Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаан

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг бүх талаас нь бүрэн гүйцэд, бодитой хянан үзэж, магадлан шийдвэрлэж Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгааг хангахад оршино.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлд зааснаар Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ.

Үндсэн хуулийн цэц дараах маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна:

  1. Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;
  2. Ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх;
  3. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх;
  4. Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Үндсэн хуулийн цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргана.

 

Цэц нь Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавьж түүнийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэнэ.

Үндсэн хуулиас бусад хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг Цэц харьяалан шийдвэрлэхгүй.

Цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг зөвхөн өргөдөл, мэдээлэл, хүсэлтээр үүсгэн явуулна.

Маргааны харьяалал

Цэц Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай дор дурдсан шийдвэрийг хянаж дүгнэлт гаргах бөгөөд шаардлагатай бол дахин хянаж, эцэслэн шийдвэрлэнэ:

  • хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр /тогтоол/;
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, бусад шийдвэр;
  • Засгийн газрын шийдвэр /захирамж, тогтоол/;
  • Монгол Улсын олон улсын гэрээ;
  • ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний болон Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллага /Сонгуулийн ерөнхий хороо/-ын гаргасан шийдвэр /тогтоол/.

Цэц дор дурдсан албан тушаалтны үйл ажиллагаа Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай асуудлаар гарсан маргааныг хянаж дүгнэлт гаргана:

  • Монгол Улсын Ерөнхийлөгч;
  • Улсын Их Хурлын дарга;
  • Улсын Их Хурлын гишүүн;
  • Ерөнхий сайд;
  • Засгийн газрын гишүүн;
  • Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч;
  • Улсын ерөнхий прокурор.

Цэц дор дурдсан албан тушаалтнуудыг огцруулах болон эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх талаар дүгнэлт гаргана:

  • Монгол Улсын Ерөнхийлөгч;
  • Улсын Их Хурлын дарга;
  • Ерөнхий сайд;
  • Улсын Их Хурлын гишүүн.

Харьяаллын бус өргөдөл

Цэцэд ирүүлсэн өргөдөл, мэдээллийн шаардлагын зарим нь Цэцэд, зарим нь өөр шүүх буюу бусад байгууллагад харьяалалтай байвал Цэц зөвхөн өөрийн харьяалах маргааны шаардлагыг шийдвэрлээд бусдын харьяалах маргааны шаардлагыг шийдвэрлэхээс татгалзана. Гэхдээ энэ нь тухайн маргааныг харьяалах байгууллагаас хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болохгүй.

Хэргийн харьяалал тогтоох

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар Цэц дараах хэргийн харьяаллыг тогтооно:

Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ.

Харьяаллын бус болон шаардлага хангаагүй өргөдөлд хариу өгөх

Харьяаллын бус болон шаардлага хангаагүй өргөдөлд дараах байдлаар хариу өгнө.

Асуулт: Ү ямар маргааныг харьяалан шийддэг вэ?

  • Цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай дараах маргааныг эцэслэн хянаж дүгнэлт гаргана. Энэ нь доорх 5 байгууллагын шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг тогтоох асуудал юм. Үүнд:
  • хууль, УИХ-ын бусад шийдвэр;
  • Монгол Улсын олон улсын гэрээ;
  • МУ-ын Ерөнхийлөгчийн зарлиг, бусад шийдвэр;
  • Засгийн газрын шийдвэр;
  • Ард нийтийн санал асуулга, УИХ, түүний гишүүний болон Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар Сонгуулийн ерөнхий хорооны гаргасан шийдвэр орно.

Асуулт: Үндсэн хуульд л заасан бол Цэцэд хандаж болно гэсэн үг үү? Цэцийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээ нь ямар байх вэ?

  • Цэц нь Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавьж түүнийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэнэ.
  • Үндсэн хуулиас бусад хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг Цэц харьяалан шийдвэрлэхгүй.
  • Цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг зөвхөн өргөдөл, мэдээлэл, хүсэлтээр үүсгэн явуулна.

Хэрэв эрх бүхий байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон хууль болон бусад шийдвэрийн заалтыг шууд буюу агуулгаар нь дахин сэргээвэл Цэцийн аль нэг гишүүний санаачилгаар Цэц хяналтын журмаар хянан шийдвэрлэж болно.

Асуулт: Иргэн нь Үндсэн хуулийн цэцэд хандахын өмнө юуг анхаарах ёстой вэ?

Юуны өмнө хуульд заасан тодорхой хугацааны дотор маргааныг, хуульд заасан бусад бүх шат дамжлагаар шийдвэрлүүлэх арга хэмжээг авсан байх ёстой. Өөрөөр хэлбэл, эрхээ хамгаалуулж болох бүх байгууллагад хандсан байх ёстой. Үүний дараа л Иргэн нь Үндсэн хуулийн цэцэд хандах эрхтэй болдог.

Асуулт: Үндсэн хуулийн цэц (ҮХЦ) ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага вэ?

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Үндсэн хуулийн цэц нь:

  • Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавьдаг;
  • Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргадаг;
  • Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг магадлан шийдвэрлэх ийм гурван эрх, үүрэгтэй юм.

Асуулт: ҮХЦ-нь ямар зарчим баримталдаг вэ?

ҮХЦ Үндсэн хууль болон Цэцийн тухай хуульд зааснаар дараах ерөнхий зарчмыг баримталлна:

  • хараат бус байх;
  • гагцхүү Үндсэн хуульд захирагдах;
  • гишүүд эрх тэгш байх;
  • асуудлыг шударгаар шийдвэрлэх;
  • ил тод байх зарчим баримтална.

Асуулт: Би ….. асуудлаар харьяалах дээд шатны байгууллага, иргэний болон захиргааны хэргийн шүүхэд хандсан боловч шүүхийн харьяалах хэрэг биш гэж удаа дараа буцаасан. Одоо хаана хандаж болох вэ?

Цэцийн тухай хуульд аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ гэж заасан байдаг. Тиймээс Та Цэцэд хандаж болно.

 

Агуулга анх оруулсан: 2018-07-23 Шинэчилсэн: 2018-07-23

Мэдээ мэдээлэл