Нотариатын үйлчилгээ Гэрээ, хэлцэл гэрчлэх

Гэрээ, хэлцэл гэрчлэх

Нотариатын тухай хууль:

46.1.Нотариатч хуульд заасан дараахь гэрээ, хэлцлийг гэрчилнэ:

46.1.1.үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх хэлцэл;

46.1.2.гэрлэгчдийн эд хөрөнгийн эрхтэй холбогдсон гэрээ;

46.1.3.орон сууц дангаар өмчлөх эрх үүсгэх хэлцэл;

46.1.4.өөрт бэлэн байгаа бүх эд хөрөнгө, түүний тодорхой хэсгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, хязгаартайгаар эзэмшүүлэх, ашиглуулах /узуфрукт/ гэрээ;

46.1.5.тэжээн тэтгэх гэрээ;

46.1.6.эрх шилжүүлэх гэрээ;

46.1.7.зээлийн гэрээ;

46.1.8.хувьцаа, бусад үнэт цаасыг бусдын өмчлөлд шилжүүлэх гэрээ.

46.2.Нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ хуульд нийцсэн болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг дор дурдсаны дагуу нягтална:

46.2.1.талууд тэгш эрхийн үндсэн дээр гэрээ, хэлцэл байгуулсан эсэх;

46.2.2.бусдын дарамт, шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд автаагүй эсэх;

46.2.3.агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх;

46.2.4.үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэх.

46.3.Энэ хуулийн 46.2-т заасан нөхцөл байдлын аль нэг нь зөрчигдсөн бол нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхээс татгалзана.

46.4.Гэрээ, хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж байгаа бол төлөөлөгчийн бүрэн эрх, итгэмжлэл хуульд заасан шаардлага хангасан эсэхийг нягтална.

46.5.Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хийж байгаа гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ түүнийг хуулийн дагуу төлөөлж байгаа этгээдийн эрх хэмжээ нь гэрээ, дүрэм, Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрт тусгагдсан эсэхийг шалгана.

46.6.Нотариатч гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ түүний агуулга, гарах үр дагавар, үүргээ биелүүлээгүй нөхцөлд хүлээх хариуцлага зэргийг бүрэн гүйцэд ойлгосон эсэхийг талуудаас тодруулна.

46.7.Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, эрхийг бусдад шилжүүлэх гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ уг хөрөнгө, эрх нь тухайн этгээдийн хууль ёсны өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа эсэхийг нотлох эрхийн баримт бичгийг, хуулийн этгээдийн хувьд үүсгэн байгуулах гэрээ, дүрмийг үндэслэл болгоно.

46.8.Зохих байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох гэрээ, хэлцэлд нэмэлт, өөрчлөлт оруулсан, хугацааг сунгасан, цуцалсан, дуусгавар болгосныг гэрчлэхдээ гэрээний талуудын хүсэлтийг үндэслэн бие даасан нотариатын үйлдэл хийх бөгөөд ингэхдээ анхдагч гэрээг үндэслэж түүний хуулбарыг нотариатын баримтад хавсаргана.

46.9.Үл хөдлөх эд хөрөнгийн баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах болон дундын өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлэх гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын зөвшөөрлийг үндэслэнэ.

46.10.Нотариатч гэрчилсэн гэрээ, хэлцлийн хувийг талуудад өгч, өөрт үлдэх хувьд холбогдох баримт бичгийг хавсаргаж, архивт хадгална.

Нотариатын үйлдэл хийх заавар:

Тав. Гэрээ, хэлцэл гэрчлэх

5.1.Нотариатч нь гэрээг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийг баримтлана.

5.2.Хуульд зааснаар дор дурдсан гэрээ, хэлцлийг заавал гэрчлэнэ:

5.2.1.гэрлэгчдийн эд хөрөнгийн эрхтэй холбогдсон хэлцэл /Иргэний хуулийн 132.2 дугаар зүйл/;

5.2.2.орон сууц дангаар өмчлөх эрх үүсгэх хэлцэл /Иргэний хуулийн 145.2 дугаар зүйл/;

5.2.3.үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх хэлцэл /Иргэний хуулийн 109.2 дугаар зүйл/;

5.2.4.бэлэн байгаа эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, хязгаартайгаар эзэмшүүлэх, ашиглуулах  гэрээ /Иргэний хуулийн 190.2 дугаар зүйл/;

5.2.5.тодорхой хөрөнгө бэлэглэхээр амласан амлалт /Иргэний хуулийн 276.4 дүгээр зүйл/;

5.2.6.тэжээн тэтгэх гэрээ /Гэр бүлийн тухай хуулийн 45.1 дүгээр зүйл/;

5.2.7.үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах /Иргэний хуулийн 237.1 дүгээр зүйл/;

5.2.8.мөнгө буюу үнэт цаасыг банкинд хадгалуулахаар хүлээн авах /Иргэний хуулийн 237.1 дүгээр зүйл/.

5.3.Нотариатч нь Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасны дагуу хуульд заавал гэрчлэхээр заагаагүй боловч түүнд харшлаагүй гэрээ, хэлцлийг талуудын хүсэлтээр гэрчилж болно.         

5.4.Нотариатч нь үйлчлүүлэгчийн хүсэлтээр гэрээний төслийг боловсруулсан бол гэрээг гэрчлэхээс өмнө төслийг түүнд танилцуулна. 

5.5.Гэрээ, хэлцлийн агуулгыг хянах явцад тэдгээр нь хууль тогтоомж зөрчсөн, эсхүл өөр гэрээ хэлцлийг халхавчлах зорилго агуулсан, түүнчлэн хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн зэрэг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжийг агуулсан, эсхүл хэлцэл хийсэн этгээд ноцтой төөрөгдсөн, мэхлэгдсэн, хүчинд автсан зэрэг Иргэний хуулийн 58-60 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бусад тооцож болох  хэлцлийн шинж илэрвэл тухайн гэрээ, хэлцлийг нотариатч гэрчлэхгүй.

5.6. Гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь захиран зарцуулахад Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9 дэх хэсгийг баримтлах бөгөөд энэ тохиолдолд гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийн зөвшөөрлийг авна.

5.7.Үнэ цэнэтэй, ховор эд зүйлийг барьцаалж байгаа бол тухайн эд зүйлийн фото зураг, бичлэг зэргийг нотариатчид үлдэх гэрээний хувьд хавсаргана.

5.8.Гэрээ, хэлцэлд нэмэлт, өөрчлөлт оруулсан, хугацааг сунгасан, цуцалсан,  дуусгавар болсныг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.8 дахь хэсгийг баримтална. 

5.9.Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж,  гэрчилгээ авснаар  өмчлөх, эзэмших эрх нь хууль ёсоор баталгааждаг эд хөрөнгө/автомашин, кран, чиргүүл, буу, үл хөдлөх эд хөрөнгө зэрэг/-ийг бусдад шилжүүлсэн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тохиолдолд тухайн гэрээг үндэслэн  эрх шилжүүлэх гэрээ гэрчлэхийг хориглоно. 

46.1.1.үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх хэлцэл;

Иргэний хууль:

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана.” гэж заасан байдаг.

Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх заавар

Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 болон Нотариатын үйлдэл хийх зааврын 5 дугаар зүйлийн 5.2.3-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх хэлцэлийг заавал нотариатаар гэрчлэнэ.

7.3.Үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэхтэй холбогдсон аливаа хэлцэл болон өвлөх эрхтэй холбогдсон баримт бичгийг зөвхөн тухайн эд хөрөнгө байгаа тойргийн нотариатч гэрчилнэ.

46.7.Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, эрхийг бусдад шилжүүлэх гэрээ, хэлцлийг гэрчлэхдээ уг хөрөнгө, эрх нь тухайн этгээдийн хууль ёсны өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа эсэхийг нотлох эрхийн баримт бичгийг, хуулийн этгээдийн хувьд үүсгэн байгуулах гэрээ, дүрмийг үндэслэл болгоно.

46.1.2.гэрлэгчдийн эд хөрөнгийн эрхтэй холбогдсон гэрээ;

Гэрлэгчид өөрсдийн эд хөрөнгийн эрхтэй холбогдсон харилцааг гэрээгээр зохицуулж болох бөгөөд гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр болно.            

Иргэний хууль

132 дугаар зүйл. Гэрлэгчид хөрөнгийн эрхээ гэрээгээр зохицуулах

132.1.Гэрлэгчид гэрлэгч тус бүрээс өрхийн төсөв, зардлыг хариуцах журам, гэрлэлтийг цуцалсан нөхцөлд ногдох хөрөнгийг тодорхойлох, хөрөнгийн эрхтэй холбогдсон бусад нөхцөлийг энэ хуульд нийцүүлэн байгуулсан гэрээний үндсэн дээр зохицуулж болно.

132.2.Гэрлэгчид хөрөнгийн эрхтэй холбогдсон гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.

132.3.Гэрлэгчид хөрөнгийн эрхтэй холбогдсон гэрээг гэрлэлтээ бүртгүүлэхийн өмнө болон гэрлэсний дараа хэдийд ч байгуулж болно.

132.4.Гэрлэлтээ бүртгүүлэхийн өмнө байгуулсан гэрээ гэрлэлтийг бүртгүүлсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

132.5.Гэрлэгчид гэрээндээ хөрөнгийн бус харилцааг зохицуулсан, гэрлэгчдийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд доройтуулсан, эрхийн чадамжийг хязгаарласан нөхцөл тусгахыг хориглоно.

Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх заавар

Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 болон Нотариатын үйлдэл хийх зааврын 5 дугаар зүйлийн 5.2.1-д зааснаар гэрлэгчдийн эд хөрөнгийн эрхтэй холбогдсон гэрээг заавал нотариатаар гэрчлүүлэх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна. Гэрээг гэрчлэхэд Нотариатын тухай хууль /холболт хийх/, Нотариатын үйлдэл хийх заавар /холбоглт хийх/- ын бусад заалт нэгэн адил үйлчлэнэ.

46.1.3.орон сууц дангаар өмчлөх эрх үүсгэх хэлцэл;

Дангаар өмчлөх эрх гэж нийтийн зориулалттай орон сууцанд тодорхой хил хязгаар бүхий тусгаарлагдсан сууцны байр /сууц, өрөө/ болон барилгын тусгаарлагдсан бусад байгууламжийг өмчлөх эрхийг хэлнэ. Хэлцлийн үндсэн дээр дангаар өмчлөх эрх үүсгэхэд гэрээ, хэлцэл нь заавал нотариатаар гэрчүүлэх хэлбэрийн шаардлага хангасан байхаар хуульд заасан байна.

Иргэний хууль:

142 дугаар зүйл. Нийтийн зориулалттай орон сууц өмчлөх

142.1.Нийтийн зориулалттай орон сууцны барилгын доторхи сууц /өрөө/ болон дундын өмчлөлийн зүйлд хамаарахгүй сууцны бус зориулалттай талбайн хэсгийг дангаар өмчилж болно.

142.4.Дангаар өмчлөх өмчлөлд гагцхүү тодорхой хил хязгаар бүхий тусгаарлагдсан сууцны байр /сууц, өрөө/ болон барилгын тусгаарлагдсан бусад байгууламж хамаарна.

145 дугаар зүйл. Орон сууц дангаар өмчлөх эрх үүсэх, дуусгавар болох

145.1.Орон сууцыг дангаар өмчлөх эрх хууль буюу хэлцлийн үндсэн дээр үүснэ.

145.2.Орон сууц дангаар өмчлөх эрх үүсгэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлнэ.

145.3.Өмчлөгч тус бүр дангаар өмчлөх өмчлөлийн зүйл болох өөрийн сууц /өрөө/ болон бусад талбайг хуульд заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэх эрхтэй.

Хэлцлийн үндсэн дээр дангаар өмчлөх эрх үүсгэх: /хэлбэрийн талаарх зохицуулалт/

Дангаар өмчлөх эрх үүсгэх хэлцэлийг хуулиар хэлбэрийн шаардлага хангасан байхаар заасан бөгөөд Иргэний хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д “Орон сууц дангаар өмчлөх эрх үүсгэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлнэ”, Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3, Нотариатын үйлдэл хийх зааврын 5 дугаар зүйлийн 5.2.2-р хэсэгт тус тус “Орон сууц дангаар өмчлөх эрх үүсгэх хэлцэл”-ийг заавал нотариатаар гэрчлүүлэхээр заасан.

46.1.4.өөрт бэлэн байгаа бүх эд хөрөнгө, түүний тодорхой хэсгийг бусдын өмчлөлд шилжүүлэх, хязгаартайгаар эзэмшүүлэх, ашиглуулах /узуфрукт/ гэрээ;

Иргэний хууль:

190 дүгээр зүйл. Ирээдүйд бий болох буюу бэлэн байгаа эд хөрөнгийн хувьд хийх гэрээ

190.1.Хуульд өөрөөр заагаагүй бол гэрээний нэг тал нь ирээдүйд бий болох өөрийн бүх эд хөрөнгийг нөгөө талын өмчлөлд шилжүүлэх, эсхүл хязгаартайгаар эзэмшүүлж, ашиглуулах /узуфрукт/-аар үүрэг хүлээсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна.

/Энэ хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

190.2.Нэг тал нь өөрт бэлэн байгаа бүх эд хөрөнгө буюу түүний хэсгийг нөгөө талын өмчлөлд шилжүүлэх, эсхүл хязгаартайгаар эзэмшүүлж, ашиглуулах /узуфрукт/-аар үүрэг хүлээсэн гэрээг нотариатаар заавал гэрчлүүлнэ.

190.3.Хувийн болон гэр бүлийн хэрэгцээний зорилгоор өөрт бэлэн байгаа бүх эд хөрөнгө, эсхүл ирээдүйд бий болох бүх эд хөрөнгөө барьцаалуулахаар үүрэг хүлээсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна.

/Энэ хэсгийг 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/

46.1.5.тэжээн тэтгэх гэрээ;

Гэр бүлийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1 дүгээр хэсэгт “Талууд тэжээн тэтгэх тухай гэрээг бичгээр үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн байна.”, мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дугаар хэсэгт “Тэжээн тэтгэх тухай гэрээг өөрчлөх, цуцлах тухай тохиролцоог үндсэн гэрээтэй адил хэлбэрээр хийнэ.” гэж тус тус заасан. 

46.1.6.эрх шилжүүлэх гэрээ;

Аливаа этгээд нь хууль ёсоор, хүсэл зоригийн дагуу эрхийг олж авч болно. Уг эрхийг шилжүүлэн авах гэрээ, хэлцэл нь хуульд зааснаар эсхүл талуудын хүсэлтээр нотариатаар гэрчлүүлж болно. Тухайлбал; Газар эзэмших эрхийг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж болно.

Газрын тухай хууль:

38 дугаар зүйл.Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх

35.1.4.газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх;

38.1.Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана.

38.2.Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:

38.2.1.нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ;

38.2.2.эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо;

38.2.3.албан татвар, хураамж төлсөн тухай баримт.

/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

38.2.4.татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт.

/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

38.3.Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна:

38.3.1.энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх;

38.3.2.шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх;

38.3.3.эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх.

Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1, Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.6-д тус тус зааснаар нотариатаар гэрчлүүлэх хэлбэрийн шаардлага хангасан байна.  

Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах гэрээ хэлцэл, мөнгө буюу үнэт цаасыг банкинд хадгалуулахаар хүлээн авах гэрээ

Иргэний хууль:

237 дугаар зүйл. Хадгалалтад шилжүүлснээр үүрэг дуусгавар болох

237.1.Үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах хугацааг хэтрүүлсэн, эсхүл түүний оршин суугаа /оршин байгаа/ газар нь тодорхой бус бол үүрэг гүйцэтгэгч нь үүргийн зүйлийг уул үүргийг гүйцэтгэвэл зохих газрын нотариатад, мөнгө буюу үнэт цаасыг нотариатаар дамжуулан банкинд хадгалуулахаар шилжүүлэх үүрэгтэй. Энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэнд тооцогдож, үүргээс чөлөөлөгдөнө.

237.2.Үүрэг гүйцэтгэгчийн шилжүүлсэн үүргийн зүйлийг нотариат үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлэх үүрэгтэй. Ийнхүү шилжүүлэх хүртэл уг зүйлийг хадгалах этгээдийг өөрийн үзэмжээр сонгож хадгалуулах бөгөөд баримт бичгийг өөртөө хадгална.

237.3.Үүргийн зүйл нь хадгалалтын шаардлага хангасан байвал зохих бөгөөд түргэн муудах, чанар нь алдагдах зүйлийг хадгалалтад хүлээж авахгүй.

237.4.Нотариат үүргийн гүйцэтгэлийг хадгалалтад хүлээн авсан тухай үүрэг гүйцэтгүүлэгчид мэдэгдэж, үүргийн гүйцэтгэлийг хүлээн авахыг түүнээс шаардана.

237.5.Үүргийн зүйлийг хадгалахтай холбогдсон зардлыг үүрэг гүйцэтгүүлэгч хариуцна.

237.6.Үүрэг гүйцэтгэгч нотариатад хадгалуулахаар шилжүүлсэн зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлэхээс өмнө буцаан авахаар хэдийд ч шаардах эрхтэй. Буцаан авсан тохиолдолд үүргийн зүйлийг хадгалалтад шилжүүлээгүй гэж үзнэ.

237.7.Үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн зүйлийг хүлээн авахаас татгалзсан, эсхүл энэ хуулийн 237.9-д заасан хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч хадгалалтад шилжүүлсэн зүйлээ буцаан авч болно.

237.8.Энэ хуулийн 237.6, 237.7-д зааснаар хадгалалтад шилжүүлсэн зүйлээ буцааж авсан үүрэг гүйцэтгэгч хадгалахтай холбогдсон бүх зардлыг хариуцна.

237.9.Нотариат, өөртөө хадгалуулахаар шилжүүлсэн зүйлийг гурав хүртэл жил хадгалах бөгөөд энэ хугацаанд үүрэг гүйцэтгүүлэгч уг зүйлийг хүлээн аваагүй бол энэ тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэж хадгалуулсан зүйлээ буцааж авахыг түүнээс шаардана. Хэрэв тогтоосон хугацаанд уг зүйлийг буцааж аваагүй бол түүнийг төрийн өмчлөлд шилжүүлнэ.

Та доорх холбоосруу орж өөрт ойрхон нотариатчдын хаяг, байршил, утасны дугаарыг харна уу.

Нийслэлийн нотариатчид ЭНД дарна уу.

Орон нутгийн нотариатчид ЭНД дарна уу.

НОТАРИАТЫН ҮЙЛДЭЛ, НОТАРИАТЫН БҮРТГЭЛ, ХУГАЦАА

25 дугаар зүйл.Нотариатын үйлдлийн төрөл

25.1.Нотариатын үйлдэл дараахь төрөлтэй байна:

25.1.1.гэрээ, хэлцэл гэрчлэх;

25.1.2.гэрээслэл гэрчлэх;

25.1.3.итгэмжлэл гэрчлэх;

25.1.4.өвлөх эрхийн гэрчилгээ олгох;

25.1.5.өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах;

25.1.6.хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичиг гэрчлэх;

25.1.7.эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбогдох баримт бичиг гэрчлэх;

25.1.8.гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран болон дундаа хэсгээр өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсгээ өмчлөх эрх гэрчлэх;

25.1.9.баримт бичгийн хуулбарыг гэрчлэх;

25.1.10.баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх;

25.1.11.нотариатын мэдэгдэх хуудас бичих.

25.2.Заавал гэрчлүүлэх нотариатын үйлдлийг зөвхөн хуулиар тогтоох бөгөөд үүнээс бусад үйлдлийг үйлчлүүлэгчийн хүсэлтээр гэрчилнэ.

Нотариатын тухай хуулийн 29, 30, 31 дүгээр зүйл. Нотариатын үйлдэл хийх хугацаа, Нотариатын үйлдэл хийхийг хойшлуулах, түдгэлзүүлэх, Нотариатын үйлдэл хийхээс татгалзах

Нотариатын үйлдэл хийхийг хойшлуулах: Нотариатын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “Үйлчлүүлэгч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, эсхүл өөрийн үйлдэлд хяналт тавих чадваргүй байгаа бол энэ нөхцөл байдлыг арилах хүртэл нотариатын үйлдэл хийхийг хойшлуулна”, 30.2-т “Иргэн, хуулийн этгээдээс баримт бичиг, түүний хуулбар, шаардлагатай мэдээллийг нэмж гаргуулах буюу тэдгээрийг шинжлүүлэх шаардлага гарсан тохиолдолд нотариатын үйлдэл хийхийг тодорхой хугацаагаар хойшлуулж болно” гэж заасан.

Нотариатын үйлдэл хийхийг түдгэлзүүлэх: Нотариатын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т “Нотариатчаар гэрчлүүлж байгаа баримт бичиг буюу эрхийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай өөр этгээдээс өргөдөл ирүүлсэн тохиолдолд уг асуудлаар нотариатын үйлдэл хийхийг 3-7 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулах бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэл гаргасан нь тогтоогдвол шүүхийн шийдвэр гартал нотариатын үйлдэл хийхийг түдгэлзүүлнэ.” гэж заасан.

Нотариатын үйлдэл хийхээс татгалзах: 1997 онд батлагдан мөрдөгдөж байсан Нотариатын тухай хуулинд татгалзах хугацааг 72 цаг гэж хуульчилсан байна. Харин 2011 онд батлагдсан буюу одоогийн мөрдөгдөж байгаа Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлд Нотариатын үйлдэл хийхээс татгалзах хугацааны талаар дурьдаагүй бөгөөд дараах татгалзах үндэслэлүүдийг тусгаж хуульчилсан байна. Үүнд:

  1. Үйлчлүүлэгчийн баримт бичиг нь хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд харшилж байвал;
  2. Өөртэй нь болон түүний гэр бүлийн гишүүнтэй нь холбоотой асуудал байвал;
  3. Өөрийнх нь байнгын үйлчлүүлэгчийн хувийн нууцтай холбоотой асуудлаар бусад этгээд нотариатын үйлдэл хийлгэхийг хүсвэл;
  4. Үйлчлүүлэгч нь эрх зүйн чадамжгүй, эсхүл төлөөлөх эрхгүй байвал;
  5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцвол уг хэрэгт холбогдох баримт бичгийг;
  6. Хуульд заасан бусад.

Хуульд заавал гэрчлүүлэхээр заасан гэрээ, хэлцэлээс гадна хуульд харшлаагүй, гэрээ хэлцэлийг талуудын хүсэлтээр гэрчилж байна.

Заавал гэрчлүүлэх.

  • Гэрлэгчдийн эд хөрөнгийн эрхтэй холбоотой гэрээ , хэлцэл
  • Орон сууц дангаар өмчлөх эрх үүсгэх хэлцэл
  • Үл хөдлөх эд хөрөнгийг бусдад шилжүүлэх хэлцэл
  • Бэлэн байгаа эд хөрөнгийг бусдад шилжүүлэх, хязгаартайгаар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ
  • Тодорхой хөрөнгө бэлэглэхээр амласан амлалт
  • Тэжээн тэтгэх гэрээ
  • Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах гэрээ, хэлцэл
  • Мөнгө буюу үнэт цаасыг банкинд хадгалуулахаар хүлээн авах гэрээ

Сүүлийн үед иргэд нотариатын үйлдлийн ач холбогдлыг улам илүү ойлгох болсон бөгөөд талууд хойшид гарах маргаанаас урьдчилан сэргийлэх, үүсч болох хохирол эрсдлээс өөрийгөө хамгаалах,  хийж буй гэрээгээ хуулийн хувьд хүчин төгөлдөр болгох, хөдөлшгүй нотлох баримтыг бий болгон үлдээж үл маргах шинжтэй болгох, аль аль талдаа хариуцлагыг бий болгох гэх мэт олон шалтгааны улмаас аль болох гэрээгээ  гэрчлүүлэхээр нотариатад хандах явдал ихэсч байна. Нийгэм хөгжихийн хэрээр гэрээний төрөл ч нэмэгдэж байна. Тиймээс хуулинд заавал гэрчлүүлэхээр заагаагүй боловч  үйлчлүүлэгчийн хүсэлтээр хуульд харшлаагүй ямар ч төрлийн гэрээ, хэлцэлийг гэрчилж болно.

Практик дээр дараахь төрлийн гэрээнүүд түлхүү хийгдэж байна.

  • үл хөдлөх эд хөрөнгө, орон сууц, хувийн сууц, газар, автомашин худалдах худалдан авах, бэлэглэх гэрээ
  • компанийн эрх шилжүүлэх, хувьцаа худалдах, бэлэглэх гэрээ
  • газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх гэрээ
  • үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх, орон сууц хөлслөх гэрээ
  • банк, банк бус санхүүгийн байгууллага, ХЗХоршооны зээл,барьцаа, фидуци, батлан даалтын гэрээ
  • иргэд хоорондын зээлийн гэрээ \ барьцаатай, барьцаагүй\
  • хамтран ажиллах гэрээ
  • ажил гүйцэтгэх гэрээ
  • сургалтын гэрээ
  • иргэд хооронд мөнгө хүлээлцсэн тухай хэлцэл г.м

Гэрээг гэрчлэхдээ хуульд нийцсэн болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэхийг нягтлан шалгахаас гадна:

  • тухайн гэрээ хэлцэлийг талууд тэгш эрхийн үндсэн дээр байгуулсан эсэх,
  • бусдын дарамт шахалт болон бусад хүчин зүйлсийн нөлөөлөлд автаагүй эсэх,
  • агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх,
  • үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэх
  • үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хүлээх хариуцлагыг тодорхой тусгасан эсэхийг нягтлан шалгана. 

Нотариатч гэрээ хэлцэлийг нэг загварт оруулж  бэлэн маягт бөглөж гэрчлэхээс илүү үйлчлүүлэгч бүрийн гэрээнд тавих шаардлага, хүсэл зориг өөр өөр тул тэдний хүсэл зоригийн илэрхийллийг бүрэн хангах үүднээс үйлчлүүлэгч бүрт тохирсон гэрээний төсөл боловсруулан гэрчлэх болсон.

Нотариатч өөрөө үйлчлүүлэгчийн хүсэлтээр гэрээний төсөл боловсруулж өгч болох бөгөөд энэ тохиолдолд гэрээг гэрчлэхээс өмнө төслийг талуудад танилцуулна.

Талуудын боловсруулж ирсэн гэрээ хэлцэлийн агуулгыг заавал хянах ёстой бөгөөд тэдгээр нь хууль тогтоомж зөрчсөн, өөр гэрээ хэлцэлийг халхавчлах зорилго агуулсан, хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заагдсан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн зэрэг Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлийн шинжийг агуулсан, эсхүл хэлцэл хийсэн этгээд ноцтой төөрөгдсөн, мэхлэгдсэн, хүчинд автсан зэрэг Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бусад тооцож болох хэлцэлийн шинж илэрвэл тухайн гэрээ хэлцлийг гэрчлэхгүй.

Гэрээ хэлцлийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хийж болох бөгөөд энэ тохиолдолд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бүрэн эрх, итгэмжлэл нь хуульд нийцсэн шаардлага хангасан эсэхийг заавал нягтлан шалгана.

Нотариатч гэрчилсэн гэрээ хэлцлийн хувийг талуудад өгч өөрт үлдэх хувийг холбогдох баримт бичгийн хамт хавсарган архивт авч үлдэнэ.

Агуулга анх оруулсан: 2018-09-03 Шинэчилсэн: 2018-09-03

Мэдээ мэдээлэл