Татварын харилцаа Ус бохирдуулсны төлбөр

Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.32 дахь хэсэгт зааснаар “ус бохирдуулсны төлбөр” гэж хаягдал усны стандартад нийцсэн агууламж бүхий ус зайлуулсан, хаясан тохиолдолд төлөх төлбөрийг ойлгоно.

Ус, рашааны нөөцийг ашиглан хаягдал ус гаргаж, усны найрлага, чанарт нөлөөлж байгаа ус бохирдуулагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ус бохирдуулсны төлбөр төлөгч байна. /Ус бохирдлуулсан төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.1 дэх хэсэг/

“хаягдал ус” гэж ахуйн хэрэглээ болон үйлдвэрлэл, үйлчилгээнээс гарч байгаа бохир ус, шингэн хаягдлыг ойлгоно. /Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.24/

Усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, эсхүл сав газрын захиргаа ус бохирдуулагчийн талаарх мэдээллийг харьяалах татварын албанд зөвшөөрөл олгосон өдрөөс хойш нэг сарын дотор гаргаж өгөх бөгөөд татварын алба уг мэдээллийг үндэслэн төлбөр төлөгчийг бүртгэж авна. /Ус бохирдлуулсан төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг/

Төлбөр төлөгчид ногдуулах хаягдал усанд ус бохирдуулсны төлбөр:

1.хаягдал усны стандартад нийцүүлэн зөвшөөрсөн хязгаарын дотор байгальд шууд нийлүүлж байгаа хаягдал ус;

2.ариутгах татуургад нийлүүлэх бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд агууламжийн стандартад нийцүүлэн ариутгах татуургад нийлүүлж байгаа хаягдал ус.

Ус бохирдуулсны төлбөр тооцох үзүүлэлт:

1.хоногт 50 шоометрээс их хаягдал ус гаргадаг, эсхүл аюултай бохирдуулах бодис гаргадаг ус бохирдуулагчийн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг килограммаар;

2.хоногт 50 шоометрээс бага хаягдал ус гаргадаг үйлдвэр, үйлчилгээний нэгж, хүн амын ахуйн хэрэглээнээс гарах хаягдал усанд агуулагдах бохирдуулах бодисыг жишиг хэмжээгээр үнэлэн килограммаар;

3.хаягдал усан дахь аюултай бохирдуулах бодисын хэмжээг граммаар;

Төлбөрийн орлогыг Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлэн, усыг хамгаалах, усны бохирдлыг арилгах, хяналт-шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулна. /Ус бохирдлуулсан төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйл/

Төлбөрийн хэмжээ

Бохирдуулах бодис

Хэмжих нэгж

Төлбөрийн хязгаар /төгрөгөөр/

доод

дээд

Жинлэгдэх бодис

килограмм

100

500

Органик бодис

килограмм

100

500

Эрдэс бодис

килограмм

50

200

Хүнд металл

килограмм

1000

5000

Аюултай бохирдуулах бодис

грамм

1000

5000

 

Ус бохирдуулагчийг төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх:

1. Ус бохирдуулагчийг дараах нөхцөлд төлбөрөөс чөлөөлнө:

а/.хаягдал усыг усны чанарын стандартын хэмжээнд хүртэл цэвэрлэсэн хэмжээгээр;

б/.хаягдал усыг цэвэрлэж, эргүүлэн үйлдвэр, үйлчилгээнд ашигласан бол дахин ашигласан хэмжээгээр.

2.Хот, суурин газраас бусад газар оршин суугаа бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчийг төлбөрөөс чөлөөлнө.

3.Улсын болон аймгийн зэрэглэлтэй хот, суурин газрын ахуйн бохир усыг цэвэрлэдэг болон эрүүл мэнд, боловсрол, халамжийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагыг хаягдал усны стандарт, тогтоосон норм нормативыг хангаж ажилласан тохиолдолд төлбөрөөс хөнгөлж болно. /Ус бохирдлуулсан төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйл/

Төлбөр төлөгч нь тухайн улиралд байгаль орчинд шууд хаясан болон ариутгах татуургын байгууламжид нийлүүлсэн хаягдал усан дахь бохирдуулах бодист ногдох төлбөрийг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор харьяалах татварын албанд төлнө.

Татварын алба төлбөрийн жилийн тайланг дор дурдсан хугацаанд гаргана:

1.сум, дүүргийн татварын алба төлбөрийн жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын

10-ны өдрийн дотор аймаг, нийслэлийн татварын албанд;

2.аймаг, нийслэлийн татварын алба төлбөрийн жилийн тайланг дараа оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад;

3.татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төлбөрийн нэгдсэн тайланг дараа оны 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор гаргаж, усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ. /Ус бохирдлуулсан төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйл/

Агуулга анх оруулсан: 2018-09-12 Шинэчилсэн: 2018-09-12

Мэдээ мэдээлэл