Нотариатын үйлчилгээ Итгэмжлэл гэрчлэх

Итгэмжлэл гэрчлэх

Итгэмжлэл гэрчлэх

Итгэмжлэлд төлөөлүүлэгч болон төлөөлөгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, итгэмжлэл олгосон он, сар, өдөр, төлөөлүүлэгчээс төлөөлөгчид олгож байгаа бүрэн эрх болон хугацааг бичнэ. Хуулийн этгээдээс итгэмжлэл олгосон тохиолдолд Иргэний хуулийн 64.2.1, 64.2.2-т заасан шаардлага хангасан эсэхийг нягталж үзнэ.


Иргэний хуулиас:

64.2.1.итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх;

64.2.2.хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байх;


Төлөөлөгчид эрх олгосон үйл ажиллагааг бусдаар гүйцэтгүүлэх, эсхүл итгэмжлэлийг бусдад шилжүүлэх бол энэ тухай итгэмжлэлд тусгайлан заах бөгөөд ийнхүү заагаагүй бол төлөөлүүлэгчийн ашиг сонирхлыг хамгаалах зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд шилжүүлсэн итгэмжлэлийг гэрчлэхийг хориглоно.

Нотариатч итгэмжлэл олгохдоо Иргэний хуулийн 62.6, 64.5-д заасан хугацааг баримтлах ба хугацаатай олгох итгэмжлэлд хугацааг тоо болон үсгээр бичнэ.


Иргэний хуулиас:

62.6.Шилжүүлсэн итгэмжлэлийн хугацаа үндсэн итгэмжлэлийн хугацаанаас их байж болохгүй. Үндсэн итгэмжлэл дуусгавар болсноор шилжүүлсэн итгэмжлэл нэг адил дуусгавар болно.

64.5.Тодорхой хугацаагаар олгох итгэмжлэл гурван жилээс илүүгүй хугацаагаар, хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жил хүчин төгөлдөр байна.


Нотариатын үйлдэл хийх заавраас...

Долоо. Итгэмжлэл гэрчлэх

7.1.Итгэмжлэлийг гэрчлэхдээ Нотариатын тухай хуулийн 41 дүгээр зүйлийг баримтлана.

7.2.Итгэмжлэлд төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрх нь тодорхой, ойлгомжтой байх бөгөөд олгосон бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болох бөгөөд төлөөлүүлэгч нь хэдийд ч итгэмжлэлээ хүчингүй болгох, төлөөлөгч итгэмжлэлээс татгалзах эрхтэй болохыг нотариатч нь тэдгээрт тайлбарлана.

7.4.Нотариатч итгэмжлэлийг гэрчлэхдээ Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн нэрийн өмнөөс өөртэйгөө, түүнчлэн гуравдагч этгээдийн нэрээр өөрөө төлөөлүүлэгчтэй хэлцэл хийх эрхгүйг үйлчлүүлэгчид тайлбарлана.

7.5.Хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурах бөгөөд нягтлан бодогчгүй бол энэ тухай итгэмжлэлд тусгана.

7.6.Нотариатч шилжүүлж буй итгэмжлэлийг гэрчилсэн бол Иргэний хуулийн 62.7, 67.5-д заасан мэдэгдэх үүргийг талуудад тайлбарлана.

7.7.Итгэмжлэлийг цахим хэлбэрээр гэрчлэхдээ нотариатын цахим систем дэх дэс дарааллын дагуу хийж, баталгаажуулна. 

Итгэмжлэл бол төлөөллийн хамгийн сонгодог хэлбэр бөгөөд нэг этгээд сайн дурын үндсэн дээр өөрийн нэрийн өмнөөс тодорхой үйлдэл хийлгэхээр өөрийн бүрэн эрхээ өөр нэг этгээдэд олгож байгаа хууль ёсны баримт бичиг юм.

Гадаадад байгаа иргэдийн хувьд хамгийн их үйлдэгддэг нотариатын үйлдлийн нэг.  Тиймээс нотариатын үүрэг гүйцэтгэгчдийн хамгийн их мэдэж байх ёстой үйлдэл юм.  Иргэдийн хувьд хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдгаас гадаадад удаан хугацаагаар амьдрах, суралцахаар явахдаа монголд байгаа ямар нэг хөрөнгө болон бусад ажлаа зохицуулах үүднээс шаардагдах эрхээ хэн нэгэнд үлдээдэггүй.  Гадаад улсад очсон хойноо монголд байгаа хөрөнгөө захиран зарцуулах, бусдад худалдах, хөлслүүлэх, барьцаанд тавих гэх мэт эрхээ хэн нэгэнд олгох, банк санхүүгийн болон бусад холбогдох байгууллагатай төлөөлж харилцах, харилцах болон хадгаламжийн данснаас орлого зарлагын гүйлгээ хийх, хугацааг сунгах, олон улсын карт захиалан авах гэх мэт байж болох бүхий л үйлдэлд итгэмжлэлийг хийлгэх хүсэлт гаргадаг.

Нөгөө талаар урьдаас төлөвлөгдөөгүй тухайн тодорхой нөхцөл, шаардлага бий болсон үед тодорхой үйлдэл хийлгэхээр итгэмжлэлийг хийлгэх тохиолдол мөн олон гардаг.

Дээрхи  тохиолдолд иргэд хаана хандахаа мэдэхгүй нотариатчид ханддаг бөгөөд бид гадаадад амьдарч байгаа иргэдийн хувьд тухайн оронд суугаа Монгол улсын элчин сайдын яаманд хандан нотариатын үүрэг гүйцэтгэгчээр итгэмжлэл гэрчлүүлэн ирүүлэхийг зөвлөдөг.  Нотариатын үүрэг гүйцэтгэгчдийн хувьд итгэмжлэлийн шаардлагыг хангалгүй гэрчилснээс иргэдийг чирэгдүүлэх тохиолдол багагүй гардаг. Тухайн итгэмжлэлийг үндэслэн дараа дараагийн үйлдэл хийгддэг учраас итгэмжлэл хуулийн шаардлага хангасан байх учиртай юм.

Итгэмжлэлд төлөөлүүлэгч, төлөөлөгч гэсэн хоёр тал оролцоно.

Тодорхой үйл ажиллагааг гүйцэтгүүлэхээр төлөөлөгчид тодорхой бүрэн эрх олгож байгаа этгээдийг төлөөлүүлэгч гэнэ. Төлөөлүүлэгчийн хүсэл зоригийн дагуу итгэмжлэлийн үндсэн дээр эрх олж авсан этгээдийг төлөөлөгч гэнэ.  Төлөөлүүлэгч нь заавал эрх зүйн бүрэн чадамжтай, харин төлөөлөгч нь иргэний эрх зүйн бүрэн бус, эсхүл хязгаарлагдмал чадамжтай иргэн байж болно.

Хуульд зааснаар төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн нэрийн өмнөөс өөртэйгээ, түүнчлэн гуравдагч этгээдийн нэрээр өөрөө төлөөлөгчтэй хэлцэл хийх эрхгүй байдаг.

Итгэмжлэлийг олгож буй бүрэн эрхээс нь хамаараад ерөнхий, тусгай гэж ангилах бөгөөд давтамжаас нь хамаараад нэг нэг удаагийн итгэмжлэл байж болно.

Итгэмжлэлийг гэрчлэхдээ:

  • юуны өмнө төлөөлүүлэгч  ямар бүрэн эрхийг олгох гэж байгаа, ямар ажил үүрэг гүйцэтгүүлэх гэж байгаа,  ямар үр дүнд хүрэхийг зорьж байгаа талаар үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг сайтар судалж мэдээлэл авах хэрэгтэй. Ингэснээр ямар төрлийн итгэмжлэл гэрчлэх ёстойг зөв тогтоон итгэмжлэлийг гэрчлэхэд дөхөм болно.
  • Ямар итгэмжлэл олгох болсноос хамаарч холбогдох бичиг баримтыг шалган  тухайн этгээд эрх олгох бүрэн эрх бүхий этгээд мөн эсэхийг тогтооно. Тухайлбал тухайн хөрөнгийг өмчлөгч эсвэл хамтран өмчлөгч мөн эсэх, тухайн хадгаламжийг эзэмшигч мөн эсэх г.м

Төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрх нь тодорхой, ойлгомжтой байх ёстой. Тухайлбал:

  • Аливаа бүртгэлийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгө \орон сууц, газар, гм\, хөдлөх хөрөнгө \ автомашин, хадгаламж гм\ захиран зарцуулах, бусдад худалдах, хөлслүүлэх, зээлийн барьцаанд тавих итгэмжлэлд орон сууцны хувьд тухайн хөрөнгийн гэрчилгээний дугаар, улсын бүртгэлийн дугаар, хаяг, м2,  зэргийг автомашины хувьд улсын дугаар, аралын дугаар, серийн дугаар, өнгө, гм гэрчилгээн дээр байгаа бүх мэдээллийг тодорхой бичиж ямар бүрэн эрх олгож байгааг тодорхой ойлгомжтой байдлаар бичнэ. \итгэмжлэлийн загвар хавсаргав\
  • Хадгаламж захиран зарцуулах, орлого зарлагын гүйлгээ хийх итгэмжлэлийн хувьд хадгаламжийн дэвтрийн дугаар, дансны дугаар тодорхой байхаас гадна яг хэдэн төгрөгийн зарлагын гүйлгээ хийхийг тодорхой бичих хэрэгтэй.

Олгосон бүрэн эрхийн хүрээнд хийгдэх хэлцэлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болох бөгөөд төлөөлүүлэгч нь хэдийд ч итгэмжлэлээ хүчингүй болгох, төлөөлөгч нь хэдийд ч итгэмжлэлээс татгалзах эрхтэй байдаг.

Итгэмжлэлд дараахь шаардлага тавигдана.

  • Төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэл бол эрх баригч гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан байх
  • Хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байх
  • Олгосон он сар өдрийг заавал бичих
  • Тодорхой хугацаагаар олгосон бол хугацааг заавал бичих, /Итгэмжлэлийн хүчинтэй байх хугацаа дээд тал нь 3 жил байж болох бөгөөд хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг/

Итгэмжлэлийг нэг талын хэлцэл гэж үздэг учраас итгэмжлэл гэрчлүүлэхэд заавал хоёр тал ирсэн байхыг шаардахгүй. Төлөөлүүлэгч тал ирсэн байхад гэрчилж болно. Харин эрх олгох гэж байгаа хүнийхээ нэр хаяг, регистрийн дугаарыг мэдэж байх шаардлагатай. Ялангуяа гадаад улсад байгаа иргэдэд энэ элбэг тохиолдоно.

Агуулга анх оруулсан: 2018-09-03 Шинэчилсэн: 2023-04-19

Мэдээ мэдээлэл