Нийгмийн даатгал Оршуулгын тэтгэмж

Оршуулгын тэтгэмж гэдэг нь нийгмийн даатгал төлөгч этгээд нь ердийн болон ахуйн ослын улмаас нас барсан тохиолдолд түүний оршуулгад зориулан нийгмийн даатгалын тэтгэмжийн сангаас нэг удаа олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Монгол улсын Үндсэн Хууль-ийн хоёрдугаар бүлэг, арван гурав дугаар зүйлийн 5 дахь хэсэгт өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй гэж заасан байдаг.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль-ийн 20 дугаар зүйлд Оршуулгын тэтгэмж авах эрхийн тухай зохицуулсан зохицуулалт байдаг. Энэ заалтад нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр авах эрх бүхий этгээдийг заасан байдаг. Үүнд: 

  1. Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 36 сараас доошгүй хугацаагаар төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгоно.
  2. Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол оршуулгын тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзахгүйгээр олгоно. 
  3. Нийгмийн даатгалын тухай хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авч байсан иргэн нас барвал, түүний оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгоно.

Таны судалсан байвал зохих хууль бусад эрх зүйн акт

  • Монгол Улсын Үндсэн хууль (1992 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Нийгмийн даатгалын тухай хууль (1994 он) ЭНД дарж үзнэ үү
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль (1994 он) ЭНД дарж үзнэ үү
  • Монгол улсын иргэний хууль (2002 он) ЭНД дарж үзнэ үү
  • Хөдөлмөрийн тухай хууль (2021 он) ЭНД дарж үзнэ үү
  • Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай (2015 он) ЭНД дарж үзнэ үү
  • Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай (1994 он) ЭНД дарж үзнэ үү
  • Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай (1999 он) ЭНД дарж үзнэ үү
  • Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай (1994 он) ЭНД дарж үзнэ үү
  • Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай (2017 он) ЭНД дарж үзнэ үү

Оршуулгын тэтгэмж авахыг хүссэн иргэн та өөрийн оршин суугаа газрынхаа харьяа нийгмийн даатгалын байгууллагад хандаж тодорхой нөхцөл болзлыг хангасны дагуу доорх бичиг баримтыг бүрдүүлж оршуулгын тэтгэмж авах хүсэлт гаргаснаар тэтгэмж авах эрх үүснэ.

Нийгмийн даатгалын байгууллага дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:

  • нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;
  • нийгмийн даатгалын санг бүрдүүлж, орлого, зарлагын гүйцэтгэлийг хангах;
  • нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг цаг тухайд нь олгох ажлыг зохион байгуулж, үйлчилгээг сайжруулах;
  • улсын нийгмийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагаа, түүний арга хэлбэрийг боловсронгуй болгох талаар судалгаа хийх, санал боловсруулж шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх;
  • доод шатны байгууллагынхаа үйл ажиллагаанд хяналт тавих;
  • хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг

Нийгмийн даатгалын байцаагчийн эрх, хариуцлага

Нийгмийн даатгалын байгууллагад 2-оос доошгүй жил ажиллаж мэргэшсэн, мэргэжлийн өндөр зэрэгтэй нийгмийн даатгалын байгууллагын ажилтанд нийгмийн даатгалын төв байгууллагын саналыг үндэслэн нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний шийдвэрээр нийгмийн даатгалын байцаагчийн эрх олгоно.

Нийгмийн даатгалын байцаагч дараах эрх эдэлнэ:

  • шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон данс бүртгэл, тайлан тэнцэл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулж авах;
  • зөвхөн нийгмийн даатгалын хяналт шалгалтад шаардагдах магадлагаа, баримтын хуулбарыг ажил олгогчийн харилцагч банк, санхүүгийн байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулах;
  • шимтгэл оногдох орлого нуусныг гэрчлэх баримтыг ажил олгогч болон даатгуулагчаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу түр хугацаагаар хураан авах, хуулбарлах;
  • тогтоосон хугацаанд төлөөгүй шимтгэл болон нөхөн ногдуулсан шимтгэл, алданги, хүү, торгуулийг шимтгэл төлөгчөөс үл маргах журмаар гаргуулах;
  •  ажил олгогч болон даатгуулагчид холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх;
  • даатгуулагч, ажил олгогч хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг албан үүргээ гүйцэтгэх явцад илрүүлэн холбогдох байгууллагад мэдэгдэх.
  • байгууллага, аж ахуйн нэгжийн ажлын байр, ажиллагчдын тоог цалингийн сан, төлсөн шимтгэлийн тооцоотой тулган шалгах;
  • ажиллагчдын тоог дарагдуулсан, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллуулсан, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин олгож байсан болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс өр үүсгэсэн, ажиллагчдын төлсөн шимтгэлийг нийгмийн даатгалын санд хугацаанд нь оруулаагүй зэрэг зөрчил гаргасан албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх, шаардлагатай бол хуулийн байгууллагад асуудал тавьж шийдвэрлүүлэх;
  • Шимтгэл төлөхтэй холбогдсон хууль бус үйл ажиллагааг нуух, шимтгэлийн орлогыг хувийн зорилгод ашиглах, хээл хахууль авах, “ёс зүйн хэм хэмжээ зөрчих, мэдээллийн нууц задруулах, эрхээ хэтрүүлэх зэргээр албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нийгмийн даатгалын байцаагчид хууль тогтоомжид заасан сахилгын, захиргааны, эд хөрөнгийн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ З6 сараас доошгүй хугацаагаар төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгоно.

Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол шимтгэл төлсөн хугацааг харгалзахгүйгээр оршуулгын тэтгэмж авах эрхтэй.

Мөн нийгмийн даатгалын хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авч байсан иргэн нас барвал түүний оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгоно. 

Оршуулгын тэтгэмжийн хэмжээ: Нийгмийн даатгалын байгууллага нь нас барсан даатгуулагчийн оршуулгад зориулан түүний ар гэрт 2 000 000 төгрөгийн тэтгэмжийг (НДҮЗ-2022 оны 04 дзгээр тогтоол) нэг удаа олгоно.

Бүрдүүлэх баримт бичиг

  • Нас барсан даатгуулагчийн хөдөлмөрийн дэвтэр
  • Нас барсан даатгуулагчийн нийгмийн даатгалын дэвтэр
  • Нас барсны гэрчилгээ
  • Өргөдөл

Оршуулгын тэтгэмж авах иргэн даатгуулагчийг нас барснаас хойш 4 долоо хоногийн, хэрэв хүндэтгэх шалтгаантай байсан бол 6 сарын дотор харьяа нийгмийн даатгалын байгууллагад хандаж тэтгэмж авах эрхтэй.

Нийгмийн даатгалын байгууллага тэтгэмж авах өргөдлийг хүлээж авснаас хойш оршуулгын тэтгэмж олгох асуудлыг 24 цагийн дотор шийдвэрлэнэ.

Иргэн та нийгмийн даатгалын байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрт санал нийлэхгүй гомдолтой гэж үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 92-р зүйл Захиргааны актад гомдол гаргах 92.1, 92.2 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргах эрхтэй.

Иргэн та гомдол гаргахдаа тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллага, ажилтан албан хаагчид эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.

Хэрэв таны гаргасан гомдлыг дээд шатны байгууллага, ажилтан албан хаагч хүлээн авахаас татгалзсан эсхүл үндэслэлгүй байна гэж үзвэл Захиргааны хэргийн шүүхэд харьяаллын дагуу хандах бүрэн эрхтэй.

Асуулт 1. Оршуулгын тэтгэмж авах эрх нь?

Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 36 сараас доошгүй хугацаагаар төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барвал түүний оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгоно.

Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол оршуулгын тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзахгүйгээр олгоно. Нийгмийн даатгалын хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авч байсан иргэн нас барвал түүний оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгоно.

Асуулт 2. Оршуулгын тэтгэмжийг даатгуулагч бүр авах уу?

Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 36 сараас доошгүй хугацаагаар төлсөн даатгуулагч оршуулгын тэтгэмж авах эрхтэй.

Асуулт 3. Оршуулгын тэтгэмж ямар хэмжээтэй байдаг вэ?

Тэтгэмжийн доод хэмжээ тогтоох тухай хуульд заасны дагуу нийгмийн даатгалын сангаас олгох оршуулгын тэтгэмжийн хэмжээг Засгийн газар тогтоож байна. Нийгмийн Даатгалын Үндэсний Зөвлөлийн 2022 оны 04 дүгээр тогтоолоор нийгмийн даатгалын байгууллага нь нас барсан даатгуулагчийн оршуулгад зориулан түүний ар гэрт 2 000 000 төгрөгийн тэтгэмжийг нэг удаа олгоно гэж заасан байдаг.

Агуулга анх оруулсан: 2018-02-13 Шинэчилсэн: 2023-04-10

Мэдээ мэдээлэл