Татварын харилцаа Аж ахуй нэгжийн орлогын албан татвар

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгч гэж тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл тийм орлогогүй ч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий аж ахуйн нэгж байна.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгч гэж тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл тийм орлогогүй ч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий аж ахуйн нэгж байна гэж заасны дагуу уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар дараах аж ахуйн нэгжийн орлогод албан татвар ногдуулна:

  • Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгж, тэдгээрийн салбар, төлөөлөгчийн газар;
  • удирдах байгууллага нь Монгол Улсад байрладаг гадаадын аж ахуйн нэгж;
  • Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олсон гадаадын аж ахуйн нэгж, тэдгээрийн төлөөний газар;

Албан татвар ногдох орлого

  • Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан аж ахуйн нэгж болон удирдах байгууллага нь Монгол Улсад байрладаг гадаадын аж ахуйн нэгж тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого, гадаад улсад олсон орлогод
  • төлөөний газраараа дамжуулан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, мөн бусад хэлбэрээр Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлого олсон гадаадын аж ахуйн нэгж. тухайн татварын жилд Монгол Улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол Улсаас эх үүсвэртэй орлогод албан татвар ногдоно.

Албан татвар төлөгчийн дараах төрлийн орлогод албан татвар ногдоно:

  1. үйл ажиллагааны орлого;
  2. хөрөнгийн орлого;
  3. хөрөнгө борлуулсны орлого;

Албан татвар ногдох орлогын дүнг тодорхойлохдоо албан татвараас чөлөөлөгдсөн орлогыг хасч тооцно.

Бараа, ажил, үйлчилгээ солилцсон тохиолдолд албан татвар ногдох орлогыг тодорхойлохдоо харилцан хамааралгүй этгээдүүдийн хооронд хийгдсэн ижил төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнийг жишиг болгоно. /Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль 7 дугаар зүйл/

Гадаад валютаар олсон орлого, гарсан зардлыг төгрөгт шилжүүлэхдээ Монгол банкнаас тогтоосон тухайн өдрийн ханшийг үндэслэнэ.

1. Үйл ажиллагааны орлогод ногдох албан татвар:

  • үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого;
  • эрх борлуулсны орлого
    • эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эсхүл эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад шилжүүлснээс олсон орлого,
    • хуулийн этгээд, түүний эцсийн эзэмшигч хувьцаа, хувь оролцоогоо бусдад шилжүүлэх замаар газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар олсон орлого
  • хувьцаа, үнэт цаас борлуулсны орлого;
  • төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлого;
  • эротик хэвлэл, ном зохиол, дүрс бичлэг худалдсан буюу төлбөртэй ашиглуулсан, эсхүл эротик тоглолт явуулсан үйлчилгээний орлого;
  • үнэ төлбөргүйгээр бусдаас авсан бараа, ажил, үйлчилгээний орлого;
  • биет бус хөрөнгө борлуулсны орлого
    • эдийн бус хөрөнгийг өмчлөх эрхээ бусдад хуульд заасан хэлбэрээр төлбөртэй шилжүүлснээс олсон орлого /биет бус хөрөнгө” гэж биет шинж чанаргүй, харьцангуй урт хугацаанд ашиглагддаг, өөрийнхөө эзэмшигчид эрх, давуу эрх, онцгой эрх олгож байгаа эдийн бус хөрөнгө/
  • техникийн, удирдлагын, зөвлөх болон бусад үйлчилгээний орлого;
  • гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээдээс авсан хүү, анз /торгууль, алданги/, хохирлын нөхөн төлбөрийн орлого;
  • гадаад валютын ханшны зөрүүгийн бодит орлого; /Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйл/

2. Хөрөнгийн орлогод ногдох албан татвар:

  • хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн орлого;
  • эрхийн шимтгэлийн орлого
    • Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд заасны дагуу зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийг ашигласны төлбөр;
    • Патентын тухай хуульд заасны дагуу шинэ бүтээл, бүтээгдэхүүний болон ашигтай загвар ашигласны төлбөр;
    • Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасны дагуу барааны тэмдэг ашигласны төлбөр;
    • Технологи дамжуулах тухай хуульд заасны дагуу технологи дамжуулсны төлбөр;
    • үйлдвэр, худалдааны талаарх болон шинжлэх ухааны туршилттай холбогдсон мэдээллийг ашигласны төлбөр
    • Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд заасны дагуу зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийг ашигласны төлбөр болон үйлдвэр, худалдааны талаарх болон шинжлэх ухааны туршилттай холбогдсон мэдээллийг ашигласны төлбөртэй адилтгах бусад эрх ашигласны төлбөр
  • Ногдол ашгийн орлого /хувь нийлүүлсэн аж ахуйн нэгжээс ашиг хуваах, хувь хүртэх хэлбэрээр авсан мөнгөн болон мөнгөн бус орлого, түүний хүү/
  • хүүгийн орлого /зээлийн хүү, харилцах дансны үлдэгдлийн хүү, мөнгөн хадгаламжийн хүү, батлан даалт гаргасны төлбөр, өрийн бичиг/бонд/-ийн хүү зэрэг мөнгө ашиглуулсан болон ашиглуулах зориулалтаар хийгдсэн гүйлгээний үр дүнд албан татвар төлөгчид төлсөн төлбөр, үзүүлсэн хөнгөлөлт, урамшуулал/ /Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 9 дугаар зүйл/

3. Хөрөнгө борлуулсны орлогод ногдох албан татвар:

  • үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого;
  • хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого; /Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйл/

Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал

Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно:

  • түүхий эд, үндсэн болон туслах материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, уур, ус, эрчим хүч, түлш, шатахуун, сэлбэг хэрэгсэл, сав, баглаа боодлын зэрэг бүх төрлийн материалын зардал;
  • нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар ногдуулан төлсөн цалин, хөдөлмөрийн үндсэн ба нэмэгдэл хөлс;
  • эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл;
  • ажиллагчдад олгосон шагнал, урамшуулал, байр, орон сууцны хөлс болон унаа, хоол, түлшний үнийн хөнгөлөлт;
  • үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэл;
  • урсгал засварын зардал;
  • зээлийн хүү;
  • гадаад валютын ханшийн зөрүүгийн бодит алдагдал;
  • бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлс;
  • түрээсийн төлбөр;
  • санхүүгийн түрээсийн төлбөрийн хүү;
  • мэргэжлийн сонин, сэтгүүлийн захиалга;
  • албан журмын болон сайн дурын даатгалын хураамж; /албан татвар ногдох орлогоос хасч тооцох сайн дурын даатгалын хураамжийн нийлбэр дүн нь тухайн аж ахуйн нэгжийн албан татвар ногдуулах орлогын 15 хувиас хэтрэхээргүй байна./
  • төсөвт төлөхөөр тайлагнасан онцгой, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, үндсэн хөрөнгөөс бусад импортын бараа, материал, түүхий эдийн гаалийн албан татвар, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, газар, байгалийн нөөц ашигласны төлбөр, хураамж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр;
  • хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хоршооны зээлийн эрсдэлийн санд, бусад үйл ажиллагаа эрхэлдэг хоршооны болзошгүй алдагдлын нөөц санд төвлөрүүлсэн хөрөнгө;
  • банк, банк бус санхүүгийн байгууллагын зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санд төвлөрүүлсэн хөрөнгө; /албан татвар ногдох орлогоос хасч тооцох зардалд банк, банк бус санхүүгийн байгууллагын хэвийн зээлийн үлдэгдэлд байгуулсан санд төвлөрүүлсэн хөрөнгө үл хамаарна./
  • зар сурталчилгааны зардал;
  • мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчдын үйлдвэрлэл дээрх дадлага хийлгэхтэй холбогдон гарсан зардал.
  • албан томилолтын зардал; /албан татвар ногдох орлогоос хасч тооцох зардлыг гүйцэтгэлээр тооцох бөгөөд хэмжээ нь төрийн албан хаагчдын албан томилолтын зардлыг 2 дахин нэмэгдүүлснээс хэтрэхээргүй байна./
  • үр бордоо, мал, амьтны тэжээл, эм тарилга, ургамал хамгааллын арга хэмжээнд зарцуулсан зардал;
  • тээврийн зардал;
  • бага үнэтэй, түргэн элэгдэх зүйлийн зардал;
  • хөдөлмөр хамгааллын зардал;
  • холбоо, бичиг хэрэг, цэвэрлэгээ, харуул хамгаалалтын зардал;
  • гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгахад гарсан зардал; /хохирлын хэмжээг холбогдох байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтооно./
  • бараа, материалын хэвийн хорогдол; / хорогдлын хэмжээг Засгийн газар батална./
  • байгаль орчныг нөхөн сэргээх зорилгоор төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгө;
  • мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн сургалтын орчныг бүрдүүлэх, дадлагын газрыг тоног төхөөрөмжөөр хангах, дадлагын байрыг засварласан зардал;
  • багш нарыг дадлагажуулсан зардал;
  • өөрийн захиалгаар мэргэжилтэн бэлтгүүлэх зорилгоор мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад үзүүлсэн санхүүгийн дэмжлэг;
  • Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих санд болон хог хаягдлын боловсрол, сургалтыг дэмжихэд оруулсан хандив, хөрөнгө.
  • хувьцаа бусад үнэт цаас худалдан авсан үнэ, түүний худалдан авахад төлсөн баримтаар нотлогдож байгаа шимтгэл;
  • үйлдвэрлэл, технологийн паркийн эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах шугам сүлжээ, цэвэр усан хангамж, бохир усны шугам, цэвэрлэх байгууламж, авто зам, төмөр зам, харилцаа холбооны дэд бүтэц бий болгоход оруулсан хөрөнгө.
  • тусгай зориулалтын компани болон орон сууцны санхүүжилтийн компаниас хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас эзэмшигчид шилжүүлсэн үнэт цаасны төлбөр болон хүүгийн төлбөр.
  • нийслэлийн агаарын бохирдлыг болон хог хаягдлыг бууруулах зорилгоор өгсөн хандив.
  • спортын холбоо, спортын клубийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор аж ахуйн нэгжээс тухайн татварын жилд хандивласан 10 сая хүртэлх төгрөгтэй тэнцэх хэмжээний хандив, хөрөнгө.

Албан татвар ногдох орлогоос хасч тооцох зардал нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд үлдэгдэл өртгийн 2 хувь, бусад хөрөнгийн хувьд үлдэгдэл өртгийн 5 хувиас хэтрэхээргүй байх бөгөөд үүнээс хэтэрсэн урсгал засварын зардлыг их засварын зардалд тооцно.

  • татвар ногдох орлогоос үл хасагдах зардал:
  • санхүүгийн түрээсийн төлбөр;
  • албан татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаатай холбогдон төлсөн торгууль, алданги, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн төлбөр.

Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших болон шилжүүлэн авахтай холбогдон гарсан зардлыг тухайн тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд жил тутам ижил хэмжээгээр үйлдвэрлэлийн зардалд оруулан шимтгэлийн сан байгуулна. /Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйл/

Албан татвар ногдох орлогоос хасч тооцогдохгүй зардал:

  • албан татвараас чөлөөлөгдөх орлого олоход гарсан зардал;
  • албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал;
  • суутган тооцох шаардлагатай боловч албан татвар суутгаагүй төлбөр. /Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйл/

Албан татварын хувь, хэмжээ: Аж ахуй нэгжүүдэд дараах тохиолдлуудад 0-3,0 тэрбум төгрөгний албан татвар ногдуулах жилийн орлого олсон бол 10 хувиар, 3,0 тэрбум төгрөгнөөс дээш албан татвар ногдуулах жилийн орлого олсон бол 300,0 сая төгрөг дээр 3,0 тэрбум төгрөгнөөс дээш давсан орлогын дүнгийн 25 хувиар нэмж албан татвар ногдуулна. Үүнд :

а/ үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого;

  • үнэ төлбөргүйгээр бусдаас авсан бараа, ажил, үйлчилгээний орлого;
  • биет бус хөрөнгө борлуулсны орлого;
  • техникийн, удирдлагын, зөвлөх болон бусад үйлчилгээний орлого;
  • гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй этгээдээс авсан хүү, анз /торгууль, алданги/, хохирлын нөхөн төлбөрийн орлого;
  • гадаад валютын ханшны зөрүүгийн бодит орлого;
  • үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого болон  гадаад валютын ханшны зөрүүгийн бодит орлоготой адилтгах бусад орлого;
  • хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн орлого;
  • хүүгийн орлого;
  • Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал болон тогтворжуулах гэрчилгээ эзэмшигчийн тухайд уг гэрчилгээгээр тогтворжуулсан хувь, хэмжээнээс давсан хэсгийг хасч албан татвар ногдуулах орлого;
  • Хувьцаа бусад үнэт цаас борлуулсан тохиолдолд албан татвар ногдуулах орлого;
  • Хөдлөх эд хөрөнгө борлуулсан тохиолдолд албан татвар ногдуулах орлого;

б/ Албан татвар төлөгчийн дараах орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулна:

  • ногдол ашгийн орлогод 10 хувиар;
  • эрхийн шимтгэлийн орлогод 10 хувиар;
  • Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлогоос тодорхойлсон төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлогод 40 хувиар;

Аж ахуй нэгжийн орлогын албан татвар төлөгч аж ахуй нэгж татварын улсын байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг тухайн байцаагчийг шууд харьяалах татварын албаны даргад хандан гаргана. /Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйл 72.1.1 дэх хэсэг/

Албан татвар төлөх, тайлагнах

Аж ахуй нэгжийн орлогын албан татвар төлөгч нь:

а/ Албан татвар төлөгч нь нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар гаргасан улирал, жилийн татварын тайланг үндэслэн жилийн эхнээс өссөн дүнгээр орлого болон төлөх албан татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлнө.

б/ “Татварын жил “ гэдэгт орлого олж, холбогдох зардал гарсан хуанлийн жилийг ойлгоно.

в/ Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан хуваарийг үндэслэн харьяалах татварын алба тухайн татварын жилд төлөх албан татварын сар, улирлын хуваарийг албан татвар төлөгчид хүргүүлнэ.

г/ Албан татвар төлөгч “в”- д зааснаар хүргүүлсэн хуваарийн дагуу сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ.

д/ Ногдол ашгийн орлого, эрхийн шимтгэлийн орлого, төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлого, эрх борлуулсны орлого, гадаадын аж ахуйн нэгжийн төлөөний газар өөрт ногдох ашгаасаа гадаадад шилжүүлбэл шилжүүлсэн ашиг, Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон дараах орлогод ногдох албан татварыг суутгагч /“суутгагч” гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээд/ ногдуулан суутган авч, ажлын 7 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ.

е/ Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод ногдох албан татварыг суутгагч ногдуулан суутган авч, уг хөрөнгийг борлуулснаас хойш ажлын 10 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ.

Эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эсхүл эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад шилжүүлснээс олсон орлого болон хуулийн этгээд, түүний эцсийн эзэмшигч хувьцаа, хувь оролцоогоо бусдад шилжүүлэх замаар газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар олсон орлогыг:

  • тухайн эрх эзэмшигч, түүний эцсийн эзэмшигчийн шилжүүлсэн хувьцаа, хувь оролцооноос тухайн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцаанд ногдох хэмжээгээр тусгай зөвшөөрлийн үнэлгээнээс хувь тэнцүүлэн тооцож албан татвар ногдуулах орлого;
  • тухайн эрх эзэмшигч, түүний эцсийн эзэмшигчийн шилжүүлсэн хувьцаа, хувь оролцооноос тухайн газар эзэмших, ашиглах эрхтэй этгээдийн хувьцаанд ногдох хэмжээгээр газрын эрхийн үнэлгээнээс хувь тэнцүүлэн тооцож албан татвар ногдуулах орлого;
  • газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлсэн орлогод ногдуулах албан татварыг тухайн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, эсхүл газар эзэмших, ашиглах эрхтэй этгээд хэлцэл хийгдсэнээс хойш ажлын 7 хоногийн дотор ногдуулан суутган авч, төсөвт шилжүүлнэ.

ё/ “д, е”-д зааснаар суутгасан албан татварын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор улирал бүр өссөн дүнгээр, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор гаргаж, харьяалах татварын албанд тушаана.

Төр нь өмчдөө ногдох ашиг болон хувьцааны ногдол ашгийг бүрэн буюу хэсэгчлэн төсөвт дайчлах эрхтэй бөгөөд хэмжээг нь Засгийн газар тухай бүр тогтооно. /Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйл/

Хуулийн этгээд, иргэн таны гомдлыг Татварын албаны дарга хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ. Мөн саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгнө. /Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйл/

Татвар төлөгч та татварын алба болон татварын улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэхээс бусад асуудлаар гаргасан шийдвэрийн талаар татвар төлөгч нь захиргааны журмаар дараах харьяаллаар гомдол гаргах эрхтэй:

  • Татварын улсын байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг тухайн байцаагчийг шууд харьяалах татварын албаны даргад 
  • Татварын албаны шийдвэрийн талаарх гомдлыг түүний дээд шатны татварын албаны даргад
  • Татварын улсын байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг тухайн байцаагчийн шууд харьяалах татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлд
  • Маргаан таслах зөвлөлийн шийдвэртэй холбоотой маргааныг дээд шатны татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлд
  • Гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл татвар төлөгч нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй. /Татварын ерөнхий хууль 72 дугаар зүйл/

Асуулт 1. Албан татварын хувь хэмжээ ямар байдаг вэ?

Албан татварын хувь хэмжээ нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар дараах орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулна:

  • ногдол ашгийн орлогод 10 хувиар;
  • эрхийн шимтгэлийн орлогод 10 хувиар;
  • энэ хуулийн 16.6-д зааснаар тодорхойлсон төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлогод 40 хувиар;
  • эротик хэвлэл, ном зохиол, дүрс бичлэг худалдсан буюу төлбөртэй ашиглуулсан, түүнчлэн эротик тоглолт явуулсан үйлчилгээний орлогод 40 хувиар;
  • үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод 2 хувиар;
  • хүүгийн орлогод 10 хувиар;
  • эрх борлуулсны орлогод 30 хувиар;
  • гадаадын аж ахуйн нэгжийн төлөөний газар өөрт ногдох ашгаасаа гадаадад шилжүүлбэл шилжүүлсэн ашгийн 20 хувиар;
  • Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон дараах орлогод 20 хувиар:

а/ Монгол Улсад бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжээс авсан ногдол ашгийн орлого;

б/ хүүгийн болон батлан даалт гаргасны төлбөр;

в/ эрхийн шимтгэлийн орлого, санхүүгийн түрээсийн хүүгийн орлого, удирдлагын зардалд төлсөн төлбөр, түрээсийн төлбөр, биет болон биет бус хөрөнгө ашиглуулсны орлого;

г/ Монгол Улсын нутаг дэвсгэр дээр борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний орлого.

д/ Монгол Улсаас эх үүсвэртэйгээр шууд болон цахим хэлбэрээр гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний орлого.

  • Монгол Улсын арилжааны банкны гадаад, дотоодын хөрөнгийн биржид гаргасан бондыг худалдан авсан Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн бондын хүүгийн орлогод 10 хувиар.

Агуулга анх оруулсан: 2018-07-16 Шинэчилсэн: 2018-07-16

Мэдээ мэдээлэл