Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх Хөгжлийн бэрхшээлтэй хүн нийгмийн халамж хүртэх эрх

Хөгжлийн бэрхшээлтэй хүн хоол хүнс, хувцас, орон байр, эмчилгээ сувилгаа, нийгэм ахуйн зайлшгүй шаардлагатай үйлчилгээг оролцуулаад өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэнд, аж амьдралыг тэтгэхэд хүрэлцэхүйц амьжиргаатай байх эрхтэй. “хөгжлийн бэрхшээлтэй хүн” гэдэгт бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүний хэлнэ. “нийгмийн халамж” гэж эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг хэлнэ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 25-26 дугаар зүйлд Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн хамгаалал хүртэх эрх, Нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх тусламж, хөнгөлөлтийн талаар зохицуулсан байна.

Харин Нийгмийн халамжийн тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүн хамрагдахаар заасан нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн халамжийн болон хөгжлийн үйлчилгээ зэргийг илүү нарийвчлан заасан байдаг.

Таны судалсан байвал зохих хууль бусад эрх зүйн акт:

  • Монгол Улсын үндсэн хууль /1992 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль /2016 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Нийгмийн Халамжийн тухай хууль /2012 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 197 дугаар тогтоолын 5 дугаар хавсралт “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам” /2017 он/ ЭНД дарж үзнэ үү.
  • Монгол Улсын Засгийн газрын тогтоол “Нийгмийн халамжийн сангаас олгох протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнэ тогтоох тухай” /2017 он/  ЭНД  дарж үзнэ үү.

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-26.1.6 дахь хэсэгт заасан тусламж, хөнгөлөлтөд хамрагдах иргэн та 

Сум, хорооны нийгмийн ажилтанд хандана. 

 

Нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх тусламж, хөнгөлөлт:

  1. байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, бүрэн хараагүй, бүрэн хэлгүй, дүлий, одой иргэн болон байнгын асаргаа шаардлагатай хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хөгжлийн бэрхшээлтэй хүнд орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь жилд нэг удаа мөнгөн тусламж олгох;
  2. 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дотоодод хийлгэсэн протезын үнийг эдэлгээний хугацаа дууссан болон тухайн хүүхдийн өсөлтийн улмаас бие эрхтэнд нь таарахгүй болсон тохиолдолд тухай бүр 100 хувь нөхөн олгох;
  3. үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез хийлгэх, сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсээгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэний дотоодод хийлгэсэн протезын үнийг гурван жил тутам нэг удаа нөхөн олгох;
  4. 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, түүнчлэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез хийлгэх, сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсээгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэний дотоодод хийлгэсэн болон худалдан авсан ортопед, тэргэнцэр зэрэг тусгай хэрэгслийн үнийг гурван жил тутам нэг удаа 100 хувь нөхөн олгох;
  5. хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн цэцэрлэг, сургуульд ирж, очих унааны зардлыг хөнгөлөх, эсхүл автобусаар үйлчлэх;
  6. насанд хүрсэн бүрэн хараагүй, сонсголгүй, хэл ярианы бэрхшээлтэй хүний харилцаа холбооны зардалд хөнгөлөлт үзүүлэх;
  7. дотоодын рашаан сувилалд сувилуулах шаардлагатай дараах хүнд ирж, очих унааны, ор хоногийн зардлыг эрүүл мэндийн даатгалтай иргэний энгийн өрөөний тарифаар тус тус тооцон доор дурдсан хувиар жилд нэг удаа нөхөн олгох:
  • хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд 100 хувь;
  • хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асран халамжилж яваа нэг иргэнд 50 хувь;
  • үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас хөнгөлөлт авах эрх үүсээгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэнд 50 хувь.
  1. хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд дотоодын рашаан, сувилалд дараалал харгалзахгүйгээр сувилуулах;
  2. бүрэн хараагүй хүн эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр эмчлүүлэх, рашаан сувилалд сувилуулахаар аймгаас нийслэлд, нийслэлээс аймагт зорчсон тохиолдолд ирж, буцах унааны зардлын 75 хувийг жилд нэг удаа нөхөн олгох;
  3. нийслэлээс 1000 ба түүнээс дээш километр алслагдсан газарт байнга оршин суудаг хөгжлийн бэрхшээлтэй хүн аймгийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэрээр нийслэлд ирж эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх тохиолдолд ирж, очих унааны зардлыг жилд нэг удаа нөхөн олгох;
  4. хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн болон хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүний нэг хүүхдийн цэцэрлэгийн хоолны зардлын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх;
  5. хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нь хүүхдийн зусланд амарвал эрхийн бичгийн 50 хувийг жилд нэг удаа олгох;
  6. хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эмнэлгийн магадлагаагаар дотоодод усан эмчилгээ хийлгэсэн бол эмчилгээний төлбөрийн 70 хувийг нөхөн олгох;
  7. хараагүй хүний брайлийн үсгээр бичсэн захидал, ил захидал, брайль хэвлэл, 10 кг хүртэлх илгээмжийг дотоодод үнэ төлбөргүй явуулж, хараагүй хүний зориулалттай техник, тоног төхөөрөмж, материал хэрэгслийг дотоодод үнэ төлбөргүй хүргүүлэх;
  8. нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан оршуулгын тэтгэмж авах эрх үүсээгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нас барвал түүний оршуулгын зардалд нийгмийн даатгалын сангаас олгох оршуулгын тэтгэмжтэй тэнцүү хэмжээний мөнгөн тусламж олгох;
  9. аарцаг эрхтний үйл ажиллагаа алдагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүнд эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр зайлшгүй шаардлагатай асаргаа сувилгаа, ариун цэвэр-эрүүл ахуйн материалын дэмжлэг үзүүлэх.

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төрөлжсөн асрамжийн болон олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамруулж болно.

Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэн болон тэдгээрийг асран хамгаалагчийг нийгмийн халамжийн үйлчилгээ, тусламжид хамруулна.

Иргэний хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг дараах комисс /цаашид “Комисс” гэх/ тогтооно:

  • 0-16 насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс;
  • 16 ба түүнээс дээш насны хүний хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс;
  • хөгжлийн бэрхшээлтэй болсон шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс.
  • Ахмад настны хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын Эмнэлэг хяналтын комисс тогтооно.

Хөгжлийн бэрхшээлтэй хүн дараах тусламж, хөнгөлөлт авах хүсэлтийг холбогдох баримт бичгийн хамт сум, хорооны нийгмийн ажилтанд гаргана.

Тусламж, хөнгөлөлтийн хэлбэр, бүрдүүлэх материал:

1. Байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, бүрэн хараагүй, бүрэн хэлгүй, дүлий, одой иргэн болон байнгын асаргаа шаардлагатай хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хөгжлийн бэрхшээлтэй хүнд орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь жилд нэг удаа мөнгөн тусламж олгоно.

Бүрдүүлэх материал:

  • өргөдөл (маягтын дагуу);
  • иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
  • 16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
  • хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх, хуулбарын хамт;
  • аймаг, дүүргийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар;
  • хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болохыг тогтоосон аймаг, дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн хуулбар;
  • иргэнд байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай болохыг тогтоосон сум, тосгоны эрүүл мэндийн төвийн ерөнхий эмч, аймаг, дүүргийн эрүүл мэндийн  байгууллагын Эмнэлэг хяналтын комиссын тодорхойлолт.

2. 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дотоодод хийлгэсэн протезын үнийг эдэлгээний хугацаа дууссан болон тухайн хүүхдийн өсөлтийн улмаас бие эрхтэнд нь таарахгүй болсон тохиолдолд тухай бүр 100 хувь нөхөн олгох;

3. үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез хийлгэх, сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсээгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэний дотоодод хийлгэсэн протезын үнийг гурван жил тутам нэг удаа нөхөн олгох;

4. 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, түүнчлэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез хийлгэх, сэргээн засалттай холбогдсон хөнгөлөлт авах эрх үүсээгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэний дотоодод хийлгэсэн болон худалдан авсан ортопед, тэргэнцэр зэрэг тусгай хэрэгслийн үнийг гурван жил тутам нэг удаа 100 хувь нөхөн олгох;

2-4-т заасан тусламж, хөнгөлөлт авахад дараах материалыг бүрдүүлнэ:

  • өргөдөл (маягтын дагуу);
  • иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
  • 16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
  • хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх, хуулбарын хамт;
  • аймаг, дүүргийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар;
  • хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болохыг тогтоосон аймаг, дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн хуулбар;
  • иргэнд байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай болохыг тогтоосон сум, тосгоны эрүүл мэндийн төвийн ерөнхий эмч, аймаг, дүүргийн эрүүл мэндийн  байгууллагын Эмнэлэг хяналтын комиссын тодорхойлолт.
  • аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын Эмнэлэг хяналтын комиссын протез хийлгэх шаардлагатай тухай шийдвэр, аймаг, нийслэлд эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмчийн ортопедийн болон тусгай хэрэгсэл шаардлагатай тухай тодорхойлолт, сум, тосгонд сум, тосгоны эрүүл мэндийн төвийн ерөнхий эмчийн тодорхойлолт;
  • протез, ортопед, тусгай хэрэгслийн үнийг төлсөн баримт, эсхүл нэхэмжлэл;
  • нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авагчаас бусад иргэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез, сэргээн засалтын хөнгөлөлт авах эрх үүсээгүй тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын (сумын нийгмийн даатгалын байцаагч) байгууллагын  тодорхойлолт.

5. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн цэцэрлэг, сургуульд ирж, очих унааны зардлыг хөнгөлөх, эсхүл автобусаар үйлчлэх

Бүрдүүлэх материал:

  • өргөдөл (маягтын дагуу);
  • иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
  • 16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
  • цэцэрлэг, сургуульд хүргэж өгөх болон авах асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
  • хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болохыг тогтоосон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн хуулбар;
  • хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцаж байгаа сургууль, цэцэрлэгийн тодорхойлолт;
  • орон нутагт оршин суудаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд аймаг болон сумын төв, нийслэлд суралцахаар ирсэн тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, түүний асран хамгаалагчийн тээврийн зардал  төлсөн баримт эсхүл нэхэмжлэл.

6. Насанд хүрсэн бүрэн хараагүй, сонсголгүй, хэл ярианы бэрхшээлтэй хүний харилцаа холбооны зардалд хөнгөлөлт үзүүлэх

Бүрдүүлэх материал:

  • өргөдөл (маягтын дагуу);
  • иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
  • 16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
  • хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх, хуулбарын хамт;
  • бүрэн хараагүй, сонсголгүй, хэл ярианы бэрхшээлтэй болохыг тодорхойлсон аймаг, дүүргийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар

Сум, хорооны нийгмийн ажилтан нь баримт бичгийн бүрдлийг хянан үзэж,  хүсэлт хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ.

Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүний баримт бичгийг ажлын 5 хоногт багтаан хянан үзэж, тусламж, хөнгөлөлт олгох иргэнд хувийн хэрэг нээж, нэрийн жагсаалтыг баталгаажуулж сум, хорооны нийгмийн ажилтанд хүргүүлнэ.

Дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сумын нийгмийн ажилтан хөнгөлөлт, тусламж авах иргэний нэрийн жагсаалтыг нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагатай гэрээ байгуулсан  банкинд хүргүүлнэ.

Сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь баримт бичгийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн  үнийн хөнгөлөлтийн мөнгийг гэрээ байгуулсан банкаар дамжуулан олгоно.

Нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх тусламж, хөнгөлөлттэй холбогдсон гомдлыг иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу холбогдох албан тушаалтан, байгууллага, дээд шатны байгууллагад гаргана. Шийдвэрийг эс зөвшөөрвөл Шүүхэд хандах эрх нээлттэй. 

Нийгмийн халамжийн байгууллагын тогтолцоо нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн ерөнхий газар, аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэс, сум, хорооны нийгмийн ажилтнаас бүрдэнэ. 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн тусламж, хөнгөлөлтийн аль алинд нь хамрагдах тохиолдолд шаардлагатай баримт бичгийг дахин бүрдүүлэхгүй байж болно. Энэ тохиолдолд тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүнд нэг хувийн хэрэг нээнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүн тусламж, хөнгөлөлтийн мөнгийг өөрийн биеэр банкнаас авч чадахгүй нөхцөлд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр авахуулж болно. Итгэмжлэлийг Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу нотариатаар гэрчлүүлсэн байна.

Тусламж, хөнгөлөлтийн мөнгийг өөрийн дансанд шилжүүлэх хүсэлтэй бол энэ талаар үйлчилгээ үзүүлж байгаа банканд хандана.

Тусламж, хөнгөлөлтийг тухайн онд авч чадаагүй тохиолдолд дараагийн санхүүгийн жилд нөхөн олгоно. Хөгжлийн бэрхшээлтэй хүн тусламж, хөнгөлөлтийн мөнгийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 1 жилээс дээш хугацаагаар аваагүй тохиолдолд нөхөн олгохгүй.

Сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь оршин суугаа засаг захиргааны нэгжээсээ бүрмөсөн шилжиж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүний хувийн хэргийг хуулбарлан авч хадгалах бөгөөд эх хувийг тухайн хүнд өөрт нь өгнө. Хөгжлийн бэрхшээлтэй хүн шилжиж очсон засаг захиргааны нэгжийн нийгмийн ажилтан, нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хувийн хэргээ хүлээлгэн өгч тусламж, хөнгөлөлтөө үргэлжлүүлэн авна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүн байнга оршин сууж байсан засаг захиргааны нэгжээсээ бүрмөсөн шилжсэнээс хойш 180 хоногийн дотор шилжин суурьшсан нутаг дэвсгэрийн засаг захиргааны нэгжид бүртгүүлээгүй бол бүртгэлгүй байсан хугацааны тусламж, хөнгөлөлтийг нөхөн олгохгүй.

Тусламж, хөнгөлөлт авч байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүн нас барсан тохиолдолд түүний өрхийн гишүүн энэ тухай сум, хорооны нийгмийн ажилтанд мэдэгдэж хөгжлийн бэрхшээлтэй хүний хувийн хэрэгт тэмдэглэл хийлгэнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26.1.1-д заасан байнгын асаргаа шаардлагатай, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тодорхойлоход  Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын  30-ны өдрийн 185 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох журам”-ын 2.13-2.16-д заасныг баримтална.

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн үнийн хөнгөлөлт олгоход Засгийн газраас тогтоосон хэмжээг баримтална.

Хөгжлийн бэрхшээлтэй хүн эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан байгууллагатай гэрээ бүхий байгууллагаар протез хийлгэсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалын сангаас үнийг нөхөн олгоно.

Гадаад улсад болон гэрээт байгууллагаас бусад байгууллагаар хийлгэсэн протез, ортопедийн үнийг нийгмийн халамжийн сангаас олгоно.

Хөгжлийн бэрхшээлтэй хүн протез, ортопедийн болон тусгай хэрэгслийг өөрийн сонгосон байгууллагаас  авч болно.

Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны  байгууллага чанарын шаардлага хангасан протез, ортопед, тусгай хэрэгслийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын жагсаалт, дэлгэрэнгүй мэдээлэл (хаяг, байршил, утасны дугаар)-ийг гаргаж аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагад,  аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага нь сум,  хорооны нийгмийн ажилтанд хүргүүлнэ.

Аймаг, нийслэл дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтан нь дээрх байгууллагын талаарх мэдээллийг хөгжлийн бэрхшээлтэй хүн, тэдгээрийн асран хамгаалагч, гэр бүлийн гишүүдэд  амаар, бичгээр, цахим хэлбэрээр хүргэнэ.

Протез, ортопедийн болон тусгай хэрэгслээр хангах байгууллага нь үзүүлж байгаа үйлчилгээний талаарх мэдээлэл, бүтээгдэхүүнийг ашиглах заавар,  зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өгөх үүрэгтэй.

Хөгжлийн бэрхшээлтэй хүн  протез, ортопедийн хэрэгслийг хос эрхтэнд   хийлгэсэн тохиолдолд аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын Эмнэлэг хяналтын комиссын шийдвэрийг  үндэслэн эрхтэн тус бүрийн протез, ортопедийн хэрэгслийн  үнийг нөхөн олгоно.

Суманд амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусгай хэрэгслийн үнийн хөнгөлөлтийг сум, тосгоны эрүүл мэндийн төвийн ерөнхий эмчийн тодорхойлолтыг үндэслэн олгоно.

Сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь холбогдох баримт бичгийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор протез, ортопедийн болон тусгай хэрэгслийн  үнийн хөнгөлөлтийн мөнгийг гэрээ байгуулсан банкаар дамжуулан олгоно.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26.1.5-д заасны дагуу хөдөө орон нутгаас аймаг, нийслэлд ирж суралцах хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон түүний асран хамгаалагч тус бүр ирж, очих унааны зардлыг жилд нэг удаа авто замын болон агаарын тээврийн тарифт үнээр тооцож олгоно.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг цэцэрлэг, сургуульд  хүргэн өгч, авч байгаа түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчид Засгийн газраас тогтоосон хэмжээгээр мөнгөн тусламжийг жилд нэг удаа олгоно. Энэ заалтад орон нутгаас ирж дотуур байранд амьдарч байгаагаас бусад хөгжлийн бэрхшээлтэй суралцагч мөн адил хамаарна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан тусгай сургалтын байгууллага нь суралцагчдаа өөрийн тээврийн хэрэгслээр зөөдөг тохиолдолд шаардагдах зардлыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний төсвийн багцад жил бүр тусгаж олгоно.

Аймаг, нийслэл, сумын Засаг дарга нь нийгмийн халамжийн сангаас олгох тусламж, хөнгөлөлтийн зардлыг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын Төрийн сан дахь дансанд сар бүр хугацаанд нь шилжүүлнэ.

 

 

Асуулт 1. Манай хүүхэд харааны бэрхшээлтэй. Би хүүхдээ аваад сувилалд хэвтэх гэсэн юмаа. Улсын төсөвөөс ямар нэгэн хөнгөлөлт, олговор байдаг болов уу?
Дотоодын рашаан сувилалд сувилуулах шаардлагатай дараах хүнд ирж, очих унааны, ор хоногийн зардлыг эрүүл мэндийн даатгалтай иргэний энгийн өрөөний тарифаар тус тус тооцон доор дурдсан хувиар жилд нэг удаа нөхөн олгоно:
а.хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд 100 хувь;
б.хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асран халамжилж яваа нэг иргэнд 50 хувь;
Асуулт 2. Би сонсголын бэрхшээлтэй. Амралтаараа хүүхдийн зусланд амрах гэж байгаа юм. Зусланд амрах хүүхдүүдэд хөнгөлөт үзүүлдэг гэсэн ямар хэмжээний хөнгөлөлт үзүүлдэг вэ?
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нь хүүхдийн зусланд амарвал эрхийн бичгийн 50 хувийг жилд нэг удаа олгодог.

Асуулт 3.  Гэр харааны бэрхшээлтэй, гэр хороололд амьдардаг. Түлш авахад мөнгөн тусламж үзүүлдэг гэсэн. Энэ тусламжийг авахын тулд ямар материал бүрдүүлэх хэрэгтэй вэ?
Нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь жилд нэг удаа мөнгөн тусламж авахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:
1. өргөдөл (маягтын дагуу);
2. иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
3. 16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
4. хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх, хуулбарын хамт;
5. аймаг, дүүргийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар;
6. хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болохыг тогтоосон аймаг, дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн хуулбар;
7. иргэнд байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай болохыг тогтоосон сум, тосгоны эрүүл мэндийн төвийн ерөнхий эмч, аймаг, дүүргийн эрүүл мэндийн  байгууллагын Эмнэлэг хяналтын комиссын тодорхойлолт.
Асуулт 4. Манай хүүхэд тэргэнцэр хэрэглэдэг. Өмнө нь худалдаж авсан тэргэнцэрийнхээ үнийг 2015 онд нөхөн авч байсан. Одоо нилээн муудаад солихоор болсон. Тэнгэнцэрийг ямар хугацаанд хэрэглэсэн бол шинээр авч үниийн дүнг нь нөхөн авч болдог вэ?
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар тэргэнцэрийн үнийг гурван жил тутам нэг удаа 100 хувь нөхөн олгодог байна.
Асуулт 5. Би харааны бэрхшээлтэй. Орон нутагт байдаг сувилалын газар сувилуулах гэсэн юм. Замын зардал авч болдог гэсэн. Би авч болох болов уу?
Бүрэн хараагүй хүн эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр эмчлүүлэх, рашаан сувилалд сувилуулахаар аймгаас нийслэлд, нийслэлээс аймагт зорчсон тохиолдолд ирж, буцах унааны зардлын 75 хувийг жилд нэг удаа нөхөн олгоно. Гол нь эмнэлгийн байгууллагын дүгнэлттэй тохиолдолд нөхөн авч болно.
Асуулт 6. Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ямар арга хэмжээнүүдийг хэрэгжүүлдэг вэ?
Хөгжлийн бэрхшээлтэй хүн хоол хүнс, хувцас, орон байр, эмчилгээ сувилгаа, нийгэм ахуйн зайлшгүй шаардлагатай үйлчилгээг оролцуулаад өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэнд, аж амьдралыг тэтгэхэд хүрэлцэхүйц амьжиргаатай байх эрхтэй бөгөөд энэхүү эрхийг хангах зорилгоор төрөөс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
1.хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлог хэрэгцээнд тохирсон тусгай хэрэглээний протез, ортопед, ариун цэвэр-эрүүл ахуйн материал, асаргаа сувилгааны болон бусад туслах хэрэгслээр хангах;
2.хөгжлийн бэрхшээлтэй эцэг, эх хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд нь шаардлагатай дэмжлэг үзүүлж, туслах үйлчилгээ авах боломжоор хангах;
3.хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн хамгааллын болон нийгмийн халамжийн хөтөлбөрт хамруулах.
Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг халамжийн, түрээсийн, ипотекийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний болон аймаг, нийслэлийн Засаг даргын жил бүрийн төсөвт тусгана.
Асуулт 7. Монгол Улсын иргэншилтэй биш байнгын оршин суудаг гадаад улсын иргэн нийгмийн халамжийн сангаас тусламж, хөнгөлөлт авч болох болов уу?
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Хөгжлийн бэрхшээлтэй Монгол Улсын иргэн, Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа гадаадын иргэн болон харьяалалгүй хүнд нийгмийн халамжийн сангаас тусламж, хөнгөлөлт авч болно.
Асуулт 8. Манай хүүхэд эмнэлгийн магадлагаагаар усан эмчилгээнд явах гэж байгаа юм. Усан эмчилгээний зардлыг нөхөн авч болдог гэсэн. Хэдэн хувийг нөхөн авдаг вэ?
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эмнэлгийн магадлагаагаар дотоодод усан эмчилгээ хийлгэсэн бол эмчилгээний төлбөрийн 70 хувийг нөхөн авч болно.
Асуулт 9. Манай хүүхэд дотоодод протез хийлгэсэн юмаа. Одоо хийгэсэн протез нь багадаад солиулах гэж байгаа юм. Нөхөн олговороо авахдаа ямар материал бүрдүүлэх вэ?
18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дотоодод хийлгэсэн протезын үнийг эдэлгээний хугацаа дууссан болон тухайн хүүхдийн өсөлтийн улмаас бие эрхтэнд нь таарахгүй болсон тохиолдолд тухай бүр 100 хувь нөхөн олгодог. Нөхөн олговрыг авахдаа дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
1. өргөдөл (маягтын дагуу);
2. иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
3. 16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
4. хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх, хуулбарын хамт;
5. аймаг, дүүргийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар;
6. хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болохыг тогтоосон аймаг, дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн хуулбар;
7. иргэнд байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай болохыг тогтоосон сум, тосгоны эрүүл мэндийн төвийн ерөнхий эмч, аймаг, дүүргийн эрүүл мэндийн  байгууллагын Эмнэлэг хяналтын комиссын тодорхойлолт.
8. аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын Эмнэлэг хяналтын комиссын протез хийлгэх шаардлагатай тухай шийдвэр, аймаг, нийслэлд эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмчийн ортопедийн болон тусгай хэрэгсэл шаардлагатай тухай тодорхойлолт, сум, тосгонд сум, тосгоны эрүүл мэндийн төвийн ерөнхий эмчийн тодорхойлолт;
9. протез, ортопед, тусгай хэрэгслийн үнийг төлсөн баримт, эсхүл нэхэмжлэл;
Асуулт 10. Хүүхэд маань тусгай сургуулийн бага ангид суралцдаг. Хүүхдээ сургуульд нь хүргэж өгч, авахдаа унааны зардлын хөнгөлөлт авч болдог гэсэн. Энэ хөнгөлөлтийг авахын тулд ямар ямар баримт бичиг бүрдүүлэх вэ?
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь цэцэрлэг, сургуульд ирж, очих унааны зардлаа хөнгөлүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
1. өргөдөл (маягтын дагуу);
2. 16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
3. цэцэрлэг, сургуульд хүргэж өгөх болон авах асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
4. хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болохыг тогтоосон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн хуулбар;
5. хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцаж байгаа сургууль, цэцэрлэгийн тодорхойлолт;
6. орон нутагт оршин суудаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд аймаг болон сумын төв, нийслэлд суралцахаар ирсэн тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, түүний асран хамгаалагчийн тээврийн зардал  төлсөн баримт эсхүл нэхэмжлэл.

Агуулга анх оруулсан: 2018-09-06 Шинэчилсэн: 2020-02-18

Мэдээ мэдээлэл