Жижиг, дунд үйлдвэрлэл Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх

“Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ” гэж 200 хүртэл ажилтантай, жилийн 2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг хэлнэ.

Дараах нөхцөлийг хангасан аж ахуйн нэгжийг “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид” хамааруулна.

 “Бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч” гэж 10 хүртэл ажилтантай, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн 300.0 сая төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг;

“Жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч” гэж 10-50 хүртэл ажилтантай, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн 300.0 сая-1.0 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг;

 “Дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч” гэж 50-200 хүртэл ажилтантай, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг, жилийн 1.0-2.5 тэрбум төгрөг хүртэл борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийг.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч нь компани, хоршоо, нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулах бөгөөд “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль”-ийн 13.1, 13.2 дахь хэсэгт зааснаар дараах эрх, үүргийг эдэлнэ.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн эдлэх эрх:

  • Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих талаар төрөөс хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд хамрагдах, санхүүгийн дэмжлэг авах;
  • Төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус аливаа шийдвэр, шаардлагыг биелүүлэхээс татгалзах, зохих журмын дагуу гомдол гаргах;
  • Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид зориулан энэ хуулийн 12.1 дэх хэсэгт заасан этгээд болон бусад байгууллагаас зохион байгуулж байгаа сургалтад хамрагдах, мэдээлэл, зөвлөгөө авах;
  • Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний талаар төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн төсөлд санал өгөх, хэрэгжилтэд хяналт тавих;
  • Хуульд заасан бусад эрх.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн хүлээх үүрэг:

  • Хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны хууль ёсны шийдвэр, шаардлагыг биелүүлэх;
  • Зохих стандарт, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх;
  • Эрхлэх үйл ажиллагаа нь энэ хуулийн 7.1 дэх хэсэгт заасан чиглэлд хамаарч байвал энэ тухайгаа мэдэгдэж, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн бүртгэлээс хасуулах;
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулж, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх;
  • Ажилтны мэдлэг, туршлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, менежментийн арга барилыг сайжруулах;
  • Ажилтны нийгмийн хамгааллын баталгааг хангах, хуулиар тогтоосон хэмжээнээс доошгүй цалин хөлс олгох;
  • Ажилтны тоо, борлуулалтын орлогын хэмжээ нь энэ хуулийн 4.1.1 дэх заалтад заасан хязгаараас хэтэрсэн бол жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эсхүл орон нутаг дахь тухайн асуудал хариуцсан эрх бүхий этгээдэд мэдэгдэх;
  • Сангаас олгосон хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулах, зээлийн гэрээний үүргээ биелүүлэх;
  • Зээлийн зарцуулалтын явц, байдлын талаарх тайланг Санд 6 сар тутам ирүүлэх;
  • Хуулиар хүлээсэн бусад үүрэг.

 Таны судалсан байвал зохих хууль болон бусад эрх зүйн актууд:

  • Зээлийн батлан даалтын сангийн тухай хууль (2012 он) ЭНД дарж үзнэ үү
  • Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай /Шинэчилсэн найруулга/ (2019 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Инновацийн тухай хууль (2012 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Хоршооны тухай хууль /шинэчилсэн найруулга/ (2021 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Жагсаалт шинэчлэн батлах тухай (2017 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Засгийн газрын тусгай сангийн тухай /шинэчилсэн найруулга/ (2019 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам (2021 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Түр журам батлах тухай /Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах түр журам/ ЭНД дарж үзнэ үү.
  • Жижиг, дунд үйлдвэрийн үндэсний зөвлөлийн дүрэм (2009 он) ЭНД дарж үзнэ үү.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хандана.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд заасан нөхцөлийг хангасан аж ахуйн нэгж жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээр бүртгүүлэх хүсэлтээ жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, эсхүл орон нутаг дахь тухайн асуудал хариуцсан эрх бүхий этгээдэд бичгээр, эсхүл цахимаар гаргана.

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч ИРГЭН-ээр бүртгүүлэхэд шаардагдах материалын жагсаалт:

  1. Хүсэлт /маягтын дагуу бөглөх/
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар /иргэний үнэмлэхийн хаяг дээрээ оршин суудаггүй бол шилжилт хөдөлгөөн хийснийг тэмдэглэсэн нарийн хуудсыг хамт хуулбарлах эсвэл ТҮЦ машины лавлагаа/
  3. Контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдыг нийгмийн даатгалд хамруулсан тухай нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт /Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар эсвэл ТҮЦ машины лавлагаа/
  4. Харьяа татварын байгууллагаар баталгаажуулсан сүүлийн жилийн татвар тодорхойлох хуудас буюу татварын цэнхэр дэвтэр түүний хуулбар

Тухайн хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Ажилтныг нийгмийн даатгалд хамруулсан тухай нийгмийн даатгалын байгууллагын тодорхойлолт
  • Эхлэлтийн баланс, эсхүл өмнөх жилийн санхүүгийн тайлан

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч АЖ АХУЙН НЭГЖ-ээр бүртгүүлэхэд шаардагдах материалын жагсаалт:

  1. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлэх тухай хүсэлтээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт гэж хаяглан албан бичгээр ирүүлэх ба доорх зүйлсийг тусгасан байх. Үүнд:
  • Одоо эрхэлж буй үйл ажиллагааны чиглэл
  • Тодорхойлолтын зориулалт
  • Байгууллагын албан ёсны хаяг, утасны дугаар, цахим хаяг
  1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  2. Ажиллагчдыг нийгмийн даатгалд хамруулсан тухай тодорхойлолт. Дараах баримт бичгийн аль нэгийг хүчин төгөлдөрт тооцно. Үүнд:
  • Харьяа дүүрэг, сумын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /цахимаар эсвэл ТҮЦ машинаас авсан тодорхойлолт/
  1. Өмнөх жилийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан
  2. Өмнөх жилийн санхүүгийн баталгаажсан тайлан
  3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /ТҮЦ машины лавлагаа эсвэл УБЕГ-аас авсан лавлагаа/
  4. Тус компанид 20 болон түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг өөр компани байдаг бол тэдгээр компаниудын улсын бүртгэлийн гэрчилгээ, нийгмийн даатгалын тодорхойлолт, өмнөх жилийн санхүүгийн болон татварын баталгаажсан тайлангийн хуулбарыг хавсаргах

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн бүртгэл, түүнд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаарх мэдээллийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага албан ёсны цахим хуудсаараа дамжуулан тухай бүр нийтэд мэдээлнэ.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор түүнийг зохих ангиллын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээр бүртгэж, тодорхойлолт олгоно.

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч нь өөрийн эрх ашгийг зөрчигдсөн гэж үзвэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн яамны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар гомдлоо гаргана. Гомдлыг хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.

Дараах үйл ажиллагааг эрхэлдэг аж ахуйн нэгж жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчид хамаарахгүй:

  • Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ
  • Зуучлалын үйлчилгээ
  • Хууль зүйн зөвлөх үйлчилгээ
  •  Худалдаа, үйлчилгээний сүлжээ
  • Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хадгаламж зээлийн хоршооны эрхлэх мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагаа
  • Хадгаламж зээлийн хоршооны хорооноос зөвшөөрсөн, хууль тогтоомжоор хориглоогүй санхүүгийн бусад ажил, үйлчилгээ
  • Ашигт малтмал хайх, газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, боловсруулах.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 8.1 дэх хэсэгт зааснаар төрөөс дараах чиглэлийн дэмжлэгийг үзүүлнэ:

  • жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний зах зээлийн эрэлт, хэрэгцээ шаардлагыг үндэслэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарын хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, сургах, давтан сургах тогтолцоог хөгжүүлэх;
  • санхүүгийн дараах дэмжлэгийг үзүүлэх: 

а)хөнгөлөлттэй зээл олгох;
б)шинээр бий болгосон ажлын байрны тоо, борлуулалтын орлогын хэмжээг харгалзан зээлийн хүүгийн хэмжээг бууруулах;
в)зээлийн давхар батлан даалт гаргах;
г)зээлийн хүүгийн татаас олгох;
д)тоног төхөөрөмжийн санхүүгийн түрээсийн үйлчилгээ, түрээсийн хүүгийн дэмжлэг үзүүлэх.

  • татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх;
  • экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих;
  • бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний борлуулалтад төрийн худалдан авалтаар дэмжлэг үзүүлэх;
  • бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
  • шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх судалгааг дэмжих;
  • техник, технологийн дэвшлийг дамжуулах, нутагшуулах, шинжлэх ухаан, технологийн судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  • кластерын хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг тухайн орон нутаг дахь түүхий эдийн болон ажиллах хүчний нөөц, чадавх бусад онцлогоос хамааран дэмжих;
  • гадаад, дотоод зах зээлд нэвтрэхэд дэмжлэг үзүүлэх.

Асуулт 1. Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага ямар ямар үндэслэлээр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг бүртгэлээс хасах вэ?

Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага доор дурдсан үндэслэлээр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг бүртгэлээс хасна.

  1. Ажилтны тоо, борлуулалтын орлогын хэмжээ нь заасан хязгаараас хэтэрсэн;
  2. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч бүртгэлээс хасуулах хүсэлт гаргасан;
  3. Бүртгүүлэхдээ хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон;
  4. Аж ахуйн нэгж татан буугдсан;
  5. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч байгаль орчин, хүний эрүүл мэндэд хортой технологи, материал хэрэглэсэн, экологийн хохирол учруулсан нь тогтоогдсон.

Асуулт 2. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг бүртгэхэд үйлчилгээний хөлс, хураамж авах уу?

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг бүртгэхтэй холбогдуулан үйлчилгээний хөлс, хураамж авахыг хориглоно.

Асуулт 3. Ямар жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хөнгөлөлттэй зээл олгодоггүй вэ?

Дараах жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид хөнгөлөлттэй зээл олгохгүй:

  1. Сангаас авсан зээлийн үлдэгдэлтэй;
  2. Зээлийн мэдээллийн санд муу зээлийн түүхтэй;
  3. Сангаас авсан зээлийг зориулалтын бусаар ашигласан нь тогтоогдсон;
  4. Шүүхийн шийдвэрээр бусдад төлөх өртэй;
  5. Төсөл хүлээн авах сүүлийн өдрийн байдлаар нийгмийн даатгал, татварын байгууллагад өртэй.

Агуулга анх оруулсан: 2019-06-14 Шинэчилсэн: 2023-08-06

Мэдээ мэдээлэл