Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх Хөгжлийн бэрхшээлтэй хүний сурч боловсрох эрх

а. Хөгжлийн бэрхшээлтэй хүн бусад иргэний хамт сурч боловсрох, мэргэжил эзэмших эрхийг нь хангахад төрөөс хэрэгжүүлэх арга хэмжээ:

1.хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлогт нийцүүлэн авьяас билэг, бүтээлч чанар, оюуны болон бие бялдарын чадварыг хөгжүүлэх сургалтын хөтөлбөр, орчныг бий болгох;

2.хувь хүний чадамж болон өөрийгөө үнэлэх үнэлэмжийг хөгжүүлж, хүний эрх, үндсэн эрх чөлөөг хүндэтгэх явдлыг бэхжүүлэх;

3.бүх шатны боловсролын тогтолцоонд хөгжлийн бэрхшээлтэй хүний сурч боловсрох, мэргэжил эзэмших нөхцөлийг бүрдүүлэх, тохирох хэрэглэгдэхүүнээр хангаж, дэмжлэг туслалцаа үзүүлэх;

4.хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлог хэрэгцээ, шаардлагад нийцсэн сургалтын хөтөлбөр, стандартыг боловсруулах.

б .Бүх шатны боловсролын байгууллага нь 0-16 насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын дүгнэлтээр хөгжлийн цогц хөтөлбөрийг бүх шатны боловсролын байгууллага хэрэгжүүлэх орчныг бүрдүүлж, бэлтгэл ажлыг хангаж, боловсрол эзэмшүүлнэ.

в. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч, боловсрох, мэргэжил эзэмших эрхийг хангах чиглэлээр төрөөс дээрх арга хэмжээнүүдээс гадна авч хэрэгжүүлэх арга хэмжээ:

1.хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тухайн бэрхшээлээс нь үл хамаарч бүх шатны боловсролын байгууллагад бүрэн хамруулах;

2.хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудыг тэдний хүйс, оршин суугаа газар, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлээс үл хамааран бүх шатны боловсролд тэгш хамруулах, тухайн хүүхэд, залуучуудын онцлог, хэрэгцээг харгалзсан боловсролын хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, тэдний шаардлагад нийцсэн хичээлийн анги, танхимыг ердийн сургуулиудад зохион байгуулах үүргийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүлээх.

г. Эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсрол эзэмшүүлэх сургалтад хамруулах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлэхэд нь боловсролын байгууллагын болон нийгмийн ажилтан холбогдох мэдээллээр хангах үүрэгтэй. /Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 14 дүгээр зүйл/

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний сурах, боловсрол эзэмших эрх

1.Сүрьеэ зэрэг архаг халдварт өвчний халдвартай үед байгаагаас бусад тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй иргэн эрүүл иргэдтэй хамт сурч, боловсрох, мэргэжил эзэмших эрхтэй бөгөөд тэдгээрийг бүх шатны боловсрол эзэмшихэд төрөөс дэмжлэг үзүүлнэ.

2.Бүх шатны боловсролын болон мэргэжил олгох байгууллага нь сурч, боловсрох, мэргэжил эзэмших чадвартай хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг 1-д зааснаас бусад үндэслэлээр элсүүлэхээс, элсэлтийн шалгалтад оруулахаас татгалзахыг хориглоно.

3.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд энэ хуулийн 1-д заасан шалтгаангүй бол сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллагад эрүүл хүүхэдтэй хамт хүмүүжих эрхтэй.

4.Дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага нь хөгэлийн бэрхшээлтэй иргэнийг элсүүлэх хөнгөлөлттэй нөхцөл бүрдүүлж, тэнцсэн тохиолдолд тухайн иргэний, түүнчлэн хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн нэг сурагч буюу оюутны  сургалтын зардлыг сургалтын төрийн сан хариуцна.

5.Тусгай хэрэгцээт боловсрол олгох ясли, цэцэрлэг, бүх шатны сургууль, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд суралцах хүүхдийг хөгжлийн бэрхшээлийг тодорхойлох чиг үүрэг бүхий нарийн мэргэжлийн эмч, боловсролын болон нийгмийн хамгааллын байгууллагын төлөөлөгчдөөс бүрдсэн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын шийдвэрээр, иргэнийг хөгжлийн бэрхшээлтэй болсон шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг тогтоох ажлыг эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр тодорхойлно.

6.Тусгай хэрэгцээт боловсрол олгох сургалтын байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэний боломжид үндэслэн стандартын дагуу боловсрол эзэмшүүлнэ.

7.Хөгжлийн бэрхшээлтэй иргэн тусгай хэрэгцээт боловсролд үнэ төлбөргүй хамрагдахыг төрөөс дэмжинэ.

Асуулт 1. Манай хүүхэд тэргэнцэр дээр суудаг юм. Хүүхдээ харьяалалын дагуу энгийн сургуульд суралцуулж болох болов уу?
Бага, дунд боловсролын тухай хуульд зааснаар ерөнхий боловсролын сургууль нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд бага, суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй байдаг.

Асуулт 2. Би хөгжлийн бэрхшээлтэй. Энэ жил оюутан болох юм. Улсаас ямар нэгэн хөнгөлөлт байдаг болов уу?

Дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг элсүүлэх хөнгөлөлттэй нөхцөл бүрдүүлж, тэнцсэн тохиолдолд тухайн иргэний сургалтын зардлыг сургалтын төрийн сан хариуцдаг.

Асуулт 3. Тусгай сургуулийн сурагчдийг сурах бичиг, сургалтын тоног төхөөрөмж болон шаардагдах хөрөнгийг ямар байгууллага хариуцан зохион байгуулдаг вэ?

Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн сургалтын онцлог хэрэгцээг хангах сургалтын хөтөлбөр, ном, сурах бичиг, гарын авлага, дохионы хэлний толь бичиг зохиох, хэвлэх, түгээх, засан сайжруулах, брайль болон программ хангамжийг монгол хэл рүү хөрвүүлэх, сургалтын тоног төхөөрөмжийг худалдан авах болон шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусгах ажлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан зохион байгуулна.

Асуулт 4. Хөгжлийн бэрхшээлтэй дүү маань оюутан болж байгаа юм. Улсаас ямар сургалтын төлбөрийн тал дээр хөнгөлөлт байдаг болов уу?

Элсэлтийн шалгалтад тэнцэж, дотоод, гадаадын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн боловсролын байгууллагад суралцах эрхтэй болсон хөгжлийн бэрхшээлтэй хүний бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалтын зардлыг, хөдөлмөрийн чадвараа алдсан гишүүнтэй өрхийн нэг суралцагчийн сургалтын төлбөрийг боловсролын зээлийн сан хариуцдаг.

Агуулга анх оруулсан: 2018-09-06 Шинэчилсэн: 2018-09-06

Мэдээ мэдээлэл