Эрүүгийн хэрэг /гэмт хэрэг/ хянан шийдвэрлэх ажиллагаа Хэрэг бүртгэлт

Хэрэг бүртгэлт

Мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох зорилгоор гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авснаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл явуулж байгаа энэ хуульд заасан ажиллагааг хэрэг бүртгэлт гэнэ.

Мөрдөгч гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгана. Мөрдөгч гэдэг нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтанг хэлдэг.

Мөрдөгч нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, нэхээс татгалзах, гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх шийдвэрийн аль нэгийг гаргана.

Мөрдөгч хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол прокурорт даруй мэдэгдэн, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, тогтоолыг прокурорт танилцуулна. Прокурор хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь үндэслэлгүй гэж үзвэл мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгоно.

            Мөрдөгч хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй гэж үзвэл “хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах” тухай саналаа прокурорт гаргана.  

  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарим оролцогчид

Хохирогч. Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хэлнэ. Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болор бөгөөд хохирогч нас барсан, эрх зүйн чадамжгүй болсон, эсхүл өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах чадваргүй бол энэ зүйлд заасан эрхийг түүний хууль ёсны төлөөлөгч эдэлнэ. Хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах эрхийг эдэлнэ.

а/өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах;

б/хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг гаргаж өгч хавтаст хэрэгт бэхжүүлж тусгуулах;

в/мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах;

г/шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох;

д/шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр шүүгдэгч, гэрч, шинжээчид асуулт тавих;

е/шүүх, прокурор, мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргах;

ё/эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах;

ж/хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалт дууссан бол хавтаст хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах, нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлт гаргах;

з/гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах;

и/шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолын хувийг авах;

к/шүүгч, прокурор, мөрдөгч, орчуулагч, хэлмэрч, шинжээч, мэргэжилтэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах;

л/эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгчийн хууль зөрчиж учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх гомдол гаргах;

м/энэ хуульд заасан бусад эрх.

Хохирогч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах үүрэг хүлээнэ.

а/шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирэх;

б/хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх;

в/өөрт илэрхий болсон хэргийн талаархи мэдээллийг задруулахгүй байх;

г/эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам сахих.

Хохирогч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, мэдүүлэг өгөхөөс санаатайгаар зайлсхийсэн, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Сэжигтэн. Эрүүгийн хуульд заасны дагуу баривчлагдсан, эсхүл яллагдагчаар татах тогтоолтой танилцуулахаар дуудагдсан хүнийг сэжигтэн гэнэ. /сэжигтэнтэй холбоотой мэдээллийг “сэжигтнийг баривчлах” дэд хэсгээс харна уу/

Яллагалагч. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа шүүгдэгчид яллагдагчийн эрх, үүрэг нэгэн адил хамаарна. Яллагдагч нь дараах эрхийг эдэлнэ.

а/ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх

б/яллагдагчаар татсан, таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэртэй танилцах

в/сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах

г/баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах

д/яллагдагч эх хэлээрээ болон өөрийн сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах, мэдүүлэг өгөхөөс татгалзах

е/яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар шүүх, прокурор, мөрдөгчөөс энэ хуульд заасны дагуу өгөхийг зөвшөөрсөн мэдээллийг авах /Яллагдагч монгол хэл, бичиг мэдэхгүй бол өөрийн эх хэл, эсхүл мэдэх хэл, бичгээр, хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй бол дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламжтайгаар энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийг авах эрхтэй/

.

ё/яллагдагч өөрийнх нь хүсэлтээр хийгдэж байгаа мөрдөн шалгах ажиллагаанд оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах

ж/яллагдагч шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлт, мөрдөн байцаалт дууссаны дараа хавтаст хэргийн материалтай танилцах

з/яллагдагч өмгөөлөгчтэй ганцаарчлан уулзах, амаар, эсхүл бичгээр чөлөөтэй харилцах

и/баривчлагдсан сэжигтэн, цагдан хоригдсон яллагдагч, шүүгдэгч нь түүнийг баривчилсан, цагдан хорьсон нь ууль ёсны эсэхийг шүүхээр хянуулах, хууль бусаар баривчилсан, цагдан хорьсон бол суллуулахаар шүүхэд гомдол гаргах

к/яллагдагч хэргээ шүүхэд шилжүүлж, хэлэлцүүлэхийг шаардах, энэ талаар гомдол гаргах

л/яллагдагч нь шүүх, прокурор, өмгөөлөгч, мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт гомдол гаргах

м/бусад этгээдээс шүүхийн шийдвэрт гаргасан гомдол, эсэргүүцэлтэй танилцах, түүнд тайлбар өгөх

н/мөрдөгч, прокурор, орчуулагч, хэлмэрч, шинжээч, шүүгч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах эрхтэй

о/эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгчийн хууль зөрчиж учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх гомдол гаргах

ө/яллагдагч анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох

Яллагдагч дараах үүргийг хүлээнэ.

а/шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудсан цагт хүрэлцэн ирэх;

б/шүүх хуралдааны дэгийг сахих;

в/шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэр, хууль ёсны шаардлагыг биелүүлэх;

г/эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх;

д/оролцогч, бусад оролцогчид нөлөөлөхгүй байх.

Яллагдагч дээр дурдсан үүргээ биелүүлээгүй нь хуульд заасны дагуу албадлага хэрэглэх, хариуцлага хүлээлгэх, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болно.

хоногийн дотор шалгаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх эсэх тухай шийдвэр гаргана. Энэ хугацаа нь хэрэг бүртгэлтийн хугацаанд орж тоологдоно.

Мөрдөгч хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол прокурорт даруй мэдэгдэн, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, тогтоолыг 72 цагийн дотор прокурорт танилцуулна.

Хэрэг бүртгэлтийн үндсэн хугацаа нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээснээс хойш 1 сар байх бөгөөд Хэрэг бүртгэлтийн нийт хугацаа нь Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаагаар хязгаарлагдана. Өөрөөр хэлбэл энэ хугацааны дотор хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийгдэх боломжтой.

Хэрэг бүртгэлтийн хугацааг прокурор тухай бүр 3 сар хүртэл хугацаагаар сунгаж болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар бүлэгээр “Хүсэлт, гомдол гаргах” асуудлыг зохицуулсан байдаг. Тухайлбал, Яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч мөрдөн байцаалтын хугацааг сунгасан хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй тухай гомдлыг дээд шатны прокурорт гаргана.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг шүүх, прокурор, мөрдөгчид гаргах эрхтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн уг ажиллагааны оролцогч, бусад оролцогч, хуулийн этгээд нь шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэр, ажиллагаанд гомдол гаргах эрхтэй.

1. Гэмт хэрэгт холбогдсон эсвэл хохирсон хүн эрх зүйн мэдээллээ хаанаас авах боломжтой вэ?

Эрүүгийн хэргийн оролцогчдод хууль, эрх зүйн асуудлаар мэдээлэл шаардлагатай бол Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан, Эрх зүйн цахим хөтөч, хууль зүйн мэдээлэл, зөвлөгөө өгөх Клиник төвүүдээс мэдээлэл авах боломжтой.

Эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээлэл шаардлагатай бол цагдаагийн байгууллага, прокурорын байгууллага, авилгатай тэмцэх байгууллага дахь мэдээлэл, дүн шинжилгээ хариуцсан алба хаагчдаас, харин шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх мэдээлэл шаардлагатай бол шүүх байгууллага дахь мэдээлэл лавлагааны мэргэжилтнүүдээс мэдээлэл авах боломжтой. Мөн “Шүүхийн цахим сан” /www.shuukh.mn/ сайтаас шүүх хуралдааны товийг харж, шийтгэх болон цагаатгах тогтоолтой уншиж танилцах боломжтой.

2. “Эрүүгийн хэрэг” гэж юуг хэлдэг вэ? Гэмт хэргээс өөр тусдаа асуудал уу? 

“Гэмт хэрэг”, “эрүүгийн хэрэг”, “хавтаст хэрэг” гэх ойлголтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шатнаас хамаараад ийнхүү өөр өөрөөр нэрлэгдэж байгаа боловч агуулгын хувьд эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж заасан үйлдэл, эс үйлдэхүйг хууль, шүүхийн байгууллагаас шалгаж, шийдвэрлэх явцад бүрдүүлсэн шийдвэр, баримт бичиг, хэрэгт хавсаргасан бусад баримт бичгийг ийнхүү нэрлэж байгаа юм.

            Гэмт хэргийн үндсэн шинжээс дурдвал эрүүгийн хуульд гэмт хэрэг гэж тооцсон үйлдэл, эс үйлдэхүй байх бөгөөд түүний улмаас учирсан хохирол, хор уршиг багтдаг.

Гэмт хэрэгт тооцсон үйлдэл, эс үйлдэхүйг тодорхой төрлийн гэмт хэрэг болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10-29 дүгээр бүлэгт нарийвчлан заасан байдаг.

3. Хохирлын хэмжээг хэрхэн ангилдаг вэ?

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж үзэх ба мөн хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцдог. Эрүүгийн хуулийн 2.5-д зааснаар хохирлын хэмжээг “бага хэмжээний хохирол”, “үлэмж хэмжээний хохирол”, “их хэмжээний хохирол” гэж ангилсан бөгөөд эдгээрээс гадна “ноцтой хохирол”-д юуг тооцох талаар хуульчилсан байдаг.

4. Мөрдөгч гэж хэнийг хэлэх вэ?

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар “мөрдөгч” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтныг хэлдэг. Иймд энэ нь аль нэг албан тушаалыг бус хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах чиг үүрэг бүхий эрх бүхий албан тушаалтныг нийтэд нь ийнхүү нэрлэж байгаа юм.

Агуулга анх оруулсан: 2018-06-18 Шинэчилсэн: 2018-06-18

Мэдээ мэдээлэл