Боловсролын үйлчилгээ Бага, дунд боловсрол

Бага, дунд боловсрол гэдэг нь иргэнд бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэхийг хэлнэ. Бага боловсролыг 5, суурь боловсролыг 9, бүрэн дунд боловсролыг 12 жилд тус тус эзэмшүүлнэ. Бага боловсролын зорилго: нь эх хэлний суурь чадамжтай, бүтээлч, сурах арга барилтай монгол хүүхэд төлөвшүүлэх, суурь боловсролын зорилго: нь амьдрах ухаан, шинжлэх ухааны суурь мэдлэг, чадвар эзэмшсэн, бие даан бүтээлчээр суралцах чадамжтай иргэн төлөвшүүлэх, бүрэн дунд боловсролын зорилго: нь мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргах, суралцах чадвар бүхий ирээдүйд эзэмших мэргэжлийн ерөнхий суурь чадамжтай иргэн төлөвшүүлэхэд тус тус оршино.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.7-т зааснаар Монгол Улсын иргэн сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно гэж заасан байдаг.

Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага нь боловсролын бодлого, шийдвэр боловсруулахад судалгааны мэдээллээр хангах, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын асуудлаар байнгын судалгаа, шинжилгээ, арга зүй, сургалтын ажлыг эрхлэх, орон нутгийн боловсролын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, бүх шатны боловсролын байгууллагад сургалт, судалгаа, арга зүйн мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, боловсролын хөгжлийн асуудлаар шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгаа явуулах, иргэд, олон нийтэд судалгаа, шинжилгээний мэдээллээр үйлчлэх үйл ажиллагааг эрхэлнэ.

Ерөнхий боловсролын сургууль нь боловсролын стандартаар тогтоосон бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага мөн. Эзэмшүүлэх боловсролын түвшинг харгалзан ерөнхий боловсролын сургуулийг бага, дунд, ахлах сургууль гэж ангилна. Бага, дунд, ахлах сургууль нь цогцолбор хэлбэрээр хоршин ажиллаж болно.

Таны судалсан байвал зохих хууль болон бусад эрх зүйн акт:

  • Боловсролын тухай хууль (2002 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Бага, дунд боловсролын тухай хууль (2002 он) ЭНД  дарж үзнэ үү.
  • Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэм (2010.10.25 471 тоот тушаал) ЭНД дарж үзнэ үү. 
  • Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 113 дугаар тушаалын хавсралт Анги алгасан суралцах хүсэлтийг шийдвэрлэх журам ЭНД  дарж үзнэ үү.
  • Нийслэлийн боловсролын газрын даргын 2019 оны 05 сарын 09-ний өдрийн А/45 тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Нийслэлийн ерөнхий боловсролын сургуульд элсэлт зохион байгуулах ажлын хэсгийн удирдамж”.

Ерөнхий боловсролын сургуулийн хэв шинж нь ердийн, төрөлжсөн, гүнзгийрүүлсэн, тусгай, олон улсын хөтөлбөрийн сургалттай гэсэн хэлбэртэй байна. 

Ерөнхий боловсролын тусгай сургууль: Ерөнхий боловсролын тусгай сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сэргээн засах, чийрэгжүүлэх, бие даалгах үйлчилгээ үзүүлж, бага, суурь, бүрэн дунд боловсрол, мэргэжил эзэмшүүлэх сургалтын байгууллага мөн.

Ерөнхий боловсролын бусад сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй.

Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн боловсролын үнэлгээний журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Ерөнхий боловсролын тусгай сургууль нь сэргээн засалтын кабинет, танхимтай байна.

Төрөлжсөн, олон улсын хөтөлбөрийн болон гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургууль:

Урлаг, спорт, зохион бүтээх зэрэг чиглэлээр суралцагчийн авьяас, чадварыг багаас нь хөгжүүлэх зорилгоор байгуулсан ерөнхий боловсролын сургуульд тусгай хөтөлбөрийн дагуу явуулж буй сургалтыг төрөлжсөн сургалт гэнэ.

Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан цөм хөтөлбөрийн дагуу явуулж байгаа бүх нийтийн ерөнхий боловсролын стандартаас давсан агуулга бүхий сургалтыг гүнзгийрүүлсэн сургалт гэнэ.

Төрөлжсөн болон гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургууль нь суралцагчид бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартын агуулгыг заавал эзэмшүүлнэ.

Төрөлжсөн болон олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Иргэн та хүүхдээ ерөнхий боловсролын сургуульд бүртгүүлэх тохиолдолд өөрийн оршин суугаа харъяаллаар тогтоосон хамран сургах тойргийн дагуух ерөнхий боловсролын сургуулийн элсэлтийн бүртгэл зарлагдсан хугацаанд доорх материалыг тухайн сургуулийн бүртгэлийн ажлын хэсгийн  ажилтанд өгч, бүртгүүлнэ. Үүнд:

  • Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
  • Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим иргэний үнэмлэхний эх хувь болон хуулбар
  • 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг
  • Хэрвээ шилжилт хөдөлгөөн хийсэн бол холбогдох материал
  • Шаардлагатай тохиолдолд Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа болон бусад нэмэлт материалыг үзнэ.

Элсэгчдэд тавигдах шаардлага:

  • Эцэг эх болон хүүхэд хаягийн зөрчилгүй, бүртгэл бүхий хаяг дээрээ оршин суудаг байна.
  • Эцэг эх, асран хамгаалагч болон хүүхдийн хаяг зөрчилтэй тохиолдолд сургуулийн ажлын хэсэг шийдвэрлэнэ.
  • Эцэг эх хоёр өөр хаягтай бол эхийн хаягаар бүртгүүлнэ. Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд сургуулийн элсэлтийн ажлын хэсэг шийдвэрлэнэ. 
  • Сургуулийн ажлын хэсэг бүртгүүлсэн сурагчдыг нягтлан үзэж, 1-ээс дээш жил тухайн хаяг дээр оршин суусан тохиолдолд шууд бүртгэнэ.
  • Бүртгэлийн үед шилжилт хөдөлгөөн хийсэн бол харьяа сургуулийн захиргаанд хандан шаардлагатай тохиолдолд нягтлуулна.

Суралцагч эзэмшвэл зохих боловсролыг тогтоосон хугацаанаас өмнө эзэмшсэн бол сургуулийн захиргаанд хүсэлт гаргаж анги алгасан суралцаж болно.

Суралцагч нь дараах шаардлагыг хангасан тохиолдолд анги алгасан суралцаж болно.

  • Хот, аймаг, улс, олон улсын чанартай олимпиад, уралдаан, тэмцээнд оролцож, 1-3 дугаар байр эзэлсэн байх;
  • Алгасан суралцах ангийнхаа сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийн агуулгыг танхимын бус хэлбэрээр бие даан бүрэн эзэмшиж, жилийн эцсээр 100 хувьтай шалгагдсан байх;
  • Мэдлэг, чадварын түвшин тогтоох шалгалтаар бүх хичээлүүдийн үнэлгээ 100 хувьтай шалгагдсан байх.

Суралцагч нь тухайн жилийн 9 дүгээр сарын 10-ны дотор сургуулийн захиргаанд анги алгасан суралцах хүсэлт гаргана.

Сургуулийн захиргаа нь анги алгасан суралцахаар хүсэлт гаргасан суралцагчийн асуудлыг багш нарын зөвлөгөөний хурлаар хэлэлцэж, тэдний санал, дүгнэлтийг үндэслэн суралцагчийн судалгааг тухайн оны 9 дүгээр сарын 15-ны дотор аймаг, нийслэлийн Боловсролын асуудал хариуцсан нэгжид хүргүүлнэ.

Аймаг, нийслэлийн Боловсролын асуудал хариуцсан нэгж нь анги алгасан суралцах хүсэлтийг судлан үзээд мэдлэг, чадварын түвшин тогтоох шалгалт өгөх суралцагчийн нэрсийг гаргаж, 9 дүгээр сарын 25-ны дотор сургуулиудад хүргүүлнэ.

Суралцагчийн мэдлэг, чадварыг сургуулийн захиргааны шийдвэрээр томилогдсон шалгалтын комисс тогтоосон журмын дагуу үнэлж, дүгнэнэ.

Суралцагчаас алгасан суралцах ангийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдээр шалгалт авна.

Боловсролын асуудал хариуцсан нэгжийн даргын шийдвэрээр томилогдсон ажлын хэсэг жил бүрийн 5 дугаар сарын 10-ны дотор тухайн сургуультай хамтран суралцагчийн алгасан суралцсан ангийн хичээлүүдийн агуулгаар мэдлэг, чадварын түвшин тогтоох шалгалт авна.

Боловсролын асуудал хариуцсан нэгж нь шалгалтын дүн, сургуулийн захиргааны санал, дүгнэлтийг харгалзан суралцагчийг анги алгасуулан дэвшүүлэн суралцуулах асуудлаар эцэслэн шийдвэр гаргана.

Суралцагч нэг сургуулиас нөгөө сургуульд шилжсэн, шилжиж ирсэн тухай бүр хувийн хэргийн зохих хүснэгтэд сургалтын менежер тэмдэглэл хийж, захирал баталгаажуулах;

Суралцагч шилжиж ирсэн тухай мэдээг хүлээн авсан сургууль шилжүүлсэн сургуульд заавал өгнө. Энэ тухай мэдээ ирээгүй тохиолдолд тухайн суралцагчийг шилжүүлсэн сургуулиас завсардсанд тооцох;

Суралцагчийн шилжих өргөдөлд үндэслэн эцэг эх, асран хамгаалагч болон тэдний төлөөлөх хүнд хувийн хэргийг өгнө. Суралцагчийн хувийн хэргийг шилжиж очсон сургуульд хүлээлгэн өгнө.

Тухайн жилийн элсэлтийн бүртгэл зарлагдсан хугацаанд сургууль бүр элсэлтийн үед ажлын хэсгийн 4-5 гишүүнийг ажиллуулж, иргэдэд хүндрэл чирэгдэл үүсгэхгүй бүртгэнэ.

Сургууль хамран сургах тойргийнхоо хүүхдийг бүрэн элсүүлэх бөгөөд анги танхим хүрэлцээтэй тохиолдолд нэмэлт элсэлт зохион байгуулахдаа хяналтын тоог дүүргийн Боловсролын хэлтсээр уламжлан, Нийслэлийн Боловсролын газартай зөвшилцөж тогтооно.

Нэмэлт элсэлтийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээс гадна сургуулийн орчинд илт тод нээлттэй зарлаж, элсэлтийг шударга, оновчтой арга хэлбэрээр зохион байгуулна.

Сургуулийн ажлын хэсэг элсэлтийн талаар мэдээг бүртгэл дууссан өдрийн дараагийн өдөр дүүргийн Боловсролын хэлтэст хүргүүлнэ.

Дүүргийн Боловсролын хэлтэс уг мэдээг нэгтгэн Нийслэлийн Боловсролын газарт ажлын 3 хоногийн дотор хүргүүлнэ.

Нийслэлийн Боловсролын газар элсэгчдийн нэгдсэн мэдээг бүртгэл дууссанаас 14 хоногийн дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ.

Тухайн үйлчилгээтэй холбоотой өргөдөл, гомдлыг иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу холбогдох албан тушаалтан, байгууллага, дээд шатны байгууллагад гаргана.

Өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх хугацаа 30 хоног байна. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгаж болох ба гомдол гаргагчид энэ тухай мэдэгдэнэ.

Суралцагчийн эрх, үүрэг: Суралцагч дараахь эрхтэй:

  • Суралцах нөхцөл бололцоогоор хангуулах;
  • Сургалтын төлөвлөгөөнд заавал судлахаар тусгаагүй хичээлээс сонгон судлах;
  • Сургууль, багшийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар санал гаргах, шүүмжлэх, шаардлага тавих;
  • Суралцах хугацаа, хэлбэрийн талаар санал тавьж шийдвэрлүүлэх;
  • Хууль тогтоомжид заасны дагуу тусламж авах, хөнгөлөлт эдлэх;
  • Гэрээнд өөрөөр заагаагүй бол сургууль төгсөгч эзэмшсэн буюу сонирхсон мэргэжлийн дагуу эрхлэх ажлаа хөдөлмөрийн зах зээл дээр чөлөөтэй сонгох;
  • Сургалтын төлбөр, хандивын зарцуулалт, ашиглалтын талаар мэдээлэл авах, хяналт тавих;
  • Уламжлалт соёл, зан заншлыг өвлөх, сургуулийн орчинд төрөлх хэлээрээ харилцах.

Суралцагч дараахь үүрэгтэй:

  • Сургалтын хөтөлбөрийн агуулгыг хугацаанд нь бүрэн эзэмших;
  • Багшаас тавьсан шаардлага, өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх;
  • Бие дааж суралцах арга барилыг эзэмших;
  • Багш, шавийн харилцааг хүндэтгэн дээдлэх;
  • Сургуулийн дотоод журмыг хүндэтгэн сахих.

Эцэг, эх, асран хамгаалагчийн эрх, үүрэг: Эцэг, эх, асран хамгаалагч дараахь эрхтэй:

  • Хүүхдээ аль сургуульд, ямар хэлбэрээр суралцуулахыг зохих журмын дагуу сонгох;
  • Боловсролын сургалтын байгууллага, багшийн үйл ажиллагаатай холбогдсон санал, хүсэлт гаргах;
  • Хүүхдийнхээ мэдлэг, чадвар, авьяас, бие, сэтгэцийн талаар сургууль, багшаас гаргасан тодорхойлолттой танилцах.

Эцэг, эх, асран хамгаалагч дараахь үүрэгтэй:

  • Хүүхдийн авьяас, чадварыг бага наснаас нь дэмжин хөгжүүлэх, боловсрол эзэмшихэд нь шаардагдах нөхцөлийг бүрдүүлэх, багштай хамтран ажиллах, мэргэжлээ сонгоход нь хүүхэддээ туслах;
  • Сургалтын хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдуулан сургууль, багшаас тавьсан шаардлагыг биелүүлэх;
  • Хүүхэддээ 16 хүртэл насанд нь суурь боловсрол заавал эзэмшүүлэх, суралцах хүсэл, сонирхлыг нь хааж боогдуулахгүй байх;
  • Хүүхдийг гэр бүлийн орчинд сургах арга барил эзэмших;
  • Боловсрол эзэмшихэд нь хүүхэддээ байнгын дэмжлэг, туслалцаа үзүүлэх, урамшуулан дэмжих;
  • Хүүхдийнхээ суралцах, төлөвших, авьяасыг хөгжүүлэх сургалт, үйл ажиллагааны үйл явц, үр дүнтэй танилцах.

Хүүхдийнхээ суралцах, төлөвших, авьяас, чадварыг хөгжүүлэх асуудлаар боловсролын сургалтын байгууллагатай гэрээ байгуулан хамтран ажиллаж болно.

Асуулт 1. Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл хэзээ явагддаг вэ?

Элсэлтийн бүртгэлийн хугацаа жил бүр өөр өөр зарлагддаг. 2019 оны хувьд 5 дугаар сарын 13-ны өдрөөс 5 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх хугацаанд бүртгэсэн.

Асуулт 2. 1 дүгээр ангийн элсэлтийн бүртгэлд бүртгүүлэхэд ямар бичиг баримт бүрдүүлдэг вэ?

  • Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
  • Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим иргэний үнэмлэхний эх хувь болон хуулбар
  • 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг
  • Хэрвээ шилжилт хөдөлгөөн хийсэн бол холбогдох материал
  • Шаардлагатай тохиолдолд Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа болон бусад нэмэлт материалыг үзнэ.

Асуулт 3. ЕБС-ийн 1 дүгээр ангид 5 настай хүүхдийг бүртгэдэг үү?

Нийслэлийн Боловсролын газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн А/45 тоот тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан Элсэлт зохион байгуулах ажлын хэсгийн  удирдамжид зааснаар зөвхөн 2013 оны 01 сарын 01-ны өдрөөс 12 сарын 31-ны өдрийн хооронд төрсөн хүүхдийг бүртгэнэ гэж заасан.

Асуулт 4. ЕБС-д бүртгүүлэхэд ямар нэг хураамж төлдөг үү?

Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр шууд бүртгэж, элсүүлэх бөгөөд  элсэгчдээс бусад төлбөр элсэлтийн хураамж авахгүй.

Асуулт 5: Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчид сурах бичгийг төлбөртэй ашигладаг уу?

Бага ангийн сурагчид сурах бичгийг үнэ төлбөргүй ашигладаг.

Агуулга анх оруулсан: 2019-11-28 Шинэчилсэн: 2018-11-28

Мэдээ мэдээлэл