Бизнес эрхлэх, бизнесийн үйл ажиллагаа Компани, түүний хоёр хэлбэр

Компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг ойлгоно.

Компани нь хязгаарлагдмал хариуцлагатай болон хувьцаат компани гэсэн хэлбэртэй байна.

1. Хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хэлнэ.

2. Хувьцаат компани нь нээлттэй болон хаалттай гэсэн төрөлтэй байна.

а. Нээлттэй хувьцаат компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, нийтэд чөлөөтэй арилжаалагддаг компанийг;

б. Хаалттай хувьцаат компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь үнэт цаасны хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаас гадуур зах зээлд хаалттай хүрээнд арилжаалагддаг компанийг ойлгоно. /Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйл/

Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчийн саналыг харгалзахгүйгээр өөрийн эзэмшиж байгаа хувьцаагаа чөлөөтэй захиран зарцуулах эрх эдэлнэ.

Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаар дамжуулан худалдахаас бусад хэлбэрээр шилжүүлсэн бол хувьцаа эзэмшигчийн бүртгэл хөтлөх этгээдэд бүртгүүлэх үүрэгтэй.

Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол нээлттэй хувьцаат компани нь нээлттэй буюу хаалттай захиалгын үндсэн дээр хувьцаа болон бусад үнэт цаас гаргаж болно.

Нээлттэй хувьцаат компанийн хаалттай захиалгын үндсэн дээр нэмж гаргасан хувьцааг худалдан авагч нь түүнийг чөлөөтэй захиран зарцуулах эрх эдэлнэ.

Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчид тохиролцсоны үндсэн дээр хувьцаагаа захиран зарцуулах эрхээ харилцан хязгаарласан гэрээ байгуулж болно.

Компани байгуулах

Компанийг шинээр, эсхүл хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/ замаар байгуулж болно. /Компанийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэг/

Компанийн үүсгэн байгуулагч

1.Компанийн үүсгэн байгуулагч нь Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, хуульд заасан бол гадаад улсын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн байж болно.

2.Компаниас гаргасан хувьцааг Монгол Улсын болон гадаад улсын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүн эзэмшиж болно.

3.Компани нэг үүсгэн байгуулагчтай байж болно.

4.Компанийн үүсгэн байгуулагч нь тухайн компанийн хувьцааг эзэмшихгүй байж болно.

5.Төр, түүний байгууллага нь дараах тохиолдолд компанийн үүсгэн байгуулагч болон түүний хувьцаа эзэмшигч байж болно:

а. төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг хувьчилснаар шинээр бий болсон компанийн;

б. төрийн өмчит үйлдвэрийн газрыг компанийн хэлбэрт оруулан өөрчлөн байгуулах замаар үүссэн төрийн өмчит компанийн;

в. хууль тогтоомжид заасан журмын дагуу дампуурч байгаа компанийн төрд төлөх өрийг хувьцаагаар нь сольж авсан компанийн (Энэ тохиолдолд төр тухайн хувьцааг гурван жилийн дотор бусад этгээдэд худалдах үүрэгтэй);

г. гадаад улсын хуулийн этгээдтэй хамтран байгуулсан компанийн;

д. бусад.

6.Компанийг үүсгэн байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдсон зардлыг компанийн үүсгэн байгуулагчид хамтран хариуцна.

7.Компани үүсгэн байгуулах хурлын буюу төлөөлөн удирдах зөвлөл /хэрэв нэг үүсгэн байгуулагчтай бол үүсгэн байгуулагч/-ийн шийдвэрээр компанийг үүсгэн байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбогдсон зардлыг компани хариуцаж болно.

8. Дээрх зардлыг компанийг үүсгэн байгуулахтай холбогдсон зардлыг төлсөн этгээд нь бусад үүсгэн байгуулагч, түүний эзэмшиж байгаа болон эзэмшихээр захиалсан хувьцааны тоотой нь хувь тэнцүүлэн уг зардлыг нэхэмжлэн авах, эсхүл гаргасан зардлынхаа хэмжээнд хувьцаа эзэмших эрхтэй.

9.Компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь бусад компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч байж болно. /Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйл/

Компани үүсгэн байгуулах хурал

1.Компани үүсгэн байгуулах хурлыг үүсгэн байгуулагчид зарлан хуралдуулна.

2.Компани үүсгэн байгуулагчид санал нэгтэйгээр өөрөөр шийдвэрлээгүй бол үүсгэн байгуулагч бүр компани үүсгэн байгуулах хуралд саналын тэнцүү эрхтэй оролцоно.

3.Компани үүсгэн байгуулах хурлаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:

а.компани байгуулах тухай;

б.компанийн дүрэм;

в.зарласан болон гаргах хувьцаа, тэдгээрээс үүсгэн байгуулагчдын худалдан авах үнэ;

г.төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол түүний гишүүдийг сонгох, тэдгээрийн цалин, урамшууллын хэмжээг тогтоох;

д.компани үүсгэн байгуулахад гаргасан зардлыг нөхөн олгох журам;

е.компанид хувь нийлүүлэх хөрөнгийг бүрэн оруулж дуусах хугацаа.

4.Үүсгэн байгуулагчдын хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагүй бол бүх үүсгэн байгуулагч оролцсоноор компани үүсгэн байгуулах хурал хүчин төгөлдөр болох бөгөөд уг хуралд оролцогчдын дийлэнх олонхийн саналаар шийдвэр гаргана.

5.Компани үүсгэн байгуулах хурлын даргыг үүсгэн байгуулагчдаас сонгоно.

6.Үүсгэн байгуулагчид мөнгөн бус хэлбэрээр төлбөр хийх тохиолдолд санал болгож байгаа эд хөрөнгийн үнийн талаар шаардлагатай гэж үзвэл үнэлгээний байгууллага болон холбогдох мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулан санал боловсруулж, компани үүсгэн байгуулах хуралд оруулна.

7.Үүсгэн байгуулагчид мөнгөн бус хэлбэрээр төлбөр хийх тохиолдолд эд хөрөнгийн үнийг компани үүсгэн байгуулах хуралд оролцогчид санал нэгтэй шийдвэрлэнэ. /Компанийн тухай хуулийн 14 дүгээр зүйл/

Компанийн дүрэмд заавал тусгах зүйлс:

1.компанийн бүрэн болон товчилсон оноосон нэр, түүний хэлбэрийг тодорхойлсон товчилсон ялгах тэмдэглэгээ;

2.компанийн зарласан болон гаргасан хувьцааны тоо, тэдгээрийн төрөл, нэрлэсэн үнэ, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ;

3.компанийн дүрмээр давуу эрхийн хувьцааг зарласан нөхцөлд давуу эрхийн хувьцааны зарласан тоо, түүний эзэмшигчийн эрх;

4.хэрэв төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоо;

5.хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлийн энэ хуулиар тодорхойлсноос бусад бүрэн эрх;

6.компанийн үйл ажиллагааны чиглэл;

7.компанийн дүрэмд тусгахаар заасан бусад зүйл.

Хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх, энэ тухай хуульд заасны дагуу цахим хуудсаар нийтэд мэдээллэнэ. /Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэг/

1.Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг өргөдөл гаргах эрх бүхий этгээд:

а.хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага;

б.хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч;

в.итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд

2.Шинээр байгуулсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл гаргагчийн бүрдүүлэх баримт бичиг:

а.хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт;

б.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

в.үүсгэн байгуулах баримт бичиг буюу хуулийн этгээд байгуулсан шийдвэр /тогтоол/, дүрэм, хуульд заасан тохиолдолд үүсгэн байгуулах гэрээ;

г.шаардлагатай тохиолдолд итгэмжлэл;

д.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

3.Өргөдөл гаргагч баримт бичгээ бүрдүүлсэн бол иргэний баримт бичигтэй улсын бүртгэлийн байгууллагад ажлын 5 өдрийн дотор биечлэн ирж, бүртгүүлснээр бүртгэл баталгаажна.

4.Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд нь энэ журмын 2-д заасан баримт бичгээс гадна дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

а.гадаадын төрийн өмчит хуулийн этгээд үүсгэн байгуулагчаар оролцож байгаа бол гадаадын хөрөнгө оруулахыг зөвшөөрсөн эрх бүхий байгууллагын шийдвэр;

б.хоёр буюу түүнээс дээш этгээд хамтран байгуулж байгаа бол хувьцаа эзэмшигчдийн хооронд байгуулсан гэрээ;

в.гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн хөрөнгө оруулагч нь гадаадын иргэн бол хөрөнгө оруулагчийн иргэний баримт бичиг, холбогдох хууль тогтоомжийн дагуу Монгол Улсын хилээр нэвтрэх эрх олгосон зөвшөөрөл, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

г.гадаадын хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулалтыг нотлох баримт бичиг. Үүнд:

  • бэлэн мөнгө болон мөнгөн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх тохиолдолд гадаад улсаас мөнгөн хөрөнгө шилжүүлснийг нотолсон банкны тодорхойлолт, дансны хуулга;
  • хөдлөх эд хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийх тохиолдолд гаалийн байгууллагын мэдүүлэг;
  • оюуны өмчөөр хөрөнгө оруулалт хийх тохиолдолд эрх бүхий байгууллагаас олгосон гэрчлэх баримт.

5.Өргөдөл гаргагч хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулснаас хойш ажлын 10 өдрийн дотор бүртгүүлэх өргөдлийг улсын бүртгэлийн байгууллагад гаргана.

6.Дээрх 2-4-д заасан баримт бичиг нь монгол хэлээр байх бөгөөд гадаад хэлээр үйлдэгдсэн бол баталгаат орчуулгыг хавсаргана.

8.Улсын бүртгэлийн байгууллага кодоор баталгаажсан улсын бүртгэлийн гэрчилгээг  өргөдөл гаргагч хэвлэн авах боломжтойгоор улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд байршуулж, мөн  үнэт цаасан дээр хэвлэж, баталгаажуулан олгож болно.

11.Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэгдсэн тухай мэдээллийг цахим хэлбэрээр илгээнэ. /Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам 3 дугаар зүйл/

Өргөдөл гаргагч шинээр болон өөрчлөн байгуулагдсан хуулийн этгээдийг бүртгүүлэх өргөдлийг тухайн хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулснаас хойш ажлын 10 өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад гаргана. /Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 зүйл 14.3 дахь хэсэг/

Хуулийн этгээд татан буугдсан, оноосон нэрээ өөрчилсөнийг улсын бүртгэлд бүртгэснээс хойш 30 хоногийн дараа тухайн нэрийг олгож болно. /Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журам 2 дугаар зүйл 2.3 дахь хэсэг/

Улсын тэмдэгтийн хураамжинд

  1. Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхэд 44 000 төгрөг,
  2. Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхэд 750 000 төгрөг төлнө. /Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15 дугаар зүйл/

Та хуулийн этгээдийн нэрээ авахдаа хэд хэдэн нэр бодож очихыг зөвлөж байна. Учир нь таны сонгосон нэр

  1. хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн нэртэй давхардаагүй; 
  2. хуульд заасан бол хуулийн этгээдийн төрлийг заасан;
  3. кирилл үсгээр илэрхийлэгдсэн;
  4. бусад хуулиар хориглоогүй /Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг/

Компанийн нэрээ баталгаажуулсны дараа сонгосон банкин дээрээ түр данс нээлгэн доод үлдэгдэл нь 20 000 төгрөг байна. Ингээд та Улсын бүртгэлийн Ерөнхий газар бүртгүүлээд дараа нь тэмдгээ захиалан авч банк орж дансаа баталгаажуулан харъяа дүүргийнхээ татварын албанд очин бүртгэл хийлгэнэ.

Асуулт 1. Компанийн хэдэн хэлбэр байдаг вэ?

Компани нь хязгаарлагдмал хариуцлагатай болон хувьцаат компани гэсэн хэлбэртэй байна.

  1. Хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хэлнэ.
  2. Хувьцаат компани нь нээлттэй болон хаалттай гэсэн төрөлтэй байна.

а. Нээлттэй хувьцаат компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, нийтэд чөлөөтэй арилжаалагддаг компанийг;

б. Хаалттай хувьцаат компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь үнэт цаасны хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаас гадуур зах зээлд хаалттай хүрээнд арилжаалагддаг компанийг ойлгоно.

Асуулт 2. Компани байгуулах ямар арга замууд байдаг вэ?

Компанийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар компанийг шинээр, эсхүл хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/ замаар байгуулж болно.

Асуулт 3. Ганц гишүүнтэй компани байгуулж болох уу?

Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар компани нэг үүсгэн байгуулагчтай байж болно.

Асуулт 4. Би 3 найзтайгаа нийлээд компани байгуулах гэж байгаа юм. Компанийхаа дүрмийг боловсруулах гээд. Дүрэмд ямар мэдээллүүд тусгагдах ёстой вэ?

Компанийн дүрэмд дараах зүйлсийг заавал тусгадаг.

  1. компанийн бүрэн болон товчилсон оноосон нэр, түүний хэлбэрийг тодорхойлсон товчилсон ялгах тэмдэглэгээ;
  2. компанийн зарласан болон гаргасан хувьцааны тоо, тэдгээрийн төрөл, нэрлэсэн үнэ, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ;
  3. компанийн дүрмээр давуу эрхийн хувьцааг зарласан нөхцөлд давуу эрхийн хувьцааны зарласан тоо, түүний эзэмшигчийн эрх;
  4. хэрэв төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоо;
  5. хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлийн энэ хуулиар тодорхойлсноос бусад бүрэн эрх;
  6. компанийн үйл ажиллагааны чиглэл;
  7. компанийн дүрэмд тусгахаар заасан бусад зүйл.

Асуулт 5. Шүүх компанийг татан буулгаж болдог юм уу?

Компанийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар шүүх компанийг дор дурдсан үндэслэлээр татан буулгана:

а.дампуурсан;

б.нэг ч гишүүн үлдээгүй;

в.хуульд заасан бусад үндэслэл.

Асуулт 6. Компанийг ямар зорилгоор байгуулдаг вэ?

Компанийн үндсэн зорилго нь ашгийн төлөө юм.

Асуулт 7. Нээлттэй болон хаалттай хувьцаат компанийн ялгаа юу вэ?

Нээлттэй хувьцаат компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, нийтэд чөлөөтэй арилжаалагддаг бол хаалттай хувьцаат компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь үнэт цаасны хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаас гадуур зах зээлд хаалттай хүрээнд арилжаалагддаг компанийг ойлгоно.

Асуулт 8. Нэг найз маань компаниа татан буулгачихсан юм. Тэр нэрээр нь өөр компани байгуулж болох уу?

Хуулийн этгээд татан буугдсан, оноосон нэрээ өөрчилсөнийг улсын бүртгэлд бүртгэснээс хойш 30 хоногийн дараа тухайн нэрийг олгож болно.

Асуулт 9. Би нэг компанийн үүсгэн байгуулагч юм. Ахин өөр чиглэлийн компани үүсгэн байгуулж болдог болов уу?

Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар Компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь бусад компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч байж болдог.

Асуулт 10.  Компаниа үүсгэн байгуулаад нэрээ авчихсан. Улсын бүртгэлд хэд хоногийн дотор бүртгүүлэх шаардлагатай байдаг вэ?

Өргөдөл гаргагч шинээр болон өөрчлөн байгуулагдсан хуулийн этгээдийг бүртгүүлэх өргөдлийг тухайн хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулснаас хойш ажлын 10 өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад гаргана.

Агуулга анх оруулсан: 2018-09-12 Шинэчилсэн: 2018-09-12

Мэдээ мэдээлэл