Иргэдийн эдийн болон эдийн бус баялагтай холбогдох харилцаа Хэлцэл, хэлцэл хүчин төгөлдөр бус байх

Хэлцэл, хэлцэл хүчин төгөлдөр бус байх

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ. Нэг этгээд хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийж болно.

Дээр тодорхойлсны дагуу хэлцэл нь гэрээнээс өргөн хүрээтэй ойлголт бөгөөд “Гэрээ болгон хэлцэл, хэлцэл бүхэн гэрээ биш” гэсэн хэллэгээр бүрэн ойлгох боломжтой. Тиймээс Иргэний хуулийн 56-60 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл, хүчи төгөлдөр бусад тооцох үндэслэлүүд нь гэрээнд мөн адил хамаарна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлд дараах тохиолдолд хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцохоор заасан. Үүнд:

  1. хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл;

Хуулиар хориглосон заалтыг зөрчсөнийг хууль зөрчсөн гэж үзнэ. Харин нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээ гэдэгт хүмүүсийн амьдралд уламжилж тогтсон хэм хэмжээнээс гажууд, хүний эрхийг хязгаарласан, дордуулсан нөхцөлийг ойлгоно.  

  1. дүр үзүүлэн хийсэн хэлцэл;

Тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн гэх зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно. Өөрөөр хэлбэр хэлцлийн үр дүнд ямар нэг эрх, үүрэг, хариуцлагыг хүлээх хүсэл зориггүй байхыг ойлгоно. 

  1. өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл;

Тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлгож болно. Тухайлбал, талууд орон сууцыг худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлж байгаа боловч татвараас зайлсхийхийн тулд хийсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Хэлцэлд оролцогч талуудын хэн алин нь орон сууцыг үнэ төлбөргүйгээр, бэлэглэлийн журмаар шилжүүлэхийг хүсээгүй боловч бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрх шилжүүлж буй байдлыг баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлэхийн тулд хийсэн ба үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бодит байдал дээр хариу төлбөртэйгээр шилжүүлсэн байна. Бэлэглэлийн гэрээ нь худалдах-худалдан авах гэрээг халхавчлах зорилгоор хийж буй дүр үзүүлсэн хэлцэл болно.

  1. үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл;

Мөн дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл бөгөөд хэлцэл хийж буй этгээдэд уг хэлцлийг байгуулах хүсэл зориг угаас байгаагүй, уур уцаар, тоглоом хошигнол, өс хонзон зэрэг эрх зүйн бус үндэслэл буюу сэтгэлийн хөдлөлд тулгуурлан хүсэл зоригоо илэрхийлсэн байдал нь хожим зайлшгүй илэрнэ гэж үндэслэл муутайгаар тооцоолсон субъектив санаанаас үүснэ. Тухайлбал, гэрлэлтээ цуцлуулах талаар санал гаргасан эхнэрийгээ хашраах зорилгоор өөрийн хуваарьт хөрөнгөд хамаарах үе удам дамжиж ирсэн үнэт зүйлийг үл таних этгээдэд бэлэглэсэн нөхрийн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

  1. эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн хэлцэл;

Иргэний хуулийн 18 дугаар зүйлд заасан 7 хүртэлх насны хүүхэд, эсвэл шүүхээс эрх зүйн чадамжгүй болохыг тодорхойлсон этгээдийн хийсэн хэлцэл.

  1. сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон иргэн эрх зүйн бүрэн чадамжгүй гэж албан ёсоор тооцогдоогүй байхдаа хийсэн хэлцэл;
  2. эрх зүйн бүрэн чадамжтай этгээд үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгох чадваргүй болсон буюу сэтгэцийн түр зуурын сааталд орсон үедээ илэрхийлсэн хэлцэл;
  3. хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл;

Хуульд хэлцлийг бичгээр байгуулах, бичгээр байгуулсан хэлцлийг нотариатаар гэрчлүүлэхээр заасан байхад бичгээр байгуулаагүй, нотариатаар гэрчлүүлээгүй бол хуульд заасан хэлбэрийг зөрчсөн хэлцэл гэж үзнэ. Харин хуульд заавал зохих этгээдийн зөвшөөрөл авахаар заасаныг буюу тухайлбал, эрх зүйн бүрэн бус чадамжтай этгээд хэлцэл хийхдээ заавал асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрлийг бичгээр авахаар заасан байхад үүнийг зөрчсөн бол.

  1. хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл;

Ашгийн төлөө болон ашгийн төлөө бус хуулийн этгээд нь байгуулагдсан болон үйл ажиллагаа эрхлэх болсон үндсэн шаардлага, шалтгаан, оршин тогтнож, үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах ач холбогдол, нөхцөл бололцоог үгүйсгэсэн хэлцэл хийхийг хамааруулан ойлгоно.

  1. дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл.

Хүчин төгөлдөр бус хэлцэлтэй шалтгаант нөхцөл байдлаар салшгүй холбогдсон, энэ хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор эрх зүйн үндэслэл нь  үгүйсгэгдэх хэлцлийг хамааруулан ойлговол зохино. Хүчин төгөлдөр бус хэлцлийн дараа хэлцлийн зүйл болох эд хөрөнгө болон эрхийн талаар хийсэн хэлцэл болгоныг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлийг уг заалтын зохицуулалт үүсгэхгүй.

Иргэний хуулийн 58-60 дугаар зүйлд заасны дагуу дараах үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцно. Үүнд:

  1. Ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл:

Дараах тохиолдолд ноцтой төөрөгдсөн гэж үзнэ. Үүнд:

  • хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн;

Жишээ нь: Та худалдагчаас 50,000 төгрөгийн үнэтэй өмд худалдан авч байгаа боловч худалдагч өмдний үнийг танд буруу хэлсэн эсвэл, танд 80,000 төгрөгийн үнэтэй өмдийг анзааралгүй худалдсан байвал дээрх тохиолдолд хамаарна.

  • хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн.

Дараах тохиолдолд ноцтой төөрөгдсөн гэж үзэж болно. Үүнд:

  • хэлцэл хийгч нөгөө тал болох этгээд, түүний хувийн шинж байдал нь хэлцэл хийх гол үндэслэл болсон бөгөөд энэ талаар төөрөгдсөн;

Жишээ нь: Та үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулах эрхийг итгэмжлэлээр хэн нэгэн этгээдэд өгсөн гэж бодье. Харин тухайн этгээд нь бусдын эд хөрөнгийг залилж авах гэмт хэрэг өмнө нь удаа дараа үйлдэж байсныг та хожим мэдсэн бол дээрх тохиолдолд хамаарна.

  • хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн;

Жишээ нь: Та хуучин эд зүйлсийн дэлгүүрээс 200 жилийн настай уран зураг худалдан авсан гэж бодсон боловч дараа нь уг зураг нь 50 жилийн өмнөх зураг байсан бол дээрх тохиолдолд хамаарна.

  • хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар төөрөгдсөн;
  • тохиролцооны зүйл байсан сэдэлтийн талаар төөрөгдсөн.

Хэлцлийн аль нэг тал нь дээр дурдсаны дагуу ноцтой төөрөгдсөн бол нөгөө талдаа энэ талаараа даруй мэдэгдэх үүрэгтэй.

  1. Хууран мэхэлж хийсэн хэлцэл

Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн тохиолдолд түүнийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой. Хууран мэхлэх нь хэлцэл хийж буй этгээд бодит бус худал зүйлийг бодитой үнэн мэтээр итгүүлэх идэвхитэй үйлдэл хийдгээрээ ноцтой төөрөгдөж хийсэн хэлцлээс ялгагддаг.

  1. Хүч хэрэглэж хийсэн хэлцэл

Иргэний хуулийн 60 дугаар зүйлд заасны дагуу нөгөө тал, эсхүл гуравдагч этгээдийн зүгээс хүч хэрэглэн буюу хүч хэрэглэхээр заналхийлэн хэлцэл хийлгэсэн бол хэлцэл хийгч этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Хэлцэл хийгч этгээдэд өөрт нь буюу түүний гэр бүлийн гишүүд, садан төрөл, ойр дотны бусад этгээдэд, эсхүл тэдний эд хөрөнгөд нь аюул учирна гэж итгүүлж үнэмшүүлснийг хүч хэрэглэсэн гэж үзнэ.

Гэрээг хүчин төгөлдөр бус болгуулах, хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийг тухайн гэрээг байгуулсан этгээд эсвэл гуравдагч этгээд гэрээ байгуулсан талын оршин суугаа газрын шүүхэд гаргана.

Хууран мэхэлж хийсэн болон хүч хэрэглэсэн хэлцлийг энэ тухай мэдсэнээс хойш нэг жилийн дотор нэхэмжлэл гаргах шаардлагатай.

Та хэн нэгэн этгээдтэй байгуулсан гэрээгээ хуульд заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус болгуулах, хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж байгаа бол тантай уг гэрээг байгуулсан этгээд иргэн бол түүний оршин суугаа газрын иргэний хэргийн шүүхэд, харин хуулийн этгээд бол ажил хэргээ байнга явуулдаг эсвэл удирдах байгууллага нь оршиж байгаа газрын шүүхэд нэхэмжлэлийг гаргах боломжтой. /иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 –р зүйл/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасны дагуу Шүүх таны нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсний дараа нэхэмжлэлийг хариуцагч (эрх зөрчсөн этгээд)-д гардуулан танилцуулж, хариу тайлбарыг нь бичгээр авна. Үүний дараа шүүх нотлох баримт хангалттай бүрдсэн, хэргийг шийдвэрлэх хуульд заасан хугацаа дуусгавар болсон зэрэг үндэслэлээр шүүх хуралдааныг зарлаж таны нэхэмжлэлийг шийдвэрлэнэ. /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71-р зүйл/

Иргэний хэргийн анхан шатны шүүх нь таны маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71-р зүйлд заасны дагуу таныг нэхэмжлэл гаргаснаас хойш нийт 67 хоног, шаардлагатай бол хугацааг сунгаж 97 хоногийн хугацаанд бүрэн шийдвэрлэнэ.

Хэрэв та иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байгаа тохиолдолд шүүхийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Хэлцлийг хүчин төгөлдөр бус болоход буюу хүчин төгөлдөр бусад тооцуулахад буруутай үйлдэл хийсэн тал нь нөгөө талынхаа хохирлыг барагдуулах үүрэгтэй бөгөөд шүүхээр хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон эсвэл хүчин төгөлдөр бусад тооцсон бол талууд  хэлцлийн дагуу өгсөн, авсан зүйлсээ буцаах, боломжгүй бол үнийг төлөх харилцаа үүснэ.

Асуулт 1. Иргэд татвар бага төлөх зорилгоор орон сууцны үнийг гэрээнд багаар тусгаж нотариатаар гэрчлүүлэх тохиолдол их байдаг. Тэгэхээр энэ гэрээ хүчин төгөлдөр бус болох уу?

Тийм. Дээрх хэлцэл нь бодит хэлцлийг халхавчлах зорилгоор хийж буй хэлцэлд хамаарах тул хүчин төгөлдөр бус гэж үзнэ. Гэхдээ хүчин төгөлдөр болохыг гагцхүү шүүх гэрээний аль нэг тал эсвэл гуравдагч этгээдийн хүсэлтээр тогтооно.

Агуулга анх оруулсан: 2018-08-28 Шинэчилсэн: 2018-08-28

Мэдээ мэдээлэл