Хууль тогтоомжийн тухай Хууль санаачлах, хуулийн төсөл боловсруулах

Энэ хуулийн зорилго нь хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр /цаашид "хууль тогтоомж" гэх/-ийг санаачлах, боловсруулах ажиллагааны үндэслэл, чанарыг сайжруулах, түүнд олон нийтийн оролцоог хангах, хууль тогтоомжийн төсөлд тавих шаардлагыг тодорхойлох, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэх замаар хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхэд оршино.

Монгол улсын үндсэн хуулийн гуравдугаар бүлэг 26 дугаар зүйлийн 1. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ гэж эрх бүхий этгээдийг тодорхойлсон байдаг. Мөн Монгол улсын үндсэн хуулийн гуравдугаар бүлэг 26 дугаар зүйлийн 2. Иргэд, бусад байгууллага хуулийн төслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжилна гэж заасан байдаг.

Хууль санаачлах, хуулийн төсөл боловсруулах үйл ажиллагааг Монгол улсын үндсэн хууль болон Хууль тогтоомжийн тухай хуулиар зохицуулагдана.

Монгол улсын үндсэн хуулийн 26 дугаар зүйлд хууль санаачлах эрх бүхий этгээдийг тодорхойлсон байдаг бөгөөд 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл хууль тогтоомж санаачлагч эрх бүхий этгээд нь Монгол улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар байна. Иргэд болон хуулийн этгээд нь хууль санаачлах, нэмэлт өөрчлөлт оруулах саналаа Хууль тогтоомжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасанчлан хууль санаачлагч этгээд буюу Монгол улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүнд уламжилна. Хууль санаачлагч уг саналыг үндэслэлтэй гэж үзвэл тухайн асуудлаар хууль тогтоомж санаачилж болно. 

НЭГ. Иргэн болон хуулийн этгээд нь үндэслэл бүхий хууль тогтоомж санаачлах, нэмэлт өөрчлөлт оруулах саналаа хууль санаачлах эрх бүхий этгээдэд уламжилна.

ХОЁР. Хууль санаачлагч этгээд хууль гаргах тухай санал дэвшүүлж, мэргэжлийн түвшинд боловсруулах, боловсруулсан төслийг хянах, батлуулах, хэлэлцүүлэх

ГУРАВ. Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх иргэн, хуулийн этгээдийн төлөөлөл, олон нийтээр хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлж, санал авах

ДӨРӨВ. Хууль тогтоомжийн төсөлд холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн болон судалгааны байгууллагын саналыг авах.

ТАВ. Хууль тогтоомжийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх

ЗУРГАА. Хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэрийг хангаж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх.

Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүний санаачилсан хууль тогтоомжийн төсөлд өгөх саналыг тухайн хууль тогтоомжийн төслийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор бэлтгэж, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүний санаачилсан хууль тогтоомжийн төслийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор Засгийн газрын бусад гишүүн, холбогдох байгууллагад хүргүүлнэ.

Засгийн газар санал, дүгнэлтээ ажлын 30 өдрийн дотор хууль санаачлагчид хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд хууль санаачлагчтай тохиролцон түүний бичгээр өгсөн зөвшөөрлийг үндэслэн уг хугацааг сунгаж болно.

Иргэн болон хуулийн этгээд нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын санаачилсан хууль тогтоомжийн төсөлд санал нийцэхгүй эсвэл хууль ёсны эрх ашгийн  зөрчилтэй гэж үзвэл хуулийн төслийг нийтээр санал шүүлжлэл авах шатанд гомдол саналаа илэрхийлэх эрхтэй.

Иргэн та d.parliament.mn сайтаар нэвтэрч Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд өөрийн санал, дүгнэлт, шүүмжийг илгээж хууль батлах үе шатанд оролцох боломжтой. ЭНД дарж үзнэ үү. 

Хууль санаачлагч нь иргэн хуулийн этгээдээс бичгээр ирүүлсэн саналыг заавал харгалзан үзнэ.

Хууль тогтоомжийн төсөл нь заавал олон нийтийн хэлэлцүүлгээр хамрагдаж санал дүгнэлт авах ёстой бөгөөд хэлэлцүүлэг нь дараах хэлбэртэй байна.

  • бичгээр санал авах
  • уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах
  • санал асуулга явуулах
  • олон нийтийн цахим сүлжээгээр хэлэцүүлэг явуулах
  • бусад хэлбэр  

Агуулга анх оруулсан: 2018-07-03 Шинэчилсэн: 2022-07-06

Мэдээ мэдээлэл