Шүүхийн бус журмаар маргааныг шийдвэрлэх арга /эвлэрүүлэн зуучлал/ Эвлэрлийн гэрээ

Маргаан буюу тодорхой санал зөрөлдөөнтэй асуудалд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсны үр дүнд талуудын хооронд бичгээр хийсэн хэлцлийг эвлэрлийн гэрээ гэнэ. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар талуудын тохиролцооны агуулгыг талууд өөрсдөө, эсхүл тэдний хүсэлтээр эвлэрүүлэн зуучлагч нэгтгэн тусгасан эвлэрлийн гэрээний төслийг боловсруулна.

Эвлэрлийн гэрээний шаардлага

Эвлэрлийн гэрээг монгол хэл, эсхүл талуудын тохиролцсон хэлээр боловсруулна. Монгол хэлнээс өөр хэлээр боловсруулсан гэрээний албан ёсны орчуулгыг уг гэрээний салшгүй хэсэг болгон хавсаргана.

Эвлэрлийн гэрээнд он, сар, өдөр, тухайн эвлэрүүлэн зуучлагчийн овог, нэр, маргалдагч талуудын овог, нэр, хаяг, эвлэрүүлэн зуучлал эхэлсэн он, сар, өдөр, маргааны агуулга, түүний талаарх талуудын байр суурь, тохиролцсон зүйлс болон бусад асуудлыг ойлгомжтой, тодорхой тусгаж, талууд болон зуучлагч гарын үсэг зурж баталгаажуулна.

Эвлэрлийн гэрээгээр талууд болон зохигчид эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрэх, шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, шаардлага болон нэхэмжлэлээсээ татгалзаж болно.

Эвлэрлийн гэрээний гүйцэтгэлийг хангах

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ нэг тал биелүүлээгүй бол нөгөө тал нь уг гэрээний талаар шүүхэд хандах эрхтэй.

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг тухайн шатны шүүгч баталгаажуулж захирамж гаргах бөгөөд уг захирамжийг талууд биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэгдэнэ.

Гэрээ хүчин төгөлдөр болох

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дүнд талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ бие даасан байдалд суурилсан, сайн дурын зөвшилцлийн үр дүн байдаг утгаараа биелэгдэх боломж өндөр байдаг боловч Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталдаг. Ингэснээр уг гэрээг албадан биелүүлэх үр дагавартай болохыг талуудад мэдэгдэнэ. Эвлэрүүлэн зуучлагч нь эвлэрлийн гэрээний төслийг монгол хэл, эсхүл талуудын тохиролцсон хэлээр боловсруулж, гэрээ байгуулснаас үүсэх эрх зүйн үр дагаврыг талуудад тайлбарлана. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуулийн 42.1-д заасан бичгийн хэлбэртэй байх буюу хэлбэрийн шаардлага тавигдсан гэрээ юм. Иймд гэрээг бичгээр үйлдэж, гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

Асуулт 1 Эвлэрлийн гэрээний загвар хаанаас олж авах бэ.? 

Та Энд дарж эвлэрлийн гэрээний загвар татаж авна уу. 

Агуулга анх оруулсан: 2018-08-29 Шинэчилсэн: 2022-06-27

Мэдээ мэдээлэл