.1.2 дахь хэсэгт “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл” гэж хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг энэ хуулиар тогтоосон зарчим, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг баталгаажуулсан албан ёсны баримт бичгийг ойлгоно гэж заасан байдаг. 

Магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн их, дээд сургууль төгссөн тухай этгээд эрх зүйч мэргэжлийг эзэмших бөгөөд, мэргэжлийн дадлагыг 2-оос дээш жил хийж гүйцэтгэн улмаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хоёрдугаар бүлэгт заасан "Хуульч мэргэжлийн эрх авах шалгалт"-д тэнцсэнээр Монголын хуульчдын холбооноос хуульчийн мэргэшлийн үйл ажиллагаа явуулах эрх авснаар ХУУЛЬЧ хэмээх нэршлийг ашиглах эрх нээгдэнэ. 

Таны судалсан байвал зохих хууль бусад эрх зүйн акт

  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль (2012он) ЭНД дарж үзнэ үү
  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль (2013он) ЭНД дарж үзнэ үү
  • Хууль мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм ЭНД дарж үзнэ үү

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 45 дугаар зүйл. Хуульчдын холбооны чиг үүргийн дагуу эрх зүйчид хуульчийн мэргэшлийн үйл ажиллагаа явуулах эрх олгох үйл ажиллагааг удирдан зохион байгуулж явуулна.

Монголын хуульчдын холбоотой танилцахыг хүсвэл ЭНД дарж үзнэ үү.

Хуульчдын холбоо дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

  • хуульчийн шалгалт зохион байгуулах;
  • хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;
  • хуульчийн үргэлжилсэн болон албан бус сургалтыг зохион байгуулах, багц цагийг тооцох;
  • хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах;
  • Хуульчийн мэргэжлийн дүрэм батлах, сахиулах;
  • Мэргэжлийн хариуцлагын хороо байгуулан ажиллуулах;
  • шүүгчийн сонгон шалгаруулалт зохион байгуулахад оролцох;
  • хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх;
  • хууль тогтоох үйл ажиллагаанд мэргэжлийн шинжээчийн туслалцаа үзүүлэх;
  • хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийг дэмжих, шүүхийн практик, хууль зүйн бодлогын чиглэлд судалгаа хийх;
  • мэргэжлийн чиглэлээр бодлогын нөлөөлөл, хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа болон төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах;
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх;
  • ХЭЗБТХуулийн 45.1.11-д заасан төлбөрийн чадваргүй иргэнд үзүүлэх өмгөөллийн үйлчилгээний зардлыг төр хариуцна.
  • 45.3.Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагааны журмыг Хуульчдын холбоо батална.

Магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн их, дээд сургууль төгссөн тухай этгээд эрх зүйч мэргэжлийг эзэмших бөгөөд, мэргэжлийн дадлагыг 2-оос дээш жил хийж гүйцэтгэн улмаар хуульч мэргэжлийн эрх авах шалгалтанд тэнцсэнээр Монголын хуульчдын холбооноос хуульчийн мэргэшлийн үйл ажиллагаа явуулах эрх авснаар ХУУЛЬЧ хэмээх нэршлийг ашиглах эрх нээгдэнэ. 

Өөрөөр хэлбэл хууль зүйн их дээд сургууль төгссөн эрх зүйн мэргэжил эзэмшсэн төгсөгч нь эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу 2-оос дээш жил ажилласан тохиолдолд Хуульчийн шалгалтад орох эрх нээгдэнэ гэсэн үг.  Энэхүү шалгалтыг Монголын хуульчдын холбоо зохион байгуулах ба тэнцсэн тохиолдолд дор дурьдсан үндэслэлд харшлахгүй иргэдийг гишүүнээр элсүүлэн гэрчилгээ олгоно.

Дор дурдсан үндэслэл байвал хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох ажиллагааг түдгэлзүүлнэ:

  • өргөдөл гаргагч нь гэмт хэрэгт холбогдон эрх бүхий байгууллагад шалгагдаж байгаа;
  • өргөдөл гаргагч нь эрүүл мэндийн байдлын улмаас тодорхойгүй хугацаагаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх чадваргүй болсон;
  • хуульчид тавигдах зан байдлын болон эрүүл мэндийн асуудалтай;
  • улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа, эсхүл улс төрийн албан тушаал эрхэлж байгаа;
  • байнгын буюу түр хугацааны цэргийн алба хаагчийн үүрэг сайн дураараа гүйцэтгэж байгаа.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчийн шалгалтад тэнцэж батламж авсан этгээд батламж авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор Хуульчдын холбоонд гишүүнээр элсэх өргөдөл гаргана гэж заасан байдаг.

Монголын хуульчдын холбоонд гишүүнээр элсэх өргөдөл гаргасан этгээдийн хүсэлтийг хянаж үзээд, тодорхой болзол шаардлагыг хангасан тохиолдолд "Хуульч" мэргэшлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хугацаагүй олгоно.

Асуулт 1. Эрх зүйч хуульч ямар ялгаатай вэ?

Эрх зүйч нь хуульчаас дараах байдлаар ялгаатай.

  • Хуульч нь мэргэжлийн шалгалтад тэнцэж мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхтэй.
  • Хуульч нь Монголын хуульчдын холбооны гишүүн байна. (Эрх зүйч нь Монголын хуульчдын холбооны гишүүн болох боломжгүй)
  • Хуульч нь хариуцлага хүлээх, бусдыг төлөөлөх чадвар чадамжтай байна.
  • Хуульч нь тодорхой шаардлага болзлыг хангасан тохиолдол шүүгч, прокурор, өмгөөлөгч болох боломжтой.

Агуулга анх оруулсан: 2018-01-26 Шинэчилсэн: 2018-01-26

Мэдээ мэдээлэл