Гэр бүлийн харилцаа Асран хамгаалагч, харгалзан дэмжигч

Асран хамгаалагч, харгалзан дэмжигч

Асран хамгаалах, харгалзан дэмжих гэдэгт насны болон эрүүл мэнд, амьдралын нөхцөл байдлын хувьд эрхийн тусгай хамгаалалт зайлшгүй шаардлагатай байгаа иргэнд төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоож, эрхийг нь хамгаалж байгаа үйл ажиллагааг ойлгоно.

Асран хамгаалалтад:

  • бага насны /14 нас хүрээгүй/ бүтэн өнчин хүүхэд;
  • эцэг, эх нь хоёулаа иргэний эрх зүйн эрхийн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон болон эцэг, эх байх эрхээ хягаарлуулсан, хасуулсан хүний бага насны хүүхэд;
  • эцэг, эх хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газар ял эдэлж байгаа зэрэг шалтгааны улмаас хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхэд. /Хүүхдийн ээж, аав хоёул 6 сараас дээш хугацаагаар эмнэлэгт эмчлүүлэх тухай эмч нарын зөвлөлгөөний шийдвэр гарсан байвал удаан хугацаагаар эмчлүүлж байгаа гэж үздэг байна./
  • сэтгэцийн өвчний улмаас шүүхээс иргэний эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон хүн зэрэг багтана./Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйл/

Харгалзан дэмжлэгт:

  • насанд хүрээгүй / 14-18 хүртэлх насны / бүтэн өнчин хүүхэд
  • эцэг, эх нь хоёулаа иргэний эрх зүйн эрхийн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон болон эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан хүний насанд хүрээгүй хүүхэд
  • эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа буюу хорих газарт ял эдэлж байгаа зэрэг аргагүй шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний насанд хүрээгүй хүүхэд;
  • согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэсний улмаас иргэний эрх зүйн эрхийн хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон хүн;
  • эрүүл мэндийн байдал болон өндөр настай болсны улмаас иргэний эрх, үүргээ биечлэн хэрэгжүүлэх боломжгүй болсон хүн. /Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйл/

Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоох:

  • эд хөрөнгийн зохих бололцоотой төрөл, садан буюу төрөл, садан бус хүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг нь үндэслэн сум, дүүргийн Засаг дарга асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр
  • асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоогдоогүй бол хүүхдийг нас, эрүүл мэндийн байдлыг нь харгалзан хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх
  • харгалзан дэмжигч тогтоогдоогүй бол өндөр настан, тахир дутуу хүнийг асрамжийн газарт шилжүүлэх
  • сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон хүнийг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт болон холбогдох байгууллагад шилжүүлэх
  • Тухайн хүнийг асран хамгаалах, харгалзан дэмжих шаардлагатай байгаа тухай мэдээллийг аливаа байгууллага, иргэн холбогдох сум, дүүргийн Засаг даргад өгөх үүрэгтэй.
  • Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг асран хамгаалж, харгалзан дэмжихэд энэ хуулийг дагаж мөрдөнө.
  • Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэнд тухайн улсын хуулиар асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоосон нь энэ хуульд харшлаагүй бол хүчинтэйд тооцно. /Гэр бүлийн тухай хуулийн 67 дугаар зүйл/

Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг:

  • асрамж, дэмжлэгтээ байгаа хүнийг хоол, хүнс, орон сууцаар хангах, асран сувилах
  • асрамж, дэмжлэгтээ байгаа хүний эрх, ашиг сонирхлыг хамгаалах
  • асрамж, дэмжлэгтээ байгаа хүний мөнгөн хөрөнгө, үнэт зүйл, үнэт цаас, бусад баримт бичгийг банкинд хадгалуулах
  • асрамж, дэмжлэгтээ байгаа хүний үл хөдлөх эд хөрөнгө, мал, банкинд хадгалуулсан мөнгөн хадгаламж, бусад үнэт зүйлийг өөрт нь зориулан захиран зарцуулах, орон сууц хөлслөх гэрээг цуцлах, асрамж, дэмжлэгтээ байгаа хүний нэрийн өмнөөс шинээр аж ахуй эрхлэх, эрхэлж байгаа аж ахуйн ажлыг зогсоохдоо тухайн сум, дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл авах
  • хүлээсэн үүргийнхээ талаар тухайн сум, дүүргийн Засаг даргад жил бүр тайлагнах.
  • Асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь энэ зүйлд заасан үүргээ биелүүлэхдээ асрамж, дэмжлэгтээ байгаа /бага насны хүүхэд, сэтгэцийн өвчтэйгээс бусад/ хүний саналыг харгалзана. /Гэр бүлийн тухай хуулийн 69 дугаар зүйл/

Дараах хүнийг асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоохыг хориглоно:

  • Эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан
  • өөрөө асран хамгаалуулж, харгалзан дэмжүүлж байгаа
  • мансууруулах бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдэг
  • хорих ял эдэлж байгаа болон эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн
  • үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн /Гэр бүлийн тухай хуулийн 68 дугаар зүйл/

Сум, дүүргийн Засаг дарга нь асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоох асуудлыг шийдвэрлэдэг.

Асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоолгоход дараах бичиг баримтыг бүрдүүлнэ:

  1.  Хороо, багын Засаг даргын тодорхойлолт
  2. Ам бүлийн тодорхойлолт
  3. Асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоолгохыг хүссэн иргэдийн өргөдөл
  4. Иргэдийн эрүүл мэндийн талаарх эмнэлгийн байгууллагын тодорхойлолт
  5. Төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар
  6. Бүтэн өнчин тохиолдолд эцэг эхийн нас барсны гэрчилгээний хуулбар
  7. Иргэдийн 1% цээж зураг

Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоолгох асуудлыг сум, дүүргийн Засаг дарга ажлын 7-14 хоногийн дотор шийдвэрлэнэ.

Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосныг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг асран хамгаалуулагч, харгалзан дэмжүүлэгчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана. /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 146 дугаар зүйл 146.1 дэх хэсэг/ Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргах /Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйл 66.1 дэх хэсэг/ ба хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэргийг хянан шийдвэрлэнэ. Хэргийг тухайн шүүхийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор дахин сунгаж болно. /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйл/

Насанд хүрээгүй хүүхэд болон шаардлагатай бусад этгээдэд асран хамгаалалт, харгалзан дэмжлэг тогтоох нь тэдний хувийн болон эд хөрөнгийн эрх ашиг сонирхлыг хамгаалах, мөн амьдрах, өсч хүмүүжих, боловсрол эзэмших нөхцөлийг хангах зорилготой байдаг.

Бага насны хүүхдээс эхлээд өндөр настай болсны улмаас иргэний эрх үүргээ биечлэн хэрэгжүүлэх боломжгүй хүмүүсийг асран хамгаалах, харгалзан дэмжих эрх, үүрэг тодорхой хугацаанд үргэлжилсний эцэст дуусгавар болох учиртай.

Асран хамгаалагч, харгалзан дэмжих үүрэг дуусгавар болох:

  • Хэрэв асран хамгаалах, харгалзан дэмжих нөхцөл арилж, хүүхдийг эцэг эхэд нь буцаасан
  • Хүүхдийг үрчлүүлсэн, эсвэл хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлсэн
  • Харгалзан дэмжүүлэгч насанд хүрсэн
  • Асран хамгаалагч, харгалзан дэмжигч дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан
  • Шүүхийн шийдвэрээр харгалзан дэмжүүлэгчийг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж тооцсон
  • Асран хамгаалагч, харгалзан дэмжигч эсвэл асрамж, дэмжлэгт байгаа хүн сураггүй алга болсон буюу нас барсанд тооцогдсон, нас барсан бол асран хамгаалах, харгалзан дэмжих харилцаа нь дуусгавар болдог байна.

Мөн асран хамгаалах, харгалзан дэмжигчээр тогтоосон шийдвэрийг хүчингүй болгох тохиолдол гарч болно. Тэдгээрийг товч дурдъя. Үүнд: Асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь эрхээ урвуулан ашигласан, Асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас асрамж дэмжлэгтээ байгаа хүнийг хараа хяналтгүй, эсвэл шаардлагатай тусламж үзүүлээгүй орхисон бол шүүх асран хамгаалагч харгалзан дэмжигчээр тогтоосон засаг даргын шийдвэрийг хүчингүй болдог байна.

Асуулт 1. Асран хамгаалах, харгалзан дэмжих гэсэн ойлголтууд ямар ялгаатай вэ?

Асран хамгаалалтыг 14 нас хүрээгүй хүүхэд болон сэтгэцийн өвчний улмаас шүүхээс иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй гэж тогтоогдсон хүнд тогтоодог бол харгалзан дэмжигчийг 14-18 настай хүүхэд, согтууруулах болон мансууруулах бодис байнга хэрэглэсний улмаас иргэний эрх зүйн эрхийн хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон хүн эрүүл мэндийн байдал болон өндөр настай хүнд тогтооно.

Агуулга анх оруулсан: 2018-06-18 Шинэчилсэн: 2018-06-18

Мэдээ мэдээлэл