Оюуны өмч, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн харилцаа Шинэ бүтээлийн патент авах

Аж үйлдвэрийн өмчид шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар, барааны тэмдэг, газар зүйн заалтыг хамааруулдаг. Эдгээрийг бүртгүүлэх, гэрчилгээ авах харилцааг хуулиар нарийвчлан зохицуулсан.

Шинэ бүтээл зохиогч болон патент эзэмшигчийн өмчлөх эрхийг баталгаажуулах, шинэ бүтээлийг ашиглах харилцааг 2006 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр батлагдсан Патентийн тухай хуулиар зохицуулж байна.

Шинэ бүтээл: Патентийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасны дагуу “шинэ бүтээл” гэж байгалийн хуульд тулгуурлан сэдэж, үндэслэлийг нь тодорхойлсон, үйлдвэрлэх арга ажиллагаа болон бүтээгдэхүүнд хамаарах, шинэ бүтээлийн түвшин агуулсан шинэ шийдлийг ойлгоно.

Патент: Патентийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасны дагуу “патент” гэж тухайн шийдэл нь шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар болохыг тодорхойлж, зохиогч нь тодорхой хугацаанд түүнийг өмчлөх онцгой эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч, төрийн эрх бүхий байгууллагаас олгож байгаа баримт бичгийг гэж ойлгоно.

Шинэ бүтээлийн патент олгох шалгуур:

Патентийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу шинэ бүтээлийн түвшин агуулсан, үйлдвэрлэлд ашиглах боломжтой, үйлдвэрлэх шинэ арга ажиллагаа болон шинэ бүтээгдэхүүн зохиогч, түүнээс эрх шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээдэд патент олгоно.

Техникийн тухайн үеийн түвшингээс давуутай нь нотлогдсон үйлдвэрлэх арга ажиллагаа болон бүтээгдэхүүнийг “шинэ” гэж үзнэ. “Шинэ” гэсэн шалгуурт тухайн бүтээлийг илэрхийлж байгаа шинж чанарууд нь мэдүүлгийн анхдагч огноо хүртэл нийтэд илэрхий болоогүй байх нөхцөлийг хамааруулна.

“Шинэ бүтээлийн түвшин агуулсан” гэдэгт шинэ бүтээл нь холбогдох мэргэжлийн хүний хувьд ялгарах давуу шинж чанартайг шинжээч тогтоосон байдлыг ойлгоно.

Тухайн шинэ бүтээлийг үйлдвэрлэлийн аль нэг салбарт ашиглаж болохуйц байвал “үйлдвэрлэлд ашиглах боломжтой” гэж үзнэ.

Шинэ бүтээлийн шинэ байдлыг техникийн түвшний хувьд тогтоохын тулд оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тухайн шинэ бүтээлийн анхдагч огнооноос өмнө гаргасан мэдүүлэг болон эрхийн хамгаалалт хийгдсэн шинэ бүтээл, ашигтай загварын мэдээллийн баримтыг ашиглана.

Патентийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7-д заасны дагуу дараах тохиолдолд шинэ бүтээлд тооцохгүй:

  • нээлт, шинжлэх ухааны онол, математикийн арга;
  • компьютерийн программ, алгоритм;
  • аж ахуйн үйл ажиллагаа, оюуны үйлдэл, тоглоом зэрэгт хамаарах хуваарь, дүрэм, аргачлал;
  • нийгмийн дэг журам, зан суртахуун, байгаль орчин, хүний эрүүл мэндэд харш шийдэл;
  • хүн, мал, амьтны эмчилгээ, оношилгооны арга;
  • бичил биетээс бусад амьтан, ургамал болон тэдгээрийг гаргаж авах биологийн арга (биологийн бус болон микробиологийн үйл ажиллагаа хамаарахгүй)

 

Патентийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу шинэ бүтээл , бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлгийг зохиогч, түүнээс эрх шилжүүлэн авсан хувь хүн, хуулийн этгээд оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.

Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар бүрд тусдаа мэдүүлэг гаргах бөгөөд нэг зориулалттай, нэгдмэл байдлаар ашиглагдах шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварт нэг мэдүүлэг гаргаж болно.

Шинэ бүтээлийн мэдүүлэгт дараах материалуудыг хавсаргана. Үүнд:

  • Өргөдөл (тогтсон загвар бүхий мэдүүлгийн маягт байдаг бөгөөд уг маягтыг Оюуны өмчийн газрын албан ёсны цахим хуудаснаас татан авч, компьютер дээр нөхөж, хэвлэнэ. http://www.burtgel.gov.mn/);
  • шинэ бүтээлийн тодорхойлолт (шинэ бүтээлээр дэвшүүлсэн зорилгод хүрэхэд тухайн шийдлийн өмнөх техник, технологийн түвшингээс онцгой ялгарах шинж чанар, хамаарах салбарын мэргэжлийн хэрэглэгчдэд түүний давуу байдал болон шинэ бүтээлийг ашиглах хамгийн тохиромжтой аргыг хангалттай, бүрэн ойлгомжтой гаргасан цогц мэдээллийг оруулна);
  • томъёолол (тухайн шинэ бүтээлийн онцгой ялгарах шинж чанар, эрхийн хамгаалалтын хүрээг тогтоосон, ойлгомжтой, товч, тодорхой байх бөгөөд нэг шинэ бүтээл нь нэг буюу хэд хэдэн томъёололтой байж болно), тодорхойлолт, зураг нь томъёоллын агуулгыг дэлгэрэнгүй тайлбарлана;
  • товч тайлбар (тухайн шинэ бүтээлийн талаар мэдээлэл өгөх зорилготой бөгөөд түүнийг шинэ бүтээлийн эрхийн хамгаалалтын хүрээг тогтооход ашиглахгүй);
  • шаардлагатай бол өргөдөлд холбогдох зураг, болон эрх бүхий байгууллагын магадлагаа;
  • хүн амын хүнсний хангамж, эрүүл ахуйтай холбогдсон шинэ бүтээл бол хүний эрүүл мэнд, биед хохирол учруулахгүйг нотолсон эрүүл ахуй, халдвар судлалын байгууллагын магадлагаа, тодорхойлолт;
  • үйлчилгээний хураамж төлсөн баримт;

Шинэ бүтээлийн өргөдөлд шинэ бүтээлийн зохиогч, мэдүүлэг гаргагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр, хаяг, патент авах хүсэлт, шинэ бүтээлийн нэрийг тусгана.

Зохиогч бус этгээд мэдүүлэг гаргах бол патент авах эрхээ нотолсон баримтыг хавсаргана.

Мэдүүлэг гаргагч өргөдөлдөө үндэсний, бүсийн, олон улсын мэдүүлгийн огноог давамгайлах огноогоор тогтоолгох тухай хүсэлтээ илэрхийлж болох бөгөөд энэ тохиолдолд давамгайлах огноо хүсэж гаргасан мэдүүлгийн хуулбарыг хавсаргана. Давамгайлах огноо тогтоолгох хүсэлт гаргахад шинэ бүтээлийн мэдүүлэгт олон улсын хайлт, урьдчилсан шүүлтийн дүгнэлтийг хавсаргана.

Мэдүүлэг гаргагч нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлөөлүүлж болно. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх, үүргийг Иргэний хуульд заасан шаардлага хангасан итгэмжлэлээр тодорхойлно.

Мэдүүлгийг монгол хэлээр үйлдэх бөгөөд өөр хэлээр үйлдсэн тохиолдолд мэдүүлэг гаргагч оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад уг мэдүүлгийг ирүүлсэн өдрөөс хойш 2 сарын дотор монгол хэлнээ хөрвүүлж өгнө. Уг хугацаанд мэдүүлгийг хөрвүүлж өгөөгүй бол мэдүүлэг гаргаагүй гэж үзнэ.

Мэдүүлэг гаргагч мэдүүлгийн талаар эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд мэдүүлгээ буцаан авч болно.

Мэдүүлгийг хянах:

Патентийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шинэ бүтээл мэдүүлгийг хүлээн авсан өдрөөс хойш 2О хоногийн дотор түүний бүрдлийг хянаж, мэдүүлэг нь Патентийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шаардлагад нийцсэн бөгөөд мэдүүлгийн бүрдэл хангасан гэж үзвэл анхдагч огноог мэдүүлэг хүлээн авсан өдрөөр тооцно.

Оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг Патентийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзвэл түүнд нэмэлт, засвар хийх шаардлагатайг мэдүүлэг гаргагчид мэдэгдэнэ. Мэдүүлэг гаргагч уг мэдэгдлийг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүлээн авсан өдрөөс хойш шинэ бүтээлийн мэдүүлэгт З сарын дотор нэмэлт, засвар хийж ирүүлсэн тохиолдолд тухайн мэдүүлгийн анхдагч огноог мэдүүлгийг анх хүлээн авсан өдрөөр тооцно.

Мэдүүлэг гаргагч дээр дурдсан хугацааны дотор нэмэлт, засвар хийж ирүүлээгүй бол тухайн мэдүүлгийг гаргаагүй гэж үзнэ.

Мэдүүлэг гаргагч давамгайлах огнооны эрх хүсэж байгаа бол мэдүүлгийг бүртгэснээс хойш 2 сарын дотор энэ тухайгаа бичгээр мэдэгдэж, анхны мэдүүлгийн хуулбарыг ирүүлнэ. 

Шинэ бүтээлийн мэдүүлэгт шүүлт хийх:

Патентийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу мэдүүлгийн анхдагч огноог тогтоосны дараа оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шинжээч тухайн шинэ бүтээл нь Патентийн тухай хуулийн хуулийн 4, 5 дугаар зүйлд заасан шалгуурыг хангасан эсэхэд чанарын шүүлт хийнэ.

Мэдүүлэг гаргагч мэдүүлсэн шинэ бүтээл, эсхүл түүнтэй мөн чанараараа ижил бүтээлд патент буюу өөр ямар нэг эрхийн баримт авахаар гадаадын улс, олон улсын байгууллагад мэдүүлэг гаргасан тухайгаа оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.

 

Шүүлт хийх явцад буюу эцсийн шийдвэр гарахаас өмнө мэдүүлэг гаргагч анхныхаа ирүүлсэн тодорхойлолтын агуулгын хүрээнээс халихгүйгээр, мэдүүлэгтээ нэмэлт, өөрчлөлт хийж болно. Нэмэлт, өөрчлөлт нь мэдүүлж байгаа шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын мөн чанарыг өөрчлөх бол шинээр мэдүүлэг гаргана. 

 

Шүүлт хийх явцад мэдүүлэг гаргагч анхныхаа ирүүлсэн тодорхойлолтын агуулгын хүрээнээс халихгүйгээр мэдүүлгээ 2 буюу түүнээс олон мэдүүлэг болгон салгах, эсхүл хамтаар ашиглагдах шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын хэд хэдэн мэдүүлгийг нэгтгэж болно.

Шинэ бүтээлээр дэвшүүлсэн шийдлийн зохиогч мэдүүлгийг эцсийн шийдвэр гарахаас өмнө ашигтай загварын мэдүүлэг болгон, ашигтай загварын гэрчилгээ хүссэн мэдүүлгийг шинэ бүтээлийн мэдүүлэг болгон тус тус өөрчилж болох бөгөөд энэ тохиолдолд анхдагч огноог анхны мэдүүлгээр тогтооно.

Патентийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу Оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мэдүүлгийн анхдагч огнооноос хойш 9 сарын дотор шүүлтийн дүгнэлтийг үндэслэн патент олгох эсэх талаар шийдвэр гаргана. Шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн уг хугацааг 12 сар хүртэл хугацаагаар сунгаж болно.

Мэдүүлэг гаргагчийн хүсэлтээр шүүлт хийхийг хойшлуулж болох боловч шүүлт хийхийг хойшлуулах хугацаа нь патент олгох шийдвэр гаргах эцсийн хугацаагаар хязгаарлагдана.

Патент олгохоор шийдвэрлэсэн шинэ бүтээлийн ном зүй, томъёоллыг патентын хэвлэлд нийтэлж зарлана.

Шинэ бүтээл болох нь нотлогдоогүй, хамгаалах боломжгүй бол патент олгохоос татгалзсан шийдвэр гаргах бөгөөд шүүлтийн дүгнэлтийн хуулбарыг уг дүгнэлт гарсан өдрөөс хойш ЗО хоногийн дотор мэдүүлэг гаргагчид хүргүүлж, мэдүүлгийг патентийн санд хадгална.

Шинэ бүтээлд патент олгох:

Патентын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасны дагуу Шинэ бүтээлийн ном зүй, томъёоллыг патентийн хэвлэлд нийтэлсэн өдрөөс хойш 3 сарын дотор оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад няцаасан нотолгоо ирээгүй, маргаан гараагүй бол патент олгоно.

Патентын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу шинэ бүтээлийн патент авахтай холбогдсон гомдлыг оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх маргаан шийдвэрлэх комисст гаргах бөгөөд комисс гомдлыг хүлээн авснаас хойш 6 сарын дотор хянан шийдвэрлэж, хариуг бичгээр мэдэгдэнэ.

Маргаан шийдвэрлэх комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргах эрхтэй.

Монгол Улсын Шадар сайдын 2013 оны 14 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан  Маргаан шийдвэрлэх комиссны ажиллах журам-д заасны дагуу гомдлыг Комисст бичгээр гаргах бөгөөд гомдол гаргагч, эсвэл түүнийг маргаан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж буй этгээд гарын үсгээ зурсан байна.

Гомдолд дараах мэдээллийг заавал тусгана. Үүнд:

  • Гомдол, гаргагчийн овог, эцгийн нэр, өөрийн нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар;
  • Гомдлыг холбогдуулан гаргаж буй этгээдийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар;
  • Гомдлын үндэслэл, түүнийг нотлох баримт;
  • Хавсаргасан баримт бичгийн жагсаалт;

Гомдолд үйлчилгээний хураамж төлсөн баримтыг хавсаргана.

Зөвлөгөө №1:

Хэрэв та шинэ бүтээлийн патент авсан бол тухайн бүтээлээ анхдагч огнооноос хойш 20 жилийн хугацаанд ашиглах бүх л боломжтой аргуудыг судалж, ашиглан үр шимийг нь хүртэх хэрэгтэй. Учир нь 20 жилийн хугацаа дуусгавар болоход тухайн бүтээлийг шинэ гэх үндсэн шинж чанар нь алдагдсан гэж үзэж, тухайн бүтээлд дахин патент олгохгүйг анхаараарай. Харин цаашид үргэлжлүүлэн патентгүйгээр ашиглах боломжтой.

Зөвлөгөө №2:

Хэрэв та албан үүргээ гүйцэтгэх буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцдаа шинэ бүтээл бүтээсэн бол уг бүтээлд патент авах эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил олгогч эдэлдэг болохыг анхаараарай. Тиймээс гэрээнд өөрт ашигтай нөхцөлүүдийг тусгуулах боломжтой.

Ажил олгогч шинэ бүтээлийг бүтээснээс хойш 6 сарын дотор мэдүүлэг гаргаагүй бол зохиогч нь мэдүүлэг гаргах эрх эдэлнэ. Энэ тохиолдолд зохиогч патент авсан бол ажил олгогч тухайн бүтээлийг ашиглахдаа патент эзэмшигчид гэрээний үндсэн дээр зохих төлбөр төлнө.

Зөвлөгөө №3:

Патентийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу Хуулийн этгээд шинэ бүтээлийг ашигласнаас олсон ашиг, оюуны бүтээлийн өртгийг тооцсон үнэлгээг санхүүгийн тайлан тэнцэлд тусгаж, үйлдвэрлэлийн нууцыг нь хадгалах үүрэгтэй байдаг.  Мөн оюуны бүтээлийн өртгийг тооцсон үнэлгээг хөрөнгийн баталгаа, барьцаа, хөрөнгө оруулалт, хувьцаа гаргах, хувьчлал болон дуудлагын худалдаанд оруулах, дүрмийн сан бүрдүүлэх, даатгалд хамруулах зэрэгт хэрэглэж болно.

Асуулт 1:

Шинэ бүтээлийн зохиогч ямар эрхүүдийг эдлэх вэ?

Хариулт 1:

Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу шинэ бүтээлийн зохиогч дараах эрхийг эдэлнэ. Үүнд:

  • шинэ бүтээлийг өмчлөх;
  • патент авах эрхээ бусад этгээдэд шилжүүлэх;
  • шинэ бүтээлдээ нэр өгөх;
  • шинэ бүтээлийн технологийн баримт бичиг боловсруулах, тэдгээрийг турших, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажилд оролцож, хяналт тавих, оюуны бүтээлээ үнэлэх;
  • шинэ бүтээлийг ашиглаж олсон бусад этгээдийн орлогоос зохих хэмжээний төлбөр авах.

Шинэ бүтээлийг хамтран бүтээсэн зохиогчид дээрх эрхүүдийг хамтран эдлэнэ. Харин шинэ бүтээлийн мэдүүлэг болон техникийн баримт бичиг бүрдүүлэх, санхүүжүүлэх, туршилт хийх зэргээр туслалцаа үзүүлсэн этгээдийг хамтран зохиогч гэж тооцохгүй.

Хамтран зохиогчид гэрээнд өөрөөр заагаагүй бол мэдүүлэг гаргах, патент авах, бүтээлээ ашиглуулах, бусад этгээдэд худалдах, шилжүүлэх, үнэлэх болон шинэ бүтээлтэй холбоотой харилцаанд тэгш эрх эдлэх бөгөөд хэн нэг нь бусад хамтран зохиогчийн зөвшөөрөлгүйгээр аливаа эрх эдлэхгүй.

Асуулт 2:

Зохиогч шинэ бүтээлийн патентыг бусдад шилжүүлж болох уу?

Хариулт 2:

Патентын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу патент эзэмшигч нь аливаа этээдэд лицензийн гэрээ байгуулж шинэ бүтээлийг ашиглуулж болно. Лицензийн гэрээгээр патент эзэмшигч нь хамгаалагдсан бүтээлийг ашиглах зөвшөөрлийг бүтээл ашиглагчид олгох, бүтээл ашиглагч гэрээгээр тогтоосон төлбөр төлөх болон гэрээгээр тодорхойлсон бусад үүрэг хүлээнэ.

Лицензийн гэрээнд дараахь зүйлийг тусгана. Үүнд:

  • шинэ бүтээлийг ашиглах арга, хэлбэр, хэмжээ, хүрээ, хугацаа;
  • гэрээний талуудын эрх, үүрэг;
  • шинэ бүтээлийг ашигласны төлбөрийн хэмжээ, түүнийг олгох журам;
  • гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлага;
  • маргаан шийдвэрлэх журам.

Онцгой лиценз өгөх тохиолдолд лиценз өгөгч нь лиценз авагчид шинэ бүтээлийг ашиглах онцгой эрхийг мөн лицензийн гэрээний дагуу олгоно.

Энгийн лиценз өгөх тохиолдолд лиценз өгөгч нь шинэ бүтээлийг лиценз авагчид ашиглуулахаар өгөх, патентаар олгогдсон эрхээ гуравдагч этгээдэд нэгэн зэрэг ашиглуулах эрхтэй байна. 

Дээр дурдсаны дагуу байгуулж буй аливаа лицензийн гэрээг бичгээр үйлдэх бөгөөд оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох бөгөөд ийнхүү бүртгүүлээгүй тохиолдолд хүчин төгөлдөр бус байна.

Патент эзэмшигч өөрийн бүтээлээ сонирхогч этгээдэд ашиглуулах лиценз олгох тухай хүсэлтээ оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргаж болно.

Лицензийн гэрээг шударга өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлтэйгээр байгуулахыг хориглоно.

Асуулт 3:

Патент эзэмших хугацаанд ямар нэг төлбөр төлөх үү?

Хариулт 3:

Патентын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу патентийг хүчинтэй байлгах хураамжийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан хэмжээ, хугацаагаар төлнө.

Патентийг хүчинтэй байлгах эхний З жилийн хураамжийг патент олгох шийдвэр гарсан өдрөөс хойш 6 сарын дотор, дараахь хугацааны хураамжийг тухайн хугацаа эхлэхээс 6 сарын өмнө тус тус төлнө.

Патент эзэмшигч патентийг хүчинтэй байлгах хураамжийг Патентийн тухай хуульд заасан хугацаанд төлөөгүй бол оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тухайн хугацаа өнгөрснөөс хойш 6 сарын хөнгөлөлтийн хугацааг тогтоож болох бөгөөд энэ тохиолдолд тухайн хугацааны хураамжтай тэнцэх хэмжээний төлбөр нэмж төлнө.

Патентийг хүчинтэй байлгах сонирхол бүхий этгээд патент эзэмшигчийн зөвшөөрлөөр патентийн хураамжийг төлж болно.

Асуулт 4:

Шинэ бүтээлийн патентын хугацаа ямар байдаг вэ?

Хариулт 4:

Патентын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу анхдагч огнооноос эхлэн шинэ бүтээлийн патент 2О жилийн хугацаанд хүчинтэй байна.

Асуулт 5:

Шинэ бүтээлийн патентыг ямар тохиолдолд хүчингүй болгох вэ?

Хариулт 5:

Патентын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Патентын хуулийг зөрчиж патент олгосон байвал маргаан шийдвэрлэх комисс, шүүх патентыг хүчингүй болгоно.

Патент эзэмшихээс болон патентын хураамж төлөхөөс татгалзсан, патентыг хүчинтэй байлгах хураамжийг Патентын тухай хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага патентыг хүчингүй болгоно.

Шинэ бүтээлийг огт ашиглаагүй тохиолдолд тухайн шинэ бүтээлийг Монгол Улсад ашиглах нөхцөл байгаагүйг патент эзэмшигч нотолж чадаагүй бол төрийн хяналтад зайлшгүй байх шинэ бүтээлийг эзэмших эрх оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шилжинэ.

Патентыг хүчингүй болгох тухай хүсэлтийг патент хүчинтэй байх хугацаанд гаргана.

Патентын хураамжийг төлөөгүй шалтгаанаар патентыг хүчингүйд тооцсон нөхцөлд патент хүчинтэй байх нийт хугацааны дотор патент эзэмшигчийн хүсэлтээр патентыг сэргээж болно.

Асуулт 7:

Патентын эрх зөрчигдвөл ямар замаар сэргээлгэх вэ?

Хариулт 7:

Хэрэв таны патентаар хамгаалагдсан бүтээлийг хууль бусаар ашиглаж танд хохирол учруулсан, болон лицензий гэрээний дагуу бүтээл ашигласны төлбөр гаргуулахаар маргах тохиолдолд та та тухайн маргааныг зөрчил гаргасан этгээдийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтой.

 

Агуулга анх оруулсан: 2018-06-18 Шинэчилсэн: 2018-06-18

Мэдээ мэдээлэл