Залилан мэхлэх гэмт хэрэг Залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Залилан мэхлэх гэмт хэрэг гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл 17.3.1-т хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлийг ойлгоно. Харин уг гэмт хэргийг үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.

Залилан мэхлэх гэмт хэрэг нь хүний бодитоо болон санаатай үйлдлээр хийгддэг бөгөөд энэ нь эрүүгийн хууль зааснаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьд олж авсан итгэлийг урвуулан ашиглаж, хуурч мэхлэн бусдын эд хөрөнгө болон эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрхийг өөртөө шилжүүлэн авдаг. Мөн аливаа иргэний өмчлөл эзэмшилд байгаа мөнгө, эд зүйлийг авахын тулд биелэх боломжгүй зүйлийг боломжтой мэтээр итгүүлэх, байхгүй зүйлийг байгаа мэтээр төөрөгдөлд оруулах үйлдлийг залилах гэмт хэрэг гэж энгийн байдлаар тайлбарлаж болно.

Сүүлийн үед Монгол Улсын хувьд тодорхой төрлийн залилах гэмт хэргийн их хэмжээгээр үйлдэгдэж байна.

Жишээ нь: Гадаадын улс оронд зорчих виз найдвартай гаргаж өгнө хэмээн иргэдээс мөнгө авдаг. Мөн цахим орчинд буюу интернетээр орон сууц зах зээлийн үнээс хямд үнээр түрээслүүлнэ хэмээн зарлаж түрээсийн мөнгийг нь дансаар шилжүүлэн авч залилах үйлдэл их байдаг.

Залилан мэхлэх гэмт хэргийг үйлдэж байгаа этгээд нь бусдын аливаа зүйлийн талаар мэдээлэл, мэдлэг муу буюу мэдэхгүй байгааг далимдуулан хуурч мэхэлж байдаг.

Залилан мэхлэх гэмт хэргийн улмаас эрх ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн хэлтэст хандан өргөдөл бичиж өгч хянан шалгуулах эрхтэй. Тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын тодорхойлохдоо мөнгө, эд зүйлийг хүлээлгэн өгсөн газар эсгүй бол эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн өгсөн газар зэргийг ойлгоно. Мөнгийг бэлэн бусаар шилжүүлсэн, мөн бусад тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн газрыг тодорхойлох боломжгүй бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийн оршин суугаа газрын харьяа цагдаагийн хэлтэст хандан өргөдлөө бичгээр гаргана.

Өргөдлийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөн шалгах ажиллагааг мөрдөгч эхлүүлэх талаарх саналаа прокурор бичгээр гаргаж зөвшөөрөл хүснэ. Прокурорын зөвшөөрөл олгогдсоноор мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэх бөгөөд мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх ажиллагаануудыг явуулна. Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ. Мөрдөн байцаалт явуулж дууссан хэргийн материалыг прокурор хянана.  Прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтэй гэж үзвэл яллах дүгнэлт үйлдэн харьяалах шүүхэд хүргүүлнэ. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн аваад хуульд заасан шийдвэрийг гаргана. Үүнд: яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх, хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх гэсэн шийдвэрийг гаргана.

Мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлэх хугацаа нь 24 цаг байна. Мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлснээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах хугацаа нь 14 хоногоос нэг сар байна. Хуульд заасан шаардлагатай тохиолдолд уг хугацааг прокурорын зөвшөөрлөөр сунгаж болно. Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссаны дараа холбогдох саналыг хавтаст хэргийн хамт 3 хоногийн дотор прокурорт шилжүүлнэ. Прокурорын хяналтын хугацаа 14 хоног байх ба зайлшгүй тохиолдолд зохих дээд шатны прокурор энэ хугацааг тухай бүр 14 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Шүүхийн шийдвэр гаргах хугацаа нь 15 хоног байна.

Залилан мэхлэх гэмт хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. Прокурор,дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргана.

Асуулт 1: Залилуулсан эд хөрөнгө гэдэг ямар эд хөрөнгийг ойлгох вэ?

Залилах гэмт гэмт хэрэгт хохирогч нар эхэвчлэн өөрийн өмчлөл, эзэмшилд байдаг эд хөрөнгөөрөө хохирсон байдаг. Иймд уг эд хөрөнгийн хуульд зааснаар “…бусдын эд хөрөнгө…” хэмээн Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд тодорхойлсон өөр этгээдийн эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс байна.

Асуулт 2: Залилах гэмт хэргийн улмаас хамгийн ихээр хөндөгддөг өмчлөх эрхийг хэрхэн ойлгох вэ?

“…өмчлөх эрх...” гэдэгт Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд заан тодорхойлсон, өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхийг ойлгоно.

Асуулт 3: Залилах гэмт хэргийн үйлдэлийн гол шинж болох итгэлийг урвуулан ашиглахыг хэрхэн ойлгох вэ?

Итгэлийг урвуулан ашиглах нь бусдыг хуурч мэхлэн итгэл олж авснаар бий болдог. Тэгвэл “…хуурч мэхлэх…” гэдэг нь бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлнэ. Хуурч мэхлэх арга нь худал хэлэх, хуурамч баримт бичиг, факс, дүрс болон дуу авианы бичлэг, техник хэрэгсэл, компьютерийн мэдээлэл, сүлжээ ашиглах буюу тусгай албаны хувцас, хэрэглэл, цол, тэмдэг хэрэглэж зориудаар төөрөгдүүлэх, дутуу буюу зориулалтын бус, эсхүл хуурамч буюу чанарын доголдолтой эд зүйлээр төлбөр хийх зэргээр илэрнэ.

Асуулт 4: Итгэлийг урвуулан ашиглах нь итгэл эвдэх гэдэгт ойлголттой хамаарах уу?  

“…итгэл эвдэх…” гэдэг нь гэрээний буюу гэрээний бус харилцаагаар итгэмжлэн олгосон бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд итгэмжлэлээр олгогдсон бүрэн эрхийг санаатайгаар зөрчиж, ашиглах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлнэ. Иймд мөн итгэлийг урвуулан ашигласан гэх ойлголтонд хамаарна. Итгэл эвдэх арга нь гол төлөв хоёр талын итгэлцэлд үндэслэгдэж, эд хөрөнгө хөлслөх, зээл өгөх авах, худалдах-худалдан авах, ажил гүйцэтгэх, барьцаа, батлан даалт, баталгаа, даатгал, итгэмжлэл иргэний эрх зүйн гэрээгээр халхавчлах буюу шан харамж өгөх, ашиг хүртээхийг амлах гэх мэтээр олж авсан итгэлийг ашиглаж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөртөө олж авах хэлбэрээр илэрнэ.

Асуулт 5: Залилах гэмт хэргээс иргэд, хуулийн этгээд хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Уг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гол арга нь аливаа нийгмийн харилцааны талаарх мэдлэг, мэдээлэлээ нэмэгдүүлэх. Мөн өөрт зайлшгүй хэрэгтэй байгаа асуудлаар холбогдох байгууллагаас найдвартай, эх сурвалжтай мэдээллийн үндэслэн бусдад мөнгө болон эд хөрөнгөө шилжүүлэх нь зүйтэй юм.

Агуулга анх оруулсан: 2020-04-13 Шинэчилсэн: 2023-06-07

Мэдээ мэдээлэл