Жижиг, дунд үйлдвэрлэл Жижиг дунд үйлдвэрлэлийн төсөл сонгон шалгаруулах

Жижиг, дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангаас жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 16.7-д зааснаар үндэслэн хөнгөлөлттэй зээд олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журмыг Засгийн газар батална.

Дараах жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хөнгөлөлттэй зээл олгохгүй:

Сангаас авсан зээлийн үлдэгдэлтэй, зээлийн мэдээллийн санд муу зээлийн түүхтэй, Сангаас авсан зээлийг зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдсон, шүүхийн шийдвэрээр бусдад төлөх өртэй, төсөл хүлээн авах сүүлийн өдрийн байдлаар нийгмийн даатгал, татварын байгууллагад өртэй тохиолдолд хөнгөлөттэй зээл олгохгүй.

Сангаас хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулахад жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 111.1, 111.2-т заасныг хэрэгжүүлсэн эсэхийг харгалзан үзнэ.

14 дүгээр зүйлийн 14.5.2, 14.6 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтыг үндэслэн экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин, шинээр бизнес эхлүүлэх болон ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулна.

 Таны судалсан байвал зохих хууль болон бусад эрх зүйн актууд:

  • Төсөл сонгон шалгаруулах журам (2020 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль (2019 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хууль (2006 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль (2012 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хууль (2006 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах түр журам (2016 он) ЭНД дарж үзнэ үү.

Төсөл сонгон шалгаруулах хороо, төсөл сонгон шалгаруулах дэд хороо.

Аж ахуйн нэгж нь төсөлдөө үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт болон хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэл, зах зээлийн судалгаа, эдийн засгийн тооцоо, дүгнэлт, хавсралт зэргийг бүрдүүлнэ.

Төслийн мэдээлэлд дараах зүйлийг тусгана:

  • Төслийн товч агуулга;
  • Иргэн, хуулийн этгээдийн нэр;
  • Үйлдвэр, үйлчилгээ, худалдаа эрхэлж буй хаяг байршил, иргэн, хуулийн этгээдийн албан ёсны хаяг, төсөл хэрэгжих байршил;
  • Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ, түүнээс өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлэх 30 хувиас доошгүй хөрөнгийн хэмжээ;
  • Үйлдвэрлэл, үйлчилгээ болон худалдах бүтээгдэхүүний нэр, төрөл;
  • Одоогийн эрхэлж байгаа бизнесийн талаарх мэдээлэл.

Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагааны тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:

  • Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны технологийн ажиллагаа;
  • Түүхий эдийн чанарын үзүүлэлт, нөөц;
  • Үйлдвэрлэлийн хүчин чадал;
  • Хэрэгжүүлэх төслийн тоног төхөөрөмжийн жагсаалт.

Удирдлага зохион байгуулалт болон хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:

  • Бүтэц, орон тоо;
  • Ажиллагсдын мэргэжил, мэргэшлийн ур чадвар;
  • Шинээр бий болгох ажлын байрны тоо.

Зах зээлийн судалгаанд дараах мэдээллийг тусгана:

  • Зах зээлийн төлөв байдал;
  • SWOT шинжилгээ;
  • Хэрэглэгчдийн тодорхойлолт.

Эдийн засгийн тооцоонд дараах мэдээллийг тусгана:

  • Үндсэн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний нийт орлого;
  • Борлуулалтын орлогын тооцоо;
  • Үйлдвэрлэлийн зардлын тооцоо;
  • Бүтээгдэхүүний өртгийн тооцоо;
  • Бүтээгдэхүүний нэгжийн борлуулалтын төлөвлөгөө;
  • Үйлдвэр, үйлчилгээ, худалдааны үр ашгийн тооцоо;
  • Төслийн өгөөж, өртгийн тооцоо;
  • Төслийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалд хамрагдах тооцоо;
  • Төслийн өгөөж, өртгийн тооцоо;
  • Төслийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалд хамрагдах тооцоо;
  • Зээлийн зарцуулалтын тооцоо.

Санхүүжилтийг олгох хугацаа:

  1. Хороо болон дэд хороо нь шийдвэрээ гарсан даруйд битүүмжлэн, ажлын 5 хоногт багтаан Санд хүргүүлнэ.
  2. Зээлийн сангаас олгох тохиолдолд хороо болон дэд хорооны шийдвэрийг Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталгаажуулан санхүүжүүлнэ.
  3. Зээлийг арилжааны банкаар дамжуулан олгох тохиолдолд хороо болон дэд хорооны шийдвэрийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталгаажуулан холбогдох банканд хүргүүлнэ.
  4. Банк жагсаалтаар хүргүүлсэн төслийг 45 хоногт багтаан судалж, зээлийн хорооны шийдвэрийг баталгаажуулан Санд хүргүүлнэ.
  5. Сан нь банкнаас ирүүлсэн зээлийн хорооны шийдвэрийг үндэслэн тухайн банканд санхүүжилт хийнэ. Төсөл сонгон шалгаруулах хороо, дэд хорооны хурлаар төсөл хүлээн авах хугацааг товлоно.

Аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллага ирүүлсэн төсөл, олгосон зээлийн тайланг тухай бүр нэгтгэн дараа сарын 3-ны өдрийн дотор санд, сан нь улсын хэмжээнд ирүүлсэн төсөл, олгосон зээлийн мэдээллийг нэгтгэн тухайн сарын 10-ны дотор жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тус тус хүргүүлнэ.

Банкаар дамжуулан олгосон зээлийг зориулалт бусаар ашигласан, хууль, журам зөрчиж олгосон нь хяналт, шалгалтаар тогтоогдсон тохиолдолд зээл авсан өдрөөс эхлэн уг зээлийг дамжуулан олгосон банкны арилжааны зээл рүү шилжүүлэх арга хэмжээ авч, тухайн зээлийн эх үүсвэрийг арилжааны банкны эх үүсвэрээс бүрэн дүнгээр нь Санд буцаан төвлөрүүлнэ. Энэ зохицуулалтыг сан, арилжааны банктай хамтран ажиллах гэрээгээр нарийвчлан зохицуулна.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нь эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдсэн гэж үзвэл төсөл сонгон шалгаруулах хороонд, хугацаанд гомдлыг шийдвэрлээгүй эсхүл шийдвэрийг эс зөвшөөрсөн бол шүүхэд гомдлоо гаргаж болно.

Сангаас шууд олгох зээлийн төсөл сонгон шалгаруулалтыг 4 үе шаттайгаар онооны системээр үнэлнэ.

  1. Төслийн иж бүрдлийг шалгах ба иж бүрдлийг бүрэн хангасан төслийг дараагийн шатанд шилжүүлэх
  2. Төслийн судалгааг хийж, 100 хүртэл оноогоор дүгнэх ба 70-аас дээш оноо авсан төслийг хорооны хурлаар дараагийн шатанд шилжүүлэх
  3. Төсөлд нарийвчилсан судалгааг хийж, 100 хүртэл оноогоор дүгнэх ба 70-аас дээш оноо авсан төслийг хорооны хурлаар хэлэлцүүлэх
  4. Төслийг хорооны хурлаар хэлэлцэж, гишүүн тус бүр 100 хүртэл оноогоор дүгнэн, дундаж оноог гаргана.

Хороо нь үе шат бүрд авсан онооны нийлбэрээр ихээс бага руу эрэмбэлэн жагсаалт гаргах, зээлийн ерөнхий нөхцөлөөр зөвшөөрөгдсөн эх үүсвэрт багтаан тэргүүн ээлжид санхүүжүүлэх төслүүдийн болон барьцаа хөрөнгө хүрэлцээгүйн улмаас эх үүсвэр үлдсэн тохиолдолд санхүүжүүлэх төслүүдийн жагсаалтыг тус тус батална.

Сангаас банкаар дамжуулан олгох зээлийн төсөл сонгон шалгаруулалтыг дараах үе шаттайгаар онооны системээр үнэлнэ.

  1. Төслийн иж бүрдлийг шалгах ба иж бүрдлийг бүрэн хангасан төслийг  дараагийн шатанд шилжүүлэх;
  2. Төслийн судалгааг хийж, 100 хүртэл оноогоор дүгнэх ба 70-аас дээш оноо авсан төслийг дараагийн шатанд шилжүүлэх;
  3. Төслийг хорооны хурлаар хэлэлцэж, гишүүн тус бүр 50 хүртэл оноогоор дүгнэн, дундаж оноог гаргана.
  4. Хороо нь үе шат бүрд авсан онооны нийлбэрээр ихээс бага руу эрэмбэлэн жагсаалт гаргах, зээлийн ерөнхий нөхцөлөөр зөвшөөрөгдсөн эх үүсвэрт багтаан тэргүүн ээлжид санхүүжүүлэх төслүүдийн болон банкны шалгуур үзүүлэлт хангаагүй, барьцаа хөрөнгө хүрэлцээгүй зэрэг шалтгааны улмаас эх үүсвэр үлдсэн тохиолдолд санхүүжүүлэх төслүүдийн жагсаалтыг тус тус батална.

Орон нутгийн төслийн сонгон шалгаруулалтын үе шат:

  1. Төслийн иж бүрдлийг шалган шаардлага хангасан төслүүдийг дэд хорооны хурлаар хэлэлцүүлнэ.
  2. Төслийг Дэд хорооны хурлаар хэлэлцэн гишүүн тус бүр 50 хүртэл оноогоор дүгнэн дундаж оноог гаргана.
  3. Тэргүүн ээлжид санхүүжүүлэх төслүүдийн жагсаалтыг тухайн аймгийн хөгжлийн бодлоготой уялдуулан батална.
  4. Банкны шалгуур үзүүлэлт хангаагүй, барьцаа хөрөнгө хүрэлцээгүй зэрэг шалтгааны улмаас эх үүсвэр үлдсэн тохиолдолд санхүүжүүлэх төслүүдийн жагсаалтыг тухайн аймгийн хөгжлийн бодлоготой уялдуулан батална.
  5. Дээрх шийдвэрийг эрэмбэлсэн жагсаалтын хамт Аймгийн Засаг даргын тамгын газарт битүүмжлэн хүргүүлнэ.

Сангаас шууд олгосон зээлийг зориулалтын дагуу зарцуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь сангийн хяналт, шалгалтаар тогтоогдсон бол зээлдэгчийн эх үүсвэрийг буцаан татаж, холбогдох байгууллагад шилжүүлнэ.

Асуулт 1. Ямар тохиолдолд ЖДҮЭ-ийн төслийг хүлээн авахгүй вэ?

  • Нийт санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг өөрийн эх үүсвэрээр бүрдүүлээгүй
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.6, 5.4.8, 5.4.14, 5.4.18-д заасан сангуудад болон сум хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй
  • Сангаас авсан зээлээ төлсөн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зориулалтын бусаар ашигласан
  • Монгол банкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй, зээлийн муу түүхтэй
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн
  • Нийгмийн даатгал болон татварын байгууллагад өртэй
  • Байгаль орчин ба хүний эрүүл мэндэд хортой технологи, материал хэрэглэсэн, экологийн хохирол учруулсан нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон
  • Тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрөөгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий Сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит компани, олон улсын байгууллагын дарга, захирлын албан тушаал эрхэлж байгаа хүн, эсхүл түүний гэр бүлийн гишүүд хувь эзэмшдэг
  • Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлсэн боловч сүүлийн нэг жилийн борлуулалтын орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс дээш байх
  • Тухайн төслийг Сан болон аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллагад нэгэн зэрэг ирүүлсэн

Асуулт 2. Банкаар дамжуулан зээл олгох тохиолдолд Хорооны хурлаар нэг төслийг санхүүжүүлэх доод хэмжээ, дээд хэмжээ хэд байх вэ?

Банкаар дамжуулан зээл олгох тохиолдолд Хорооны хурлаар нэг төслийг санхүүжүүлэх доод хэмжээ 300,000,000 төгрөг, дээд хэмжээ 1,000,000,000 төгрөг хүртэл байна.

Асуулт 3. Банкаар дамжуулан зээл олгох тохиолдолд Дэд хорооны хурлаар нэг төслийг санхүүжүүлэх доод хэмжээ, дээд хэмжээ хэд байх вэ?

Дэд хорооны хурлаар нэг төслийг санхүүжүүлэх доод хэмжээ 20,000,000 төгрөг, дээд хэмжээ 200,000,000 төгрөг хүртэл байна.

Асуулт 4. Сангаас шууд зээл олгох тохиолдолд Хорооны хурлаар нэг төслийг санхүүжүүлэх доод хэмжээ, дээд хэмжээ хэд байх вэ?

Сангаас шууд зээл олгох тохиолдолд Хорооны хурлаар нэг төслийг санхүүжүүлэх доод хэмжээ 20,000,000, дээд хэмжээ 300,000,000 төгрөг хүртэл байна.

Асуулт 5. Жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэн ямар материалуудыг бүрдүүлэх вэ?

  1. Зээлийн өргөдөл
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар /цахим лавлагаа/
  3. Оршин суугаа хаягийн тодорхойлолт
  4. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн санал
  5. Барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар
  6. Хэрэв зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарь
  7. Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтрийн хуулбар
  8. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай гэрчилгээ / тодорхойлолт /
  9. Төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт
  10. Нийгмийн даатгалын байгууллагад өргүй талаарх тодорхойлолт
  11. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ, түүнээс өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлэх 30 хувиас доошгүй хөрөнгийн хэмжээ
  12. Төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт
  13. Татварын өргүй талаар харилцдаг татварын байгууллагын тодорхойлолт
  14. Тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрснийг илэрхийлсэн мэдэгдэл.

Асуулт 6. Төсөл нь ямар шаардлагуудыг хангасан байвал зохистой вэ?

  1. Зорилго нарийвчлан тодорхойлж, зорилтууд нь зорилгоо хэрэгжүүлэхэд чиглэсэн, төсөл хэрэгжүүлэгчийн цаашид юу хийвэл зохих тухай бодол санаа, буюу төлөвлөсөн зүйлүүдээ нэгтгэн дүгнэж, ирээдүйд ямар үр дүнд хүрэхийг хүсээд байгаа талаар нарийн тусгасан байх.
  2. Төслөөс гарах үр дүнд тулгуурлан төсвийн тооцоог хийж, санхүүжилтэд өөрийн хандаж байгаа санхүүжүүлэгч байгууллага ямар үүрэг хүлээх, төсөлд оруулж чадах өөрийн хувь нэмрийг тодорхой тусгахын зэрэгцээ санхүүжилтийн үр ашгийг тооцоолон гаргасан байх.
  3. Төслийн санхүүжилт дууссаны дараа төсөл бие даан үйл ажиллагаагаа үргэлжлүүлж чадахаар байх.

Агуулга анх оруулсан: 2019-11-07 Шинэчилсэн: 2019-11-07

Мэдээ мэдээлэл