Татварын харилцаа Нэмэгдсэн өртгийн албан татвар

Нэмэгдсэн өртгийн албан татвар

“Албан татвар төлөгч” гэж бараа, ажил, үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй зөвхөн өөртөө хэрэглэх зориулалтаар худалдан авч буй хувь хүнийг хэлнэ.

Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш /тухайн этгээдийн хөрөнгөөр бүртгэлтэй байсан үндсэн хөрөнгийн борлуулалт хамаарахгүй/ төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна:

- Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн;

- бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан;

- бараа, ажил, үйлчилгээг экспортод гаргасан; /Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйл/

Албан татвар төлөгчид дор дурдсан шалгуурыг хангасан тухайн жилийн худалдан авалтаар төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгоно.

Шалгуурууд:

  • Албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх
  • Худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх
  • Албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх
  • Бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх

Албан татвар ногдох бараа үйлчилгээ:

- Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ;

- Гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ;

- Монгол Улсаас экспортод гаргасан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ;

- эрх борлуулах;

-албан татвар суутган төлөгч нь албан татвар суутган төлөгчийн бүртгэлээс хасагдсан, татан буугдах үед хувьцаа эзэмшигч, хувь нийлүүлэгч болон албан татвар суутган төлөгч өөртөө бараа үлдээх;

- нотариатын үйлчилгээ;

- өрийн төлбөрийг бараа шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх замаар хаах;

- оршин суугч бус этгээдийн оршин суугч этгээдэд борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ;

- цахилгаан, дулаан, хий, ус хангамж, ариутгах татуурга, шуудан, харилцаа холбооны болон бусад үйлчилгээ үзүүлэх;

- бараа түрээслүүлэх, бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах;

- зочид буудал буюу түүнтэй адилтгах байранд байр түрээслүүлэх, бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах;

- үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө түрээслүүлэх, бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах;

- шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар, зохиогчийн эрхэд хамаарах бүтээл, программ хангамж, барааны тэмдэг, ноу-хау, хөрөнгийн мэдээллийг шилжүүлэх, түрээслүүлэх, худалдах;

- эд мөнгөний хонжворт сугалаа гаргах, төлбөрт таавар, бооцоот тоглоом тоглуулах үйлчилгээ үзүүлэх;

- зуучлал /зуучлах, зуучлах онцгой эрх, худалдааны төлөөлөл, комисс болон тэдгээртэй адилтгах бусад/-ын үйлчилгээ үзүүлэх;

- бусдын буруутай үйл ажиллагааны улмаас хүү, торгууль, алданги авах;

- хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ;

- төрөөс олгож байгаа төсвийн санхүүжилт, татаас, урамшуулал;

- шаардах эрхийг худалдан авах замаар санхүүжилт хийх /факторинг, форфайтинг зэрэг тэдгээртэй адилтгах хэлцэл/;

- өмгөөлөл, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ;

- үсчин, гоо сайхан, засвар үйлчилгээ, угаалга, хими цэвэрлэгээ зэрэг албан татвараас чөлөөлөгдөхөөс бусад бүх төрлийн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар төлнө. /Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйл/

Албан татварын хувь

а/ Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ болон гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна.

б/ Монгол Улсаас экспортод гаргасан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд ногдуулах албан татварын хувь тэг /"0"/-тэй тэнцүү байна.

- Монгол Улсын нутаг дэвсгэрээс экспортод гаргасан, гаалийн байгууллагад мэдүүлсэн бараа;

- Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улс хүртэл, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ;

- Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна үзүүлсэн /албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/ үйлчилгээ;

- Монгол Улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ /түүний дотор албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/;

- олон улсын нислэг үйлдэж байгаа дотоодын болон гадаадын агаарын тээврийн хөлөгт үзүүлэх нислэгийн хөдөлгөөний удирдлага, техникийн болон шатахууны үйлчилгээ, цэвэрлэгээ, нислэгийн явцад нисэх бүрэлдэхүүн, зорчигчдод худалдаа, хоол, ундаагаар үйлчилсэн үйлчилгээ;

- Засгийн газар, Монголбанкны захиалгаар дотоодод үйлдвэрлэсэн төрийн одон медаль, мөнгөн тэмдэгт, зоос;

- ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүн. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйл/

в/ Импортоор оруулсан, эсхүл үйлдвэрлэн борлуулсан автобензин, дизелийн түлшний албан татвар тооцох үнэлгээнд 0-10 хувиар ногдуулна. /Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйл/

Албан татвараас чөлөөлөгдөх бараа

- гаалийн байгууллагаас баталсан, зорчигчдод татваргүй нэвтрүүлэхийг зөвшөөрсөн хэмжээ бүхий биедээ авч яваа хувийн хэрэглээний бараа;

- Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг гадаадын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Нэгдсэн үндэсний байгууллага, түүний төрөлжсөн салбарын хэрэгцээнд зориулан импортоор оруулсан бараа;

- гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, хөнгөлөлттэй зээлээр авсан бараа;

- хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэглээнд зориулсан тусгай зориулалтын хэрэгсэл, тоног төхөөрөмж, автотээврийн хэрэгсэл;

- зэвсэгт хүчин, цагдаа, улсын аюулгүй байдлыг хангах, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын хэрэгцээнд зориулан импортоор оруулж байгаа зэвсэг, тусгай техник хэрэгсэл;

- агаарын зорчигч тээврийн хөлөг, түүний сэлбэг;

- орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа байр буюу түүний хэсгийг борлуулсны орлого;

- эмчилгээний зориулалтаар хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүн, эд эрхтэн;

- хийн түлш, түүний сав, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын машин механизм, техник хэрэгсэл, тоноглол;

- гадаад улсад захиалгаар хийлгэсэн Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгт;

- борлуулсан алт;

- эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршилтын бүтээгдэхүүн;

- ашигт малтмалын эцсийн бүтээгдэхүүнээс  бусад экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүн;

- банк, банк бус санхүүгийн байгууллага болон бусад хуулийн этгээдээс банк, тусгай зориулалтын компани, орон сууцны санхүүжилтийн компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах зориулалтаар шилжүүлсэн зээл, санхүүгийн түрээсийн гэрээнээс үүсэх аливаа шаардах эрх;

- газар тариалан эрхлэгчийн дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, суулгац, жимс жимсгэнэ, үйлдвэрлэсэн гурил;

- Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүн;

- Монгол Улсын нутаг дэвсгэрт дотоодын түүхий эдээр боловсруулан дотооддоо борлуулсан хүнсний сүү, сүүн бүтээгдэхүүн;

- Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн, үйлдвэрлэн борлуулсан жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл;

- инновацийн төслөөр дотоод, гадаадын зах зээлд шинэ бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай, дотоодод үйлдвэрлэдэггүй түүхий эд, материал, урвалж бодис;

- импортоор оруулж байгаа бөөрөнхий мод, гуалин, зүсмэл материал, банз, модон бэлдэц, хагас боловсруулсан модон материал;

 - экспортод гаргасан түүхий болон угаасан, самнасан ноолуур, арьс шир;

- соёлын өвийг судалж шинжлэх, сэргээн засварлахад ашиглах материал, техник, тоног төхөөрөмж, бодис, багаж хэрэгсэл;

- Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын албан ажлын болон тэдгээрт ажиллагсдын хувийн хэрэгцээнд зориулан худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээг тухайн улсад албан татвараас чөлөөлдөг бол тэр улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газрын албан ажлын болон тэдгээрт ажиллагсдын хувийн хэрэгцээнд зориулж Монгол Улсын нутаг дэвсгэрт худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ;

- нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин, зөөврийн компьютерийн хувьд 30 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмж;

- гэрээлэгч болон туслан гүйцэтгэгч нь газрын тос, уламжлалт бус газрын тостой холбогдсон үйл ажиллагаанд зориулан хайгуулын нийт хугацаанд болон ашиглалтын эхний таван жилд импортолсон тусгай зориулалтын машин, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, тоноглол, түүхий эд, материал, химийн болон тэсрэх бодис, сэлбэг хэрэгсэл;

- газрын тос болон уламжлалт бус газрын тостой холбогдсон тайлан материал, дээж болон газрын тос;

- чөлөөт бүсэд зорчигчийн худалдаж авсан гурван сая төгрөг хүртэл үнийн дүнтэй бараа;

 - сэргээгдэх эрчим хүчний судалгаа шинжилгээний болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгсэл, сэлбэг;

Албан татвараас чөлөөлөгдөх үйлчилгээ:

-    валют солих үйлчилгээ

-   мөнгө хүлээн авах, шилжүүлэх, баталгаа, төлбөрийн нэхэмжлэл гаргах, вексель, хадгаламжийн данстай холбогдсон банкны үйлчилгээ;

-    даатгал, даатгалын зуучлал, давхар даатгал, эд хөрөнгийн бүртгэлийн үйлчилгээ;

-   үнэт цаас, хувьцаа гаргах, шилжүүлэх, борлуулаххүлээн авах, тэдгээрт баталгаа гаргах үйлчилгээ;

-  зээл олгох үйлчилгээ;

-   нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг байршуулсны хүүг олгох, шилжүүлэх үйлчилгээ;

-  банкны болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны зээлийн хүү, санхүүгийн түрээсийн хүү, ногдол ашиг, зээлийн баталгааны хураамж, даатгалын гэрээний хураамж төлөх үйлчилгээ;

-  орон сууцны зориулалтаар баригдсан зориулалтын дагуу ашиглагдаж байгаа байрыг болон түүний тодорхой хэсгийг хөлслүүлэх үйлчилгээ;

-  боловсролын болон мэргэжлийн сургалт явуулах тусгай зөвшөөрөлтэй хувь хүн, хуулийн этгээдийн эрхлэн гүйцэтгэж байгаа дүрэмд нь заасан боловсрол, мэргэжил олгох үйлчилгээ;

-   эрүүл мэндийн үйлчилгээ; /Эм, эм бэлдмэл, эмнэлгийн багаж, техник хэрэгсэл үйлдвэрлэх, худалдан борлуулахад хамаарахгүй/

-   шашны байгууллагын үйлчилгээ;

- төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ. Үүнд Засгийн газар, түүний агентлагууд, төсөвт байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ хамаарна;

эрх бүхий байгууллагаас тогтоосон нийтийн үйлчилгээний замын чиглэл, цагийн хуваарийн дагуу болон зохион байгуулалттай гүйцэтгэж байгаа зорчигч тээвэрлэлт, таксийн нийтийн тээврийн үйлчилгээ /авто тээврийн тухай хуулийн 3.1.11/

-  аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд гадаад улсын аялал жуулчлалын байгууллагатай гэрээ байгуулж жуулчдыг нь хүлээн авах, уг үйлчилгээг төлөвлөх, сурталчлах, бичиг баримтыг нь бүрдүүлэх зэрэг гадаадын жуулчдад үзүүлсэн /туроператор/ үйлчилгээ; /жуулчдад үйлчлэх бааз, ресторан, жуулчин тээвэрлэх, газарчлах болон зочид буудлын үйлчилгээ хамаарахгүй/

-   соёлын өвийг сэргээн засварлах үйлчилгээ;

-   оршуулгын үйлчилгээ;

-  Ирээдүйн өв санд улсын төсвөөс хуваарилсан орлого эх үүсвэр, сангийн хөрөнгө оруулалтын орлого;

-  Жилийн 50 саяас доош төгрөгийн бараа, ажил, үйлчилгээ борлуулсан этгээд /импортоор оруулахаас бусад/-ийг албан татвараас чөлөөлнө.

/Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн  13 дугаар зүйл/

Албан татвар суутган төлөгч доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:

  • албан татвар төлөгчийн хийсэн төлбөр тооцооны мэдээллийг хэрэглэгчийн системд төлбөр хийсэн тухай бүр бүртгэнэ.
  • бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно.
  • хэрэглэгчийн системд бүртгэгдсэн төлбөрийн баримтын мэдээллийг гурав хоногийн дотор багтаан борлуулалтын нэгдсэн системд илгээнэ.
  • албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааны бүртгэлийг холбогдох мэдээллийн санд оруулж, мэдээллийг 7 хоногт багтаан нэгдсэн системд илгээнэ. /Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэг/

Татварын ерөнхий хууль зөрчсөн иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлага:

-    Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэг бүхий хүн, хуулийн этгээд харьяалах татварын албанд бүртгүүлж, гэрчилгээ авалгүйгээр бараа үйлдвэрлэсэн, эсхүл борлуулсан, эсхүл ажил гүйцэтгэсэн, эсхүл үйлчилгээ үзүүлсэн бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

-  Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, эсхүл ногдуулсан татварыг төлөөгүй бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

- Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэлгүй бараа үйлдвэрлэж, борлуулж, ажил гүйцэтгэж, үйлчилгээ үзүүлж тэдгээрт ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөөгүй бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын дүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Татвар төлөгч та татварын улсын байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг тухайн байцаагчийг шууд харьяалах татварын албаны даргад хандан гаргана. /Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйл 72.1.1 дэх хэсэг/

Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий суутган төлөгч:

-   Хувь хүн, хуулийн этгээд үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50.0 сая төгрөгт хүрсэн өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтан бүртгүүлэх өргөдлөө  харьяалах татварын албанд гаргах бөгөөд Татварын албанаас гэрчилгээ олгосноор албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдэнэ.

-  Борлуулалтын орлого нь 10,0 сая төгрөгт хүрсэн бол та сайн дураар бүртгүүлж болно.

-   Албан татвараас чөлөөлөгдөх бараа, ажил, үйлчилгээг дагнан эрхэлж байгаа хувь хүн, хуулийн этгээд НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлэхгүй байж болно.

НӨАТ төлөгч болоход бүрдүүлэх материал:
1. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх өргөдөл Энд дарж үзнэ үү 
2. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх албан хүсэлт /орлого олсон үйл ажиллагааны чиглэл, тайлант хугацаа, орлогын хэмжээ/
3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
4. Татварын албаар баталгаажсан орлогын албан татварын тайлан, иргэний хувьд
5. 5. Иргэний орлого татвар тодорхойлох хуудас /хуулбар/
6. Харилцагч санхүүгийн байгууллага болон татварын албаар баталгаажсан санхүүгийн тайлан /хуулбар/
7. Борлуулалтын орлого 10.0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэнийг нотлох баримт/харилцахын хуулга/
Харилцах дансны хуулга /тамга дарж, гарын үсэг зурж баталгаажуулсан/
• Борлуулалттай холбоотой гэрээ болон гэрээ дүгнэсэн акт /хуулбар/

Хуулийн этгээд, иргэн таны гомдлыг Татварын албаны дарга хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ. Мөн саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгнө. /Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйл/

Татвар төлөгч та татварын алба болон татварын улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэхээс бусад асуудлаар гаргасан шийдвэрийн талаар татвар төлөгч нь захиргааны журмаар дараах харьяаллаар гомдол гаргах эрхтэй:

- Татварын улсын байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг тухайн байцаагчийг шууд харьяалах татварын албаны даргад 

- Татварын албаны шийдвэрийн талаарх гомдлыг түүний дээд шатны татварын албаны даргад

Татварын улсын байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг тухайн байцаагчийн шууд харьяалах татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлд

- Маргаан таслах зөвлөлийн шийдвэртэй холбоотой маргааныг дээд шатны татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлд

- Гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл татвар төлөгч нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй. /Татварын ерөнхий хууль 72 дугаар зүйл/

Агуулга анх оруулсан: 2018-08-03 Шинэчилсэн: 2018-08-03

Мэдээ мэдээлэл