Нотариатын үйлчилгээ Өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах

Өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах

Иргэний хууль:

537 дугаар зүйл. Өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах журам, хугацаа

537.1.Өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг дарга шаардлагатай гэж үзвэл өвлөгч, өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч, түүнчлэн төрийн ашиг сонирхлын үүднээс өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авна.

537.2.Өвлөгдөх эд хөрөнгийг бүх өвлөгч хүлээн авах буюу төрийн өмчлөлд шилжих хүртэл хамгаална.

538 дугаар зүйл. Өвлөгдөх эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоох

538.1.Өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч нэхэмжлэл гаргасан буюу шаардлагатай бусад тохиолдолд нутгийн захиргааны байгууллага өвлөгдөх эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтооно. Эд хөрөнгөд эрхлэн хамгаалалт тогтоохтой холбогдон гарсан зардлыг өвлөгдөх эд хөрөнгөөс гаргана.

Нотариатын тухай хууль:

42 дугаар зүйл.Өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах

42.1.Иргэний хуулийн 537 дугаар зүйлд заасны дагуу өв нээгдсэн газрын нотариатч өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авч болно.

42.2.Нотариатч өвлүүлэгч нь банкинд хадгаламжтай эсэхийг шалгаж, хадгаламж гэрээслэгдсэн бол энэ тухай өвлөгчид мэдэгдэнэ.

42.3.Өвлүүлэгчийн эд хөрөнгө, түүний зарим хэсэг нь өв нээгдсэн газраас өөр газар байгаа бол нотариатч түүнийг хамгаалах арга хэмжээ авна.

42.4.Нотариатч нь өвлөгдөх эд хөрөнгийг бүртгэж, хадгалагч томилох бөгөөд бүртгэл хийхэд хоёроос доошгүй гэрчийг байлцуулан өвлөгдөх эд хөрөнгө, түүний оршин байгаа газар, бүртгэл хийсэн он, сар, өдөр, оролцогч, эд хөрөнгө хадгалахаар хүлээж авсан этгээдийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, хаяг зэргийг тэмдэглэж, бүртгэлийг гурваас доошгүй хувь үйлдэж оролцогчдоор гарын үсэг зуруулна.

42.5.Өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах боломжгүй бол нотариатч энэ тухай акт үйлдэж сонирхогч талуудад мэдэгдэнэ.

42.6.Өвлөгч нь өв хүлээн авахаас татгалзсан тохиолдолд нотариатч эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээг дуусгавар болгох тухай бусад өвлөгчид мэдэгдэх бөгөөд бусад өвлөгчид өв хүлээн авахаас татгалзвал өвлөгдөх хөрөнгийг төрийн зохих байгууллагын өмчлөлд шилжүүлж гэрчилгээ олгоно.

Нотариатын үйлдэл хийх заавар:

Ес. Өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах

9.1.Өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авахдаа нотариатч нь Нотариатын тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтална.

9.2.Нотариатч нь өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах зорилгоор уг хөрөнгийг бүртгэж,  өвлүүлэгчийн гэр бүлийн гишүүд, өвлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр тодорхой этгээдийн хамгаалалтад өгнө.       

9.3.Хөрөнгийн бүртгэлийг хийхдээ 2-оос доошгүй хөндлөнгийн гэрчийг байлцуулан өвлөгдөх эд хөрөнгө, түүний оршин байгаа газар,   бүртгэл хийсэн он, сар, өдөр, оролцогч, эд хөрөнгө хадгалахаар хүлээж авсан этгээдийн овог, эцгийн нэр, нэр, регистрийн дугаар, хаяг зэргийг тэмдэглэж,  лацдана.      

Бүртгэлийг 3-аас доошгүй хувь үйлдэх ба бүх оролцогчдоор гарын үсэг зуруулна.

9.4.Бүртгэлийн ажиллагаа түр завсарлах буюу тодорхой хугацаагаар үргэлжилбэл тухай бүр лацдаж, энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.

9.5.Өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авах боломжгүй бол /өвлүүлэгчтэй хамт амьдарч байсан этгээдүүд татгалзсан, бүртгэгдэх эд хөрөнгийг гаргаж өгөөгүй, тухайн эд хөрөнгө бэлэн байхгүй/ энэ тухай тэмдэглэл үйлдэж сонирхогч талуудад мэдэгдэнэ.

9.6.Хариуцуулсан эд хөрөнгийг үрэгдүүлсэн, нуун далдалсан, гэмтээсэн тохиолдолд хүлээлгэх хуульд заасан хариуцлагыг хадгалагч буюу хамгаалагчид урьдчилан тайлбарлаж,  гарын үсэг зуруулна.

Та доорх холбоосруу орж өөрт ойрхон нотариатчдын хаяг, байршил, утасны дугаарыг харна уу.

Нийслэлийн нотариатчид ЭНД дарна уу.

Орон нутгийн нотариатчид ЭНД дарна уу.

НОТАРИАТЫН ҮЙЛДЭЛ, НОТАРИАТЫН БҮРТГЭЛ, ХУГАЦАА

25 дугаар зүйл.Нотариатын үйлдлийн төрөл

25.1.Нотариатын үйлдэл дараахь төрөлтэй байна:

25.1.1.гэрээ, хэлцэл гэрчлэх;

25.1.2.гэрээслэл гэрчлэх;

25.1.3.итгэмжлэл гэрчлэх;

25.1.4.өвлөх эрхийн гэрчилгээ олгох;

25.1.5.өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах;

25.1.6.хуулийн этгээд үүсгэн байгуулах баримт бичиг гэрчлэх;

25.1.7.эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбогдох баримт бичиг гэрчлэх;

25.1.8.гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран болон дундаа хэсгээр өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсгээ өмчлөх эрх гэрчлэх;

25.1.9.баримт бичгийн хуулбарыг гэрчлэх;

25.1.10.баримт бичигт зурсан гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэх;

25.1.11.нотариатын мэдэгдэх хуудас бичих.

25.2.Заавал гэрчлүүлэх нотариатын үйлдлийг зөвхөн хуулиар тогтоох бөгөөд үүнээс бусад үйлдлийг үйлчлүүлэгчийн хүсэлтээр гэрчилнэ.

Нотариатын тухай хуулийн 29, 30, 31 дүгээр зүйл. Нотариатын үйлдэл хийх хугацаа, Нотариатын үйлдэл хийхийг хойшлуулах, түдгэлзүүлэх, Нотариатын үйлдэл хийхээс татгалзах

Нотариатын үйлдэл хийхийг хойшлуулах: Нотариатын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “Үйлчлүүлэгч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, эсхүл өөрийн үйлдэлд хяналт тавих чадваргүй байгаа бол энэ нөхцөл байдлыг арилах хүртэл нотариатын үйлдэл хийхийг хойшлуулна”, 30.2-т “Иргэн, хуулийн этгээдээс баримт бичиг, түүний хуулбар, шаардлагатай мэдээллийг нэмж гаргуулах буюу тэдгээрийг шинжлүүлэх шаардлага гарсан тохиолдолд нотариатын үйлдэл хийхийг тодорхой хугацаагаар хойшлуулж болно” гэж заасан.

Нотариатын үйлдэл хийхийг түдгэлзүүлэх: Нотариатын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т “Нотариатчаар гэрчлүүлж байгаа баримт бичиг буюу эрхийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай өөр этгээдээс өргөдөл ирүүлсэн тохиолдолд уг асуудлаар нотариатын үйлдэл хийхийг 3-7 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулах бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэл гаргасан нь тогтоогдвол шүүхийн шийдвэр гартал нотариатын үйлдэл хийхийг түдгэлзүүлнэ.” гэж заасан.

Нотариатын үйлдэл хийхээс татгалзах: 1997 онд батлагдан мөрдөгдөж байсан Нотариатын тухай хуулинд татгалзах хугацааг 72 цаг гэж хуульчилсан байна. Харин 2011 онд батлагдсан буюу одоогийн мөрдөгдөж байгаа Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлд Нотариатын үйлдэл хийхээс татгалзах хугацааны талаар дурьдаагүй бөгөөд дараах татгалзах үндэслэлүүдийг тусгаж хуульчилсан байна. Үүнд:

  1. Үйлчлүүлэгчийн баримт бичиг нь хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээнд харшилж байвал;
  2. Өөртэй нь болон түүний гэр бүлийн гишүүнтэй нь холбоотой асуудал байвал;
  3. Өөрийнх нь байнгын үйлчлүүлэгчийн хувийн нууцтай холбоотой асуудлаар бусад этгээд нотариатын үйлдэл хийлгэхийг хүсвэл;
  4. Үйлчлүүлэгч нь эрх зүйн чадамжгүй, эсхүл төлөөлөх эрхгүй байвал;
  5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцвол уг хэрэгт холбогдох баримт бичгийг;
  6. Хуульд заасан бусад.

Өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах үйлдэл хуулинд тусгагдсан боловч практикт төдийлөн хийгддэггүй үйлдлийн нэг юм.

Иргэний хуулийн 537 дугаар зүйлд заасны дагуу өв нээгдсэн газрын нотариатч, нотариатгүй газар баг сумын Засаг дарга шаардлагатай гэж үзвэл өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах арга хэмжээ авч болно. Тухайлбал өвлүүлэгчийн эд хөрөнгө, түүний зарим хэсэг нь өв нээгдсэн газраас өөр газар байгаа бол нотариатч түүнийг хамгаалах арга хэмжээ авна.

Өвлөгдөх эд хөрөнгийг бүх өвлөгч хүлээн авах буюу төрийн өмчлөлд шилжих хүртэл хамгаална.

Өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалахдаа нотариатч өвлөгдөх эд хөрөнгийг бүртгэж, хадгалагч томилох бөгөөд бүртгэл хийхэд хоёроос доошгүй гэрчийг байлцуулан гэрчилнэ.

Өвлөгдөх эд хөрөнгийг хамгаалах боломжгүй бол энэ тухай акт үйлдэж талуудад мэдэгдэнэ.

Агуулга анх оруулсан: 2018-09-03 Шинэчилсэн: 2018-09-03

Мэдээ мэдээлэл