Гэр бүлийн харилцаа Овог, нэр өөрчлөх

Овог, нэр өөрчлөх

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар бага насны болон шүүхээс эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон иргэний овог, эцгийн нэр, нэр өөрчлөх асуудлыг түүний хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлөөр бүртгэнэ.

  • Насанд хүрээгүй хүний овог, эцгийн нэр, нэр өөрчлөх тохиолдолд түүний зөвшөөрлийг бичгээр авна.
  • Иргэн овог, эцгийн нэр, нэрээ өөрчлөх тухай өргөдлөө /өргөдөлд өргөдөл гаргагчийн овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, оршин суугаа газрын хаяг, гэр бүлийн байдал, төрсөн болон үрчлэн авсан хүүхдийн овог, эцгийн нэр, нэр, өргөдөл гаргагчийн сонгож авсан овог, эцгийн нэр, нэр, тэдгээрийг өөрчлөх болсон үндэслэл зэргийг дурдсан байна.

Монгол Улсын 16 нас хүрсэн иргэний овог, эцгийн нэрийг

1/ овгоо буруу тогтоож баримт бичигт бичүүлсэн

2/ иргэний эцгийн нэр, нэр баримт бичигт буруу бичигдсэн

3/ хэлэх, бичихэд хэцүү, гаж этгээд нэрээ өөрчлөх хүсэлт гаргасан

4/ иргэний баримт бичгүүдэд бичигдсэн овог, эцгийн нэр, нэр хоорондоо зөрж байгаа

5/ төрсөн буюу үрчлэн авсан эцэг, эхийн нэрээр овоглох хүсэлт гаргавал

6/ гадаадын иргэнтэй гэр бүл болсон Монгол Улсын харъяат эмэгтэй нөхрийнхөө овгоор бүртгүүлэх хүсэлт гаргасан тохиолдлуудад солино.

Иргэний нэр өөрчилснийг бүртгэхдээ түүний нэрээр овоглодог хүүхдийн эцгийн нэрийг нэг адил өөрчилнө.

Иргэний овог, эцгийн нэр, нэрийг 1-ээс илүүгүй удаа өөрчлөхийг зөвшөөрнө. Иргэн урьдын овог, эцгийн нэр, нэрээ авахаар өргөдөл гаргана.

Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хоригдол, хорих ял эдэлж байсан хүний овог, эцгийн нэр, нэр өөрчлөхийг хориглоно. /Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйл/

Иргэн та овог нэрээ өөрчлөх хүсэлтэй байгаа бол иргэний овог, эцгийн нэр, нэр өөрчилснийг өргөдөл гаргагчийн оршин суугаа, эсхүл оршин байгаа болон төрснийг бүртгэсэн газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтан Засаг даргын захирамжийг үндэслэн бүртгэнэ.

Иргэн овог, эцгийн нэр, нэрээ өөрчлөх хүсэлтэй иргэд дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

  • Иргэн овог, эцгийн нэр, нэрээ өөрчлөх тухай өргөдөл
  • Төрсний гэрчилгээ;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Арван зургаан нас хүрээгүй хүн бол төрсний гэрчилгээний хуулбар;
  • Арван зургаа ба түүнээс дээш насны хүүхдийн бичгээр гаргасан зөвшөөрөл;
  • Өргөдөл гаргагч гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээ;
  • Ял шийтгэлгүй тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
  • Гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг Монгол Улсын харьяат болгосон тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг;
  • Улсын тэмдэгтийн хураамж төлсөн тасалбар. /Улсын тэмдэгтийн хураамжийн үнэ – 2500/.

Бага насны болон шүүхээс эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон иргэний овог, эцгийн нэр, нэр өөрчлөх асуудлыг түүний хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрлөөр бүртгэнэ. /Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйл/

Сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, баримт бичгийг хүлээн авч иргэний овог, эцгийн нэр, нэр өөрчилснийг 30 хоногийн дотор бүртгэн, иргэний баримт бичгийг шинэчилж, овог, эцгийн нэр, нэр өөрчилсний гэрчилгээг олгоно. Хүндэтгэн үзэх шалтгаан байгаа бол шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгаж болно. /Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.9-т/

Асуулт 1. Бид хамтран амьдраад 3 жил болсон ба хүүхдээ төрүүлэхийн өмнө хоёр тийшээ болж ганцаараа хүүхдээ төрүүлж эцгээр нь овоглох хүсэлтэй байсан ч тэр хүн зөвшөөрөөгүй би өөрөөрөө овоглох болсон. Хүүхдээ эцгээр нь овоглох боломжтой болов уу?

Иргэн та шүүхэд эцэг тогтоолгох нэхэмжлэл гаргаж уг нэхэмжлэлийг хангасан тохиолдолд харьяа гэр бүлийн бүртгэлийн байгууллагад шүүхийн шийдвэрээ авч очин хандан хүүхдээ эцгээр нь овоглуулах хүсэлтээ гаргаж болно.

Асуулт 2. Би хүүхдийнхээ овгийг солиулаад гэрчилгээг нь авчихсан бусад баримт дээрх овгийн өөрчлөлтийг ямар хугацаанд солиулах хэрэгтэй вэ?

Иргэн та овог, эцэг эхийн нэр өөрчлүүлсэн бол холбогдох эрх бүхий байгууллагад 60 хоногийн дотор хандан шинэчлэн авна. /Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.11-т/

Агуулга анх оруулсан: 2018-06-18 Шинэчилсэн: 2018-06-18

Мэдээ мэдээлэл