Ажил эрхлэлт Гадаадаас ажиллах хүч авах

Аж ахуй нэгж, байгууллага, иргэн мэргэжлийн өндөр ур чадвар шаардах ажил, мэргэжлээр гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллуулж болно.

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7.1-дэх хэсэгт  “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь шинжлэх ухаан, боловсрол, үйлдвэрлэлийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, шинэ үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах, тоног төхөөрөмж угсрах, засварлах, төсөл хэрэгжүүлэх зорилгоор мэргэжлийн өндөр ур чадвар шаардах ажил, мэргэжлээр гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай гэрээг гадаадын хуулийн этгээдтэй байгуулж болно” гэж заасан.

Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай гэрээнд дараах ерөнхий нөхцөлийг тусгана:

  • Гадаадын иргэний ажиллах байгууллага, гүйцэтгэх ажил үүрэг;
  • Гадаадын иргэний ажиллах мэргэжлийн чиглэл, ажлын байрны нэр, хөдөлмөр эрхлэх гадаадын иргэний тоо;
  • Гадаадын иргэний эрүүл мэндэд тавих шаардлага;
  • Мэргэжил, боловсролын түвшинг баталсан баримт бичгийг харилцан зөвшөөрөх нөхцөл;
  • Гэрээний хугацаа, гэрээ дуусгавар болох, түүнийг цуцлах нөхцөл;
  • Цалин хөлсний хэмжээ;
  • Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, хөдөлмөрийн нөхцөл, ажил, амралтын цагийн горим;
  • Орон сууц, ахуйн хангамжийн асуудал;
  • Нийгмийн даатгалын асуудал;
  • Гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдон үүсэх маргаан болон хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх арга хэлбэрүүд.

Байгууллага нь гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авахын өмнө хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний эрх олгосон байгууллагын зөвшөөрлийг урьдчилан авсан байна.

Зөвшөөрөл авахдаа доорх материалыг бүрдүүлнэ.

  • Гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн зайлшгүй ажиллуулах шаардлага, гүйцэтгэх ажил, үйлчилгээний хэмжээ, хугацаа, үйлдвэрлэлийн онцлог, байршил, гадаадын иргэний мэргэжил, туршлага, ур чадварын талаар дэлгэрэнгүй тодорхойлсон албан бичиг;
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Гадаадын хуулийн этгээдтэй ажиллах хүч, мэргэжилтэн авах талаар байгуулсан гэрээ;
  • Гадаадын иргэний гадаад паспортын хуулбар
  • Гадаадын иргэний мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар;
  • Хөдөлмөр эрхлүүлэх салбарын яам, агентлагийн тодорхойлолт;
  • Тухайн байгууллагад гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн ажиллуулах шаардлага, хэрэгцээний тухай орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн албаны санал.

Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл нь 1 жил хүртэл хугацаатай байх бөгөөд зөвшөөрлийн хугацааг байгууллагын хүсэлт, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний үр дүн, цаашид ажиллуулах болсон шалтгааныг судалж, шалгасны үндсэн дээр хуульд заасан шаардлагын дагуу сунгаж болно.

 Таны судалсан байвал зохих хууль болон бусад эрх зүйн актууд:

  • Ажиллах хүч гадааадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль (2001 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Гадаад иргэний эрх зүйн байдлын тухай хууль (2010 он)  ЭНД дарж үзнэ үү
  • Нийгмийн даатгалын тухай хууль (1994 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль (2011 он) ЭНД дарж үзнэ үү
  •  Монгол Улсын Засгийн газрын “Гадаадаас ажиллах хүч мэргэжилтэн авах тухай” тогтоолууд;
  • Гадаадаас 2019 онд авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоох тухай" Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 377 дугаар тогтоол
  •  “Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журам” Монгол Улсын Засгийн газрын 2015.02.02 -ны өдрийн 41 дүгээр тогтоол;
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын “Гадаадаас ажиллах хүч мэргэжилтэнд зөвшөөрөл олгох тухай” тушаал, шийдвэрүүд;

Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах ажлыг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар зохион байгуулна.

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

  • Хүн амын хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө оруулалтын бүтцийн бодлоготой уялдуулан ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах асуудлаар бодлого, чиглэл тодорхойлох, хэрэгжилтийг хангуулах;
  • Аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, хөдөлмөр эрхлүүлэх талаар зуучлах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, Монгол Улсад гадаадын иргэд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох, татгалзах, хугацааг нь сунгах болон хүчингүй болгох;
  • Гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч болон гадаадаас Монгол Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчийн нийгмийн хамгааллын талаар гэрээнд заасан үүргийн биелэлтэд хяналт тавьж, тэдгээрийг хэрэгжүүлэх явцад илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах;
  • Эдийн засгийн үйл ажиллагааны салбар, байгууллагын нийт ажиллагчдын тоо, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамааруулан нийт ажиллагчдын тоонд гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг жил бүр тогтоож, Засгийн газраар батлуулах;
  • Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах асуудлаар төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын агентлаг, төрийн бус байгууллагын үйл ажиллагааг уялдуулах, гадаадын холбогдох төрийн захиргааны болон төрийн бус байгууллагатай гэрээ байгуулах.

Улсын хэмжээний томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, барилга, байгууламж барих, гамшгийн хор уршгийг арилгахад шаардагдах ажиллах хүчийг дотоодоос хангах бололцоогүй нөхцөлд Засгийн газрын шийдвэрийг үндэслэн гадаадаас ажиллах хүч авч болно.

Гадаадын иргэн гамшиг, аюулт үзэгдэлд өртөж амь алдсан нөхцөлд Засгийн газраас Монгол Улсын иргэний нэгэн адил тусламж, дэмжлэг үзүүлнэ.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас амь алдсан, тахир дутуу болсон нөхцөлд гадаадын иргэнийг ажиллуулж байсан байгууллага нь гэрээнд энэ талаар заасан үүргээ бүрэн биелүүлнэ.

Эдийн засгийн үйл ажиллагааны салбар, байгууллагын нийт ажиллагчдын тоо, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамааруулан нийт ажиллагчдын тоонд гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг жил бүр тогтоож, Засгийн газар тогтоол гаргадаг.

Засгийн газраас жил бүр тогтоодог хувь хэмжээний дагуу гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулах бол Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт шууд хандана.

Засгийн газраас тогтоосон хувь хэмжээнээс дээш хэмжээний гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг ажиллуулах зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд хандан Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлнэ.

Аж ахуй нэгж, байгууллага нь хүсэлт гаргахын өмнө мэргэжлийн өндөр ур чадвар шаардах ажил, мэргэжлээр гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай гэрээг гадаадын хуулийн этгээд, иргэнтэй байгуулсан байна.

1. Харъяа дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтэст хандан дэмжих бичиг авах хүсэлт гаргана.

  • Хөдөлмөрийн хэлтэст хандсан албан тоот
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Тусгай зөвшөөрөл
  • Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгааг нотлох баримт
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн сүүлийн сарын тайлан

2. Дэмжих бичиг авснаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах хэлтэст хөдөлмөр эрхлэх урьдчилсан зөвшөөрөл хүснэ.  

  • Маягт-1 –ийг бүрэн бөглөсөн тухайн ААНБ-ын  албан тоот
  • Үйлчилгээний хураамж төлсөн төлбөрийн баримт (25 000 төгрөг/1 хүн/, Төрийн сан,  ХХҮЕГазар 100900017002 данс)
  • ААНБ-ын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралтын хуулбар;
  • Засгийн газрын тогтоолоор квотоос чөлөөлөгдсөн бол ЗГТ-ын хуулбар
  • Тухайн байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хэдэн ажилтантайг баталгаажуулсан нийгмийн даатгалын сүүлийн сарын НД-7 болон НД-8 маягт;
  • Хөдөлмөр эрхлүүлэх эдийн засгийн салбарын Яам, агентлагийн тодорхойлолт
  • Тухайн байгууллагын харьяалагдах аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн санал;
  • Гадаадын хуулийн этгээдтэй хөдөлмөр эрхлүүлэх талаар байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, түүний монгол хэл дээрх орчуулгын хамт (орчуулгын товчоогоор баталгаажсан тэмдэгтэй);
  • Гадаадын иргэний паспортын хуулбар;
  • Гадаадын иргэний хөдөлмөр эрхлүүлэх салбарт их, дээд сургууль төгссөнийг илтгэн харуулах мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар (орчуулгын товчоогоор баталгаажсан тэмдэгтэй);
  • Шаардлагатай бол бусад материал;

3. Хөдөлмөр эрхлэх урьдчилсан зөвшөөрөл гарснаар Гадаадын иргэн харьяатын газарт хандан тухайн мэргэжилтэн МУ-д орж ирнэ.Хилээр нэвтрэн орж ирсний дараа 14 хоногийн дотор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ажиллах хүч, мэргэжилтэн авах хэлтэст хандан хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл хүснэ.

  • "Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл хүсэх” Маягт-2-ыг дэлгэрэнгүй бөглөсөн албан бичиг;
  • Үйлчилгээний хураамж төлсөн төлбөрийн баримт (22 500 төгрөг/1 хүн, Төрийн сан, ХХҮЕГазар 100900017002 данс);
  • Ажлын байрны төлбөр тушаасан баримт (640 000 төгрөг/1хүн/1сар,  /Төрийн сан, ХЭДС 100900037010 данс);  Жич: Мэргэжилтэнд материалаа шалгуулсны дараа зохих төлбөрийг тушаана.
  • "Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн үнэмлэх”-ний үнэ тушаасан баримт (3 000 төгрөг/1 хүн, Төрийн сан, ХХҮЕГазар  100900017002 данс); ХЭЗ-ийн үнэмлэхний 1 хувь цээж зураг (Тавигдах шаардлага: хэмжээ 3x4 см; цэнхэр дэвсгэртэй, сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх, тод байх) 
  • ААНБ-ын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралтын хуулбар;
  • Засгийн газрын тогтоолоор квотоос чөлөөлөгдсөн бол ЗГТ-ын хуулбар;
  • Гадаадын иргэний паспортын хуулбар болон “HG” ангиллын виз дээр хилээр орж ирсэн штамп дарагдсан хуудасны хамт
  • Эрүүл мэндийн болон Хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан маягтын дагуу эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулсан дүгнэлт бичиг (Тавигдах шаардлага: хөдөлмөр эрхлүүлэх газрын харьяалах эрүүл мэндийн төвд гадаадын ажиллах хүч, мэргэжилтнүүдийг авч очин ЭМҮШ-нд хамруулж, эмч, ерөнхий эмчийн гарын үсэг тайлал, огноо, дүгнэлтийг гаргацтай бичүүлж, тэмдэг дарж баталгаажуулсан байна) - ААНБ нь гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг үргэлжлүүлэн ажиллуулах зайлшгүй хэрэгцээ шаардлагатай бол Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг сунгуулж болно.
  • Зайлшгүй хэрэгцээ шаардлагыг дэлгэрэнгүй тайлбарласан Маягт-3-ын дагуу бөглөсөн албан бичиг;
  • Үйлчилгээний хураамж төлсөн төлбөрийн баримт (22 500 төгрөг/1хүн, Төрийн сан, ХХҮЕГазар 100900017002 данс);
  • Сунгагдан ажиллах хугацаагаар ажлын байрны төлбөр тушаасан баримт (640 000 төгрөг/1хүн/1сар, Төрийн сан, ХЭДС 100900037010 данс); Жич: Мэргэжилтэнд материалаа шалгуулсны дараа зохих төлбөрийг тушаана.
  • "Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн үнэмлэх” дээр сунгалт хийлгэнэ. (3000 төгрөг/1 хүн, Төрийн сан, ХХҮЕГазар 100900017002 данс). Хэрэв сунгалт хэсэг дууссан бол үнэмлэх дахин авна. ХЭЗ-ийн үнэмлэхний 1 хувь цээж зураг (Тавигдах шаардлага: хэмжээ 3x4 см; цэнхэр дэвсгэртэй, сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх, тод байх)
  • ААНБ-ын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралтын хуулбар;
  • Оршин суух үнэмлэхний хуулбар;
  • Засгийн газрын тогтоолоор квотоос чөлөөлөгдсөн бол ЗГТ-ын хуулбар;
  • Тухайн байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хэдэн ажилтантайг баталгаажуулсан нийгмийн даатгалын сүүлийн сарын НД-7 болон НД-8 маягт (Тавигдах шаардлага: ажиллуулж буй гадаадын ажиллах хүч, мэргэжилтэнд НДШ төлөлт хийгдсэн байх); 
  • Гадаадын хуулийн этгээдтэй хөдөлмөр эрхлүүлэх талаар байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, түүний монгол хэл дээрх орчуулгын хамт (Тавигдах шаардлага: Хөдөлмөрийн гэрээ сунгагдсан байх, орчуулгын товчоогоор баталгаажсан тэмдэгтэй);
  • Гадаадын иргэний паспортын хуулбар ( “HG” ангиллын визийн дардастай хуудасны хамт)
  • Хэрэв ГАХМ-ний Монгол Улсад хөдөлмөр эрхэлсэн хугацаа нь 6 сараас дээш бол ХДХВ (HIV)-ын шинжилгээг давтан, 1 жилээс дээш бол 5 төрлийн үзлэг шинжилгээг давтан тус тус өгсөн Эрүүл мэндийн болон Хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан маягтын дагуу эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулсан дүгнэлт бичиг. Маягтыг энд дарж татаж авна уу

4. ААНБ гадаадын иргэн хоорондын гэрээний хугацаа дууссан, цуцалсан тохиолдолд уг байгууллага хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн ХАСАЛТ хийлгэх хүсэлт гаргана.

  • ААНБ-ын  “ХЭЗ-ийн бүртгэлээс хасалт хийлгэх тухай” Маягт-4-ийг бөглөсөн албан бичиг ;
  • Үйлчилгээний хураамж төлсөн төлбөрийн баримт (12 000 төгрөг/1хүн, Төрийн сан,  ХХҮЕГазар 100900017002 данс)
  • ААНБ-ын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • А4 хэмжээстэй цаасны нүүрэн дээр гадаадын иргэний паспорт болон  “HG” ангиллын визийн дардастай хуудасны хамт хуулбарлаж, ард талд нь ХХҮЕГ-аас олгосон “Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн үнэмлэх” эх хувиар хураалгаж, мөн ГИХГ-аас олгосон "Монгол Улсад оршин суух үнэмлэх”-ний сунгалттай хуулбарыг тус тус зайлшгүй хавсаргасан байна;
  • Шаардлагатай бол бусад материал

5. ААНБ-ууд ажлын байрны төлбөрийг илүү төлсөн эсвэл ажиллуулж байгаа гадаадын иргэн хугацаанаасаа өмнө буцах болсон тохиолдолд ажлын байрны төлбөрийн буцаалтыг авах хүсэлт гаргана.

  • Байгууллага нь ажлын байрны төлбөрийн буцаалт авах болсон тухай шалтгаан нөхцөл, хөдөлмөр эрхлүүлж байсан гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн ямар цаг хугацаанд ажилласан, хэзээ нутаг буцсан, ажлын байрны төлбөрийн илүү төлөлтийн тооцоо зэргийг дэлгэрэнгүй дурдсан албан бичиг;
  • Үйлчилгээний хураамж төлсөн төлбөрийн баримт (12 000 төгрөг/1хүн, Төрийн сан,  ХХҮЕГазар 100900017002 данс)
  • ААНБ-ын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • ГИХГ-аас тухайн гадаадын иргэний улсын хилээр гарсан буюу хасалт хийлгэсэн тодорхойлолт;
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан (ХЭДС)-д тухайн байгууллагаас төлсөн ажлын байрны төлбөрийн төлсөн баримтын хуулбар;
  • Хөдөлмөрийн гэрээгээр ажилласан гадаадын иргэний паспортын хуулбар;
  • Байгууллагаас АБТБ хүссэн нэхэмжлэх (Тавигдах шаардлага: ААНБ-ын улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэн данс байх);
  • Гадаадын иргэнд Монгол Улсад Хөдөлмөр эрхлэх урьдчилсан зөвшөөрөл олгох үйлчилгээг ажлын 10 хоногт
  • Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн сунгалтыг ажлын 3-5 хоногт
  • Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг цуцлах буюу хасалт, мөн лавлагаа тодорхойлолтыг ажлын 1 хоногт шийдвэрлэнэ.
  • Ажлын байрны төлбөрийн буцаалт 30 хоног
  • Тодорхойлолт 1 хоног

Тухайн үйлчилгээтэй холбоотой өргөдөл, гомдлыг иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу холбогдох албан тушаалтан, байгууллага, дээд шатны байгууллагад гаргана.

Өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх хугацаа 30 хоног байна. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгаж болох ба гомдол гаргагчид энэ тухай мэдэгдэнэ.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил, үйлчилгээ эрхлүүлсний төлөө ажлын байрны төлбөрийг Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих санд төлөх ба ажлын байр бий болгох, ажилгүйдлийг бууруулах арга хэмжээнд зарцуулна.

Гадаадын иргэний Монгол Улсад хөдөлмөр эрхлэх хугацаа дуусч Монгол Улсаас гарах бол:

Тухайн гадаадын ажиллах хүч, мэргэжилтний хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацаа дууссан, хүндэтгэх үзэх шалтгааны улмаас хугацаанаасаа өмнө Монгол Улсаас гарч явах болсон тохиолдолд ГАХМАХ-т ирж ХЭЗ-ийн хасалт хийх шаардлагатай.

Уг хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй албан тушаалтныг мөн хуулийн 12.1.4-т зааснаар 50.000-100.000 төгрөг, ААНБ-ыг 500.000-1.000.000 төгрөгөөр төгрөгөөр торгох арга хэмжээ авна.

Ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөх

  • Дор дурдсан гадаадын иргэнийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлнө:
    • Монгол Улсад суугаа гадаад орны дипломат төлөөлөгчийн болон консулын газрын ажилтан, түүний гэр бүл;
    • Олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газар (НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын салбар гэх мэт)-т ажиллаж байгаа гадаадын иргэн, түүний гэр бүл;
    • Боловсролын байгууллага, шинжлэх ухааны салбарт гэрээгээр ажиллаж байгаа гадаадын зөвлөх, мэргэжилтэн, багш, эрдэм шинжилгээний ажилтан;
    • Засгийн газар хоорондын гэрээнд заасан тохиолдолд уг гэрээний дагуу ажиллаж байгаа мэргэжилтэн, ажилтан;
    • Монгол Улсын олон улсын гэрээ болон төрийн захиргааны төв байгууллагатай байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу ажиллаж байгаа сайн дурын ажилтан;
    • Хууль ёсны зөвшөөрөл авч Монгол Улсад хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын төрийн бус (ашгийн бус) байгууллагын ажилтан.
  • Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулагч, гишүүн, удирдах бүрэлдэхүүний 3 хүртэлх төлөөлөгчийг хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолтыг үндэслэн ажлын байрны төлбөрөөс чөлөөлнө.
  • Байгалийн гамшиг, сүйрлийн хор хөнөөлийг арилгахад шаардагдах ажиллах хүч, мэргэжилтнийг дотоодоос хангах бололцоогүй нөхцөлд гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн ажиллуулах бол Засгийн газрын шийдвэрээр ажлын байрны төлбөрөөс чөлөөлж болно.
  • Эдийн засагт онцгой ач холбогдол бүхий шинэ технологи нэвтрүүлэх, импортыг орлох, экспортод чиглэсэн үйлдвэрлэл эрхлэх, нийтийн хэрэглээний зориулалттай төмөр зам, нисэх буудал, цахилгаан болон дулааны станц, олон улсын сүлжээний дээд зэрэглэлийн зочид буудал, метро барих бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэхэд гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн ажиллуулах тохиолдолд хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газрын шийдвэрээр ажлын байрны төлбөрөөс чөлөөлж, хөнгөлж болно.
  • Төрийн захиргааны төв байгууллага, Засгийн газрын агентлагийн урилга болон гэрээний дагуу судалгаа, шинжилгээ хийлгэх, зөвлөгөө авах зорилгоор гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч ажиллуулах тохиолдолд хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр ажлын байрны төлбөрийг 50  хувь хөнгөлнө.

Гадаадын ажилтан, мэргэжилтнийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөхөд Монгол Улсын олон улсын гэрээ, Засгийн газар, яам, Засгийн газрын агентлагийн байгуулсан гэрээ, тухайн иргэний мэргэжлийн диплом, үнэмлэх, байгууллагын хүсэлтийг тус тус үндэслэнэ.

Монгол Улсад албан хэргээр удаан хугацаагаар оршин суугч, цагаач иргэн болон Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон гадаад иргэнээс энэ журамд заасан төлбөрийг авахгүй.

Асуулт 1. Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд яах вэ?

Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг хүндэтгэх бус шалтгаанаар 3-аас дээш хоногоор хэтрүүлсэн тохиолдолд зөвшөөрлийн хугацааг сунгахгүй, тухайн иргэний талаар Гадаадын иргэн, харьяатын газарт мэдэгдэж, хуулийн дагуу зохих арга хэмжээ авна.

Асуулт 2. Байгууллага нь Хөдөлмөрийн гэрээгээр авч ажиллуулж байгаа гадаадын иргэний өмнө ямар хариуцлага хүлээдэг вэ?

Байгууллага нь гэрээгээр авч ажиллуулж байгаа Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй гадаадын иргэний өмнө монгол иргэдийн өмнө хүлээдэг үүргүүдээс гадна ажиллах хүч авах гэрээнд тусгагдсан үүргийг хүлээнэ. Түүнчлэн түүнийг Хөдөлмөрийн гэрээ дуусмагц эх оронд нь буцаах арга хэмжээ авах үүргийг хуулийр хүлээнэ.

Асуулт 3. Гадаадын иргэн нь харьяалагдаж байгаа байгууллагаасаа өөр байгууллагад шилжин ажиллаж болох уу?

Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй гадаадын иргэн нь анхны байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан тохиолдолд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт, гэрээ цуцлах болсон шалтгааныг үндэслэн зохих журмын дагуу шинээр зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэнэ.

Асуулт 4. Хуулийн ямар үндэслэлээр гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах вэ?

Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй бүхий гадаадын иргэн тухайн байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээ зөрчсөн, өөр байгууллага, орон нутагт зөвшөөрөлгүй шилжин ажилласан тохиолдолд уг зөвшөөрлийг байгууллагын тодорхойлолтыг үндэслэн холбогдох эрх бүхий байгууллагаас хүчингүй болгож, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад энэ тухай мэдэгдэнэ.

Асуулт 5. Гадаадын иргэний хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг хэрхэн өдрөөс тооцдог вэ?

Гадаадын иргэнд олгох хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг тооцохдоо ХХҮЕГ-т  албан бичгээр хүсэлт тавьсан өдрөөс эхлэн тооцно.

Агуулга анх оруулсан: 2019-11-07 Шинэчилсэн: 2019-11-07

Мэдээ мэдээлэл