Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа Захиргааны хэргийн шүүхэд хүсэлт гаргах, шүүх хуралдааны өмнөх ажиллагаа

Захиргааны хэргийн шүүхэд хүсэлт гаргах, шүүх хуралдааны өмнөх ажиллагаа

Хуулийн зохицуулалт

Иргэний хувьд захиргааны хэргийн шүүхийн ажиллагаанд нэхэмжлэгчээр, эсхүл гуравдагч этгээдээр оролцох боломжтой бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17-р зүйлийн 17.1-д зааснаар “хэргийн оролцогч” гэж нэрлэгдэнэ. Хэргийн оролцогч дараах хүсэлтүүдийг гаргах эрхтэй.

Өмгөөлөгч авах

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т зааснаар “Захиргааны хэрэг үүсгэснээс хойш хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэх хүртэл хугацаанд хэзээд ч өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч болно.” Мөн хуулийн 30.2-т зааснаар өмгөөлөгчийг (1) бичгээр гаргасан хүсэлтээр, эсхүл (2) өмгөөлөгчтэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр оролцуулна.

Өмгөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т заасан эрхийг эдэлж, 30.4-т заасан үүргийг хүлээж оролцох тул өмгөөлөгч таны эрх, ашиг сонирхлыг хамгаалахын тулд эрх, үүргээ хэрэгжүүлж оролцсон эсэхийг хянах боломжтой. 

Шүүх хуралдааныг хойшлуулах

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, 80 дугаар зүйлийн 80.2 дах заалтад зааснаар иргэн шүүх хуралдаанд оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан байгаа тохиолдолд тэр талаарх нотлох баримтаа хүсэлтийн хамт гаргаж, шүүх хуралдааныг хойшлуулж болно. Энд дурдсан хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт хүндээр өвчилсөн, гадаад, дотоодод эмчлүүлж байгаа, албан томилолттой байгаа, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар шүүхэд ирэх боломжгүй байхыг ойлгоно.

Гэрчийн мэдүүлэг:

Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг “гэрч”-ээр асуулгахаар хүсэлт гаргаж болно.  

Хэрэв та шүүхэд гэрчээр дуудагдсан бол: /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйл./

  • шүүхэд заавал хүрэлцэн очих үүрэгтэй,
  • үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй,  
  • мэдүүлэг өгөхөөс татгалзах, зайлсхийх, эсхүл зориуд худал мэдүүлэг өгсөн бол хуульд заасан хариуцлага оногдуулна.
  • хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй бол түүнийг албадан ирүүлэх ба холбогдох зардлыг гаргуулна.
  • Өөрийн болон гэр бүлийн гишүүн, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй.

Шинжээч томилуулах

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасны дагуу “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд шинжээчийг томилуулах хүсэлтийг гаргаж болно.”

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар ШҮҮГЧ САНААЧЛАГААРАА шинжээч томилох захирамж гаргана.

Бусад ажиллагаа

Хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна. /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т/

Захиргааны хэргийн шүүхийн ШҮҮГЧ хэргийн оролцогчийн гаргасан өмгөөлөгч авах, шүүх хуралдаан хойшлуулах, гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах, үзлэг, туршилт хийлгэх зэрэг ХҮСЭЛТҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ, ХАНГАХ ЭСЭХИЙГ шийдвэрлэнэ.

Өмгөөлөгч авах, шүүх хуралдаан хойшлуулах, гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах, үзлэг, туршилт хийлгэх зэрэг гаргасан хүсэлтийг

  1. шүүх хуралдааны бус үед гаргасан бол хүсэлтийг ажлын 3 хоногийн дотор,
  2. шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтийг шууд шийдвэрлэнэ. /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2, 111 дүгээр зүйлийн 111.2/

Хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид “гомдол гаргах эрхтэй” гэж заасан эсэхээс хамаарч гомдол гаргах эрх нээгдэнэ. Гомдлыг Давж заалдах шатны шүүхэд гаргана. /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх заалт/ 

Нэг. Шүүхэд дуудан ирүүлэх тохиолдолд очих. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59.1, 59.2-т заансаар Шүүгч хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч, орчуулагч, хэлмэрч, шинжээчийг шүүхийн мэдэгдэх хуудсаар шүүх болон шүүх хуралдаанд дуудан ирүүлнэ.

Шүүх хуралдаанд дуудан ирүүлэхдээ шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар мэдэгдэнэ.

Хоёр. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд та ТӨЛӨӨЛӨГЧӨӨРӨӨ дамжуулан оролцох боломжтой бөгөөд төлөөлөгчийг итгэмжлэлээр оролцуулна.

Итгэмжлэл олгохдоо дараах эрхийг олгох эсэхийг шийдвэрлэж, хэрэв олгох бол тусгайлан итгэмжлэлд зааж өгнө. Үүнд:

  • нэхэмжлэлд гарын үсэг зурах, хариу тайлбар гаргах;
  • нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх;
  • нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах;
  • нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, эсхүл багасгах;
  • эвлэрэх;
  • шүүхийн шийдвэрийг давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах;
  • төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлийг бусдад шилжүүлэх;
  • захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхийг шаардах.

Асуулт 1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед таны оршин суугаа хаягаа өөрчилсөн тохиолдолд яах вэ?

Хариулт 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59.9-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч оршин суугаа газрын хаягаа өөрчилсөн бол энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. 

Асуулт 2. Шүүхээс ирүүлсэн мэдэгдэх хуудсыг хүлээн авсан ч тухайн маргаанд хамааралгүй гэж үзвэл шүүхэд очихгүй байж болох уу? Ямар нэгэн хариуцлага байгаа юу?

Хариулт 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59.10-т зааснаар Мэдэгдэх хуудсыг хүлээн авсан хэргийн оролцогч, бусад оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй бөгөөд түүнийг зайлшгүй ирүүлэх шаардлагатай гэж үзвэл шүүгч албадан ирүүлж, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Агуулга анх оруулсан: 2018-06-18 Шинэчилсэн: 2023-06-07

Мэдээ мэдээлэл