Гаалийн байгууллагын үйлчилгээ Бараа тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх

“Гаалийн хилээр нэвтрүүлэх” гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах, дамжуулан өнгөрүүлэх, гаргахыг хэлнэ.

Монгол Улсын хилийг гаалийн хил гэж үзнэ.

Гаалийн тухай хуулийн зургадугаар бүлгийн хоёрдугаар дэд бүлэг, тавдугаар дэд бүлэгт бараа, тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан байдаг. Үүнд:

Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрт Монгол улсын хоёр талын олон улсын гэрээний дагуу тогтоосон хилийн боомтоор оруулна.

Гаалийн нутаг дэвсгэрт зарим нэр төрлийн бараа оруулах хилийн боомтыг энэ хууль, холбогдох бусад хуульд заасны дагуу, эсхүл Засгийн газрын шийдвэрээр тогтоож болно.

Гаалийн тухай хуулийн 7.2-т заасан зөвшөөрлийг гаалийн удирдах төв байгууллага дор дурдсан тохиолдолд олгоно:

  • Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын үед;
  • Олон улсын гэрээнд заасан;
  • Улсыг батлан хамгаалах зорилгоор гадаад улсаас тусламж авах;
  • Хуульд заасан бусад.

Гаалийн тухай хуулийн 7.3-т заасны дагуу бараа, тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэхэд гаалийн удирдах төв байгууллага гаалийн албан тушаалтныг томилон ажиллуулна.

Бараа тээврийн хэрэгслийг гаалийн тухай хуулийн 7.2-т заасны дагуу хилээр нэвтрүүлэх тохиолдолд мэдүүлэгч нь гаалийн удирдах төв байгууллагад хүсэлтээ гаргах бөгөөд түүнд холбогдох байгууллагын зөвшөөрөл, бараа, тээврийн хэрэгслийн жагсаалтыг хавсаргана.

Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглох, хязгаарлах

Хуульд өөрөө заагаагүй бол Улсын Их Хурал улсын хилээр оруулах, гаргахыг хориглох барааны , Засгийн газар тарифын бус  хязгаарлалттай нэвтрүүлэх барааны жагсаалтыг тухайн барааны ангиллын кодыг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн дагуу зааж тус тус батална.

Улсын хилээр оруулахыг хориглосон барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулахгүй.

Гаалийн тухай хуулийн 8.2-т заасан барааг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулсан бол нэн даруй буцаан гаргах ба ийнхүү гаргах боломжгүй бол гаалийн хяналтын бүс, эсхүл түр агуулахад 3 хүртэл хоног хадгалах бөгөөд энэ хугацаанд иргэн, хуулийн этгээд бараагаа буцаан гаргаагүй бол гаалийн байгууллага бараа устгах горимын дагуу арга хэмжээг авна.

Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосноос бусад тарифын бус хязгаарлалттай барааг хууль тогтоомж, олон улсын гэрээнд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн хилээр нэвтрүүлнэ.

Улсын хилээр гаргахыг хориглосон барааг гаалийн нутаг дэвсгэрээс гаргахгүй.

Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааг гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэхгүй.

Гаалийн удирдах төв байгууллага бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх хилийн боомт, гаалийн байгууллагын байршил, тэдгээрийн ажиллах цагийн хуваарийг болон гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан барааны тухай нийтэд мэдээлнэ.

Гаалийн тухай хуулийн 8.3-т заасан үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг тухайн иргэн, хуулийн этгээд хариуцна.

Гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааг хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл нэвтрүүлэхийг завдсан үйлдэл нь гаалийн тухай хуулийн 8.3-т хамаарахгүй.

Таны судалсан байвал зохих хууль бусад эрх зүйн акт

  • Гаалийн тухай хууль (2008 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам  ЭНД дарж үзнэ үү.
  • Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам ЭНД дарж үзнэ үү.
  • Барааг гаалийн нутаг дэвсгэрт түр хугацаагаар оруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам ЭНД дарж үзнэ үү.
  • Барааг дотоодын хэрэглээнд зориулан оруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам  ЭНД дарж үзнэ үү.
  • Барааг хилийн чанадад буцаан гаргах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам ЭНД дарж үзнэ үү.
  • Барааг хүлээн авахаас татгалзах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам ЭНД дарж үзнэ үү.
  • Гаалийн бүрдүүлэлтийн горимыг хялбарчлах уялдуулах тухай Олон Улсын Конвенци ЭНД дарж үзнэ үү.
  • Бараа, тээврийн хэрэгслийг түр хугацаагаар оруулах тухай Конвенци ЭНД дарж үзнэ үү.

Дээр дурьдсан хууль тогтоомжийн дагуу Гаалийн байгууллага дараах бичиг баримт болон мэдээллийг тээврийн хэрэгслийг жолоодон улсын хилээр орж ирсэн зорчигчоос шаардана. Үүнд:

  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээ;
  • Тээврийн хэрэгсэл эзэмшигч этгээдийн пасспорт/ Эзэмшигч нь өөр байх бол тухайн тээврийн хэрэгслийг ашиглахыг зөвшөөрсөн Нотариатчаар гэрчлүүлсэн Итгэмжлэл/;
  • CPD карнейтэй тохиолдолд түүний эх хувь;
  • Аялал жуулчлалын үйл ажиллагааг Монгол Улсад хариуцан зохион байгуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, холбоо барих ажилтны утас /Монгол Улсад оршин сууж буй хувь хүний урилгаар ирж буй тохиолдолд уригч этгээдийн мэдээлэл/.

Жич: Мэдээлэл, бичиг баримтын бүрдэл нь тухайн тээврийн хэрэгслийг гаалийн болон бусад татвар хураамжгүйгээр, түр хугацаагаар оруулах нөхцлийг хангаагүй тохиолдолд Гаалийн байгууллага гаалийн бүрдүүлэлтийн горимын “500” кодоор бүрдүүлэлт хийлгэж, татварын барьцаа байршуулахыг шаардах эрхтэй.

Гаалийн байгууллага тээврийн хэрэгслийг түр хугацаагаар орохыг зөвшөөрсөн тохиолдолд тухайн зорчигч /тээврийн хэрэгслийг эзэмшигч этгээд/-д дараах бичиг баримтыг гаалийн холбогдох программаас хэвлэн гаргаж, гаалийн хяналтын тамга тэмдгээр баталгаажуулан өгөх үүрэгтэй.

Зорчигч нь түр хугацаагаар оруулсан тээврийн хэрэгслээ буцаан гаргахгүй болсон тохиолдолд дор дурдсан арга хэмжээг авна. Үүнд:

  • Зам тээврийн осол аваар гаргасан тохиолдолд Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль дүрэмд заасны дагуу зохих цагдаагийн байгууллагад мэдэгдэж, анхан шатны тусламж үйлчилгээг авах эрхтэй;
  • Эвдэрч гэмтсэний улмаас түүнийг замын хөдөлгөөнд дахин оролцуулан жолоодох боломжгүй тохиолдолд өөр бусад тээврийн хэрэгслээр тээвэрлүүлэн Гаалийн хууль тогтоомжид заасны дагуу хамгийн ойр байгаа гаалийн байгууллагад хүргэж, гаалийн бүрдүүлэлтийг хийлгэн буцаан гаргах арга хэмжээг авна. Энэ тохиолдолд Олон улсын тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхлэгч компаниудад хандаж тээврийн болон гаалийн зуучлалын үйлчилгээ авах эрхтэй;
  • Бусад тээврийн хэрэгсэл /чингэлэг болон агаарын карго ачаа, улс хооронд тээвэр хийх тусгай зориулалт бүхий автомашинд ачиж илгээх/-ээр илгээж, буцаан гаргах шаардлага үүссэн тохиолдолд мөн адил Олон улсын тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхлэгч компаниудад хандаж тээврийн болон гаалийн зуучлалын үйлчилгээ авах эрхтэй;
  • Өөрөө жолоодон хилээр буцаж гарахгүй тохиолдолд тээврийн хэрэгсэл шилжүүлсэн итгэмжлэлийг Монгол Улсын иргэний хуулийн дагуу хийж Нотариатчаар гэрчлүүлсэн байх шаардлагатай;
  • Монгол улсад оршин суугаа бусад этгээдэд бэлэглэх, худалдах тохиолдолд Монгол Улсын иргэний хуулийн дагуу зохих гэрээ хэлцлийг хийж Нотариатчаар гэрчлүүлсэний үндсэн дээр хамгийн ойр байрлаж буй Гаалийн байгууллагад очиж гаалийн болон бусад татвар хураамжийг төлөн гаалийн бүрдүүлэлтийг хийлгэнэ;
  • Монгол Улсын нутаг дэвсгэрт түр хугацаагаар үлдээх тохиолдолд хамгийн ойр байрлаж буй Гаалийн байгууллагад очиж бүрдүүлэлт хийлгэх хүсэлтээ гаргаж, гаалийн болон бусад татварын барьцааг байршуулж бүрдүүлэлт хийлгэн, нэг хүртэлх жилээр үлдээх эрхтэй. Энэ тохиолдолд тухайн тээврийн хэрэгслээ хадгалуулан хариуцуулж буй этгээдийн талаарх мэдээллийг Гаалийн байгууллагад гаргаж өгнө;
  • Гаалийн болон бусад татварын барьцааг байршуулах боломжгүй тохиолдолд Улаанбаатар хот дахь гаалийн газарт хандаж гаалийн баталгаат агуулахад оруулах горимоор гаалийн бүрдүүлэлт хийх хүсэлтээ гаргана. Гаалийн баталгаат агуулахад оруулах горимоор бүрдүүлэлт хийлгэсэн тохиолдолд хоёр жил хүртэлх хугацаагаар, гаалийн болон бусад татваргүйгээр зөвхөн агуулахад хадгалуулсан хугацааны төлбөрийг агуулах хугацаа хэтэрсэн тохиолдолд тухайн тээврийн хэрэгсэл нь улсын орлогод шилжих хуулийн үндэслэлтэй болно.

Жич: Тээврийн хэрэгсэлд ногдуулах Гаалийн албан татвар 5%, НӨАТ 10% бөгөөд суудлын автомашинд Онцгой албан татварыг ногдуулдаг. Онцгой албан татварын хувь хэмжээ нь тухайн асуудлын автомашины үйлдвэрлэгдсэн он, хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжаас шалтгаалан 725,000.00₮-18,850,000.00₮ байдаг.

Тухайн нутаг дэвсгэрийн гаалийн газар

Гаалийн хилээр бараа, тээврийн хэрэгсэл оруулах хилийн боомт, хүрэх газрыг тээвэрлэгч нь гаалийн байгууллагад урьдчилан мэдэгдэнэ.

Бараа тээврийн хэрэгслийг гаалийн хил дээр ирсэн даруйд нь тээвэрлэгч энэ тухай гаалийн байгууллагад мэдэгдэнэ.

Тогтоосон цагийн хуваарьтай зорчигч үйлчилгээний тээврийн хэрэгсэл гаалийн хилээр нэвтрэхээс нэг цагийн өмнө гаалийн байгууллагад мэдэгдэнэ.

Мэдүүлэгч нь өөрийнхөө эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзвэл гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрт гомдол гаргах эрхтэй.

Мэдүүлэгч гомдлоо дараах журмаар гаргана:

  • Гаалийн улсын байцаагчийн шийдвэрт гаргах гомдлыг тухайн гаалийн байгууллагын дарга, эрхлэгчид
  • Гаалийн байгууллагын дарга, эрхлэгчийн шийдвэрт гаргах гомдлыг холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтанд
  • Гомдлыг хянан шийдвэрлэсэн дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд

Гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрт холбогдох гомдлыг мэдүүлэгч тухайн шийдвэрийг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор гаргаж болно.

Энэ хуулийн 17.2-т заасан хугацаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдол гаргагчийн хүсэлтээр уг хугацааг Захиргааны ерөнхий хуулийн 94.2-т заасны дагуу гаалийн байгууллага, албан тушаалтан нөхөн сэргээж болно.

Гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийн талаарх гомдлыг бичгээр гаргана. Энэ хуулийн 18.1-д заасан гомдолд овог, нэр оршин суугаа газрын буюу шуудангийн хаягаа бичиж, гарын үсгээ зурна. Хүндэтгэн үзэх шалтгаанаар гарын үсгээ зурж чадахгүй бол бусдаар төлөөлүүлэн зурж болно. Өргөдөл гомдлыг иргэд бичгээр хамтран гаргасан бол түүнд бүгд гарын үсэг зурах буюу эсхүл тэдгээрийн төлөөлөгч гарын үсэг зурж, төлөөлөх эрхээ нотлох баримт бичгийг хавсаргана.

Энэ хуулийн 17.1.1, 17.1.2-т заасны дагуу гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх үүрэг хүлээсэн гаалийн байгууллага, албан тушаалтан шаардлагатай бичиг баримтыг гомдол гаргагчаас гаргуулан авч болно. Өргөдөл гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ.

Бараа тээврийн хэрэгсэл гаалийн хил дээр ирмэгц тээвэрлэгч нь тээврийн хэрэгслийн төрлөөр, энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан мэдээлэл, бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгнө. Үүнд:

Улс хооронд авто тээврийн хэрэгслээр бараа тээвэрлэсэн тээвэрлэгч нь дараах бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгнө.

  • Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ;
  • Ачаа тээвэрлэлтийн бичиг баримт ;
  • Худалдааны бичиг баримт;

Дээрх бичиг баримтад дараах мэдээллийг оруулна.

  • Тээвэрлэгчийн нэр хаяг;
  • Тээврийн хэрэгслийн харьяалал;
  • Бараа илгээх, хүлээн авах улсын нэр;
  • Бараа илгээгч, хүлээн авагчийн нэр хаяг;
  • Худалдагч худалдан авагчийн нэр хаяг ;
  • Барааны нэр төрөл тоо хэмжээ баглаа боодлын төрөл тэмдэг
  • Тухайн бараа тарифын бус хязгаарлалтад хамаарах эсэх.

Улс хооронд агаарын тээврийн хэрэгслээр бараа тээвэрлэсэн тээвэрлэгч нь :

  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээ ;
  • Ерөнхий мэдүүлэг;
  • Зорчигчийн нэрсийн жагсаалт;
  • Ачааны жагсаалт /карго манифест/;
  • Ачаа тээвэрлэлтийн бичиг баримт ;
  • Аяллын хугацаанд хэрэглэх зорчигчийн хүнс, хэрэгслийн жагсаалт;
  • Худалдааны бичиг баримт .

Дээрх бичиг баримтад дараах мэдээллийг оруулна.

  • Тээврийн хэрэгслийн харьяалал, эзэмшигч;
  • Нислэгийн дугаар, маршрут;
  • Агаарын хөлгийн багтай холбогдсон мэдээлэл;
  • Барааны нэр төрөл, тоо, хэмжээ, баглаа боодлын төрөл, тэмдгийн талаар;
  • Бараа тарифын бус хязгаарлалтад хамаарах эсэх ;

Улс хооронд төмөр замаар бараа тээвэрлэхэд тээвэрлэгч нь дараах бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгнө:

  • Дамжуулах хуудас
  • Вагон хуудас
  • Тээврийн бичиг баримт
  • Худалдааны бичиг баримт

Дээрх бичиг баримтад дараах мэдээллийг оруулна:

  • Бараа илгээгч, хүлээн авагчийн нэр, хаяг
  • Бараа илгээх, дамжин өнгөрөх, хүлээн авах өртөө
  • Ачааны нэр төрөл, тоо, хэмжээ, баглаа боодлын төрөл, тэмдэг
  • Чингэлэгийн дугаар

Асуулт 1. Ачаа, суудлын хосолмол зориулалттай нэг бүхээгтэй тээврийн хэрэгсэл дээр ангиллын маргаан их гардаг. Үүнийг ямар зарчмаар шийдвэрлэдэг вэ?

  1. Дэлхийн гаалийн байгууллага цаашид /ДГБ/-аас боловсруулан гаргасан шалгуур үзүүлэлт
  2. Улсын дээд шүүхийн 2007 оны тайлбарт заасны дагуу суудлын авто машин гэдэгт юуг ойлгох талаар нэг мөр тайлбарласан байдаг.

Энэ дашрамд хэлэхэд ам дамжсан ташаа мэдээллээр иргэд суудлын автомашины ангилалд хамаарах тээврийн хэрэгслийг оруулж ирж байна. Иймд үнэн зөв мэдээллийг гаалийн байгууллагаас авах нь зүйтэй.

Асуулт 2. Барааг импортлоход ямар хэмжээний татвар төлөхийг хэрхэн тодорхойлдог юм бэ?

Монгол Улсын хууль тогтоомжоор импортын барааны хувьд барааны ангилал, нэр төрлөөс хамааран гаалийн албан татвар, онцгой албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, автобензин дизелийн түлшний албан татварыг ногдуулан хурааж авдаг. Импортын бараанд ногдуулах гаалийн албан татварын хувь хэмжээг Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/-ийн ангиллын дагуу УИХ-аас 1999 оны 27 дугаар тогтоолоор тогтоосон байдаг. Онцгой албан татварын тухай хуулиар суудлын автомашин, согтууруулах ундаа, тамхи, автобензин дизелийн түлшинд биет нэгжийг үндэслэн онцгой албан татвар, харин Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар импортын бүх төрлийн бараанд ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварыг тооцох үнэлгээ болон 10%-иар татвар ногдуулахаар тус тус заасан.

Асуулт 3. Татвараас чөлөөлөх барааны кодтой жагсаалт ч бас байдаг?  Жишээлбэл Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж.  Энэ ч бас гол зориулалт биш гэж үү?

Барааны ангиллын энэ систем нь олон улсын худалдааны хэлэлцээр /жишээ нь: Чөлөөт худалдааны хэлэлцээр, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /байгуулах хэлэлцээ, тээврийн тариф, дотоодын татвар, тарифын бус хязгаарлалт гэх мэт олон зориулалтаар улс орнуудад хэрэглэгддэг. Үүний нэг жишээ бол ЗГ-ын 2014 оны 191 дүгээр тогтоолоор батлагдсан Жижиг дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмжийн жагсаалт. Гэхдээ энд нэг зүйлийг тодруулан хэлэх хэрэгтэй.  Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем цаашид /БТКУС/ нь барааны ангиллын кодчилсон систем болохоос аливаа улс орны үндэсний хууль тогтоомжоор батлагдсан татвартай холбоотой асуудлыг зохицуулдаггүй. Жижиг дунд үйлдвэрлэл цаашид /ЖДҮ/-ийн тоног төхөөрөмжийн жагсаалтыг тухайн салбарын яам болон Жижиг дунд үйлдвэрийн газраас гаргаж, хуульд заасны дагуу Гаалийн ерөнхий газар цаашид /ГЕГ/ БТКУС-ийн дагуу кодлох үүргийг гүйцэтгэж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэн шийдвэрлэгддэг.

Асуулт 4. Энэ системийг мэдэхгүй хүн ангиллыг яаж тодорхойлох вэ?

Гаалийн зуучлагч байгууллага, гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнд хандан тодорхойлуулж болно. Монголын Үндэсний  худалдаа аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулагддаг сургалтанд хамрагдан суралцаж,  өөрсдөө тодорхойлж болно. Мөн, Гаалийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу гаалийн байгууллага гаалийн хууль тогтоомжтой холбогдсон асуудлаар иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө өгч болно. Гаалийн ерөнхий газар болон харьяа гаалийн газар, хороодод барааны ангиллын асуудал хариуцсан гаалийн улсын байцаагч бүхий нэгжүүдээс зөвлөгөө, мэдээлэл авч болно.

Асуулт 5. Барааны ангиллын хувьд санал нийлэхгүй, гомдолтой асуудал гарвал яах вэ?

Барааны ангилалтай уялдан татварын асуудал хөндөгддөг учраас барааны ангиллын кодыг тодорхойлох, хянах үйл ажиллагаа бол нэг ёсны шийдвэр юм. Иргэн хуулийн этгээд нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гаалийн байгууллага, албан тушаалтны амаар болон бичгээр гаргасан шийдвэрийн шалтгаан, үндэслэлийн талаар мэдээлэл авах эрхтэй. Гаалийн байгууллага, албан тушаалтан хүссэн мэдээллийг нэн даруй, хэрэв ийнхүү өгөх боломжгүй бол ажлын 3 өдөрт багтаан иргэн, хуулийн этгээдэд бичгээр өгөх үүрэгтэй гэж хуульд заасан.

Мөн, гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрийн талаар гомдол гаргах журмыг Гаалийн тухай хуулийн 17 дугаар зүйлд Тодруулбал, гаалийн улсын байцаагчийн шийдвэрт гаргах гомдлыг тухайн гаалийн байгууллагын дарга, эрхлэгчид, гаалийн байгууллагын дарга, эрхлэгчийн шийдвэрт гаргах гомдлыг холбогдох дээд шатны байгууллага,  албан тушаалтанд буюу ГЕГ-т, гомдлыг хянан шийдвэрлэсэн ГЕГ, албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандах гэж тодорхой заасан.

Асуулт 6. Барааны ангилалтай холбоотой асуудлаар бизнес эрхлэгчид юун дээр анхаарвал зохих вэ?

Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн практикаас харахад бизнес эрхлэгчид хууль тогтоомжоор хүлээсэн үүрэг хариуцлагаасаа илүүтэйд аль болох бага татвар төлөх, эсхүл татвар төлөхгүй байх арга замыг эрж хайн, барааны ангиллыг буруу мэдүүлж, зөрчил, гэмт хэрэгт холбогдох тохиолдлууд гарах нь цөөнгүй байдаг. Иймд, улсын хилээр нэвтрүүлж буй бараатай холбоотой үнэн зөв мэдээлэл, бичиг баримтыг гаалийн байгууллагад гарган өгч зөв мэдүүлэх нь бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа, хууль сахилтын түвшингийн үнэлэмжид онцгой нөлөөтэй гэдгийг тэмдэглэн хэлье.

Асуулт 7. Барааны ангиллын кодыг ямар байгууллага тодорхойлох вэ?

Гаалийн мэдүүлэгч тухайн импортлох гэж буй барааны ангиллын кодыг тодорхойлон гаалийн байгууллагад мэдүүлнэ. Гэхдээ магадлан шинжилгээнд хамруулах шаардлагатай барааны хувьд Гаалийн төв лабораторид шинжилгээ хийсний үндсэн дээр тухайн барааны ангиллыг тодорхойлно.

Асуулт 8. Барааг дагалдаж ирсэн бичиг баримт дээр БТКУС-ийн кодын 7,8 дахь орон нь Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх барааны кодтой зөрүүтэй байх тохиолдолд татвараас чөлөөлөгдөх үү?

Манай улс 7,8 дахь оронгийн түвшинд задаргаа хийгээгүй тохиолдолд татвараас чөлөөлөгдөнө.

Олон улсын хэмжээнд эхний 6 оронгийн түвшин ижил байдаг бөгөөд сүүлийн 7,8,9,10...оронгууд нь тухайн улс орны үндэсний хууль тогтоомжийн дагуу хийсэн задаргаа байдаг.

Асуулт 9. Тухайн барааг дагалдаж ирсэн бичиг баримт дээрх БТКУС-ийн код нь бараатайгаа илт зөрүүтэй байх тохиолдолд яах вэ?

Ийм тохиолдолд та тухайн барааг мэдүүлэх гэж буй гаалийн газрын Барааны ангилал хариуцсан ГУД-д хандаж барааны ангиллын зөв кодыг тодорхойлуулах эрхтэй. ОУ хэмжээнд нийт бараа эргэлтийн 98% нь энэхүү системийн дагуу бараа тус бүр өөрийн гэсэн ангилалд хамрагдаж байгаа.  Амьд мал, амьтнаас авахуулаад  эцсийн бүтээгдэхүүн хүртэл оноосон кодтой болно.

 Асуулт 10. БТКУС-тай холбоотой тушаал, шийдвэрүүд нийтэд ил тод байдаг уу? Тушаал журамд нэмэлт өөрчлөлтийг хэрхэн оруулдаг.

БТКУС-тай холбоотой тушаал гаалийн байгууллагын веб сайт болон хуулийн нэгдсэн цахим сан www.legalinfo.mn дээр тавигдсан байгаа. Ер нь 4 жил тутам ДГБ-аас БТКУС-д нэмэлт, өөрчлөлт оруулдаг. Дараагийн нэмэлт, өөрчлөлт нь 2017 онд нэмэлт, өөрчлөлт орно. Манай Улсын хувьд үндэсний хууль тогтоомжоос хамаараад тухай бүр нь үндэсний кодын нэмэлт, өөрчлөлтийг оруулдаг. Барааны ангилалтай холбоотой шийдвэрийн хувьд энэ жилээс эхлээд ангилахад хүндрэлтэй, шинэ дэвшилтэд техник, технологийн 100 гаруй нэр төрлийн барааны каталог болон Монгол улсад бүртгэлтэй 2700 гаруй нэр төрлийн эм, эмийн бэлдмэл, стратегийн хүнсний кодолсон жагсаалтыг эмхтгэн гаалийн вэб сайтад байршуулаад байна.

Агуулга анх оруулсан: 2019-05-06 Шинэчилсэн: 2019-05-06

Мэдээ мэдээлэл