Иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэг нь хэргийн оролцогчид субьектив эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлоо хамгаалах арга хэрэгсэл, хэмжээг өөрсдийн хүсэл зоригийн дагуу тодорхойлж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой хүрээнд зөвшилцөх зарчмаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, эсвэл тэдгээрээс бүрэн татгалзах боломжтой ажиллагааг хэлнэ.

  1. Дараах тохиолдлуудад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэдэг.

    Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах

    - Нэхэмжлэгчийн хүсэл зоригийн үйлдэл бөгөөд нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн хэмжээгээр татгалзсан байхыг ойлгоно.

    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн

    - Энэ нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн байх явдал бөгөөд ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь амлалт хэлбэртэй байна.

    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн

    - Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой бодит үйлдлээр биелүүлсэн байхыг ойлгоно. Хариуцагчийн зөвшөөрлийг ийнхүү бодит үйлдэл болон амлалтаар хэмээн ялгаж хуульчилсан нь хариуцагч амлалт хэлбэрээр хүлээн зөвшөөрөхөд үүний дараа шүүхийн шийдвэр биелэлтийн ажиллагаа явагддаг бол нэхэмжлэлийн шаардлагыг нэгэнт биелүүлсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах шаардлагагүй юм.

  2. Талууд эвлэрсэн байх

    - Нэхэмжлэгч болон хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзан, үлдэх хэсгийг нь төлөхийг хариуцагч зөвшөөрөн хүлээснийг ойлгодог. Энэ нь ИХШХШтХуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д заасны дагуу явагдах ба “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж заасан.

  3. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд дээрх хэсэгт тайлбарласны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнөө, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнээ талууд бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан тохиолдолд шүүгч баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргадаг. /ИХШХШтХуулийн 74 дүгээр зүйлийн 74.1/

Тухайн хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй шүүхийн шүүгч байна. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгч захирамж гаргадаг ба тус захирамжинд та хариуцагчтай хэрхэн тохиролцон эвлэрсэн болон нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч таны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн тухай тодорхой заадаг бөгөөд ийнхүү хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхэд үндэс болгосон нотлох баримт буюу таны хариуцагчтай эвлэрсэн эсхүл нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн тухай бичгээр баталгаажуулсан баримт, эвлэрлийн гэрээ зэргийг тусгадаг бөгөөд мөн улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн зардал төлүүлэх асуудал хэрхэн шийдвэрлэснийг заана.

Асуудлыг шийдвэрлэх дараалал- Таны Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулах ажиллагаа нь дараах журмын дагуу явагддаг. /ИХШХШтХуулийн 74дүгээр зүйл./

  • Талууд эвлэрүүлэн зуучлуулах хүсэлт гаргасан, эсхүл шүүх эвлэрүүлэн зуучлалыг зохистой гэж үзэж санал болгосныг зохигчид зөвшөөрсөн бол шүүгч нэхэмжлэлийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлж энэ тухай захирамж гаргах бөгөөд ийнхүү шилжүүлсэн нэхэмжлэлд тухайн шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулна.
  • Талууд эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж гарын үсэг зурсны дараа эвлэрлийн гэрээг шүүгчид хүргүүлнэ.
  • Иргэний хэрэг үүсгэхээс өмнө шүүгч нэхэмжлэлийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсний дагуу талууд эвлэрсэн бол шүүгч эвлэрлийн гэрээг баталгаажуулах захирамж гаргана.
  • Иргэний хэрэг үүсгэснээс хойш шүүгч нэхэмжлэлийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсний дагуу зохигчид эвлэрсэн бол шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлснийг сэргээж, эвлэрлийн гэрээг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гаргана. Харин иргэний хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэлийг эвлэрүүлэн зуучлагчид шилжүүлсэн боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтад хүрээгүй бол эвлэрүүлэн зуучлагч нэхэмжлэлийг шүүхэд шилжүүлнэ. Шүүгч нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлснийг сэргээж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэнэ.

Шүүгч эвлэрлийн гэрээг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор хянаж баталгаажуулна. Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ ойлгомжгүй, тодорхой бус болсон бол шүүгч эвлэрлийн гэрээг баталгаажуулахаас татгалзсан захирамж гаргадаг бөгөөд гэхдээ уг захирамж нь эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дахин явуулахад саад болохгүй. /ИХШХШтХуулийн 741.7./

Таны шүүхэд гаргасан нэхэмжлэлд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд та давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг анхаарна уу. /ИХШХШтХуулийн 74 дүгээр зүйлийн 74.4/

Харин энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх боломжтой юм. /ИХШХШтХуулийн 75 дугаар зүйлийн 75.6/

Асуулт 1: Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг хэрхэн тооцох вэ?

Хариулт1: ИХШХШтХуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох буюу таны төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн 50%-ийг буцаан олгоно.

Асуулт2: Хэргийг шүүх хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй юу?

Хариулт2: Эрхгүй. Та анхан шатны шүүхэд болон давж заалдах, хяналтын шатны шүүхэд гомдол гаргах боломжгүй.

Асуулт3: Би шүүхэд нэхэмжлэл гарган хариуцагчтай эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж шүүхээс захирамж гарсан юм. Гэвч хариуцагч шүүгчийн захирамжийг биелүүлэхгүй байна. Иймээс би ямар арга хэмжээ авах вэ?

Хариулт3: Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд тус захирамжийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэдэг учир та уг захирамж гаргасан шүүхийн шүүгчдээ хандан гүйцэтгэх хуудас бичиж өгөх хүсэлт гарган шүүгчээс шүүгчийн захирамжийг гүйцэтгэх тухай захирамж болон гүйцэтгэх хуудас гармагц та шийдвэр гүйцэтгэх албанд хандан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулуулах боломжтой.

Агуулга анх оруулсан: 2018-08-01 Шинэчилсэн: 2023-06-07

Мэдээ мэдээлэл