Банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа Хадгаламж гэж юу вэ, хадгаламж нээлгэх тухай

Хадгаламж гэж юу вэ, хадгаламж нээлгэх тухай

Нэг. Мөнгөн хадгаламж.

Банкны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Банк нь Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн /цаашид “иргэн” гэх/, хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгийг тэдгээрийн хүсэлтийн дагуу гэрээний үндсэн дээр хадгалж, түүнд хүү төлж болно.” Гэж заасан.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар Мөнгөн хадгаламж гэж “Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээдийн мөнгөн хадгаламжийн гэрээний үндсэн дээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд хадгалуулсан үндэсний болон гадаад валютыг хэлнэ” гэжээ.

Хоёр. Хадгаламжийн хугацаа.

Иргэний хуулийн 455 дугаар зүйлийн 455.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар МӨНГӨН ХАДГАЛАМЖИЙН ГЭРЭЭ нь (1) хугацаатай, эсхүл (2) хугацаагүй байна.   

Гурав. Хадгаламжийн хүү.

Мөн хуулийн 6 дугаар зүйлд зааснаар Мөнгөн хадгаламж нь ХҮҮТЭЙ байх бөгөөд хүүгийн хэмжээг бодох аргачлалыг Монголбанк батална.

ХҮҮНИЙ ХЭМЖЭЭ ӨӨРЧЛӨГДӨХ тохиолдолд

  • Хугацаатай хадгаламж – хүү нь шууд өөрчлөгдөхгүй, гэрээний хугацаа дуустал анх тохиролцсон хэвээр байна.
  • Хугацаагүй хадгаламж - нийтэд мэдэгдсэнээс хойш 1 сарын дараа өөрчилнө.

Дөрөв. Эрх, үүрэг /БЭБХЭМХТТЗҮАтХ-ийн 7 дугаар зүйл/

Мөнгөө хадгалуулж буй иргэн, хуулийн этгээд дараах эрхтэй.

Мөнгийг хадгалагч /Банк/ дараах үүрэгтэй.

  1. хадгалуулсан мөнгөө захиран зарцуулах хэлбэрийг сонгох;

1. хадгалуулагчийн нэр дээр данс нээх буюу сертификат зэрэг үнэт цаас олгох;

  1. хадгалуулсан мөнгөндөө хүүгийн орлого авах;

2/хадгалуулагчийн мөнгөн хөрөнгөнөөс зөвхөн түүний зөвшөөрөл буюу даалгавраар гүйлгээ хийх;

  1. хадгаламжийн гүйлгээ, үлдэгдлийг шалгах;

3/ хадгалуулагчийн тавьсан анхны шаардлагаар түүний хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүү төлөх;

  1. хадгаламжийг дундаа хамтран өмчлөх, итгэмжлэл олгох;

4/мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээг үнэн зөв бодож, олгох;

  1. хадгаламжийг өвлүүлэх, гэрээслэх, бэлэглэх;

5/хадгалуулагчийн дансны нууцыг хадгалах;

  1. хадгалагчаас буруугаас учирсан хохирлыг арилгуулахаар эрх бүхий байгууллагад хандах, шүүхэд нэхэмжлэх;

6/өөрийн буруугаас учруулсан хохирлыг нөхөн төлөх;

 

Хадгаламжийн данс нээх, хадгаламж байршуулах, хадгаламжид хүү төлөх этгээд нь БАНК байна.

Банк Монгол улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээдийн мөнгийг гэрээний үндсэн дээр хадгалах харилцааг Иргэний хуулийн 454-456 дугаар зүйл, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 3-11 дүгээр зүйлд зааснаар нарийвчлан зохицуулсан.

  1. Банк хадгаламжийн хүү, хугацааг нийтэд зарлана.
  2. Иргэн, хуулийн этгээд хадгаламж байршуулах хүсэлтээ банкны салбарт очиж гаргах ба ямар нөхцлөөр хадгалуулахаа сонгох эрхтэй байна.
  3. Банктай Мөнгөн хадгаламжийн гэрээг байгуулах ба гэрээний хугацаанд хадгаламжид хүү тооцож өгнө.

Иргэн, хуулийн этгээд мөнгөө хадгалуулахаар хүсэлт гаргасан даруйд хүсэлтийн дагуу банк хадгаламжийн данс нээж, гэрээ байгуулан, мөнгийг хадгална.

Мөнгөн хадгаламжийн гэрээний үүргээ Банк зөрчсөнтэй холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гаргасан тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэлийг шийдвэрлэнэ. Дэлгэрэнгүйг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа” хэсгээс харна уу.

Банк дараах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зөрчсөн гэж үзвэл хохирлоо арилгуулахаар ШҮҮХЭД нэхэмжлэл гаргах эрхтэй. /Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7/

 

  • хадгаламжид хүү төлөөгүй
  • хугацаа хадгаламж эзэмшигчийн хүссэн үед хадгалуулсан мөнгийг буцаан өгөөгүй,
  • хугацаатай хадгаламжийн хугацаа дуусахад мөнгийг Хадгалуулагч анх шаардахад буцаан өгөөгүй,
  • Хугацаа хадгаламжийг банк өөрийн санаачилгаар өөрчилсөн, хугацаанаас нь өмнө цуцалсан,
  • Банк хүүг үнэн зөв бодож олгоогүй,
  • Хадгаламжаас хадгалуулагч /таны/ зөвшөөрөлгүйгээр зарлага гаргасан
  • Зөвшөөрөлгүйгээр, эсхүл хууль зөрчиж, хадгаламжийн үлдэгдлийн мэдээллийг задруулсан зэрэг үйлдэл хамаарна.

Мөн Банк Зөрчлийн тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 1-т зааснаар үүргээ банк зөрчсөн гэж үзвэл торгууль оногдуулахаар гомдол гаргаж болно. Банк зөвшөөрөлгүйгээр гүйлгээ хийсэн, хүүгийн хэмжээг зөв бодож олгоогүй, дансны нууцыг хадгалах зэрэг үүргээ зөрчсөнөөс хохирол учруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, 4 сая төгрөгөөр торгоно.

Хадгаламжийн төрөл

Хугацаагүй хадгаламж – Харилцах данстай ижил боловч хүү өндөр байдаг. Мөнгөө богино хугацаанд ашиглах, эсхүл гэнэтийн зардалд зарцуулахаар төлөвлөсөн бол хугацаагүй хадгаламж тохиромжтой.

Хугацаатай хадгаламж – Тодорхой зорилготойгоор мөнгөө хуримтлуулах бол тохиромжтой. Банкууд ихэвчлэн 1, 3, 6, 9, 12 сарын хугацаатай хадгаламж санал болгодог бөгөөд хүүний хувьд хугацаагүй хадгаламжаас өндөр байдаг.

Асуулт 1. Хадгаламжийн данснаас ямар ямар тохиолдолд зарлагын гүйлгээ гаргаж болох вэ?

Хариулт1. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2-т зааснаар (1) хадгаламж эзэмшигчийн өөрийнх хүсэлтээр, эсхүл (2) түүний даалгавар, (3) итгэмжлэлээр зарлагын гүйлгээ гаргаж болно.

Асуулт 2. Хадгаламжийг зөвхөн банк нээх үү? Өөр байгууллага хадгаламж нээх үү?

Хариулт. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 3-р зүйл, Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 9-р зүйлд зааснаар Банк болон хадгаламж зээлийн хоршоо хадгаламжийн данс нээнэ.

Асуулт 3. Би гадаадад байдаг юм. Хадгаламжийн гэрээний хугацаа дуусаж байгаа юм. Тэрийг хэрхэн сунгуулах боломжтой вэ?

Хариулт 3. Иргэний хуулийн 62 дугаар зүйлд зааснаар өөрийгөө төлөөлж хадгаламжийн гэрээний хугацааг сунгах итгэмжлэлийг Монгол Улсад байгаа хүнд олгосноор хадгаламжийн гэрээний хугацаагаа сунгах боломжтой. Нотариатын тухай хуулийн 9.2-т зааснаар Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар нотариатын үйлдэл хийж, итгэмжлэлийг баталгаажуулна.

Асуулт 4. Хадгаламжаа өвлүүлж болох уу?

Хариулт 4. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1.6-д зааснаар хадгаламжаа өвлүүлэх, гэрээслэх, бэлэглэх эрхтэй.

Асуулт 5. Хадгаламж эзэмшигч нь нас барсан тохиолдолд хадгаламжийн дансанд байгаа мөнгийг хэрхэн авах вэ? Ямар бичиг баримтыг үндэслэн зарлагын гүйлгээ гаргах вэ?

Хариулт 5. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1. Хадгалуулагч нь нас барсан болон нас барсан гэж зарлагдсан тохиолдолд хадгалагч нь мөнгөн хадгаламжийг хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлах эрх бүхий этгээдэд олгох, эсхүл уул гэрээг түүний нэр дээр шинэчлэн хийнэ” гэж заасны дагуу Банк нотариатын олгосон гэрээслэл, өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн хадгаламжаас зарлага гаргах, хадгаламжийг өв залгамжлагчид шилжүүлнэ.

Асуулт 6. Хадгаламж эзэмшигч нас барсан тохиолдолд түүний дансан дах мөнгийг хэн авах боломжтой вэ?

Хариулт 6. Иргэний хуулийн 531.1-д зааснаар хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь хадгаламжийн данс дах мөнгийг авах боломжтой. Хууль ёсны өвлөгч гэж (1) нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх, (2) нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ, (3) өвлүүлэгчийн ачинцар, зээнцэрийг хэлнэ.

Асуулт 7. Хадгаламж зээлийн барьцаа болох уу, ямар ямар зээл авах вэ?

Хариулт 7. Иргэний хуулийн 154.1, Хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд зааснаар хадгаламжийн дансан дах мөнгөн хөрөнгө нь барьцааны зүйл болно. Хадгаламж барьцаалан тухайн банкны санал болгож буй зээлийн бүтээгдэхүүнүүдэд барьцаалах боломжтой.

Асуулт 8. Миний хадгаламжийн хугацаа дуусах болоогүй байгаа гэхдээ би дуусах хугацаанаас өмнө хадгаламжаа авья гэхээр хүү нь буурна гэх юм. Энэ ямар учиртай вэ?

Хариулт 8. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8-д зааснаар “Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээг тохиролцсон хугацаанаас өмнө хадгалуулагчийн хүсэлтээр цуцлахад хадгалуулсан хугацаанаас нь хамааруулан мөнгөн хадгаламжийн хүүг гэрээнд заасан хэмжээгээр бууруулж болно” гэж заасан байх тул Мөнгөн хадгаламжийн гэрээнд зааснаар хүү буух нь зөв.

Асуулт 9. Миний банкин дах хадгаламжаас хуурамч гарын үсгээр аль 2000 онд зарлага гаргачихсан байна. Тэр асуудалтай холбоотойгоор би мөнгөө буцаан авахаар гомдол шаардлага гаргаж болох уу? Хугацаа гэж байдаг юм болов уу?

Хариулт 9. Иргэний хуулийн 454.8. “Мөнгөн хадгаламжийн гэрээгээр хадгалуулсан мөнгөө шаардахад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй” гэж заасны дагуу мөнгөө буцаан авахаар нэхэмжлэлийг шүүхэд гаргах боломжтой байна.

Агуулга анх оруулсан: 2018-06-15 Шинэчилсэн: 2018-06-15

Мэдээ мэдээлэл