Нийгмийн халамж үйлчилгээ Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ

Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ гэдэг нь Хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг олгох үйлчилгээг хэлнэ. “Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн” гэж амьжиргааны түвшин нь тухайн үеийн ядуурлын шугамаас доогуур өрхөөс сонгогдсон өрхийн гишүүнийг хэлнэ.

Монгол Улсын үндсэн хуулийн 16.5-д зааснаар Монгол Улсын иргэн өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй.

Нийгмийн халамжийн тухай хуулийн  22 дугаар зүйлд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний хэлбэр, хамрагдах иргэдийг заасан. Үүнд:

Үйлчилгээний хэлбэр

  • Хүнсний бүтээгдэхүүн, эсхүл хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг олгох;
  • Халуун хоол, цайгаар үйлчлэх.

Хамрагдах иргэн

  • Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэдийн дотроос Хөдөлмөр, халамжийн ерөнхий газрын  тодорхойлсон хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн;
  • Гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэн.

Хүнсний эрхийн бичиг олгох журамд зааснаар Нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд хүнсний эрхийн бичиг олгох босго оноо 240,3176-аар болон, түүнээс доош, өрхийн гишүүн, иргэнд сард олгоно.

Хүнсний эрхийн бичгийн үнийн дүн 2019 оны хувьд нэг хүүхдэд 8000 төг, насанд хүрсэн хүнд 16000 төгрөг байхаар тогтоосон.

Тухайн өрхийн хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай боловч хөдөлмөр эрхлээгүй гишүүнд хүнсний эрхийн бичгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, үйлчилгээнд хамрагдах нөхцөлтэйгээр олгох ба хөдөлмөрийн чадвартай иргэн хүнсний эрхийн бичигт хамрагдах эхний 6 сарын хугацаанд дараах болзлыг хангана. Үүнд:

  • Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтэст ажил хайгчаар бүртгүүлэх
  • Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээнд хамрагдаж, зөвлөгөө авах

Эхний 6 сараас хойш дараах санал болгосон арга хэмжээнээс 2-оос доошгүй үйл ажиллагаанд хамрагдсан тохиолдолд хүнсний эрхийн бичгийг үргэлжлүүлэн олгоно.

  • Хөдөлмөрт бэлтгэх арга хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн сургалтанд хамрагдсан байх
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүдийн хүрээнд бий болсон түр ажлын байр болон нийтийг хамарсан ажилд хамрагдсан байх
  • Сайн дурын байгууллагаас байгуулсан үйл ажиллагаанд оролцсон байх
  • Ажил хайгчаар бүртгүүлсэнээс хойш 2-оос доошгүй ажил олгогчтой уулзаж, ажил идэвхтэй хайсан байх
  • Ажилд зуучлуулж тогтвортой ажил хөдөлмөр эрхэлсэн байх.

Хөдөлмөрийн чадвартай иргэнд дараах иргэн хамаарахгүй:

  • Жирэмсэн болон амаржсан эх;
  • Хүүхэд нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй бол 6 хүртэлх насны хүүхэд асарч байгаа эх, эцэг;
  • Байнгын асаргаа шаардлагатай хүнийг асарч байгаа;
  • Хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдсан иргэн;
  • Малчин.

Хүнсний эрхийн бичигт хамрагдсан өрх нь бага насны хүүхдийг товлолын дагуу заавал хийх дархлаажуулалт, сургуулийн насны хүүхдийг албан боловсролд хамруулах үүрэгтэй.

Хүнсний эрхийн бичиг нь цаас болон цахим хэлбэртэй байна.

 Таны судалсан байвал зохих хууль болон бусад эрх зүйн актууд:

  • Монгол Улсын Үндсэн хууль (1992 он) ЭНД дарж үзнэ үү
  • Нийгмийн халамжийн тухай хууль (2012 он) ЭНД дарж үзнэ үү
  • Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/32 тоот “Журам, загвар, жагсаалт, маягт шинэчлэн батлах тухай” тушаал
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын холбогдох тушаалууд

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь хүнсний эрхийн бичиг олгох ажлыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, мэдээллийн нэгдсэн сан, мэдээллийн сүлжээг хэвийн ажиллуулах, шинэчлэх үүрэг хүлээнэ.

Хөдөлмөр, халамжийн ерөнхий газар мэдээлийн нэгдсэн сангаас амжиргааны түвшингийн үнэлгээ доогуур гарсан өрхийн гишүүн-иргэний  жагсаалтыг гаргаж аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хүргүүлнэ.

Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс жагсаалтад орсон өрхийн-гишүүн иргэнээс тухайн сум хороонд харъяалагдах өрхийн гишүүн-иргэний жагсаалтыг гаргаж сум, хорооны нийгмийн ажилтанд хүргүүлснээр нийгмийн ажилтан тухайн эрхийн бичиг авах иргэнд 7 хоногийн дотор мэдэгдэнэ. Мэдэгдлийг хүлээн авснаар иргэн та дараах  материалыг бүрдүүлж, сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө.

  • Өрхийн гишүүн-иргэдийн иргэний үнэмлэх, хуулбарын хамт, хэрэв 16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
  • Өрхийн гишүүн-иргэн бүрийн хаяг, ам бүлийн талаарх сум, хорооны засаг даргын тодорхойлолт;
  • Өрхийн гишүүн-иргэдийг төлөөлөн хүнсний эрхийн бичиг авах иргэний 3x4 хэмжээтэй цээж зураг.

Хөдөлмөр, халамжийн ерөнхий газар мэдээлийн нэгдсэн сангаас амжиргааны түвшингийн үнэлгээ доогуур гарсан өрхийн гишүүн-иргэний  жагсаалтыг гаргаж аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хүргүүлнэ.

Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс жагсаалтад орсон өрхийн-гишүүн иргэнээс тухайн сум хороонд харъяалагдах өрхийн гишүүн-иргэний жагсаалтыг гаргаж сум, хорооны нийгмийн ажилтанд хүргүүлнэ.

Хэрэв өрхийн гишүүн-иргэн хүнсний эрхийн бичгийг цахим хэлбэрээр авах хүсэлт гаргавал гэрээт банкинд нэрсийн жагсаалтыг хүргүүлнэ.

Сум, хорооны нийгмийн ажилтан жагсаалтад орсон өрхийн гишүүн-иргэнд хүнсний эрхийн бичиг авах болсон тухай мэдэгдлийг 7 хоногийн дотор мэдэгдэнэ.

Мэдэгдэл хүлээн авсан иргэн сум, хорооны нийгмийн ажилтанд хандаж өргөдөл гаргана. Өргөдөлд гишүүн-иргэдийг төлөөлөн хүнсний эрхийн бичиг авах 16 насанд хүрсэн нэг гишүүнийг тодорхойлсон байна.

Сум, хорооны нийгмийн ажилтан хүнсний эрхийн бичиг авах нөхцөл хангасан иргэдэд хувийн хэрэг нээж, үйлчлүүлэх дэлгүүрийн байршил, хүнсний эрхийн бичгээр олгох бүтээгдхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.

Хүнсний цаасан эрхийн бичгийг сар бүрийн 10-ны дотор сум, хорооны нийгмийн ажилтнаас олгоно.

Хөдөөгийн алслагдсан сум, багт амьдардаг өрхийн гишүүн-иргэний хүнсний цаасан эрхийн бичиг 2 сарын хугацаанд хүчинтэй байна.

Хүнсний цахим эрхийн бичгийг өрхийн гишүүн-иргэний төлөөлөх иргэний харилцах дансанд сар бүрийн 15-ны дотор байршуулна. Цахим эрхийн бичгийг банкнаас өрхийг төлөөлөх иргэн өөрийн биеэр ирж авна.  Цахим хүнсний эрхийн бичиг нь төлбөрийн карт хэлбэртэй байна.

Цаасан хүнсний эрхийн бичгийг сар бүрийн 10-ны дотор сум, хорооны нийгмийн ажилтан олгох ба цахим хүнсний эрхийн бичгийг харилцах банк иргэний харилцах дансанд сар бүрийн 15-ны өдөр байршуулна.

Иргэн та хүнсний эрхийн бичигтэй холбоотой асуудлаар өргөдөл, гомдлыг сум, хорооны нийгмийн ажилтанд гаргана.

Сум, хорооны нийгмийн ажилтан нь өргөдөл, гомдлыг судлан шалгаж хариу мэдэгдэнэ. Өөрийн эрх хэмжээнээс давсан асуудлыг аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтэст уламжилна.

Сум, хорооны нийгмийн ажилтан хүнсний эрхийн бичиг авахыг хүссэн, судалгаанд хамрагдаагүй, амжиргааны түвшингийн үнэлгээтэй санал нийлэхгүй, хүнсний эрхийн бичиг авах нөхцөл хангаагүй иргэн хамрагдсан болон эрхийн бичиг олголтыг түдгэлзүүлэхтэй холбоотой асуудлаар гаргасан өргөдөл гомдлыг Амжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, тухайн өрхийн амжиргааны түвшинг үнэлэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд нэрсийн жагсаалт, хурлын санал, шийдвэр, холбогдох баримт бичгийг аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтэст хүргүүлнэ.

Аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтэс дахин үнэлгээнд хамруулах ба  Хөдөлмөр, халамжийн ерөнхий газар дахин үнэлгээний үр дүнгийн дагуу амжиргааны түвшингийн үнэлгээ хийж, хүнсний эрхийн бичиг авах нөхцөл хангасан болон үр дүнг аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтэст хүргүүлж шийдвэрлэнэ.

Сонгогдсон зорилтот бүлгийн иргэдэд хүнсний эрхийн бичгээр зөвхөн зөвшөөрөгдсөн хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлэхээр зааж өгсөн.

Хүнсний эрхийн бичгээр олгох бүтээгдэхүүний жагсаалтад:

  1. Мах дайвар бүтээгдэхүүн( импортын бус)
  2. Сүү, сүүн бүтээгдэхүүн (импортын бус)
  3. Гурил, гурилан бүтээгдэхүүн  ( импортын бус)
  4. Цөцгийн тос
  5. Элсэн чихэр
  6. Төмс, хүнсний ногоо
  7. Будаа
  8. Ургамлын тос
  9. Өндөг
  10. Жимс, жимсгэнэ.

Ингэснээр насанд хүрсэн нэг хүний хоол хүнсээр өдөрт авах 2500 ккал-ын илчлэгийг хэвийн хэмжээнд авах нөхцөл хангагдаж байгаа бөгөөд хамгийн бага хэрэглээтэй хүн амын хувьд өдөртөө 1800 ккалориос доогуур илчлэг авдаг байна.   

Тайлбар:

  • Мах, дайвар бүтээгдхүүн: худалдан борлуулахаар зөвшөөрөгдсөн бүх төрлийн мал, амьтны мах, малын гэдэс дотор, толгой, шийр орно. Хиам болон лаазалсан, дахин боловсруулсан бүтээгдхүүн хамаарахгүй.
  • Сүү, сүүн бүтээгдхүүн: гэдэгт хуурай болон шингэн сүү, тараг, ааруул, аарц хамаарна.
  • Гурил, гурилан бүтээгдхүүн: бялуу, кекс хамаарахгүй
  • Төмс, хүнсний ногоо: дарсан ногоо, лаазалсан, дахин боловсруулсан бүтээгдхүүн хамаарахгүй.
  • Будаа: гэдэгт бүх төрлийн будаа, хүүхдийн будаа, үр тариа, шар буурцгийн гаралтай бүтээгдхүүн хамаарна.
  • Жимс, жимсгэнэ: гэдэгт компот, жимсний чанамал, хатаасан жимс хамаарахгүй.

Дараах тохиолдолд хүнсний эрхийн бичгийн олголтыг зогсооно.

  • Дахин үнэлгээгээр амьжиргааны түвшингийн үнэлгээ нь заасан босго онооноос дээш гарсан
  • Өрхийн гишүүн иргэн өөрийн хүсэлтээр хүнсний эрхийн бичиг авахаас татгалзсан
  • Монгол улсын харьяатаас гарсан
  • Хуурамч бичиг баримт бүрдүүлж худал мэдээлсэн нь тогтоогдсон 
  • Хүнсний эрхийн бичиг авах эрх үүсэхгүй нь хяналт, шалгалтаар тогтоогдсон

Дараах тохиолдолд түдгэлзүүлнэ.

  • 3 ба түүнээс дээш гишүүн ам бүлийн тооноос хасагдсан
  • Өрхийн гишүүн-иргэн аймаг, нийслэл хооронд шилжсэн
  • Хүнсний эрхийн бичгийг 4 сарын хугацаанд аваагүй болон ашиглаагүй

Түдгэлзүүлсэн тохиолдолд өрхийн амжиргааны түвшинг дахин үнэлж доогуур оноогоор дүгнэгдвэл олгогдоогүй хугацааны хүнсний эрхийн бичгийг нөхөн олгоно. Хүнсний эрхийн бичгийг нөхөн олгох тохиолдолд иргэн шилжин суурьшсан нутаг дэвсгэрийн захиргаандаа 180-аас дээш хоногт бүртгүүлээгүй бол бүртгэлгүй байсан хугацааны эрхийн бичгийг нөхөн олгохгүй.

Шинээр төрсөн хүүхэд, 18 насанд хүрсэн болон шилжиж ирсэн өрхийн гишүүн- иргэдийн хүнсний эрхийн бичгийн мөнгөн дүнг мэдээллийн санд оруулсан сарын дараа сараас тус тус нэмж, нас барсан гишүүний мөнгөн дүнг нас барсан сарын дараа сараас хасч тооцно.

Өрхийн гишүүн-иргэн хүнсний цаасан эрхийн бичгийг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөн олгохгүй. Хүнсний цахим эрхийн бичгийг хаяж үрэгдүүлсэн, соронзон туузыг гэмтээсэн тохиолдолд дахин олгоход шаардагдах зардлыг тухайн өрхийн гишүүн-иргэн өөрөө хариуцна.

Судалгаанд хамрагдсан өрхийн ам бүлийн гишүүдээс сүүлийн 3 хүртэлх жилийн хугацаанд цэргийн алба хаах, хорих газарт хоригдохоор явсан тохиолдолд байхгүй байх хугацааны мөнгийг түр түдгэлзүүлж, буцаж ирсэн нөхцөлд үргэлжлүүлэн олгоно.

Хүнсний эрхийн бичиг авч байгаа өрхийн гишүүн-иргэн нь нас барсан, шилжин явсан, хүүхэд төрүүлсэн, үрчлэн авсан болон үрчлүүлсэн, гэр бүл цуцлуулсан зэрэг өөрчлөлтийг 14 хоногийн дотор сум, хорооны нийгмийн ажилтанд мэдэгдэх хэрэгтэй.

Энэ тохиолдолд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хүнсний эрхийн бичгийн тухайн гишүүн-иргэнд ногдох мөнгөн дүнг нэмэх эсхүл хасах замаар мөнгөн дүнг өөрчлөн тогтооно.

Асуулт 1. Сайн байна уу? Хүнсний эрхийн бичгийг ямар иргэнд олгодог вэ?

Өрхийн мэдээллийн нэгдсэн санд орсон, амьжиргааны түвшин нь ядуурлын шугамаас доогуур өрхөөс сонгогдсон өрхийн гишүүнээс амжиргааны түвшингийн үнэлгээ нь тухайн онд хүнсний эрхийн бичиг олгохоор заасан босго оноотой тэнцүү буюу түүнээс доогуур байгаа өрхийн гишүүн-иргэнд олгоно.

Асуулт 2. Хүнсний эрхийн бичиг хэдэн сарын хугацаанд хүчинтэй байдаг вэ?

Алслагдсан сум, багт амьдардаг өрхийн гишүүний хүнсний цаасан эрхийн бичиг нь 2 сарын хугацаанд хүчинтэй байдаг ба бусад тохиолдолд тухайн сардаа хүчинтэй байна.

Асуулт 3. Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд хамрагдахад ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

Өрхийн гишүүн-иргэдийн иргэний үнэмлэх, хуулбарын хамт, хэрэв 16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ, хуулбарын хамт, Өрхийн гишүүн-иргэн бүрийн хаяг, ам бүлийн талаарх сум, хорооны засаг даргын тодорхойлолт, Өрхийн гишүүн-иргэдийг төлөөлөн хүнсний эрхийн бичиг авах иргэний 3Х4 хэмжээтэй цээж зураг.

Асуулт 4. Хүнсний эрхийн бичгээ гээсэн юмаа дахин яаж авах вэ?

Хүнсний цаасан эрхийн бичгийг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөн олгохгүй. Харин цахим эрхийн бичгийг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгоход шаардагдах зардлыг иргэн та өөрөө хариуцна.

Асуулт 5. Хүнсний эрхийн бичиг авч байгаад цэргийн албанд явсан юм. Энэ тохиолдолд ямар зохицуулалт байдаг вэ?

Энэ тохиолдолд хүнсний эрхийн бичиг олголтыг түр зогсоож, буцаж ирсэн нөхцөлд үргэлжлүүлэн олгоно.

Агуулга анх оруулсан: 2019-11-20 Шинэчилсэн: 2019-11-20

Мэдээ мэдээлэл