Нотариатын үйлчилгээ Баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх

Баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх

Нотариатын тухай хууль:

44 дүгээр зүйл. Гарын үсэг гэрчлэх

44.1.Нотариатч хуульд нийцсэн баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчилнэ.

44.2.Нотариатч хуулийн этгээдийг төлөөлсөн эрх бүхий албан тушаалтны гарын үсгийг гэрчлэх бол тухайн байгууллагын тамга, тэмдэг дарагдсан эсэхийг нягтална.

44.3.Хэлгүй, дүлий, ярьж чаддаггүй буюу монгол хэл мэддэггүй хүний гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ үйлчлүүлэгчийн иргэний баримт бичгийг шалгаж гарын үсэг зурахад гэрч оролцуулах эсэхийг асууж тодруулах ба шаардлагатай гэж үзвэл гэрч оролцуулж тэмдэглэл хөтөлнө.

44.4.Үйлчлүүлэгч биечлэн ирж тухайн баримт бичиг болон нотариатын үйлдлийн бүртгэлийн дэвтэрт гарын үсгээ зурна.

 

Нотариатын үйлдэл хийх заавар:

Арван дөрөв. Баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх

14.1.Нотариатч нь баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 44 дүгээр зүйлийг баримтална. Хуульд харшлаагүй, агуулга нь ойлгомжтой, алдаагүй, засваргүй баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг нотариатч гэрчилнэ.  

14.2.Төрийн эрх бүхий байгууллагаас олгодог иргэний гэр бүлийн байдлын бүртгэл /төрсний, гэрлэсний, нас барсны гэх мэт/-ийн баримт бичигт зурсан гарын үсгийг гэрчлэхгүй.

14.3.Хуулийн этгээдийн банк, банк бус санхүүгийн байгууллага дахь харилцах данснаас гүйлгээ хийх албан тушаалтны гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ гарын үсэг зурж буй этгээдийн төлөөлөх эрхийг гэрчилсэн нотлох баримтыг шалгана. Үүнд уг этгээдийг тухайн албан тушаалд томилсон тушаал буюу сонгосон тогтоол/шийдвэр/, холбогдох байгууллагаас олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм зэрэг хамаарна.

14.4.Хуулийн этгээдийн банк, банк бус санхүүгийн байгууллага дахь харилцах данснаас гүйлгээ хийх эрх бүхий этгээдийн гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх маягтад дээрх хүмүүсийн гарын үсгийн хэв, маяг, тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн тамга/тэмдэг/ дарагдсан байна.

14.5.Нотариатч нь баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ өөрийн ажлын байранд үйлчлүүлэгчийг биечлэн ирсэн тохиолдолд үйлчлэх бөгөөд тухайн баримт бичиг, нотариатын үйлдлийн бүртгэлийн дэвтэрт гарын үсгийг нь тус тус зуруулна. Харин хуулийн этгээдийн банк, банк бус санхүүгийн байгууллага дахь харилцах данснаас гүйлгээ хийх албан тушаалтны гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ бүртгэлийн дэвтэрт тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн тамга /тэмдэг/-ыг гарын үсгийн ойролцоо даруулна.     

14.6.Хэлгүй, дүлий, хараагүй иргэний гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ үйлчлүүлэгчийн иргэний үнэмлэхийг шалгах ба үүнийг гарын үсэг зурах үед гэрчийг байлцуулна. Хэрэв үйлчлүүлэгч гарын үсэг зурах боломжгүй (эрхтэн дутуу, бичиг үсэг мэдэхгүй гэх мэт) тохиолдолд Нотариатын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэл үйлдэж, баримт бичигт хавсаргана.

14.7.Гадаад хэл дээр үйлдэгдсэн баримт бичиг зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ түүний албан ёсны орчуулгыг үндэслэх бөгөөд тухайн орчуулгыг нотариатын баримт бичигт заавал хавсаргана.

Та доорх холбоосруу орж өөрт ойрхон нотариатчдын хаяг, байршил, утасны дугаарыг харна уу.

Нийслэлийн нотариатчид ЭНД дарна уу.

Орон нутгийн нотариатчид ЭНД дарна уу

НОТАРИАТЫН ҮЙЛДЭЛ, НОТАРИАТЫН БҮРТГЭЛ, ХУГАЦАА

25 дугаар зүйл.Нотариатын үйлдлийн төрөл

25.1.Нотариатын үйлдэл дараахь төрөлтэй байна:

25.1.1.гэрээ, хэлцэл гэрчлэх;

25.1.2.гэрээслэл гэрчлэх;

25.1.3.итгэмжлэл гэрчлэх;

25.1.4.өвлөх эрхийн гэрчилгээ олгох;

25.1.5.өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах;

25.1.6.хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичиг гэрчлэх;

25.1.7.эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбогдох баримт бичиг гэрчлэх;

25.1.8.гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран болон дундаа хэсгээр өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсгээ өмчлөх эрх гэрчлэх;

25.1.9.баримт бичгийн хуулбарыг гэрчлэх;

25.1.10.баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх;

25.1.11.нотариатын мэдэгдэх хуудас бичих.

25.2.Заавал гэрчлүүлэх нотариатын үйлдлийг зөвхөн хуулиар тогтоох бөгөөд үүнээс бусад үйлдлийг үйлчлүүлэгчийн хүсэлтээр гэрчилнэ.

Нотариатын тухай хуулийн 29, 30, 31 дүгээр зүйл. Нотариатын үйлдэл хийх хугацаа, Нотариатын үйлдэл хийхийг хойшлуулах, түдгэлзүүлэх, Нотариатын үйлдэл хийхээс татгалзах

Нотариатын үйлдэл хийхийг хойшлуулах: Нотариатын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “Үйлчлүүлэгч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, эсхүл өөрийн үйлдэлд хяналт тавих чадваргүй байгаа бол энэ нөхцөл байдлыг арилах хүртэл нотариатын үйлдэл хийхийг хойшлуулна”, 30.2-т “Иргэн, хуулийн этгээдээс баримт бичиг, түүний хуулбар, шаардлагатай мэдээллийг нэмж гаргуулах буюу тэдгээрийг шинжлүүлэх шаардлага гарсан тохиолдолд нотариатын үйлдэл хийхийг тодорхой хугацаагаар хойшлуулж болно” гэж заасан.

Нотариатын үйлдэл хийхийг түдгэлзүүлэх: Нотариатын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т “Нотариатчаар гэрчлүүлж байгаа баримт бичиг буюу эрхийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай өөр этгээдээс өргөдөл ирүүлсэн тохиолдолд уг асуудлаар нотариатын үйлдэл хийхийг 3-7 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулах бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэл гаргасан нь тогтоогдвол шүүхийн шийдвэр гартал нотариатын үйлдэл хийхийг түдгэлзүүлнэ.” гэж заасан.

Нотариатын үйлдэл хийхээс татгалзах: 1997 онд батлагдан мөрдөгдөж байсан Нотариатын тухай хуулинд татгалзах хугацааг 72 цаг гэж хуульчилсан байна. Харин 2011 онд батлагдсан буюу одоогийн мөрдөгдөж байгаа Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлд Нотариатын үйлдэл хийхээс татгалзах хугацааны талаар дурьдаагүй бөгөөд дараах татгалзах үндэслэлүүдийг тусгаж хуульчилсан байна. Үүнд:

  1. Үйлчлүүлэгчийн баримт бичиг нь хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд харшилж байвал;
  2. Өөртэй нь болон түүний гэр бүлийн гишүүнтэй нь холбоотой асуудал байвал;
  3. Өөрийнх нь байнгын үйлчлүүлэгчийн хувийн нууцтай холбоотой асуудлаар бусад этгээд нотариатын үйлдэл хийлгэхийг хүсвэл;
  4. Үйлчлүүлэгч нь эрх зүйн чадамжгүй, эсхүл төлөөлөх эрхгүй байвал;
  5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцвол уг хэрэгт холбогдох баримт бичгийг;
  6. Хуульд заасан бусад.

Хуульд харшлаагүй, агуулга нь ойлгомжтой, алдаагүй, засваргүй баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг нотариатч, нотариатын үүрэг гүйцэтгэгч гэрчилнэ.

Шүүх цагдаагийн болон холбогдох бусад байгууллагад гаргах бүх төрлийн өргөдөл, хүсэлт, тодорхойлолт, \гэрчийн мэдүүлэг, өвлөх эрхээсээ татгалзах өргөдөл, хүүхэд үрчлүүлэхийг, үрчлэхийг хүссэн, гадаадын иргэнтэй гэрлэхийг хүссэн, гэрлэлт цуцлуулахыг хүссэн, хэн нэгнийг ажилд ороход нь өмнөөс нь хариуцлага хүлээж батлан даахаа амласан, тодорхой хугацааны дараа мөнгө төлөхөөр амласан амлалт, төлбөр тооцоо төлж барагдуулсан тухай, хурлын тэмдэглэлд зурсан гарын үсэг г.м \ иргэний болон хуулийн этгээдийн харилцах данснаас гүйлгээ хийх албан тушаалтны гарын үсэг гэх мэт байж болно.

Энэ үйлдэл мөн нотариатын үүрэг гүйцэтгэгч нараар ихээхэн хийгддэг.  Итгэмжлэлээс ялгаатай. Итгэмжлэл бол хэн нэгэнд ямар нэг үүрэг гүйцэтгүүлэхээр эрх олгож байгаа бол гарын үсэг нь тухайн бичсэн зүйлийнхээ үнэн зөвийг нотолж, өөрөө хүлээн зөвшөөрч байна  гэдгээ гэрчлүүлж байгаа үйлдэл юм.

Бичиг баримтад зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ өөрийн ажлын байранд үйлчлүүлэгчийг биечлэн ирсэн тохиолдолд үйлчлэх бөгөөд тухайн баримт бичиг болон бүртгэлийн дэвтэрт гарын үсгийг, гарын үсгийн тайлалын хамт нотариатчийн дэргэд зуруулна.

Хуулийн этгээдийн банк, банк бус санхүүгийн байгууллага дахь харилцах данснаас гүйлгээ хийх эрх бүхий этгээдийн гарын үсгийг гэрчлэхдээ тухайн байгууллагаас тусгай маягт авсан байх бөгөөд маягтад дээрхи хүмүүсийн гарын үсгийн хэв маягаас гадна тухайн байгууллагын тамга, тэмдэг заавал дарагдсан байна. Тамга тэмдгийг мөн бүртгэлийн дэвтэрт даруулж авч үлдэнэ. Тухайн гарын үсэг зурж буй этгээдийн төлөөлөх эрхийг нотолсон бичиг баримтыг шалгах ёстой. Үүнд: уг этгээдийг тухайн албан тушаалд томилсон тушаал, сонгосон тогтоол, шийдвэр, холбогдох байгууллагаас олгосон итгэмжлэл хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ дүрэм зэргийг давхар шалгана.

Гадаад хэл дээр үйлдэгдсэн баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэхдээ түүний албан ёсны орчуулгыг үндэслэх бөгөөд тухайн орчуулгыг нотариатч өөрт үлдэх хувьтай хавсарган авч үлдэнэ.

Хэлгүй, дүлийн, хараагүй иргэний хувьд түүний гарын үсгийг зуруулахдаа гэрчийг байлцуулна. Хэрэв үйлчлүүлэгч эрхтэн дутуу, бичиг үсэг мэдэхгүйн улмаас гарын үсэг зурах боломжгүй бол Нотариатын тухайн хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу тэмдэглэл үйлдэж, баримт бичигт хавсаргана.

Агуулга анх оруулсан: 2018-09-03 Шинэчилсэн: 2018-09-03

Мэдээ мэдээлэл