Шүүхийн бус журмаар маргааныг шийдвэрлэх арга /эвлэрүүлэн зуучлал/ Эвлэрүүлэн зуучлахаар шийдэх маргаан

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулиар иргэний эрх зүйн маргаан болон хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан, түүнчлэн гэр бүлийн маргааныг шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлэхээр заасны дотор гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааныг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар буюу эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар шийдэрлэх болсон байна. Мөн эдгээрээс бусад харилцаанаас үүссэн маргаанд эвлэрүүлэн зуучлалыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд хэрэглэж болно.

Эвлэрүүлэн зуучлалыг шүүхэд иргэний хэрэг, арбитрт маргаан үүсгэснээс хойш хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэж болно.

Арбитр маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд эвлэрүүлэн зуучлагч оролцуулах эсэхийг журмаараа тогтоож болно.

Шүүхийн бус аргаар дээрх төрлийн маргааныг шийдвэрлэснээр иргэдийн хувьд ердийн журмаар шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэхээс хөрөнгө мөнгө, цаг хугацааны хувьд хэмнэлттэй байхаас гадна эвлэрүүлэн зуучлах журмаар байгуулагдсан эвлэрлийн гэрээ шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх боломжийг бий болгосон.

Яагаад эвлэрүүлэн зуучлалыг сонгох ёстой вэ?

Шүүхийн бус аргаар иргэний эрх зүйн маргаан болон хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан, түүнчлэн гэр бүлийн маргааныг шийдвэрлэснээр иргэдийн хувьд ердийн журмаар шүүхээр маргаанаа шийдвэрлүүлэхээс хөрөнгө мөнгө, цаг хугацааны хувьд хэмнэлттэй байхаас гадна эвлэрүүлэн зуучлах журмаар байгуулагдсан эвлэрлийн гэрээ шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх боломжийг бий болгосон.

Та эвлэрүүлэн зуучлалыг сонгосноороо маргааныг түргэн шуурхай зохицуулна, цаг хугацаа бага зарцуулна, зардал бага, мэдээлэл нууц, уян хатан зохицуулалттай, мэргэшсэн эвлэрүүлэн зуучлагч оролцох зэрэг давуу талуудтай.

Хөдөлмөрийн эрх зүйн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа

Хөдөлмөрийн эрх зүйн маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа нь ажил олгогч болон ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааны хүрээнд явагдана.

 

Гэр бүлийн холбогдолтой маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа

Эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэх маргааны нэг төрөл нь гэр бүлийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан юм. Шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу явуулсан эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байх нь шүүхэд иргэний хэрэг үүсгэснээс хойш гэр бүлийн холбогдолтой маргаанд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дахин явуулахаас татгалзах үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, гэрлэгчид эвлэрэх боломжгүйн улмаас гэрлэлтийг шууд цуцлахаас бусад тохиолдолд уг маргаан нь:

  • урьдчилан шийдэрлэх ажиллагааны журмаар эхний удаа
  • шүүхэд иргэний хэрэг үүсгэснээс хойш нийт 2 удаа эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдэж болдгоороо онцлогтой.

Ямар үед эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэж болохгүй вэ?

Эвлэрүүлэн зуучлалыг иргэний эрх зүйн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан болон гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд хэрэглэх бөгөөд тухайн маргаан нь эвлэрүүлэн зуучлалд оролцоогүй гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг, эсхүл нийтийн ашиг сонирхлыг хөндөхөөр бол эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэж болохгүй.

Эвлэрүүлэн зуучлал дуусгавар болох

Талуудын хүсэлт болон эвлэрүүлэн зуучлагчийн санаачилгаар дор дурдсан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлалын ажиллагааг дуусгавар болгож болно:

  • аль нэг тал эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцоогүй;
  • уулзалт, ярилцлага удаа дараа хангалттай үр дүнд хүрээгүй, цаашид үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой болсон буюу эвлэрүүлэн зуучлал амжилтгүй болсон;
  • талууд эвлэрүүлэн зуучлалаар маргаанаа шийдвэрлүүлэх талаар идэвх санаачилгагүй хандсан;
  • талууд эвлэрүүлэн зуучлалыг дуусгавар болгох хүсэлт гаргасан;
  • эвлэрүүлэн зуучлалын хугацаа дууссан, цаашид сунгах боломжгүй болсон;
  • эвлэрүүлэн зуучлагчийг талууд татгалзсанаар уг ажиллагааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон.

Талуудын хүсэлт гэдэг нь уг ажиллагааг дуусгавар болгох талаарх өөрийн хүсэл зоригийг илэрхийлсэн аман болон бичгийн хэлбэрээр гаргаж буй хүсэлт, саналыг ойлгоно.

Эвлэрүүлэн зуучлагчийн санаачилгаар гэдэг нь эвлэрүүлэн зуучлагч талууд хүсэлт гаргасан эсэхээс үл хамааран хуульд заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагааг өөрийн санаачилгаар дуусгавар болгохыг ойлгоно.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хөлс

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас маргаан зохицуулахтай холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө талууд болон зохигчдоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Эвлэрүүлэн зуучлуулах өргөдөл гаргасан этгээд улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу урьдчилан төлнө.

Эвлэрүүлэн зуучлагчаас маргааныг зохицуулахтай холбогдон зайлшгүй гарах зардлыг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зардал гэнэ. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зардлыг талууд хариуцах үндэслэлтэй бол эвлэрүүлэн зуучлагчийн зардлыг төсвөөс санхүүжүүлдэг.

Төрийн болон төрийн бус байгууллага дахь эвлэрүүлэн зуучлагчийн зардал, ажлын хөлсийг талууд гэрээгээр тохиролцоно.

Шүүх дэх орон тооны бус эвлэрүүлэн зуучлагчийн ажлын хөлсийг Шүүхийн ерөнхий зөвлөл тогтооно.

Асуулт: Миний охин гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлээ Баянзүрх дүүргийн шүүхэд өгсөн. Баянзүрх дүүргийн шүүхээс 2 сарын эвлэрүүлэх хугацаа өгч хэргийг түдгэлзүүлсэн. Заавал эвлэрүүлэх арга хэмжээ авах ёстой юм уу?

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэрлэлт цуцлах болсон шалтгааныг тогтоох ба гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг авна.

Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдоогүй гэрлэгчдийг эвлэрэх боломжтой гэж үзэн шүүгч 2 сарын эвлэрүүлэх арга хэмжээ авч хэргийг мөн хугацаагаар түдгэлзүүлсэн байна.

Асуулт: Хөдөлмөрийн хамтын маргаан гэж юу вэ?

Хөдөлмөрийн хамтын маргаан гэдэг нь тухайн байгууллагын нийт ажилтан, ажил олголгчийн хооронд үүссэн маргааныг хэлдэг. Уг маргаан нь хамтын гэрээ хэлэлцээрийн заалтыг биелүүлэх шаардлагатай холбоотой үүсдэг ба ажил олгогчидоос сонгогдсон ажилтны төлөөлөгч оролцдог.

Эхний ээлжинд Ажилтны төлөөлөгчид маргаан үүсгэх эрхийнхээ дагуу шаардлагыг ажил олгогч талд бичгээр өгдөг. Дээрх шаардлагыг 3 хувь үйлдэх ба ажил олгогч, нийт ажилтны төлөөлөгч, харьяалах нутаг дэвсгэрийн Засаг даргад тус бүр нэг хувийг өгнө. Энэхүү шаардлагыг ажил олгогч 3 хоногийн дотор шийдвэрлэх үүрэгтэй. Хэрвээ дээрх хугацаанд хариу өгөөгүй тохиолдолд эвлэрүүлэх аргаар буюу зуучлал, хөдөлмөрийн арбитраар маргааныг шийдвэрлүүлэх арга хэмжээ авна.

Хөдөлмөрийн хамтын маргаан шийдвэрлэхэд оролцсон ажилтны төлөөлөгчдийг хөдөлмөрийн хамтын маргаан шийдвэрлэх үед сахилгын шийтгэл ногдуулах, өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачлагаар ажлаас халахыг хориглодог.

Асуулт: Манай байгууллагын захиргаа бидэнд 3 сарын цалин олгоогүй. Ажилчид ажлаа хаяхаар шийдвэр гаргаад байна. Үүнийгээ бид хууль ёсны дагуу явуулахад ямар шаардлагууд тавигдах вэ?

Уг асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн “Хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулалт” гэсэн 10 дугаар бүлэгт нарийн зохицуулсан. Өөрөөр хэлбэл, та бүхний цалин хөлстэй холбоотой асуудал бол хамтын гэрээний зохицуулалттай холбоотой тул гэрээний шаардлагыг биелүүлэх талаар шаардлага ажил олгогчид бичгээр өгөх ёстой.

Хуульд зааснаар хөдөлмөрийн хамтын маргааныг юуны өмнө зуучлагч урьж оролцуулан шийдвэрлэх, ингэж зөвшилцөж чадаагүй тохиолдолд хөдөлмөрийн арбитраар хэлэлцэх гэсэн 2 аргаар зохицуулан шийдвэрлэнэ. Ажил олгогч эдгээр шийдвэрүүдийг биелүүлээгүй тохиолдолд ажил хаях тухай шийдвэрийг ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллагын гишүүдийн буюу нийт ажилтны /3-ны 2 нь оролцсон/ хурлаас гаргана. Хуралд оролцогчдын олонх нь ажил хаяхыг дэмжсэн бол ажил хаялт зарлаж болно. Харин хуулиар батлан хамгаалах, улсын аюулгүй байдлыг хангах, нийгмийн дэг журам сахиулах үүрэг бүхий байгууллагад ажил хаялт зохион байгуулахыг хориглодог. Мөн санал зөрүүтэй асуудлаар хэлэлцээ хийх, хамтын маргааныг зуучлагч, хөдөлмөрийн арбитр, шүүхээр шийдвэрлэх шатанд ажил хаяхыг хориглоно.

 

Агуулга анх оруулсан: 2018-08-29 Шинэчилсэн: 2018-08-29

Мэдээ мэдээлэл