Оюуны өмч, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн харилцаа Бүтээгдэхүүний загварын патент авах

Бүтээгдэхүүний загварын патент авах

Бүтээгдэхүүний загвар зохиогч болон патент эзэмшигчийн өмчлөх эрхийг баталгаажуулах, бүтээгдэхүүний загварыг ашиглахтай холбогдсон харилцааг 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр батлагдсан Патентын тухай хуулиар зохицуулж байна.

 Бүтээгдэхүүний загвар: Патентын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасны дагуу “бүтээгдэхүүний загвар” гэж бүтээгдэхүүний гадаад хэлбэр, хийцэд хамаарах гоёл чимэглэл, өнгө, өнгөний хослол агуулсан, шинээр зохион бүтээсэн, өвөрмөц шийдлийг ойлгоно.

Патент: Патентын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасны дагуу “патент” гэж тухайн шийдэл нь шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар болохыг тодорхойлж, зохиогч нь тодорхой хугацаанд түүнийг өмчлөх онцгой эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч, төрийн эрх бүхий байгууллагаас олгож байгаа баримт бичгийг гэж ойлгоно.

Бүтээгдэхүүний загварт патент олгох шалгуур:

Патентын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу бүтээгдэхүүний загвар нь шинэ, гоёл чимэглэлийн болон өвөрмөц шинжтэй бол зохиогч, түүнээс эрх шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээдэд патент олгоно. Бүтээгдэхүүний загварыг хамгаалахад дараах шинж чанаруудыг харгалзан үзнэ:

  • бүтээгдэхүүний загварын шинж чанарууд нь мэдүүлгийн анхдагч огноо хүртэл нийтэд илэрхий болоогүй бол түүнийг “шинэ” гэж үзнэ;
  • бүтээгдэхүүний загварын шинж чанарууд нь оюуны бүтээлч шинжийг агуулж байвал түүнийг “өвөрмөц шинжтэй” гэж үзнэ;
  • бүтээгдэхүүний загварын шинж чанарт тухайн бүтээгдэхүүний гадаад шинжийн гоо зүйн болон зохицох онцлог шинж чанарыг хамааруулна.

Тухайн бүтээгдэхүүний загварт хамаарах шийдэл нь бүтээгдэхүүний үндсэн зориулалтад хамаарах бол патент олгохгүй бөгөөд дараах шийдлийг бүтээгдэхүүний загварт тооцохгүй. Үүнд:

  • төрийн сүлд, туг, далбаа, тамга, шагнал, одон тэмдэг болон гадаад орны төрийн далбаа, бэлгэ тэмдэг, олон улсын байгууллагын тэмдэг, бэлгэдэлтэй ижил, төсөөтэй загвар;
  • нийгмийн ашиг сонирхол, ёс суртахуунд харш бол;
  • бусад этгээдийн бизнесийн үйл ажиллагаанд хохирол учруулахаар бол.

Патентийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу бүтээгдэхүүний загварын мэдүүлгийг зохиогч, түүнээс эрх шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээд оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.

Бүтээгдэхүүний загвар бүрд тусдаа мэдүүлэг гаргах бөгөөд нэг зориулалттай, нэгдмэл байдлаар ашиглагдах шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварт нэг мэдүүлэг гаргаж болно.

Бүтээгдэхүүний загварын мэдүүлэгт дараах материалуудыг хавсаргана. Үүнд:

  • Өргөдөл (тогтсон загвар бүхий мэдүүлгийн маягт байдаг бөгөөд уг маягтыг Оюуны өмчийн газрын албан ёсны цахим хуудаснаас татан авч, компьютер дээр нөхөж, хэвлэнэ. http://www.burtgel.gov.mn/ipom/);
  • бүтээгдэхүүний загварын зураг;
  • тодорхойлолт;
  • шаардлагатай бол зураг, тодорхойлолтод холбогдох бусад материал;
  • Хүн амын хүнсний хангамж, эрүүл ахуйтай холбогдсон бүтээгдэхүүний загвар бол хүний эрүүл мэнд, биед хохирол учруулахгүйг нотолсон эрүүл ахуй, халдвар судлалын байгууллагын магадлагаа, тодорхойлолт;
  • үйлчилгээний хураамж төлсөн баримт;

Бүтээгдэхүүний загварын өргөдөлд бүтээгдэхүүний загвар зохиогч, мэдүүлэг гаргагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр, хаяг, патент авах хүсэлт, бүтээгдэхүүний загварын нэрийг тусгана.

Зохиогч бус этгээд мэдүүлэг гаргах бол патент авах эрхээ нотолсон баримтыг хавсаргана.

Мэдүүлэг гаргагч өргөдөлдөө үндэсний, бүсийн, олон улсын мэдүүлгийн огноог давамгайлах огноогоор тогтоолгох тухай хүсэлтээ илэрхийлж болох бөгөөд энэ тохиолдолд давамгайлах огноо хүсэж гаргасан мэдүүлгийн хуулбарыг хавсаргана. Давамгайлах огноо тогтоолгох хүсэлт гаргахад шинэ бүтээл, ашигтай загварын мэдүүлэгт олон улсын хайлт, урьдчилсан шүүлтийн дүгнэлтийг хавсаргана.

Мэдүүлэг гаргагч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлж болно. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх, үүргийг Иргэний хуульд заасан шаардлага хангасан итгэмжлэлээр тодорхойлно.

Мэдүүлгийг монгол хэлээр үйлдэх бөгөөд өөр хэлээр үйлдсэн тохиолдолд мэдүүлэг гаргагч оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад уг мэдүүлгийг ирүүлсэн өдрөөс хойш 2 сарын дотор монгол хэлнээ хөрвүүлж өгнө. Уг хугацаанд мэдүүлгийг хөрвүүлж өгөөгүй бол мэдүүлэг гаргаагүй гэж үзнэ.

Олон улсын нэг ангилалд хамаарах адил төстэй 50 хүртэл бүтээгдэхүүний загварыг нэг мэдүүлгээр мэдүүлж болно.

Мэдүүлэг гаргагч мэдүүлгийн талаар эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд мэдүүлгээ буцаан авч болно.

Мэдүүлгийг хянах:

Патентын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүтээгдэхүүний загварын мэдүүлэг хүлээн авсан өдрөөс хойш 2О хоногийн дотор түүний бүрдлийг хянаж, мэдүүлэг нь Патентын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн бөгөөд мэдүүлгийн бүрдэл хангасан гэж үзвэл анхдагч огноог мэдүүлэг хүлээн авсан өдрөөр тооцно.

Оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг Патентын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзвэл түүнд нэмэлт, засвар хийх шаардлагатайг мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ. Мэдүүлэг гаргагч уг мэдэгдлийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүлээн авсан өдрөөс хойш бүтээгдэхүүний загварын мэдүүлэгт 3 сарын дотор нэмэлт, засвар хийж ирүүлсэн тохиолдолд тухайн мэдүүлгийн анхдагч огноог мэдүүлгийг анх хүлээн авсан өдрөөр тооцно.

Мэдүүлэг гаргагч дээр дурдсан хугацааны дотор нэмэлт, засвар хийж ирүүлээгүй бол тухайн мэдүүлгийг гаргаагүй гэж үзнэ.

Мэдүүлэг гаргагч давамгайлах огнооны эрх хүсэж байгаа бол мэдүүлгийг бүртгэснээс хойш 2 сарын дотор энэ тухайгаа бичгээр мэдэгдэж, анхны мэдүүлгийн хуулбарыг ирүүлнэ. 

Бүтээгдэхүүний загварын мэдүүлэгт шүүлт хийх:

Патентын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу мэдүүлгийн анхдагч огноог тогтоосны дараа оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шинжээч тухайн бүтээгдэхүүний загвар Патентын тухай хуулийн хуулийн 4, 5 дугаар зүйлд заасан шалгуурыг хангасан эсэхэд мөн чанарын шүүлт хийнэ.

Шүүлт хийх явцад буюу эцсийн шийдвэр гарахаас өмнө мэдүүлэг гаргагч анхныхаа ирүүлсэн тодорхойлолтын агуулгын хүрээнээс халихгүйгээр, мэдүүлэгтээ нэмэлт, өөрчлөлт хийж болно. Нэмэлт, өөрчлөлт нь мэдүүлж байгаа шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын мөн чанарыг өөрчлөх бол шинээр мэдүүлэг гаргана. 

 

Шүүлт хийх явцад мэдүүлэг гаргагч анхныхаа ирүүлсэн тодорхойлолтын агуулгын хүрээнээс халихгүйгээр мэдүүлгээ 2 буюу түүнээс олон мэдүүлэг болгон салгах, эсхүл хамтаар ашиглагдах шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын хэд хэдэн мэдүүлгийг нэгтгэж болно.

Оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мэдүүлгийн анхдагч огнооноос хойш 9 сарын дотор шүүлтийн дүгнэлтийг үндэслэн патент олгох эсэх талаар шийдвэр гаргана. Шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн уг хугацааг 12 сар хүртэл хугацаагаар сунгаж болно.

Мэдүүлэг гаргагчийн хүсэлтээр шүүлт хийхийг хойшлуулж болох боловч шүүлт хийхийг хойшлуулах хугацаа нь патент олгох шийдвэр гаргах эцсийн хугацаагаар хязгаарлагдана.

Патент олгохоор шийдвэрлэсэн шинэ бүтээлийн ном зүй, томъёолол, бүтээгдэхүүний загварын зургийг патентын хэвлэлд нийтэлж зарлана.

Бүтээгдэхүүний загвар болох нь нотлогдоогүй, хамгаалах боломжгүй бол патент олгохоос татгалзсан шийдвэр гаргах бөгөөд шүүлтийн дүгнэлтийн хуулбарыг уг дүгнэлт гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор мэдүүлэг гаргагчид хүргүүлж, мэдүүлгийг патентын санд хадгална.

Бүтээгдэхүүний загварт патент олгох:

Патентын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасны дагуу Бүтээгдэхүүний загварын зургийг патентийн хэвлэлд нийтэлсэн өдрөөс хойш 3 сарын дотор оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад няцаасан нотолгоо ирээгүй, маргаан гараагүй бол патент олгоно.

Патентын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу бүтээгдэхүүний загварт патент авахтай холбогдсон гомдлыг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх маргаан шийдвэрлэх комисст гаргах бөгөөд комисс гомдлыг хүлээн авснаас хойш 6 сарын дотор хянан шийдвэрлэж, хариуг бичгээр мэдэгдэнэ.

Маргаан шийдвэрлэх комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргах эрхтэй.

Монгол Улсын Шадар сайдын 2013 оны 14 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан  Маргаан шийдвэрлэх комиссны ажиллах журам-д заасны дагуу гомдлыг Комисст бичгээр гаргах бөгөөд гомдол гаргагч, эсвэл түүнийг маргаан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж буй этгээд гарын үсгээ зурсан байна.

Гомдолд дараах мэдээллийг заавал тусгана. Үүнд:

  • Гомдол, гаргагчийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар;
  • Гомдлыг холбогдуулан гаргаж буй этгээдийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар;
  • Гомдлын үндэслэл, түүнийг нотлох баримт;
  • Хавсаргасан баримт бичгийн жагсаалт;

Гомдолд үйлчилгээний хураамж төлсөн баримтыг хавсаргана.

Зөвлөгөө №1:

Хэрэв та бүтээгдэхүүний загварын патент авсан бол тухайн бүтээлээ анхдагч огнооноос хойш 10 жилийн хугацаанд ашиглах бүх л боломжтой аргуудыг судалж, ашиглан үр шимийг нь хүртэх хэрэгтэй. Учир нь 10 жилийн хугацаа дуусгавар болоход тухайн бүтээгдэхүүний загварыг шинэ гэх үндсэн шинж чанар нь алдагдсан гэж үзэж, тухайн бүтээлд дахин патент олгохгүй. Харин цаашид үргэлжлүүлэн патентгүйгээр ашиглах боломжтой.

Зөвлөгөө №2:

Хэрэв та албан үүргээ гүйцэтгэх буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцдаа бүтээгдэхүүний загвар бүтээсэн бол уг бүтээлд патент авах эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил олгогч эдэлдэг болохыг анхаараарай. Тиймээс гэрээнд өөрт ашигтай нөхцөлүүдийг тусгуулах боломжтой.

Ажил олгогч бүтээгдэхүүний загварыг бүтээснээс хойш 6 сарын дотор мэдүүлэг гаргаагүй бол зохиогч нь мэдүүлэг гаргах эрх эдэлнэ. Энэ тохиолдолд зохиогч патент авсан бол ажил олгогч тухайн бүтээлийг ашиглахдаа патент эзэмшигчид гэрээний үндсэн дээр зохих төлбөр төлнө.

Зөвлөгөө №3:

Патентын тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу Хуулийн этгээд бүтээгдэхүүний загварыг ашигласнаас олсон ашиг, оюуны бүтээлийн өртгийг тооцсон үнэлгээг санхүүгийн тайлан тэнцэлд тусгаж, үйлдвэрлэлийн нууцыг нь хадгалах үүрэгтэй байдаг.  Мөн оюуны бүтээлийн өртгийг тооцсон үнэлгээг хөрөнгийн баталгаа, барьцаа, хөрөнгө оруулалт, хувьцаа гаргах, хувьчлал болон дуудлагын худалдаанд оруулах, дүрмийн сан бүрдүүлэх, даатгалд хамруулах зэрэгт хэрэглэж болно.

Асуулт 1:

Бүтээгдэхүүний загварын зохиогч ямар эрхүүдийг эдлэх вэ?

Хариулт 1:

Патентын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу бүтээгдэхүүний загварын зохиогч дараах эрхийг эдэлнэ. Үүнд:

  • бүтээгдэхүүний загварыг өмчлөх;
  • патент авах эрхээ бусад этгээдэд шилжүүлэх;
  • бүтээгдэхүүний загвартаа нэр өгөх;
  • бүтээгдэхүүний загварын технологийн баримт бичиг боловсруулах, тэдгээрийг турших, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажилд оролцож, хяналт тавих, оюуны бүтээлээ үнэлэх;
  • бүтээгдэхүүний загварыг ашиглаж олсон бусад этгээдийн орлогоос зохих хэмжээний төлбөр авах.

Бүтээгдэхүүний загварыг хамтран бүтээсэн зохиогчид дээрх эрхүүдийг хамтран эдлэнэ. Харин бүтээгдэхүүний загварын мэдүүлэг болон техникийн баримт бичиг бүрдүүлэх, санхүүжүүлэх, туршилт хийх зэргээр туслалцаа үзүүлсэн этгээдийг хамтран зохиогч гэж тооцохгүй.

Хамтран зохиогчид гэрээнд өөрөөр заагаагүй бол мэдүүлэг гаргах, патент авах, бүтээлээ ашиглуулах, бусад этгээдэд худалдах, шилжүүлэх, үнэлэх болон шинэ бүтээлтэй холбоотой харилцаанд тэгш эрх эдлэх бөгөөд хэн нэг нь бусад хамтран зохиогчийн зөвшөөрөлгүйгээр аливаа эрх эдлэхгүй.

Асуулт 2:

Зохиогч бүтээгдэхүүний загварын патентыг бусдад шилжүүлж болох уу?

Хариулт 2:

Патентын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу патент эзэмшигч нь аливаа этээдэд лицензийн гэрээ байгуулж бүтээгдэхүүний загварыг ашиглуулж болно. Лицензийн гэрээгээр патент эзэмшигч нь хамгаалагдсан бүтээлийг ашиглах зөвшөөрлийг бүтээл ашиглагчид олгох, бүтээл ашиглагч гэрээгээр тогтоосон төлбөр төлөх болон гэрээгээр тодорхойлсон бусад үүрэг хүлээнэ.

Лицензийн гэрээнд дараахь зүйлийг тусгана. Үүнд:

  • бүтээгдэхүүний загварыг ашиглах арга, хэлбэр, хэмжээ, хүрээ, хугацаа;
  • гэрээний талуудын эрх, үүрэг;
  • бүтээгдэхүүний загварыг ашигласны төлбөрийн хэмжээ, түүнийг олгох журам;
  • гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлага;
  • маргаан шийдвэрлэх журам.

Онцгой лиценз өгөх тохиолдолд лиценз өгөгч нь лиценз авагчид бүтээгдэхүүний загварыг ашиглах онцгой эрхийг мөн лицензийн гэрээний дагуу олгоно.

Энгийн лиценз өгөх тохиолдолд лиценз өгөгч нь бүтээгдэхүүний загварыг лиценз авагчид ашиглуулахаар өгөх, патентаар олгогдсон эрхээ гуравдагч этгээдэд нэгэн зэрэг ашиглуулах эрхтэй байна. 

Дээр дурдсаны дагуу байгуулж буй аливаа лицензийн гэрээг бичгээр үйлдэх бөгөөд оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох бөгөөд ийнхүү бүртгүүлээгүй тохиолдолд хүчин төгөлдөр бус байна.

Патент эзэмшигч өөрийн бүтээлээ сонирхогч этгээдэд ашиглуулах лиценз олгох тухай хүсэлтээ оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргаж болно.

Лицензийн гэрээг шударга өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлтэйгээр байгуулахыг хориглоно.

Асуулт 3:

Патент эзэмших хугацаанд ямар нэг төлбөр төлөх үү?

Хариулт 3:

Патентын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу патентийг хүчинтэй байлгах хураамжийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан хэмжээ, хугацаагаар төлнө.

Патентийг хүчинтэй байлгах эхний З жилийн хураамжийг патент олгох шийдвэр гарсан өдрөөс хойш 6 сарын дотор, дараахь хугацааны хураамжийг тухайн хугацаа эхлэхээс 6 сарын өмнө тус тус төлнө.

Патент эзэмшигч патентийг хүчинтэй байлгах хураамжийг Патентийн тухай хуульд заасан хугацаанд төлөөгүй бол оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тухайн хугацаа өнгөрснөөс хойш 6 сарын хөнгөлөлтийн хугацааг тогтоож болох бөгөөд энэ тохиолдолд тухайн хугацааны хураамжтай тэнцэх хэмжээний төлбөр нэмж төлнө.

Патентийг хүчинтэй байлгах сонирхол бүхий этгээд патент эзэмшигчийн зөвшөөрлөөр патентийн хураамжийг төлж болно.

Асуулт 4:

Бүтээгдэхүүний загварын патентийн хугацаа ямар байдаг вэ?

Хариулт 4:

Патентийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу анхдагч огнооноос эхлэн бүтээгдэхүүний загварын патент 1О жилийн хугацаанд хүчинтэй байна.

Асуулт 5:

Бүтээгдэхүүний загварын патентийг ямар тохиолдолд хүчингүй болгох вэ?

Хариулт 5:

Патентын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Патентын хуулийг зөрчиж патент олгосон байвал маргаан шийдвэрлэх комисс, шүүх патентыг хүчингүй болгоно.

Патент эзэмшихээс болон патентийн хураамж төлөхөөс татгалзсан, патентыг хүчинтэй байлгах хураамжийг Патентын тухай хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага патентийг хүчингүй болгоно.

Патентыг хүчингүй болгох тухай хүсэлтийг патент хүчинтэй байх хугацаанд гаргана.

Патентын хураамжийг төлөөгүй шалтгаанаар патентийг хүчингүйд тооцсон нөхцөлд патент хүчинтэй байх нийт хугацааны дотор патент эзэмшигчийн хүсэлтээр патентыг сэргээж болно.

Асуулт 7:

Патентын эрх зөрчигдвөл ямар замаар сэргээлгэх вэ?

Хариулт 7:

Хэрэв таны патентаар хамгаалагдсан бүтээлийг хууль бусаар ашиглаж танд хохирол учруулсан, болон лицензий гэрээний дагуу бүтээл ашигласны төлбөр гаргуулахаар маргах тохиолдолд та та тухайн маргааныг зөрчил гаргасан этгээдийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтой.

Агуулга анх оруулсан: 2018-06-18 Шинэчилсэн: 2018-06-18

Мэдээ мэдээлэл