Эрүүл мэндийн үйлчилгээ Зайлшгүй шалтгаанаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох

Зайлшгүй шалтгаанаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох

“Зайлшгүй шалтгаанаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох” журмыг батлах бүрэн эрхийг Засгийн газарт өгсөн байна./Эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь заалт/

Гадаад оронд зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн “зөвлөл” Эрүүл мэндийн сайдын дэргэд ажиллана.

Монгол улсын төрийн албан хаагч Төрийн албаны тухай хуулийн 59.1 дүгээр зүйлийн 7 дах хэсэгт заааснаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцаж, нөхөн төлбөр олгохоор заасан байдаг. 

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоолын хавсралтаар "Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох” журмыг баталсан байдаг. 

Та “Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох” журмыг ЭНД дарж үзнэ үү.

Та “Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн жагсаалт”-ыг ЭНД дарж үзнэ үү.

  •  Гадаад оронд зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл (цаашид "Зөвлөл" гэх) Эрүүл мэндийн сайдын дэргэд ажиллана.
  • Зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажиллах журам болон Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн жагсаалтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
  • Гадаадад оношлуулах, эмчлүүлэх талаар эмнэлгийн дүгнэлт гарсан бол санхүүгийн дэмжлэг хүссэн иргэд өргөдлөө дараахь материалын хамт бүрдүүлэн эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ:
  1. “Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй өвчин, эмгэгийн жагсаалт”-д орсон өвчин, эмгэгтэй болохыг нь улсын хэмжээний үйлчилгээтэй төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн эмнэлэг хяналтын комиссын зөвлөлгөөнөөс тогтоож, дүгнэлт гаргуулсан иргэн санхүүгийн дэмжлэг авах тухай хүсэлтээ Эрүүл мэндийн яамд тавина.

  2. Эрүүл мэндийн яамын холбогдох алба нь гадаад оронд оношилгоо, эмчилгээ хийлгэх хүсэлт гаргасан иргэдийн өргөдлийг хүлээн авч судлах, шаардлагатай бол холбогдох эмнэлгийн байгууллагаар нарийвчлан судлуулж саналаа Зөвлөлийн хуралд оруулна.

  3. Санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар гаргасан Зөвлөлийн хурлын шийдвэрийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталгаажуулж уг тушаалын хувийг Сангийн яамны Төрийн сангийн газарт хүргүүлнэ.

Бүрдүүлэх бичиг баримт:

  • иргэний үнэмлэхийн хуулбар, сум, хорооны Засаг даргын тодорхойлолт

  • гадаад оронд оношлуулах, эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай болохыг тодорхойлсон төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн эмнэлэг хяналтын комиссын дүгнэлт, дүгнэлтийг англи хэл дээр орчуулсан хувь

  • хүлээн авч оношилгоо, эмчилгээ хийх талаар тухайн гадаад орны эмнэлгээс ирүүлсэн урилга буюу зөвшөөрөл

  • зардлын бусад эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлсэн тухай мэдээлэл

Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу Сангийн яамны Төрийн сангийн газар эрүүл мэндийн сайдын төсвийн багцаас ажлын 5 өдөрт багтаан эмчлүүлэгчийн нэр дээр мөнгийг шилжүүлнэ.

Эрүүл мэндийн яамын “зайлшгүй шалтгаанаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох” үйл ажиллагаатай холбоотой гомдолыг дээд шатны албан тушаалтанд нь гомдол гаргана. Дээд шатны албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргана.

Гадаадад оношилгоо, эмчилгээ хийлгэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх иргэн дараах шаардлагыг хангасан байна:

  • 5-аас доошгүй жил эрүүл мэндийн даатгалд тасралтгүй даатгуулсан байх;

  • Засгийн газрын нөөц сан болон улсын төсвөөс гадаадад эмчлүүлэх зориулалтаар зардал давхардуулан аваагүй байх

Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн эмнэлэг хяналтын комиссын дүгнэлт, сайдын Зөвлөлийн шийдвэргүйгээр өөрийн зардлаар гадаад улсад эмчлүүлсэн, санхүүгийн дэмжлэг олгох талаар Зөвлөлийн шийдвэр гарахаас өмнө нас барсан тохиолдолд зардлыг нөхөн олгохгүй.

Гадаад оронд эмчлүүлэхээр явж байгаа иргэдийн тээвэр, байр, хоол, түүнчлэн дагалдан явах хүний зардал үүнд хамаарахгүй

Эрүүл мэндийн яам нь гадаадад эмчлүүлсэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар гаргасан шийдвэр, түүний дагуу зарцуулсан хөрөнгийн хэмжээ болон гадаадад эмчлүүлэгчдийн эмчилгээний дүнг Засгийн газарт жил бүр танилцуулна.

Эмнэлгийн дүгнэлт болон бусад материалыг хуурамчаар бүрдүүлж шийдвэр гаргуулсан этгээдээр олгосон төлбөрийг нөхөн төлүүлэх асуудлыг зохих хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.

Асуулт 1. Гадаадад эмчилгээ хийлгэсэн хүнд даатгалаас нөхөн олговор байдаг уу?

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх хэсэгт Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагаас сонгон шалгаруулж гэрээ байгуулан ажиллахаар хуульчилсан байдаг.

Агуулга анх оруулсан: 2020-01-03 Шинэчилсэн: 2022-09-06

Мэдээ мэдээлэл